Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0344

 

2017 оны 05 сарын 17 өдөр         

Дугаар0221/МА2017/0344

Улаанбаатар хот

 “С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлоор “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Э 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, МV-017362 дугаар тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “С” ХХК нь МҮ-17362 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан ба “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл төлөх боломж хуулиар олгогдсон байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг “С” ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 7/276 дугаар албан бичгээр хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын МҮ-17362 дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр цуцалсан.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлэхдээ “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг 32 дахь хоног дээр төлсөн байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй, харин хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “С” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МВ-017362 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг анх олгосон 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцож, 2016 оны төлбөрийг мөн оны 8 дугаар сарын 13-ны дотор төлөх үүрэгтэй.

Харин энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах талаар дээрх хуулийн 34.6-д, хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах талаар 34.7-д тус тус зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон гэх хугацааг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бус 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцох учиртай.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл өгөх”-өөр, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх”-ээр, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэх”-ээр тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрх хуульд заасны дагуу мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 7/276 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн, нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг 15-ны өдөр хүлээн авч мөн өдөр нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн зэрэг нь холбогдох баримтаар тогтоогджээ.

Үндсэндээ тусгай зөвшөөрлийн төлбөр дээрх байдлаар бүрэн төлөгдсөн байхад хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, иймд анхан шатны шүүхээс хууль бус шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн хугацааг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байсан гэж үзвэл хуульд заасны дагуу 8 дугаар сарын 23-ны өдөр энэ талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэх ёстой, гэвч бодит байдалд 9 дүгээр сарын 8-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэхээр шууданд 9-ны өдөр хийжээ.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааг хэтрүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн гэж буруутгаж байгаа ч өөрөө мөн адил тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хуулийн хугацаанд нэхэмжлэгчид өгөөгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.  

Харин ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль болох Ашигт малтмалын тухай хуульд дээрх маргааныг шийдвэрлэх хангалттай зохицуулалт байхад хэрэгт хамааралгүй Төрийн албаны болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг шийдвэр гаргахдаа баримталснаар хууль хэрэглээний хувьд алдаа гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 26 дугаар зүйлийн 26.1...” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН