| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2018/0651/З |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 168
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0014 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0114 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0114 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар тушаалаар “...усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх уул нурааж тухайн орчны төлөв байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Бид нэхэмжлэлийн шаардлагаа уг маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй маргаж “хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, захиргааны акт бодит нөхцөлд нийцээгүй” гэсэн. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “Байгаль-Төгөл” жуулчны бааз байгуулах төслөөс харвал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар барилга байгууламж барьж, хориотой үйл ажиллагаа ирээдүйд явуулна гэж дүгнэж маргаан бүхий актын үндэслэлийг зөвтгөсөн. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийж ямар нэг хориглосон үйл ажиллагаа явуулаагүй талаар баримтыг хэрэгт авсан.
4. Нэхэмжлэгч дархан цаазат газрын нийтлэг мөрдөх ямар горимыг хэрхэн зөрчиж байгаа талаарх баримт нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөл ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Маргаан бүхий актын үндэслэлд уг зүйл, хэсгийн 2 дахь заалтад “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй байна.
5. Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Маргаан бүхий актын үндэслэлд уг зүйл, хэсгийн 2 дахь заалтад “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, хуулийн заалтаас үзэхэд газар ашиглагч нь тусгай хамгаалалттай тухайн нутаг дэвсгэрийн хамгаалалтын горимыг зөрчсөн /бодитойгоор/-ий зэрэгцээ уг зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл ноцтой хэлбэрээр зөрчсөн байх агуулгатай байна. Анхан шатны шүүх маргаан бүхий газарт үзлэг хийж, нэхэмжлэгч нь уг газрыг бодитойгоор ашиглаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоосон атлаа цаашид газрыг ашигласнаар “байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй.
6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй байсан газар нь анхнаасаа аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгогдох боломжгүй...” гэж, Давж заалдах шатны шүүхээс “маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон шийдвэр нь хууль тогтоомжийг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон... тул түүнийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байна. Маргаан бүхий захиргааны акт нь анх газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн гэж гараагүй байдаг.
7. Шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үндэслэлтэй эсэх, хууль ёсны эсэх, тэрхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хянаж шийдвэр гаргах үүрэгтэй болохоос бус захиргааны шийдвэрт дурдаагүй үндэслэлийг шалгаж, тогтоох түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгох, түүнчлэн тухайн асуудлаар дахин шалгаж шийдвэр гаргахыг зааварлах хууль зүйн үүрэггүй.
8. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа зайлшгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон байх, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл маргаан бүхий актыг гаргахдаа зөрчил удаа дараа гаргасан гэсэн заалтыг баримталсан боловч зөрчлийг шалгаж тогтоогоогүй, (газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, зөрчил гаргаж, хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдэгтэй хариуцагч маргадаггүй), бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг хэрэгжүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлгүй орхигдуулсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч “М” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Манай компани тухайн газарт ямар нэгэн хориглосон үйл ажиллагаа явуулж, зөрчил гаргаагүй. ...Ийнхүү хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байхад ирээдүйд явуулах мэтээр урьдчилан дүгнэж, газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй” гэж маргасан байна.
11. “М” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, Хан-уул дүүргийн Зүүн богины аманд “аялал жуулчлалын” зориулалтаар 0.28 га газрыг ашиглуулсан байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор “М” ХХК хамрагдаж, тус компанийн 0.28 га газар ашиглах эрхийг цуцалжээ.
12. Хариуцагчаас маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийн үндэслэлийг “...Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3-д заасныг зөрчиж, хуулиар хориглосон газарт газар ашиглуулсан, усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, ...байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн...” гэсэн тайлбарыг гаргасан нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.
13. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно: 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах .../-ыг/ хориглоно”, 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж тус тус заасан.
14. Нэхэмжлэгч “М” ХХК-д ашиглуулахаар олгосон 0.28 га газар нь Туул голын эргээс 20 м-ийн зайд /Туул голоос газрын баруун хойд цэг хүртэл 20 м, газрын баруун хойд цэгээс уулын зам хүртэл 54 м/ байрлаж байгаа нь хэрэгт авагдсан, хариуцагчаас ирүүлсэн кадастрын зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл тус компанид ашиглуулахаар олгосон газар нь Усны тухай хуулийн дээрх зүйл, заалтуудад зааснаар 50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд, 100 метрээс доошгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн бүсэд, 200 метрээс доошгүй зайд байхаар тогтоосон энгийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа нь тогтоогджээ.
15. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг ...Засгийн газрын гишүүн батлах...” гэж зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталжээ.
16. Уг журмын 2.3-д “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2-д гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд ...”, 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь тус газрыг аялал жуучлалын зориулалтаар, “Байгаль-Төгөл” жуулчны баазын үйл ажиллагаа явуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор ашиглах хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсан байна.
17. Иймээс нэхэмжлэгч “М” ХХК-д анх газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3-д заасныг зөрчиж, хуулиар хориглосон газарт газар ашиглуулсан, мөн онцгой хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар олгосонтой холбогдуулан “ус нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх” үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон А/113 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн тул маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.
18. Дээрх байдлаар Усны тухай хууль болон журмын зохицуулалтуудаар онцгой хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг нэгэнт хориглосон тул газар эзэмших эрхийг дуусгавар болгоход заавал зөрчил гаргасан байхыг шаардахгүй, иймээс нэхэмжлэгчийн “...тухайн газарт ямар нэгэн хориглосон үйл ажиллагаа явуулж, зөрчил гаргаагүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан” гэж маргасан нь, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч дархан цаазат газрын нийтлэг мөрдөх ямар горимыг хэрхэн зөрчиж байгаа талаарх баримт нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
19. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0014 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0114 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА