Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 20

 

                                                                                            Хэргийн индекс: 127/2016/0020/З

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ч.Ундармаа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг бүртгэхийг Батширээт сумын Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Б.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Багахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батширээт сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Монгол Ардын намаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  Монгол Ардын намын дарга Ундармаа миний бие Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч 21 хүний бичиг баримтыг 16 цаг 58 минутад тус сумын Сонгуулийн хороонд очиж бүртгүүлэх гэхэд, сонгуулийн хороо байрлаж буй өрөөний үүдэнд, сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Хоролмаа цаг болчихсон бид гарч явна. Сонгуулийн хорооны даргатай уулз, бүртэг гэвэл бүртгэнэ шүү дээ гэхээр нь даргатай нь уулзахад цаг болсон манайх материал авахгүй гээд гараад явсан. Бид 16 цаг 58 минутад ирсэн байсан. Бүртгэх боломжтой байхад ийнхүү бүртгээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох бидний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Энэ үйлдэл нь улс төрийн зорилго агуулгатай байж болзошгүй гэж сэжиглэж байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагт очиж сумын Сонгуулийн хорооны дарга Эрдэнэчимэгт ямар шалтгаанаар Монгол Ардын намын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар албан бичиг авмаар байна гэж хэлсэн. Энэ шаардлагын дагуу 01 тоот албан бичгийг авсан. Цаг хугацаа богино байгаа тул энэ хууль бус үйлдлийг яаралтай шалган тогтоож, Монгол Ардын намын хорооноос сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч 21 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Монгол Ардын намаас нэр дэвшиж буй 21 нэр дэвшигчдийг Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн эс үйлдэхүйг тогтоож, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэсэн тохиолдолд үнэмлэх олгодог. Энэ эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ ил тод байх, нээлттэй, энгийн болон ойлгомжтой, сонгуулийн үйл ажиллагааг нэгдсэн журмаар тогтсон цагт дуусгах зарчмыг баримтлах ёстой. Гэвч Батширээт сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулиар хяналт тавих эрх олгогдоогүй хүний нөлөөнд автаж, тус хуулийн 159 дүгээр зүйлд заасан хуулийн хугацаа болох 17 цаг 00 минутаас өмнө нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаагаа зогсоосон байна. Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа нэр бүхий 21 нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгогдох, сонгох эрхтэй. Эдгээр 21 нэр дэвшигч нь сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Ардын намын зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 17 цаг 00 минутаас өмнө буюу 16 цаг 58 минутад тус сумын Сонгуулийн байранд ирсэн гэдгээ хэлдэг. Мөн энэ талаараа нотлох үүрэг хүлээхгүй. Учир нь тухайн иргэнтэй холбоотой асуудлыг бүртгэж аваад баримт үйлдэж тэмдэглэл хөтлөх, шийдвэрлэх нь Сонгуулийн тухай хуулийн 27, 34 дүгээр зүйлүүдэд заасанчлан Батширээт сумын Сонгуулийн хорооны үүрэг юм. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4. дэх хэсэгт Сонгуулийн хороо нь өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл Сонгуулийн тухай хуульд заасан 17 цаг 00 минут хэтэрсэн гэх шалтгаанаар ямар нэг албан хэрэг хөтлөхгүйгээр, гишүүдээрээ хуралдахгүйгээр шийдвэр гаргасан байдаг. Мөн эрх хэмжээ олгогдоогүй, зохион байгуулалт, санхүүгийн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий этгээд буюу тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хөндлөнгөөс хяналт тавьж байсан нь гэрч нарын мэдүүлэг болон хөндлөнгийн хяналт тавьж байсан этгээдийн өөрийн мэдүүлгээс харагддаг. Тус Сонгуулийн хорооны гишүүдэд далд байдлаар нөлөөлөх гэж оролдсон дарамталсан зүйл харагдаж байна. Гансүрэн нь улс төрч хүн юм. Улс төрч хүн тус Сонгуулийн хорооны гишүүдэд нөлөөлж байсан гэдэг нь харагдаж байна. Тус сумын Сонгуулийн хороо нь Монгол Ардын намын ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасны дагуу албан хэрэг хөтөлж хүлээж аваад хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргах байсан. Гэтэл тус Сонгуулийн хорооны дарга аман байдлаар нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахаас татгалзсан байсан. Иймд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа нэр бүхий 21 нэр дэвшигчдийг Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг тус Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Батширээт сумын Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цаг 00 минутаас 17 цаг 00 минут хүртэл хугацаанд намуудаас Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 15 минутад Ардчилсан нам нэр дэвшигчдийн материалаа авч ирсэн. Ардчилсан намын материалыг 14 цаг 00 минутаас бүртгэж авахаар тохиролцож явуулсан. Тэгээд 14 цаг 00 минут болоход тус сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Хоролмаа, тус сумын нийгмийн даатгалын байцаагч, Сонгуулийн хорооны гишүүн Бүдханд нар ирж гурвуулаа нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахаар болсон. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 15 минутад Ардчилсан намын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Нөгөө хоёр намаас материал ирэхгүй болохоор нь тус Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Хоролмаагаар Монгол Ардын намын дарга Ундармаа, Иргэний зориг ногоон намын дарга Сүхбат нар луу утсаар яриулж хуулийн хугацааг сануулсан. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 45 минутад Иргэний зориг ногоон намын дарга Сүхбат нэр дэвшигчдийхээ материалуудыг бариад орж ирсэн. Эхлээд намын тогтоол, жагсаалтыг бүртгэж авсан. Дараа нь нэр дэвшигчдийн материалыг дутуу зүйл байгаа эсэхийг шалгаж, 16 цаг 50 минутад бүртгэж авч дууссан. Нарангэрэл гэдэг нэр дэвшигчийн материалаас цагдаагийн тодорхойлолт дутуу байсан. Тэгээд дутуу материалыг хэзээ бүрдүүлж өгөх талаар ярилцаж байгаад Сүхбат гараад явсан. Сүүлд Сүхбат даргаас асуухад 16 цаг 55 минутад Батширээт сумын Сонгуулийн хорооноос гарсан гэж байсан. Сүхбат дарга Монгол Ардын нам ирээгүй байна. Хуульд заасан цагтаа багтаж ирэх болов уу гэхээр нь би Сонгуулийн тухай хуульд 17 цаг 00 минут хүртэл нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах талаар заасан байдаг. Тийм учраас нарийн бичгийн дарга Хоролмаа бид хоёр нэг минутын өмнө ирсэн ч хүлээж авна гэж хэлсэн. Тэгэхэд Сонгуулийн байранд Хоролмаа бид хоёр байсан. Бүдханд тайлан гаргах ажилтай байсан тул өөрийнхөө өрөөнд байсан. Тэгээд 17 цаг 00 минут болоход Хоролмаа намуудын ирүүлсэн материалуудыг сейфэндээ хийх гээд өрөөндөө орсон. Хоролмааг өрөөндөө орсны дараа Гансүрэн дарга тус Сонгуулийн хорооны хаалгаар шагайгаад 17 цаг 00 минут болсон байгаа биз гэж хэлсэн. Би баримтуудаа цэгцэлчихээд 17 цаг 02 минутад доошоо буусан. Би тухайн үед гар утасныхаа цагийг харсан. Би Скайтел, G мобайлын утас барьдаг. Би Бүдхандын өрөөнд орж түүнд 17 цаг 00 минут болсон байна. Сонгуулийн тухай хуульд 17 цаг 00 минут хүртэл нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахаар заасан байдаг. Нэр дэвшигчдийн бүртгэх ажиллагаа дууссан шүү гэж хэлсэн. Мөн би Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга Ганбаатар руу залгасан. Ганбаатар дарга утсаа аваагүй. Бүдханд надад улаан пальтотой хүн ирж байна гэж хэлсэн. Намайг цонхоор харахад Монгол Ардын намын дарга Ундармаа байсан. Цаг харахад 17 цаг 04 минут болж байсан. Би Бүдхандын өрөөнөөс гарахад Ундармаа хойд талын өрөөгөөр орчихоод гарч ирж байсан. Би Ундармаатай уулзаад “чи хуульд заасан цагаас хоцорлоо. Сонгуулийн хорооноос чам руу залгаж 2-3 удаа сануулсан” гэж хэлсэн. Ундармаа хуулийн хугацаанаас хоцорсон, тус Сонгуулийн хорооноос 2-3 удаа залгаж сануулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Мөн бие дааж нэр дэвшиж болох уу гэж надаас асуусан. Би Ундармаад бие дааж нэр дэвших үйл ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дууссан. Хуульд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бие даан нэр дэвших үйл ажиллагааг зогсоох талаар заасан байдаг гэж хэлсэн. Ундармаа одоо яах вэ гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хариулсан. Бид хоёрыг ярилцаад Сонгуулийн байрнаас гарахад Баярсайхан дарга зүүн талд зогсож байсан. Бид хоёр Сонгуулийн байрнаас гараад баруун зүгт явж байхад Ундармаагийн нөхөр Батжаргал машинтайгаа ирсэн. Ундармаа машиндаа суухдаа нөхөртөө би хоцорчихлоо гэж хэлж байсан. Тэгээд би харьсан. Ундармаатай уулзаад 10-аад минут болсон байсан. Тус Сонгуулийн хорооны гишүүдийн утасны цаг таарч явсан болохоор би цаг хугацааны хувьд Ундармааг хоцорч ирсэн гэдэгт итгэлтэй байна. Манай Сонгуулийн байранд цаг байдаггүй. Тийм болохоор утасны цаг харсан. Монгол Ардын нам нэр дэвшигчдийнхээ материалыг хуульд заасан хугацаанаас хоцроож ирсэн тул Батширээт сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй байсан. Батширээт сумын Сонгуулийн хороо нь Монгол Улсад дагаж мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Иймд шүүхээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж нэхэмжлэл гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ гээд маш тодорхой заасан байдаг. Мөн нэр дэвшүүлж байгаа нам нь нэр дэвшигчдийн материалыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө биечлэн ирүүлэх үүрэгтэй. Үүний дараа сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаад тав хоногийн дотор тогтоол гаргадаг. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэр дэвшигчээр бүртгэхийг Батширээт сумын Сонгуулийн хороонд даалгасан нэхэмжлэл байсан. Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч тайлбартаа нэр бүхий 21 нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд буюу 17 цаг 00 минутаас өмнө ирүүлсэн гэж ярьж байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ үүрэг нь Монгол Ардын намын үүрэг болохоос Батширээт сумын Сонгуулийн хорооны үүрэг биш юм. Монгол Ардын нам нь Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших 21 нэр дэвшигчдийнхээ материалыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас хойш авчирч өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, гэрч  Баярсайхан, Гансүрэн, Сүхбат нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Мөн Батширээт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот албан бичгээр тогтоогддог. Уг албан бичиг нь Монгол Ардын нам 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас хоцорч нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүлсэн тул бүртгэж аваагүй гэсэн утгатай албан бичиг байдаг. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Сонгуулийн хорооны гишүүд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцдог. Хэрвээ Батширээт сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчвөл Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн 21 хүний материалыг хүлээж аваад бүртгэсэн байсан бол тус Сонгуулийн хорооны дарга болон гишүүд хариуцлага хүлээх байсан. Батширээт сумын Сонгуулийн хорооны дарга болон гишүүд нь бүгд төрийн албан хаагч учир Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн албанаас нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлөгдөх, мөнгөн торгуулийн хариуцлага хүлээх байсан. Иймд Батширээт сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн заалтыг дагаж мөрдсөн. Сонгуулийн тухай хууль зөрчүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь байж болохгүй зүйл юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Гансүрэн нь Сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих эрхгүй этгээд юм гэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй талаар заасан байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд тус сумын Сонгуулийн хорооны гишүүдэд 17 цаг 00 минут болсон талаар сануулсан. Гэхдээ энэ талаар Сонгуулийн хорооны дарга болон гишүүд мэдэж байсан болохоор намуудаас ирүүлсэн материалуудаа бүртгэж аваад тэмдэглэл үйлдэж гарын үсэг зураад үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Гансүрэн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхгүй гэсэн тайлбар няцаагдаж байна. Гэхдээ Гансүрэн нь сонгуулийн зохион байгуулалтад оролцохгүйгээр үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс хяналт тавих эрхтэй хүн юм. Хавтаст хэргийн 59 дүгээр талд тус сумын Сонгуулийн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө байдаг. Энэ төлөвлөгөөний 4 дэх заалтад нам 17 цаг 00 минутаас өмнө нэр дэвшигчдийнхээ материалуудыг ирүүлнэ гэсэн байдаг. Батширээт сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хууль болон төлөвлөгөөнийхөө дагуу ажилласан байна гэх хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Ундармаа нар нь “ ... Монгол Ардын намын хорооны 21 /хорин нэгэн/ нэр дэвшигчийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид  нэр дэвшигчээр бүртгэх”-ийг Хэнтий аймгийн Батширээт сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

            Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга С.Пүрэвжав нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлснийг  2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №82 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй. 

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “...сонгууль зохион байгуулахтай холбогдон гарсан сум, дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна” гэж заасан. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлахыг хуулиар баталгаажуулсан. Батширээт сумын Монгол Ардын Намын хорооноос сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд нэр дэвшсэн 21 /хорин нэгэн/ хүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй тухай ямар нэгэн шийдвэр тогтоол, эрхийн акт Хэнтий аймгийн Батширээт сумын Сонгуулийн хорооноос гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

            2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Сумын сонгуулийн хорооноос намуудын нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан хуралдааны тэмдэглэлд[1] “...Сонгуулийн хороо 17 цаг 00 минутад хуулийн дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг дуусгалаа” гээд Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, гишүүн Д.Бүдханд нар гарын үсэг зурсан байна.  2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Батширээт сумын Сонгуулийн хорооны гишүүн Д.Бүдханд шүүхэд тайлбар[2] ирүүлжээ. Үүнд “...би мэдээ, тайлангаа гаргахаар өрөөндөө орж ажлаа хийж байсан. Сумын Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэчимэг 17 цаг өнгөрч байхад орж ирээд, - Нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа дууссан тул гишүүн Л.Хоролмаа бид хоёр ажлаа дуусгаад гарлаа. Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг бүртгүүлсэнгүй, гэж хэлэхэд цаг харахад 17 цаг 02 минут болсон байсан ба гадна хаалгаар Батширээт сумын Монгол Ардын Намын дарга Ч.Ундармаа орж ирж байхыг цонхоор хараад би: -Одоо орж ирж байна гэж хэлэхэд Б.Эрдэнэчимэг өрөөнөөс гарч коридорт Ч.Ундармаатай уулзаад цааш явсан” гэжээ. Гэрч Д.Гансүрэн “...гадаа үүдэнд Засаг дарга Баярсайхантай машин руугаа явж байхад бид хоёрын өмнө Сонгуулийн хорооны дарга Эрдэнэчимэг, Монгол Ардын намын хорооны дарга Ундармаа нар явж байсан”[3] гэж, гэрч Ц.Баярсайхан “...би гадаа гараад зогсож байхад Сонгуулийн хорооны даргатай Ундармаа хамт гараад ирсэн. Тэр хоёр цаг хоцорлоо гээд тамгын газрын хашаанаас гараад явсан. Тэгээд байж байтал Гансүрэн дарга ажлаас гарч ирсэн”[4] гэсэн мэдүүлгүүдийг шүүхэд өгсөн. Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл, тус хорооны гишүүний тайлбар, гэрч нарын мэдүүлгүүд цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь харагдаж байна.

            Мөн Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д “...сонгуулийн хорооны хуралдаан нээлттэй, ил тод байна”, 27.10-т “...сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу хөтлөнө” гэж тус тус заажээ. Хэнтий аймгийн Батширээт сумын Сонгуулийн хороо нь “Сумын сонгуулийн хорооноос намуудын нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан хуралдааны тэмдэглэл”1-ийг шүүхэд ирүүлсэн байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №09 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын “ Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам”-ын 1.2-т Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан хуралдааны дэг “...аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүртээ тэмдэглэл хөтөлнө” гэсний дагуу сумын сонгуулийн хороо нь тэмдэглэл хөтөлжээ. Гэвч “ Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам”-ын 2.2-т ...дуу хураагуурт бичиж, шаардлагатай бол дүрс бичлэг хийнэ, 2.3.1-т ...хуралдаан эхэлсэн, завсарласан, завсарлаад эхэлсэн, дууссан цаг минут, хуралдаан болсон газар, байршил, албан тасалгаа, 2.3.2-т ...хуралдаанд оролцсон гишүүдийн нэр, ирцийн тоо, хувь, ирээгүй гишүүний нэр, шалтгаан, 2.3.4-т ..хэлэлцэх асуудлыг танилцуулсан хүний нэр, албан тушаал, 2.3.5-т ...хэлэлцсэн асуудалтай холбогдож гарсан асуулт, хариулт, тайлбар, санал, шүүмжлэл зэргийг тухайн хуралдааны тэмдэглэлдээ тусгаагүй дээрхи журмыг зөрчсөн байна. Хэдийгээр хуульд заасан цаг хугацаа хоцорсон ч гэсэн бүртгэлээ хийгээд, түүнийгээ албан ёсоор баталгаажуулаад, өөрсдөөр нь гарын үсэг зуруулж, нотлох баримт бүрдүүлэх боломж сонгуулийн хорооны гишүүдэд байсан.  Сумын Сонгуулийн хороо түүний гишүүд нь сонгуулийн үйл явцыг зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчим, мөн хуралдааныхаа дэгийг баримталж ажилладаггүй болох нь, хэрэгт авагдсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “хуралдааны тэмдэглэл”-ээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нар Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр нэр дэвшсэн материалаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 58 минутад сумын Сонгуулийн хороонд авчирч өгсөн боловч сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгээгүй гэж, хариуцагч сумын Сонгуулийн хороо нь Монгол Ардын Намын хорооны дарга Ч.Ундармаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшсэн хүмүүсийн материалыг хуулийн хугацаа буюу 17 цаг 00 минут / 02 минут/ хэтрүүлж  авчирч өгсөн. Бид нар хуулийн хугацаа хэтэрсэн болохоор нь бүртгээгүй гэж маргадаг. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь цагийн зөрүүтэй асуудлаар маргаж байгаа боловч цаг дутуу байсан, цаг хэтэрсэн гэдгийгээ аль аль нь /тухайн нөхцөл байдлаа/ нотолж чадахгүй байна. Тус сумын Сонгуулийн хорооны албан өрөөнд цаг байгаагүй болохыг, мөн Батширээт суманд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн №21 тоот тогтоолоор батлагдсан  “...эталоноор баталгаажсан” цаг байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Батширээт сумын Сонгуулийн хороо нь нийт 21 /хорин нэгэн/ нэр дэвшигчийн материалыг хүлээж аваагүй, бүртгэл хийгээгүй байна. Зөвхөн сумын Монгол Ардын намын хорооны дарга Ч.Ундармааг нэр дэвшигчээр бүртгээгүйд гол асуудал биш, түүний цаана сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшихээр материал бүрдүүлсэн 20 / хорин / хүний эрх ашиг хөндөгджээ гэж шүүх үзлээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6, 157.7-д заасны дагуу сумын Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч нарт арилгуулах боломжтой зөрчлийг засах боломж олгоогүй нь буруу байна. Өөрөөр хэлбэл ялимгүй зөрчлөөр маргаан бүхий шийдвэр гаргасан нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9-д “...шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” Мөн хуулийн Арванесдүгээр зүйлийн 1-д “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “...шударга ёсыг сахих”  мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “...сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.  Учир нь Сонгуулийн тухай хуулийн 11.8-д “...энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.” гэжээ. Энэ нь Сонгуулийн хороог нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах эрх олгосон хуулийн заалт биш, Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг, түүнд тавигдах шаардлагыг зохицуулсан хуулийн зохицуулалт юм.  

Дээрх үндэслэлүүдээр Ч.Ундармаа нарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Батширээт сумын Сонгуулийн хороонд холбогдох, “...Батширээт сумын Монгол Ардын намын хорооны 21 /хорин нэгэн/ нэр дэвшигчийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид  нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэр дэвшигч нарыг бүртгэхийг Батширээт сумын Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ундармаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ ...Батширээт сумын Монгол Ардын намын хорооны 21 /хорин нэгэн/ нэр дэвшигчийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид  нэр дэвшигчээр бүртгэх”-ийг хариуцагч Хэнтий аймгийн Батширээт сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ундармаа нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БАЯСГАЛАН

 

                                                                                  

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас,

[2] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас,