Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01203

 

Ч.Маргадын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03256 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1344 дүгээр магадлалтай,

Ч.Маргадын нэхэмжлэлтэй

“Дэлгэр нуга” ХХК, Б.Хашмаргад нарт холбогдох,

52.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Маргад нь Б.Хашмаргадтай урьд нь байгуулсан гэрээг шинэчлэн, 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  гэрээ байгуулж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцон, гүйцэтгэгчийг өөрчилсөн. Ч.Маргад нь анх 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Дэлгэр нуга” ХХК-ийн захирал Б.Хашмаргадтай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хоёр давхар 160 м.кв талбайтай хувийн орон сууцыг бариулахаар тохиролцож 37.600.000 төгрөгөөр 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байшинг хүлээлгэж өгөх, гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэхгүй, захиалгаар тохиролцсоноос өөр, хүн амьдрахын аргагүй, стандарт бус дүнзийг босгосон байсан тул доголдлыг засуулахаар 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-д нэмэлт оруулж хугацааг 2009 оны 06 сар болгож сунган 33.840.000 төгрөгийг төлснийг баталгаажуулж гэрээ байгуулсан. Б.Хашмаргад нь гэрээг сунгасан хугацаанд мөн ажлаа хийгээгүй. Гэрээнд заасан журмын дагуу ажлаа гүйцэтгээгээгүй. 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар 1 давхрын өндөр шалнаас тааз хүртэл 2.3 метр, 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 давхрын өндөр дээвэр хүртэл 5.5 метр байхаар заасан бөгөөд гэрээгээ шинэчилж байгуулахдаа уг хэмжээг өөрчлөөгүй. Санхүүжилт 33.840.000 төгрөгийг Б.Хашмаргадаас гаргуулах, алданги 18.800.000 төгрөг, нийт 52.640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Хашмаргад шүүхэд гаргасан тайлбартаа: “Дэлгэр нуга” ХХК-ийн захирал байхдаа 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 160 м.кв талбайтай дүнзэн хувийн сууц барих ажил гүйцэтгэх гэрээг Ч.Маргадтай байгуулан ажлыг эхлүүлсэн болно. Уг ажил хийгдэн гэрээний 3.1 дэх заалтын дагуу ажил эхлэхэд 30 хувь буюу 11.280.000 төгрөгийн урьдчилгааг авч орон нутгаас модны зөвшөөрөл аван ажлыг эхлүүлсэн. Байшингийн модыг бэлтгэн зөөвөрлөж газар дээр нь авчирсан бөгөөд суурь цутган байшингийн торхыг босгож дуусган дараагийн санхүүжилт 11.280.000 төгрөг авсан. Дараа нь дотоод заслыг хийж гүйцэтгэхээр 3 дахь санхүүжилт буюу 11.280.000 төгрөгийг авч ажлыг үргэлжлүүлсэн. Байшингийн дээврийг төмөрлөн, вакуум цонх төмөр хаалга хийн дотор тусгаарлах хана, тааз, шалны, паркетыг дуусгах шатанд Ч.Маргадын зүгээс ажлыг зогсоон ханын өндөр, таазны өндөр хүрэхгүй байна гэдэг асуудлыг тавьсан. Энэ нь гэрээний 4.1, 4.6 дахь заалтын дагуу эхний хоёр шатны ажлын гүйцэтгэлийг хүлээн авч дараагийн ажлыг эхлүүлснээр өмнө хийгдсэн ажлыг хүлээн тооцогдох бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс асуудалд уян хатан байж асуудалд аль болох хүлээцтэй хандан хоёр давхрын ханыг өндөрсгөн, өмнө нь хийгдсэн ажил болох дээвэр, тааз шал паркет, цонх зэргийг буулгасан болно. Ингээд гүйцэтгэлийг хийж эхлэх болоход барилгын суурийг дахин солих асуудал тавигдсанаар уг байшингийн ажил зогссон. 8.000.000 төгрөгийн материал хулгайд алдагдсан болно. Энэхүү нөхцөл байдлаас болж санхүүжилт хүрэлцэхгүй болсон ба захиалагч нэмж санхүүжилт гаргахгүй, бид байшингаа хүлээж авах ёстой гэдэг нөхцөлийг тулган 2013 онд гэрээ дахин байгуулсан боловч зардлын хувьд байшинг дахин барих боломжгүй байдал үүссэн. Иймд Ч.Маргадыг эхний нэг, хоёрдугаар гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэн гэрээний 5.2, 5.3 заалтуудыг үндэслэн шийдвэрлэх боломжтой. Бүрэн гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн тул барилгын ажлыг бүрэн дуусгах зардал 11.200.000 төгрөгийг захиалагчид буцаан төлөх боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр тооцож үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03256 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хашмаргадаас 50.760.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Маргадад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.880.000 төгрөг болон “Дэлгэр нуга” ХХК-д холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 423.256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2106 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Хашмаргадаас 411.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1344 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03256 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хашмаргадаас 33.840.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Маргадад олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.800.000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “…411.750 төгрөг…” гэснийг “…327.150 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Хашмаргадын төлсөн 411.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн магадлалд “... Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэж заасныг зөрчихөд хэн аль нь буруутай байсан...” гэж дурдсан байна. 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 1 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 4-д “Гүйцэтгэгч нь барилгын барилга барих зураг, төсвийг барилгын норм нормативын дагуу зурж гүйцэтгэн 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн дотор захиалагчаар батлуулна.” гэж заасан байдаг ба гүйцэтгэгч нь барилгын зураг төслийг гарган батлуулаагүй нь барилгын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл захиалагч барилгын зургийг гүйцэтгэгч Б.Хашмаргадаар зуруулахаар тохирсон. Гэвч Б.Хашмаргад энэ үүргээ биелүүлээгүй байхад шүүх захиалагч болох Ч.Маргадыг буруутгаж байгаа үйлдэл нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Шүүхийн магадлалд “... гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйн төлөө тооцох хариуцлага буюу алдангийг нэхэмжлэх эрхгүй тул 18.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэсэн байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд анз төлөхөөр тохирсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь анзыг шаардах эрхтэй. 2013 оны өдөр байгуулсан 1 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д зааснаар захиалагч анз авах хууль зүйн бүрэн эрхтэй.

Шүүхийн магадлалд “... гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйн төлөө тооцох хариуцлага буюу алдангийг нэхэмжлэх эрхгүй тул 18.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэсэн байна. Харин шүүх анз авах эрхгүй гэсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд зааж өгөөгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсгийг хэрэглээгүй байна. Түүнчлэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн байна.

Шүүх Монгол улсын Үндсэн хуулийн шударга ёсны зарчмыг зөрчсөн талаар;Анх 2007 он буюу 9 жилийн өмнө 33.840.000 төгрөгийг хариуцагч болох Б.Хашмаргадад хүлээлгэн өгсөн. Энэ талаар шүүхэд зохигчид маргаан байдаггүй. 2007 онд хариуцагчид өгсөн 33.800.000 төгрөг нь одоо байгаагаасаа илүү өндөр ханштай байсан. Хэрэв энэ мөнгийг тэр үед банкинд хадгалуулсан бол 9 жилийн туршид их хэмжээгээр өсгөх боломжтой байсан юм. Хариуцагч нь анхны ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон хугацаанд хэрэв барилгыг барьж дууссан байсан бол тухайн байшинг түрээслэхэд ч гэсэн мөнгөө өсгөх боломжтой байсан юм. Эдгээр мөнгө болон цаг хугацааны алдагдлуудыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Мөн Ч.Маргад нь ингэж хохирохгүйн тулд гэрээнд алданги авахаар харилцан тохиролцсоор байтал шүүх уг хэлцэлийг үнэлэлгүй шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн практикт муу жишиг болж байна. Нэхэмжлэгч Ч.Маргад нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зуслангийн байшинтай болох зорилгоор гэрээ байгуулсан. Гэвч одоог болтол энэ хүсэл нь биелэгдээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ашиглах боломжгүй байшингийн суурь, торх боссон гэсэн дүгнэлт гарсан. Ч.Маргадын зүгээс 2007 оноос хойш хохирсоор өдийг хүрсэн ч давж заалдах шатны шүүх энэ хохирлыг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Маргад нь хариуцагч “Дэлгэр нуга” ХХК болон Б.Хашмаргад нарт холбогдуулан 52.640.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ хүчин төгөлдөр бус” гэсэн тайлбар гаргасан байна.

Ч.Маргад нь 2 давхар 160 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 37.600.000 төгрөгөөр бариулахаар “Дэлгэр нуга” ХХК-тай 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 33.840.000 төгрөг төлжээ. Гүйцэтгэгч ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй тул талууд 2008 оны 09 дүгээр сарын 03, 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус нэмэлт гэрээ байгуулж барилгыг хүлээлгэн өгөх хугацааг сунгасан хэдий ч үүргээ гүйцэтгээгүй байна.

Талууд 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэгчийг Б.Хашмаргад болгон өөрчилсөн, тэрээр барилгыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр актаар хүлээлгэн өгөх, мөн хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч барилгыг барьж хүлээлгэн өгөөгүй байна /хавтаст хэргийн 9-22 дугаар тал/.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 18.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...талууд ажлыг барилгын зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн, үүнд хэн аль нь буруутай...” гэх дүгнэлтийг магадлалд заажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээний 2.4-т “гүйцэтгэгч нь барилга барих зураг, төсвийг барилгын норм нормативын дагуу зурж гүйцэтгэн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дотор захиалагчаар батлуулна” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь барилгын зургийг зурж гүйцэтгэхээр тохирчээ. Гэтэл давж заалдах шатны шүүх барилгын ажлыг зураг төсөлгүй гүйцэтгэхэд нэхэмжлэгч буруутай гэж үзэхдээ гэрээг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлж чадаагүй байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, мөн дутуу баригдсан барилга чанарын шаардлага хангахгүйгээс ашиглах боломжгүй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ /хавтаст хэргийн 92-93 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэсэн үүргүүдийг биелүүлээгүй байна. 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар хариуцагч авсан мөнгийг буцаан өгөх учиртай.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдахад хариуцагч үүргээ зөрчсөн буруутай болохыг зөв дүгнэсэн боловч алданги тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 18.800.000 төгрөг гаргуулах шаардлагаа “...гэрээгээр хүлээсэн үүргээ 8 жилийн хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирол...” гэж тодорхойлсон /хавтаст хэргийн 1-4 дүгээр тал/ ба хариуцагч уг шаардлагыг үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, анхан шатны шүүх хариуцагчаас 16.920.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-г зөрчихгүй гэж үзлээ.

Хариуцагч Б.Хашмаргад нь “Дэлгэр нуга” ХХК-ийн үүргийг шилжүүлэн авсан тул шүүх тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1344 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...355.1” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.1” гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 243.763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ