| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03594/И |
| Дугаар | 210/МА2021/00618 |
| Огноо | 2021-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/00618
| 2021 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2021/00618 |
БГДНДХ-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/00295 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БГДНДХ-ийн хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлд 18 216 820 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, В.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбартаа:
Ө ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1,1.4, 20 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №173 тоот улсын байцаагчийн актын 18 216 820 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь тэнд ажиллаж байсан даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон үр дүндээ хүрэлгүй улсын байцаагчийн актын үлдэгдэл 18 216 820 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл барагдуулахад хүндрэлтэй байна. Хариуцагч тал 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр манайд гаргасан хүсэлтдээ 2015 оны 02 дугаар сараас хойш нийгмийн даатгалын тайлангаа өгөөгүй, энэ хугацаанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, ажилтнуудынхаа эрх ашгийг хүндэтгэн нийгмийн даатгалын тайланг нөхөн өгөх хүсэлтэй талаарх албан бичиг ирүүлж 02, 03, 04 дүгээр сарын тайланг нөхөж өгч төлбөрөө төлнө гэсний дагуу Улсын байцаагчийн акт тавигдсан. Акт гарснаас хойш хариуцагч тал 5 000 000 төгрөг төлж үлдэх мөнгийг 3 хувааж төлөх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч талд алдангиас чөлөөлөх эрх байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Иймд хариуцагч Ө ХХК-аас актаар тавигдсан өр 15 477 880 төгрөг, алданги 2 738 940 төгрөг нийт 18 216 820 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө ХХК-д сүүлд захирлаар томилогдсон. Компанийн өрийг төлүүлэхийн тулд акт тавьсан. Актаар тавигдсан мөнгийг төлөхгүй бол цаашдын тайланг хүлээн авахгүй гэсэн шаардлага тавьсан. Бидэнд мөнгийг төлөх боломж байхгүй. Үйл ажиллагаа зогссон. Акт тавигдсанаас хойш төлсөн 5 000 000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдах ёстой. Шүүхээр маргаан шийдвэрлүүлэхээс өмнө 3 хувааж төлөх санал тавьж байсан. Актаар тавигдсан 15 477 880 төгрөгийг төлнө. Алданги 2 738 940 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Ө ХХК-аас 18 216 820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БГДНДХ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ө ХХК-аас 249 034 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо:
... БГДНДХ- нь манай компанид холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 22-ны дугаар 173 тоот улсын байцаагчийн актаар 15 477 880 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, түүний алданги 7 738 940 төгрөг нийт 23 216 820 төгрөгийн акт тавигдсан. Үүнээс 5 000 000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. БГДНДХ- нь Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасныг илт зөрчиж манай байгууллагын төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасалгүй алдангиас хасаж тооцон нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд тусгасан 2 738 000 төгрөгийг хасах боломжтой хэмээн зөвшөөрсөн байтал шүүх шийдвэрлэхдээ хүлээж авалгүй шууд нэхэмжлэлийн үнийн дүнг 100% хангаж шийдвэр гаргасан. Шүүх хэргийг шийдэхдээ нэг талыг хэт барьсан шийдвэр гаргасан. Манай зүгээс шүүхэд тухай цаг үед манай компани нь улсын төрийн өмчит компаниас хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг цаг тухайд нь авч чадалгүй явсаар 2015-2019 оны хугацаанд шүүхээр шийдвэрлүүлж авсан. Үүний улмаас нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлж чадалгүй явсаар акт тавигдсан. Энэ тухай шүүхэд тайлбарлаж нотлох баримтыг хавсарган өгсөн. Мөн өнөөгийн нийгмийн нөхцөл байдал Ковид-19-той холбогдуулан үйл ажиллагаа явуулаагүй байгаа тухайгаа тусган анхны актанд тавигдсан алдангийн дүн 7 738 940 төгрөгийг алданги төлөхөөс чөлөөлж өгөх хүсэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, алданги болох 7 738 940 төгрөгийг бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч БГДНДХ- нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй өр 15 477 880 төгрөг, түүний алданги 2 738 940 төгрөг, нийт 18 216 820 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч алданги 2 738 940 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Ө ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд, төлвөл зохих хэмжээгээр төлөөгүйг нийгмийн даатгалын улсын байцаагч тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 70 35 4000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 15 477 880 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 7 738 940 төгрөгийн алданги ногдуулсан акт хэрэгт авагджээ.
/хх-5/
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогчийн шимтгэл ногдуулан төлөөгүй орлогыг илрүүлэн, орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, төлбөл зохих шимтгэлийн 50 хувьтай тэнцэх алданги ногдуулсан нийгмийн даатгалын улсын байцаагчийн дээрх актыг хариуцагч эсэргүүцэж маргаагүй, акт хүчин төгөлдөр байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийнхээ хүрээнд Ө ХХК нь актаар тогтоогдсон төлбөрийг 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлтийг гаргаж байжээ. /хх-11/ Гэвч хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 5 000 000 төгрөг төлснөөс өөр баримт авагдаагүй, 18 216 820 төгрөгийн өртэй болох нь тогтоогдож байна.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар тавигдсан 18 216 820 төгрөгийн төлбөрийг хариуцагч компаниас шаардах эрх Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид үүссэн байна.
Хэргийн дээрх нөхцөл байдал, хуулийн зохицуулалтаас үзвэл актаар тогтоогдсон төлбөрөөс алдангийг төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг зөрчөөгүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/00295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ