Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/1004

 

 

 

 

      2023            10            17                                        2023/ДШМ/1004

 

Ж.Ж-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогч Б.Ц ,

шүүгдэгч Ж.Ж , түүний өмгөөлөгч Ж.Батмөнх,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1031 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ж ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2308003191286 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Ж, ... оны ... дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... эрхэлдэг, ам бүл .... хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ... гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, /РД:..../, урьд:

-Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Баянгол дүүргийн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялар шийтүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1 жил 3 сар 24 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр 05-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр торгох ялаа биелүүлж дууссан.

  Шүүгдэгч Ж.Ж  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ....тоотод хохирогч Б.Ц ыг бусадтай хардан маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, хэвлий рүү нь өшиглөн, эрүүл мэндэд нь “баруун, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сугарал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд шарх, хүзүү бүсэлхийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Ж ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт зааснаар түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.Ж  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж оос 13.170.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ц д олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Ж  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1031 дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн зөшөөрөхгүй байгаа тул дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд, анхан шатны шүүх надад ял оногдуулахдаа ажил хийдэг талаар удаа дараа мэдүүлсээр байтал албадан ажил хийлгэх ял оногдуулсан. Миний бие уурхайд ажилладаг тул хохирлыг төлөх боломжтой байсан. Торгох ялаар сольж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Ж ын өмгөөлөгч Ж.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....” ХХК-д ажилладаг талаарх ажлын газрын тодорхойлолт, орлого нотлох дансны хуулга, анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчид 800.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримт, хохирогчийн “гомдол, саналгүй учир шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт, гэмт хэргийн хор уршигтай холбоотой шүдний имплантыг 2.500.000-3.000.000 төгрөгөөр хийж болох талаарх баримтуудыг гаргаж өгч байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзаж ял оногдуулсан. Хэдийгээр урьд гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй ч гэсэн шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг өмнө 2 удаа үйлдсэн. Мөн гэмт хэргийн үйлдлийн шинжийн хувьд тухайн үед хохирогч Б.Ц аас гадна Мөнхжаргал гэдэг хүний биед шүүгдэгч нь гэмтэл учруулсан байсан боловч Мөнхжаргалаас “хохирогчоор тогтоолгохгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэдгээ мэдүүлсэн учир зөвхөн Б.Ц ын биед гэмтэл учруулсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хохирогчийн биед учирсан гэмт хэргийн хор уршгийг аргуулахаар 13.170.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хохирол төлөх ямар ч санаачилга гаргаагүй. Хохирогчид хохирол төлнө гэж завсарлага авсан боловч мөн энэ хугацаанд хохирлоо төлөөгүй учраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийх ялыг сонгон оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ж.Ж  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ....тоотод хохирогч Б.Ц ыг бусадтай хардан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохих, хэвлий рүү нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд халдаж биед нь “баруун, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сугарал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд шарх, хүзүү бүсэлхийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          Хохирогч Б.Ц ын “... Жак намайг .... гэдэг найзтайгаа хардаад нүүрний зүүн талын шанаа руу 1 удаа гараараа цохисон. Би тэгэхээр нь “явлаа” гэж хэлэхэд Жак гэдэг залуу нь миний дээрээс 5 литрийн ус асгасан ... ам руу гараараа 1 удаа цохиод гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. ... намайг Мөнхжаргалтай унтсан гээд хардаад байсан. ... Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруул язарсан, давсаг хэсэг руу өвдөж байна. ... Миний нэхэмжилж байгаа 12,000,000 төгрөг нь 2 имплантны мөнгө болон тухайн үед тархи хөдөлж, давсгаар өвдөж байх үедээ эмчилгээ хийлгэсний зардалд нэхэмжилсэн ...” /хх 23-30/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 529 дугаартай “... Б.Ц ын биед баруун, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал хэвлийд шарх, хүзүү бүсэлхийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /хх 42-44/,

          шинжээч эмч О.Болороогийн “... Би Б.Ц биед үзлэг хийж 529 дугаартай дүгнэлтийг гаргасан. Цэрэндуламын биед учирсан баруун зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэлдэх ба энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, харин хэвлийн шарх бүхий гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба энэ гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү бүсэлхий, зулгарал, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ир ирмэг бүхий зүйл гэж иртэй, ирмэг бүхий зүйлийг хэлнэ. Ц-ын биед үүссэн хэвийн шарх гэмтэл нь иртэй ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн. Иртэй ирмэг бүхий зүйл гэдэг нь хагархай архины шил, хагархай аяга гэх мэт зүйл байна ...”  /хх 48/, 

          гэрч А.М-ын “... Бид караоке орж дуулж байгаад 02 цагийн орчимд гэртээ дөрвүүлээ ороод амрах гээд хэвтэцгээсэн. Гэрлээ унтраагаад хэвтэж байхад Ж гэрэл асаагаад  над руу заазуур барьж дайрсан. Тэгээд яагаад байгаа юм гээд тайвшруулаад байж байхад миний хажууд байсан эмэгтэйг алагдаж, өшиглөхөд нөгөө эмэгтэй муужирсан. Би “чи болиоч” гэхэд миний толгой тус газарт шаазан тавгаар 2-3 удаа цохисон. Намайг муужраад байж байхад нөгөө эмэгтэйн сав, хэвлий тус газарт өшиглөөд ... дээрээс нь шингэн зүйл асгаад байсан. Би очоод боль гээд дахин хориод байж байхад орны хажууд байсан хугарсан гэрийн унь бариад намайг цохиод дайрсан. Миний гараас цус гараад байсан, хэзээ зүссэн талаар мэдэхгүй байна. Тэгээд гэрээс гараад дийлдэхгүй орилоод байхаар нь цагдаа дуудсан. ...” /хх 19/,

          гэрч Э.Б-ийн “... бид хоёр Баруун салааны гүүрэн дээр очиход үл таних 2 эрэгтэй хүн зогсож байсан. ... бид 4 замын урд талд байрлах кароаке ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээс гараад бөөндөө хамт нэг газар жаахан юм ярьж сууя гээд нэг айлд очсон. ... Нэг сэрэхэд манай найз Ц өөрийгөө Ж гэж танилцуулж байсан залуутай муудалцаад байсан ба тухайн залуу манай найз Цэрэндуламын нүүрэн тус газарт нь нэг удаа алгадахаар нь би болиоч гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд манай найз Ц-ыг унагааж байгаад 2-3 өшиглөсөн чинь тухайн үед хамт явж байсан үл таних эрэгтэй нь “одоо болиоч” гээд салгах үед тухайн залууг бас цохиж зодоод байсан юм. Тухайн үед манай найз Цэрэндуламын дээрээс ус асгаад байсан. Юунаас болж муудалцсан талаар сайн мэдэхгүй байна. ...” /хх 32/,

          яллагдагчаар Ж.Ж ын “... зүс таних Ц үл таних эмэгтэй хүний хамт бид 4 уулзаад ойролцоо байрлах караоке орж 3-4 цаг юм ярьж сууж байгаад 0.75 граммын 2 шил архи хувааж уучихаад, гараад манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо малчин 1-11 тоотод очоод бид 4 нэг шил хувааж уучихаад тасарчихсан байсан. ... Тухайн үед би Ц-тай маргалдаж байгаад хажууд байсан 5 литрийн савтай усыг дээрээс нь асгасан чинь “намайг яаж байгаа юм бэ” гэхээр нь би 1 удаа алгадсан, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ...” /хх 140-141/ гэх мэдүүлгүүд зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Б.Ц  бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.Ж оос “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгөхийг” хүссэн ба ингэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг иш татсан байна.

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ж.Ж  ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгээ нотолж “Дархан жонон” ХХК-ийн тодорхойлолт болон хохирогчийн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх баримтуудыг хавсгаргаж ирүүлсэн байх боловч ажил олгогчоос тодорхой цалин, хөлс /1.800.000 төгрөг/ авч байгаа байдлыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, лавлагаа, бусад баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхаас гадна хохирогч Б.Ц  нь “шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, нийт 800.000 төгрөг төлсөн, үлдэх хохирлыг барагдуулж авна ...” хэмээн шүүхэд тайлбар гаргасан тул шүүгдэгчийг хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхгүй, мөн тэр торгох ялыг биелүүлэх бодитой үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Ж.Ж  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан ба анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ц ын хохиролтой холбоотой баримтаар нийт 13,170,000 төгрөг нэхэмжилснийг шүүх шүүгдэгч Ж.Ж оос гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

          Шүүгдэгч Ж.Ж  нь дээрх хохирлоос хохирогчид нийт 800,000 төгрөг төлснийг дурьдах нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Ж.Ж ын гаргасан “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1031 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Ж.Ж ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ         

              ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХӨӨ

              ШҮҮГЧ                                                                     Н.БАТСАЙХАН