Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02215

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11 197/ШШ2025/02215

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, М.Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, С.Ц /РД:********/-д холбогдох

Гэм хорын 2,257,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч С.Ц, өмгөөлөгч Ж.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас нэг сарын цалин хөлсөөр хохирсон тул 2,257,000 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хөнгөн зэргийн гэмтлийн улмаас нэг сар ажил эрхлээгүй гэсэн баримт буюу эмнэлгийн акт, лист байхгүй мөн хуулиар цалин хөлсний зөрүү нэхэмжлэхээр заасан бөгөөд энэ талаар баримтгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч С.Ц нь 2024.08.24-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо МСМ дэлгүүрийн урд замд ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч М.Бын биед баруун өвдөгний үе, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүх шинжилгээний газрын 2024.10.31-ний өдрийн ******** тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

5. Нэхэмжлэгч М.Б нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт цагдаа жолоочоор ажилладаг бөгөөд тухайн байгууллагаас 2024 оны 08 дугаар сард ээлжийн амралтын олговрыг, 2024 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд ажилласан хугацааны цалин хөлсийг тус тус олгосон байх ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2024 оны 09 дүгээр сард цалин хөлс, түүнтэй адилтгах орлого бичигдээгүй байна.

6. Хэдийгээр М.Бын 2024 оны цалингийн картаар 2024 дүгээр 09 дүгээр сарын цалин хөлсний талаар бичигдээгүй боловч энэ нь зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаар эрх бүхий албан тушаалтан түүнийг ажлаас чөлөөлж, тухайн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор хохирсон гэх баримтгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зам тээврийн ослын улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүй бөгөөд нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч С.Цд холбогдох гэм хорын 2,257,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 51,062 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН