| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2323000250089 |
| Дугаар | 2023/ДШМ/38 |
| Огноо | 2023-11-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/38
С.Батмөнхөд холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Прокурор Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч С.Батмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Баярцогт нарын давж заалдах гомдлоор С.Батмөнхөд холбогдох 2323000250089 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Идэр сумын Загастай багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/шцт/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Цэнгэн овогт Сүхбаатарын Батмөнх /регистрийн дугаар: ИЖ85090115/
Шүүгдэгч С.Батмөнх нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг “Нурамт” гэдэг газарт бэлчээрт байсан Б.Тувааны өмчлөлийн 41 тооны адуун сүргээс хур дэлтэй бор хээр морь-зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай, им, тамгагүй хүрэн морь, шарга морь, бор хээр морь нийт 4 тооны адууг хулгайлж хохирогч Б.Туваанд 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч Цэнгэн овгийн Сүхбаатарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “ бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар С.Батмөнхийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийн өмчлөлийн улаан өнгийн “Хайрхан” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Баярцогт нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ... Болсон явдлын тухайд С.Батмөнх нь 2022 оны 12 сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын нутаг Нурамт, Ламхай, Туна гэх газруудад адууны эрэлд явж мотоциклоор явж байгаад сумын төвд байх гэрээсээ 10-12 километр зайд буюу Тунын ам гэх газар мотоцикл нь эвдэрч унаагүй явган болж, буцаад сумын төв рүү явган алхаж, явах замд нь адуу таарсан байдаг. Тухайн адууг сумын төв рүү, гэр рүүгээ хөл дүүжлэх зорилгоор хашаанд хашиж байгаад тухайн адуунаас 1 тооны морийг барьж авч унасан байдаг. Тэгээд явж байснаа буцаад, ер нь дахиад энэ адуунаас дахиад морьд барьж аваад аваачаад зарчихъя гэсэн бодол төрж, буцаж очоод нөгөө адуунаас нэмж 3 морь барьж аваад нийт 4 морийг сумын төвд авчирч Болдбаатар гэдэг хүнд зарсан байдаг. Шүүгдэгч С.Батмөнхийн тухайд 4 морь авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Давж заалдах шатны шүүхэд 4 үндэслэлээр гаргасан.
Нэгдүгээрт, Алдуул мал болох талаар, хохирогч Тувааны 2022 оны 12 сарын 19-ний өдөр адуугаа алдсан талаар мэдүүлсэн хавтаст хэргийн 78 дугаар хуудаст авагдсан мэдүүлэгт, “Би адуугаа тооны дараа 2022 оны 12 сарын 09, 10-ны үед унаа солиод гаргасан. Адуугаа гаргаснаас хойш 2022 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл хариулаагүй. Манай адуу Яруу сумын Баруун эх, Уран мандаа, Идэр сумын Цоорт гэх газруудад бэлчээрлэдэг. Цоорт, Баруун эх, Уран мандаа нь 2 сумын залгаа нутаг юм. Би 2022 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш адуугаа хайгаад олоогүй. 2023 оны 01 сарын 04-нд Завхан аймгийн Идэр сумын Хавчиг гэх газраас олсон. Манай адуу энэ нутгаар бэлчээрлэдэггүй. Манай адуу бэлчээрлэдэг газраас адуу олдсон гэх газар нь 20 гаран километр зайтай” гэх мэдүүлэг байдаг. Гэрч Ө.Бадамрагчаагийн “Туваан надаас утсаар 2 удаа адуугаа сурч байсан. 12 сарын сүүлээр хугацааг нь санахгүй байна 2-3 удаа адуугаа сурч байсан” гэх мэдүүлэг, мөн гэрч Нарандэлгэрийн “Туваан надаас утсаар 2 удаа адуугаа сурч байсан. 12 дугаар сарын 10-ны үед дараа нь 4-5 хоногийн дараа буюу 14, 15-ны үед адуугаа сурч байсан” гэх мэдүүлгээр Туваан нь адуугаа алдсан болох нь нотлогддог. Хэл зүйн тайлбараас харахад алдуул мал гэдэг нь эзэмшигч буюу өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшилж дассан бэлчээр нутаг, хашаа хороогоо орхин алслагдаж, хэний ч хараа хяналтгүй болсон мал гэж тодорхойлсон. Монгол хэлний дүрэмд таслалыг өгүүлбэрийн гишүүдийг тусгаарлах, өгүүлбэрийн утга санааг тодруулах зорилгоор цэглэл мэт хэлбэртэй тэмдэглэгээг хэрэглэнэ гэж заасан. Энэ тайлбараас харахад өөрийн ижил сүргээс салсан, эсвэл ижил сүргээрээ хэний ч хараа хяналтгүйгээр алслагдсан мал байх боломжтой гэсэн тайлбарыг таслал нь илэрхийлж байна гэж ойлгож байна. Хохирогч Тувааны адуу идээшилж дассан нутаг, хашаа хороогоо орхин алсдагдсан буюу Идэр сумын Мануустай багийн нутаг Ламхай, Нурамт, Хавчиг гэх газруудад бэлчээрлэдэггүй, харин алслагдсан болох нь хавтаст хэргийн 78 дугаар хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн адуу хэний ч хараа хяналтгүй Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн Ламхай, Нурамт, Хавчиг гэх газруудад бэлчээрлэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Бат-Эрдэнийн “Хүрэн азаргатай адуу Нурамтын аманд явж байсан, 2022 оны 12 сарын 18-ны өдрөөс тийм адуу Нурамтын аманд харагдах болсон” гэх мэдүүлэг, гэрч Баттөмөрийн “40 гаран тооны адуу Ламхайн аманд бэлчээрлэж байсан. 12 сард өдрийг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг байдаг. Өөрөөр хэлбэл тухайн адуу хэний ч хараа хяналтгүйгээр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан талаар эдгээр гэрчүүд мэдүүлсэн байдаг.
Хоёрдугаарт, Тухайн адуу Батмөнхийн эзэмшилд хэзээ орсон, яагаад завших үйлдэл хийсэн гэж үзэх болсон талаар тайлбарлая. Улсын Дээд шүүхийн 2009 оны 09 сарын 30-ны өдрийн 447 дугаартай тогтоолд алдуул малыг тайлбарлахдаа, Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан байдаг гэж тайлбарласан. Энэ тайлбарт эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас шилжсэн гэх ойлголт байгаа. Эндээс эзэмшил үүсэх урьдчилсан нөхцөл шалтгаан юу байсан бэ? Эзэмшил хэзээ үүссэн бэ гэдэг асуудал яригдана. 2002 оны Иргэний хуулийг 2005 онд тайлбарлан хэвлүүлсэн тайлбарын 357 дугаар зүйлд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн эзэмшил хэзээ үүсэх талаар тайлбарласан. Тайлбарын А-д “Эзэмшилд олж авах үйлдэл нь бодит үйлдэл байх бөгөөд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл биш юм”. Тайлбарын В-д “Эд юмсыг эзэмшилдээ олж авах нь хууль ёсоор ч тэр, хууль бусаар ч тэр хаа сайгүй үүсэж байдаг бөгөөд энд заавал хууль ёсны байх асуудал нь чухал үүрэг гүйцэтгэхгүй” гэж заасан. С.Батмөнхийн тухайд Идэр сумын Мануустай багийн нутаг Нурамт, Ламхай, Туна гэх газруудад адууны эрэлд мотоциклоор явж байгаад сумын төвөөс 12 километр зайтай газар мотоцикл нь эвдрээд буцаж явах замдаа тухайн адуутай таарсан. Тохиолдлын шинжтэй буюу гэнэтийн нөхцөл байдлын улмаас унаагүй болоод сумын төв рүү явган буцах замд тухайн адуутай таараад хөл дүүжлэх зорилгоор тухайн адууг хашаанд хашиж байгаад, хөл дүүжлэх морь барьж авах хүртэл гэмт хэргийн санаа сэдэл зорилго огт байгаагүй. Энэ үйлдлийг прокурор, шүүхээс мал хулгайлсан идэвхтэй үйлдэл байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс үзэхдээ сумын төв рүү хөл дүүжлэх зорилгоор тухайн адууг хашаанд хашиж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар тэр адууг эзэмшилдээ оруулж байгаа бодит үйлдэл. Энэ бодит үйлдлийг юу гэж харж байна гэхээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тэр адуу С.Батмөнхийн эзэмшилд орж ирсэн. Өөрөөр хэлбэл мотоциклоор яваад, мотоцикл нь эвдэрсэн учраас явган болоод, хүйтэнд хурдан харихын тулд тухайн адуунаас морь барьж аваад, сумын төв рүү хөл дүүжлэх зорилгоор тухайн адууг хашсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эзэмшилд нь орж ирсэн гэж үзэж байна. Түүнээс С.Батмөнх тухайн адууг байнга идээшилж дассан нутаг бэлчээрээс нь хулгайлах зорилгоор очиж аваагүй. Нурамт, Ламхай, Туна гэх газар Идэр сумын Мануустай багт байдаг. С.Батмөнхийн тухайд адуугаа хайгаад Нурамт, Ламхайгаар ороод, Тунын ам руу өгсөж яваад мотоцикл нь эвдрээд 2-3 километр буцаж яваад, тухайн адуутай таараад, адууг хажуу дахь хашаанд хашаад, нэг морь барьж аваад тэндээс явсан. Морь барьж авсны дараа сэдэл төрж, 3 адууг нэмж барьж аваад, сумын төв рүү явсан байдаг. Өөрөөр хэлбэл С.Батмөнх адуу хулгайлах гэж сум төвөөс гараагүй. Адууныхаа эрэлд яваад, тухайн адууг өнгөрөөд 2-3 км явж байтал дараагийн ам өгсөөд явж байтал мотоцикл нь эвдэрсэн учраас буцаж эргэх замдаа тааралдсан адуунаас хөл дүүжлэх зорилгоор морь барьж авсан боловч адуу хашсаны дараа завших сэдэл төрж, хийсэн үйлдэл байдаг. Мотоцикл Тунын аманд эвдэрсэн талаар С.Батмөнх өөрөө мэдүүлдэг. С.Батмөнхийн мэдүүлэг гэрч Үүрцайх, Алтанбилэг нарын мэдүүлгээр нотлогддог.
Гуравдугаарт, Прокурор болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтийн талаар, Прокурор яллах дүгнэлтдээ болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудаст С.Батмөнхийн үйлдлийг дүгнэхдээ “мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байдлаар илэрнэ” гэж дүгнэсэн. С.Батмөнхийн тухайд сая дурдсанчлан хөл дүүжлэх зорилгоор тухайн адууг эзэмшилдээ оруулах буюу хашаанд хаших бодит үйлдлийг л хийсэн. Прокурор үүнийг мал хулгайлах идэвхтэй үйлдэл гэж буруу тайлбарлан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Харин С.Батмөнхийн тухайн адууг эзэмшилдээ оруулсны дараа буюу 2019 оны Улсын Дээд шүүхийн 447 дугаар тайлбартай адил хөл дүүжлэх зорилгоор морь барьж авсны дараа завших сэдэл төрж хууль бусаар эзэмшилд орсон адуунаас нэмж 3 морь барьж аваад захиран зарцуулсан нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 447 дугаар тогтоолоор тайлбарласан тайлбарын “Гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж шамшигдуулсан, захиран зарцуулсан байдал” гэсэн тайлбартай хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд яв цав нийцэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дугаар хуудаст яллагдагчийн өгсөн “Намайг алхаад Тунын ам гэх газраас Нурамтын ам гэх газар хүрч явах үед 40 гаруй тооны адуу гол дээр байж байсан. Тэгэхээр нь би хөл дүүжлэх санаатай тухайн адууг голын зах дээр байсан хашаа руу хашиж байгаад нэг хээр морь барьж авчхаад явах гэснээ очоод зарчихъя гэж бодоод буцаж ирээд, дахиад 3 тооны хүрэн, бор шар хээр зүсмийн морьдыг нэмж барьж аваад, хөтлөөд явсан” гэх мэдүүлгийг шүүх үнэлсэн байдаг. Энэ мэдүүлгийг үнэлээд идэвхтэй үйлдлийн үр дүнд бий болсон байна, хулгай гэж үзээд байгаа. Энэ гэмт хэргийн сэдэлт хээр морь барьж аваад хөл дүүжлэх зорилгоор явъя гээд тухайн адуугаа барьж аваад хөдөлсний дараа сэдэл төрөөд буцаж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн сэдэлт хэзээ төрсөн бэ гэдэг дээр ач холбогдол анхаарал өгөхгүйгээр хулгайлсан идэвхтэй үйлдэл байна гэж үзэж гэмт хэргийн бодит байдал, сэдэлт үүсэн шалтгааныг анхаарахгүй орхигдуулсан нь гэмт хэргийн зүйлчлэлд ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт, Гомдлын тухайд Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох объектив, субьектив шинжийн нийлбэрийг гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж тодорхойлдог. Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой гэмт хэргийн объектив болон субьектив талууд гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлдог бөгөөд эдгээр нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, бусад гэмт хэргээс ялгах онцлог шинжийг нь өөрөө агуулдаг. Гэмт хэргийн объектив тал нь тухайн халдлагаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг буюу тэрхүү эрх ашигт халдаж буй үйлдэл, эс үйлдэхүйн гадаад шинжийг илэрхийлдэг бол субьектив шинж нь гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэл, зорилго, гэм бурууг илэрхийлдэг. Энэ гэмт хэргийн тухайд сэдэл зорилго нь морийг барьж аваад сумын төв рүү явах гэснээ болиод буцаж ирээд 3 морь барьсан гэх энэ үйлдэл дээр сэдэлт үүссэн. Гэмт хэргийн сэдэлт гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч ашиг сонирхол, эрэлт хэрэгцээг хэлнэ гэсэн байдаг. Объектив хэрэгцээнд үндэслэсэн сэдэлт өөрөө гэмт хэргийн субьектив эх сурвалж болдог гэсэн байна. Шүүгдэгчийн мэдүүлэгт эхнэр оюутан учраас мөнгө төгрөг хэрэг болж байгаа. Тухайн адуунаас аваачаад зарчихъя гэж бодоод завшсан талаар байдаг. Тэгэхээр энэ гэмт хэрэг гарах болсон үндсэн гол сэдэлт зорилго нь хөл дүүжлэх морь барьж авснаас хойш сэдэлт үүссэн байдаг. Дээрх нотлох баримт болон хууль зүйн үндэслэлүүдээр С.Батмөнхийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Мөнх-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйл, мөн хуулийн 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйл, мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Батмөнх нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг Нурамт гэдэг газарт бэлчээрт байсан иргэн Б.Тувааны өмчлөлийн 41 тооны адуун сүргээс нийт 4 тооны адууг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулж, олон тооны бод мал хулгайлан, хохирогч Б.Туваанд 3.600.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд 2 жил хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар хангаж эргэлзээгүй байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Үүний шүүгдэгч С.Батмөнхийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн үйл баримтын талаар хохирогч Туваан, гэрч Болдбаатар, Гансүх, Баатарсүрэн, Баярсайхан болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдлыг няцаасан, эргэлзээ бий болгосон нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Олон тооны бод мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй. Тодруулбал, мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүд нь хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг юм. Харин мал өөрийн хөлөөр, эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний өмчлөлд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь ихэвчлэн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг. Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй. Хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж шамшигдуулж захиран зарцуулдаг. Энэ хэргийн тухайд Тувааны 41 тооны адуу ижил сүргээрээ Завхан Идэр сумын Нурамт гэх газар бэлчээрлэж байсан ба бэлчээр хөөн өөр орон нутагт очсон адууг алдуул мал гэж үзэхгүй. С.Батмөнх нь 4 тооны адууг өөрийн өмчлөлд авах зорилгоор дээрх адуун сүргийг хаших идэвхтэй үйлдэл хийсэн байх тул түүний энэ үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч С.Батмөнхийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, малын бүтэц дээр бид анхаарах ёстой. Хохирогч Туваан мэдүүлэхдээ “Ган зудтай жилүүдэд манай адууг гэлтгүй айлын адуунуудыг өөрийн бэлчээрийн өвсийг хамгаалах зорилгоор айлууд бэлчээрээсээ хөөдөг” талаар мэдүүлсэн байдаг. Энэ үндэслэлээр тухайн адуунууд тэнд явж таарсан. Явж байх үед нь шүүгдэгч С.Батмөнх тухайн адуунаас 4 тооны адууг эхнэрийнхээ сургалтын төлбөрт зарцуулах зорилгоор шунахайн сэдэлтээр Болдбаатар гэдэг хүнд зарж, хохирогч Туваанд 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Өмгөөлөгч 2009 оны Улсын Дээд шүүхийн тайлбарыг яриад байна. Гэтэл Улсын дээд шүүхийн 2023 оны тайлбарт алдуул мал завших, мал хулгайлах гэмт хэргүүдийг арай өөрөөр тайлбарласан. Шилжилт хийж байгаа үйлдлийнхээ аргаар өөр болсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тухайн адуунуудыг сүргээрээ бэлчээрлэж явж байхад адуун сүргийг хашаад түүнээс 4 морийг авна гэдэг нь нууц далд аргаар, идэвхтэй, өөрийн бус өмч хөрөнгийг өөрийн эзэмшилдээ захиран зарцуулах боломж бүрдүүлж Болдбаатарт зарж байгаа захиран зарцуулж байгаа үйлдэл. Өмгөөлөгчийн тухайд үүнийг алдуул мал гэж байна. Хэрвээ алдуул мал гэж үзэх юм бол шүүгдэгчийн зүгээс 4 тооны адууг аваачиж Болдбаатарт махалж зарахгүй байх байсан. Харин Тувааны 41 тооны адууг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлгах, орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх ёстой байсан. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т иргэн, аж ахуйн нэгж байгууллага, алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүргийг биелүүлээгүй. Харин тус адуун сүргээс 4 тооны адууг авч өөрийн өмчийн адил хууль бусаар шунахайн сэдэлтээр Болдбаатар худалдан борлуулж, захиран зарцуулж байгаа үйлдэл нь өөрөө хулгайн гэмт хэрэг юм. Иймд өмгөөлөгчийн гаргасан хүсэлт хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан, мөрдөгч, прокурор нь хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан ял нь тохирсон байна гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шаардлагын үндэслэлийг бүрэн хангасан. Мөн Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан байх тул хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч С.Батмөнх нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг “Нурамт” гэдэг газарт бэлчээрт байсан Б.Тувааны өмчлөлийн 41 тооны адуун сүргээс хур дэлтэй бор хээр морь, зөв талын гуян дээрээ “Т” үсгэн тамгатай, им тамгагүй хүрэн морь, шарга морь, бор хээр морь нийт 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлджээ.
Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч Б.Тувааны ”2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд миний эзэмшлийн 41 тооны адуу Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн Баруун эх гэх нэртэй газар байж байгаад алга болсон юм. Би энэ хугацаанд өөрийн адуун сүргээ сум орон нутагтаа болон зэргэлдээ сумдын нутгуудаар эрж хайсан боловч сураг ажиг гаргаагүй. Тэгээд би адуун сүргээ хайж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Номт гэх газраас олж авсан. Гэтэл миний адуун сүргээс 4 тооны нас бие гүйцсэн адуу алга болсон байсан.” гэсэн,
Шүүгдэгч С.Батмөнхийн “...намайг алхаад Туны ам гэх газраас Нурамтын ам гэх газар хүрч явах үед 40 гаруй тооны адуу гол дээр байж байсан. Тэгэхээр нь би хөл дүүжлэх санаатай голын зах дээр байсан хашаа руу тухайн морьдыг тууж очоод хашиж байгаад нэг хээр морь барьж унаад явах гэснээ очоод зарчихъя гэж бодоод буцаж ирээд дахиад 3 тооны хүрэн бор, шарга, хээр, зүсмийн морийг нэмж барьж аваад хөтлөөд явсан” гэсэн,
гэрч Ш.Болдбаатарын “2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надад 4 адуу авч ирж өгөөд 3 сая төгрөгөөр зарахаар тохироод адууг нь би авсан. Тэгээд хашаандаа уяж хонуулаад маргааш өдөр нь Баярсайхан, Гансүх, Балжинням, Баатарсүрэн нараар 120.000 төгрөгийн хөлс өгч нядлуулсан. Мах, арьс, толгой, ширийг нь Улаанбаатар хот руу Болдоо гэх залууд хөлс өгч ачуулаад зарж борлуулсан. Шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 тооны адуу гаргасан. Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай. Бусад шарга бор хээр хүрэн зүсмийн морьд нь им тамгагүй адуунууд байсан санагдаж байна...” гэсэн,
гэрч С.Гансүхийн “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Ш.Болдбаатар утсаар холбогдоод адуу нядалмаар байна гэж ярьсан. Тэгээд би явган алхаад Ш.Болдбаатарын эзэмшлийн хашаанд очсон, 4 тооны адуу уясан байсан. ...Шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 адуу гаргасан. Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ хур дэлтэй бор хээр морь нь зүүн талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай. Бусад шарга, бор хээр, хүрэн зүсмийн морьд нь им тамгагүй адуунууд байсан санагдаж байна. Хөлс мөнгөөр адуу гаргалцаад өгөөч гэхээр нь л Болдбаатарын хашаанд очиж адуу гаргасан юм аа...” гэсэн,
гэрч Д.Баатарсүрэнгийн “ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай сумын иргэн болох Болдоо нь манай гэрт орж ирээд, ах аа би 4 адуу нядлах гэсэн юм аа, тэгсэн чинь хүн хүчгүй болчихлоо танд зав байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би ... Болдоотой хамт сумын төв дээр байдаг Болдоогийн хашаанд яваад очсон чинь ... Шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 тооны адуу гаргасан. Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай байсан...” гэсэн,
гэрч П.Баярсайханы “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Ш.Болдбаатар утсаар холбогдоод адуу нядалмаар байна гэж ярьсан... Ш.Болдбаатарын эзэмшлийн хашаанд... шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 тооны адуу гаргасан. Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай. Бусад шарга бор хээр хүрэн зүсмийн морьд нь им тамгагүй адуунууд байсан санагдаж байна...” гэсэн,
гэрч Д.Балжиннямын “ ... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед Идэр сумын төв дээр байдаг Болдбаатарын шинэ барьсан хашаанд очиход тухайн хашаан дотор ... Шарга морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь, хүрэн зүсмийн морьд байсан. Тус морьдоос хүрэн хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай байсан бусад 3 морь нь ямар нэгэн тамгагүй байсан. Би Болдбаатарт мал гаргаж өгч нядалгааг нь хөлсөөр хийж өгдөг байсан болохоор тэр адуунуудын талаар би Болдбаатараас асуугаагүй...” гэсэн мэдүүлэг,
Түүний үйлдлийн улмаас хохирогчид 3,600,000 төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний Завхан аймгийн салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Н.Эрдэнэцэцэгийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай “Нийт 4 тооны нас гүйцсэн бүдүүн морины зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нэг бүрийн үнийг 900.000 /есөн зуун мянга/, нийт зах зээлийн үнийг 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ гэж тогтоов” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тус, тус хангалттай тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтын нотолсон байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгчийн үйлдлийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар зүйлчилж, энэ зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон ял хүнддээгүй байна.
Шүүгдэгч С.Батмөнх болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо... шүүгдэгч С.Батмөнх нь тухайн адууг эзэмшилдээ оруулсны дараа хөл дүүжлэх зорилгоор морь барьж авсны дараа завших сэдэл төрж хууль бусаар эзэмшилд орсон адуунаас нэмж 3 морь барьж аваад захиран зарцуулсан нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 447 дугаар тогтоолоор тайлбарласан тайлбарын “Гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж шамшигдуулсан, захиран зарцуулсан байдал гэсэн тайлбартай, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд яв цав нийцэж байгаа учраас шүүгдэгч нь алдуул мал завшсан гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Гэтэл шүүгдэгч С.Батмөнх нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр Идэр сумын Мануустай багийн нутаг “Нурамт” гэдэг газарт бэлчээрт байсан Б.Тувааны өмчлөлийн 41 тооны адуун сүргийг хашиж, түүнээс 4 тооны адууг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч захиран зарцуулсан идэвхитэй үйлдэл хийсэн нь гэмт хэргийн сэдэл, хэзээ үүссэнээс үл хамааран хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Баярцогт нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ