Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02216

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11 197/ШШ2025/02216

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, Д.Б /РД:********/-ын,

Хариуцагч: ******** тоот хаягт байрлах, С СӨХ,

Засвар хийсэн зардал 7,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Т,

Гэрч Ү.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...СӨХ дээврийн засвар хийгээгүйгээс сүүлийн 4-5 жил тасралтгүй таазнаас борооны ус гоожиж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй болсон...интернэтээс дээвэр засдаг байгууллагыг хайж олоод гэрээ байгуулан 7,550,000 төгрөгийг төлсөн, засвар 2024 оны 07 сараас эхэлж явагдсан бөгөөд уг ажил дуусгавар болоогүй байхад 2024 оны 11 сард СӨХ зогсоосон...иймд дээврийн засварт төлсөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлийг...оршин суугч нь дундын эзэмшлийн эд хөрөнгөд засвар хийх талаар СӨХ-д мэдэгдээгүй, дээврийг засварлуулах талаар хоёроос дээш гишүүн санал гаргаагүй, оршин суугч өмнө нь өөрөө засвар буруу хийснээс борооны ус хэмжээгээр орсон байх, мөн засварыг мэргэжлийн бус этгээдүүд нь дутуу хийсэн бөгөөд 11 сард ирэхэд нь зогсоосон зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгч Д.Б нь ******** тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч, хариуцагч С СӨХ нь тус нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг этгээд болох нь талуудын өмчлөлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх ба орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дээвэр хамаарахаар хуульд заажээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6.Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2,147.3-т заасан журмын дагуу арилгана гэж зааснаар СӨХ нь дундын өмчлөлийн зүйл болох дээврийн засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй боловч энэхүү үүргээ гүйцэтгээгүй байна.

Энэ нь нэхэмжлэгч Д.Бын өмчлөлийн орон сууцны дээврээс борооны ус нэвчиж, доторх тааз руу нэвтэрснээр шохой, будаг нь хууларсан байдалтай байгаа ба дээврээс борооны ус сүүлийн 4-5 жил нэвтэрч, гоожсон байгаа талаар СӨХ-д мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 148.1.4-д орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь дээврийн засварын ажил гүйцэтгүүлэхэд төлсөн төлбөрийг СӨХ-өөс нэхэмжилсэн.

Д.Б, иргэн Ү.Хтай 2024.06.29-ний өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны дээврийг засварлуулахаар 7,550,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, түүнд гэрээний төлбөрийг шилжүүлжээ.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь мэргэжлийн байгууллага эсэх нь тодорхойгүй мөн дээврийн засварыг бүрэн гүйцэд дуусгаагүй болох нь гэрч Ү.Хы манайх мэргэжлийн байгууллагын эрхтэй боловч иргэнээр гэрээ байгуулж 2024 оны 07 сарын эхээр дээврийн засварыг эхэлж борооны ус нэвчдэг хэсэгт 3 давхар хар цаас дэвсэхээс 2 давхрыг дэвссэн, өөр газартай ажил давхацсан тул түр зогсоогоод 11 сард дуусгах гэтэл СӨХ хийлгээгүй, борооны ус зайлуулах хоолой, таазны чигчээс, шат, хашлага зэрэг бусад шаардлагатай ажлыг стандартын дагуу хийсэн гэх мэдүүлгээр, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн эсэх нь тодорхойгүй, тус байгууллага нь засвар үйлчилгээг бүрэн гүйцэд хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-д зааснаар хариуцагч С СӨХ-д холбогдох засвар үйлчилгээнд зарцуулсан зардал 7,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 134,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН