Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 159/ШШ2025/0043

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2024/0072/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: -

Нэхэмжлэлийн шаардлага: ““Х” ХХК болон Хүдэр сумын Ойн ангийн байгуулсан “Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд мод бэлтгэхэд хамтран ажиллах тухай” 2023/02 дугаар гэрээний зургаагийн нэмэлт нөхцөлийг биелүүлж 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбаатар хотноо нийлүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, хариуцагч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа эрхэлдэг “Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2023/02 дугаар “Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.

Уг гэрээний зургаа буюу нэмэлт хэсэгт “Шаардлагатай тохиолдолд Сүхбаатар сумын Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотод түр оршин суудаг Сүхбаатар сумын үндсэн харьяалалтай иргэдэд түлээний мод нийлүүлнэ” гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.П нь гэрээний тус нэмэлт нөхцлийг биелүүлэх талаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт амаар болон бичгээр хандан Сүхбаатар сумын Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/340 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 520 тоот албан бичгээр тус тус хүсэлтийг хэрэгжүүлэх боломжгүй хариуг хүргүүлжээ.

Улмаар “Х” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2023/02 дугаар “Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах гэрээ”-ний нэмэлт нөхцлийг биелүүлж, бэлтгэсэн 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбатаар хот руу нийлүүлэхийг даалгах, гэрээний уг нөхцлийг биелүүлээгүйн улмаас үүссан үнийн зөрүү 5,500,00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...”2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хүдэр сумын Засаг дарга болон Сүхбаатар сумын Засаг дарга Т.П нар баталж, Манай “Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 тоот гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний дагуу манай “Х” ХХК өөрийн эзэмшлийн ойн сангийн 81 дүгээр хэсэглэл, 5,6,7 дугаар ялгаралд 48 га талбай тусгаарлалт явуулж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1000 шоо метр түлээний мод бэлтгэхээр эрхийн бичгийн төлбөр тооцоог төлж ажлаа хийсэн билээ. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 26-аас эхлэн Сүхбаатар суманд тээвэрлэлт хийн сумын иргэдэд 10-20 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулан худалдаалж байсан. Уг гэрээний зургаад: Шаардлагатай тохиолдолд Сүхбаатар сумын Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотод түр оршин суудаг Сүхбаатар сумын үндсэн харьяалалтай иргэдэд түлээний мод нийлүүлнэ гэж заасан байсан. Гэтэл Сүхбаатар сумын Засаг дарга энэхүү гэрээний заалтыг хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн нь манай компанид алдагдал учруулж эхэллээ. Одоогоор манай компани Сүхбаатар суманд 256 шоо метр түлээний мод нийлүүлсэн байна.

Яагаад энэхүү заалтыг хэрэгжүүлэх ёстой гэхээр Улаанбаатар хотод түлээний модны үнэ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод борлуулахаас хавь илүү үнэтэй байдаг. Ингэж зарж байж Сүхбаатар сумын иргэдэд зах зээлийн үнээс 15-20 хувийн хямдралтай борлуулах боломжтой болж байгаа юм. Сүхбаатар суманд борлуулсан модны үнэлгээ нь модоо бэлтгэх, тээвэрлэх, худалдаалах, эрхийн бичгийн үнэ төлөхтэй тэнцэж ямар ч ашиггүй ажиллахад хүрч байгаа юм. Энэ байдлыг Сүхбаатар сумын Засаг дарга Т.П, Байгаль орчны байцаагч Ш.А нарт удаа дараа хэлж уулзалт хийн, бичгээр хууль зүйн тайлбар хийхэд хүлээж аваагүй. Иймээс гэрээний дээрх заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пд даалгах шаардлага үүсэж байгаа юм. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 28, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хариуцагч байгууллагаас албан ёсны хариу тайлбар ирүүлэхийг зааж нэхэмжлэлийг буцаасан байдаг. Тэгэхээр нь Сүхбаатар сумын Засаг даргад албан ёсоор бичгээр хариу авахаар хүсэлт гаргахад 2024 оны 04 дүгээр сарын 15-аас 2024 оны 07 дугаар сарын 02-ны хүртэл хариуг маань удаа дараа нэхүүлэн байж 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар, Дархан-Уул аймаг руу түлээний мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг Сүхбаатар сумаас олгох боломжгүй гэсэн хариулт өгчээ.

Угаасаа өмнөх Сэлэнгэ аймаг руу тээвэрлэж байсан гарал үүслийн гэрчилгээг Хүдэр сумын Ойн ангиас олгож байсан, Сүхбаатар сумаас авах ямар ч шаардлага байхгүй. Хүдэр сумаас модоо тээвэрлэж явах учраас Ойн тухай хуульд зааснаар сумаас сум хооронд гарал үүслийн гэрчилгээтэй явна гэж заасан учраас Хүдэр сумын Ойн ангиас л авна. Манай компани энэхүү 1000 шоо метр түлээний модны 700 шоо метрийг Сүхбаатар сумандаа хөнгөлөлттэй үнээр борлуулж, 300 шоо метрийг Улаанбаатар хот болон бусад төвлөрсөн газарт борлуулах зорилготой юм. Ингэж байж жаахан ашиг олох юм. Ингээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, дахин дээд шатны байгууллага болох аймгийн Засаг даргад гомдол гарга гэсний дагуу гомдол гаргахад аймгийн Засаг дарга Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар луу манай албан хүсэлтийг хариу гэж бичиг цохсоноор Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Уг гэрээний 3.4 дах заалтын дагуу Хүдэр сумаас Сүхбаатар сумын хооронд тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгогдож өөр бусад аймаг орон нутаг руу гарал үүслийн эрхийн бичгээр тээвэрлэн борлуулахыг гэрээний нөхцөлд заагаагүй тул танай байгууллагын хүсэлтийг хэрэгжүүлэх боломжгүй. Гарал үүслийн гэрчилгээ гэдэг нь гоожингоо дагаж заавал олгогддог, тээвэрлэх эрхийн бичиг юм. Тэрнээс бус өөр бусад аймаг руу тээвэрлэн борлуулах гэдэг нь Сүхбаатар сумын засаг дарга зөвшөөрөл өгснөөр гарал үүслийн бичиг Хүдэр сумаас өөр бусад аймаг хот руу олгогдох юм. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй юм. Дээр нь энэ хамтран ажиллах гэрээ нь Сүхбаатар сумын Засаг даргатай хийсэн гэрээ. Гэрээнд гуравдагч этгээдээр Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар оролцоогүй болно. гэжээ.

Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь Сүхбаатар сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Сүхбаатар суманд 256 шоо метр түлээний мод хөнгөлөлттэй үнээр борлуулсан. Үүнийгээ нөхөх гээд Улаанбаатар хот руу түлээний мод тээвэрлэх гэтэл татгалзсан хариу сонсоод шүүхэд явж байна.

Иймд үнийн дүнгийн зөрүү болох 5,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Сүхбаатар сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А гэрээгээ үл биелүүлсэн үнийн дүнгээс үүсэж буй зүйл юм.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэндээ 1000 шоо метр куб модыг 2023 оны 8 сард Сүхбаатар сум руу тээвэрлэж эхэлсэн. Анх гэрээ байгуулахдаа тодорхой хувийг Улаанбаатар хот буюу төвлөрсөн газар нийлүүлнэ гэдгээ ярилцсан. Гол үндэслэл нь Улаанбаатар, Дархан хотод манай Сүхбаатар сумын харьяалал бүхий иргэд нэлээдгүй өвөлжиж, ажиллаж, амьдардаг юм байна лээ. Тэр хүмүүс над руу хандаж байсан. Түлээний мод боломжтой үнээр аваад ирвэл зүгээр байна. Хаа байсан Баянхонгороос холбогдож байх жишээтэй. Энэ зүйл заалтаа тус сумын Засаг дарга Т.Птэй ярьж байгаад өөрийн тань зохих зөвшөөрлийн дагуу гадагшаа аваад явчихъя гээд гэрээний 6 дугаар зүйлд шингээж өгсөн байгаа. Ингээд мод бэлтгэл явагдсан. Мод бэлтгэл явагдаж ачаа тээвэрлэх зүйлсээ яах вэ гэтэл Т.П зохих хэмжээгээр бичүүлээд авчхаарай. Манайд шинээр орсон Ш.А байгаа шүү гэжхэлсэн. Хот руу тээвэрлэе гэхэд үгүй болчихсон байсан. Хамгийн их нөлөөлж асуудлыг үүсгэсэн хүн болШ.А гэх улсын байцаагч залуу бужигнуулсан. Өөрөө тухайн үед тус байгууллагад ажиллах эрхгүй хүн байсан юм байна лээ. Орон нутгийн модны үйлдвэр, модны худалдааг сайн мэддэггүй байсан юм байна лээ.Т.П та хоёрын мод мэддэг гэж юу байсан юм гэж утсаар хашхирч аваад түүнээс хойш надад хамаагүй болоод хувирчихсан. Би тэрнээс хойш Т.П дарга болон Ш.Атай хоёулантай ньуулзалт хийсэн. Учир байдлыг тайлбарлаад түлээний мод битгий хэл Жавхлант, Шаамар, Сүхбаатар суманд хэрэглээний модны тодорхой хувийг тухайн компанитай тохироод 70/30, 60/40 гэж тохирдог. 70/30 гэдэг нь 70хувийг төв рүү борлуулдаг ч юм уу гээд тохироод явдаг. Яагаад ингээд явдаг вэ гэхээр нөгөө компани өөрийнхөө ойн сангаас модоо бэлтгэдэг. Тухайн эзэмшил бүхий сангаасаа модоо гаргаж байгаа учраас тухайн компанийн ашигтай байдлыг харгалзахаас өөр аргагүй болчихдог. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өмч учраас өмчийнхөө зүйлийг тодорхой хэмжээнд бусад суурин газарт илүү үнээр борлуулах зайлшгүй шаардлагатай. Тийм учраас зарим тодорхой хэсгийг өгөөгүй Сүхбаатар сумандаа борлуулаад хямдралтай зардаг ийм л жишиг одоо болтол үйлчилдэг. Ийм хандлагатай байдаг гэж хариуцагчид ойлгуулах гэж нилээн үзсэн. Ингээд сүүлдээ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Миний гол зүйл нь Улаанбаатар хот руу 300 куб ээ тээвэрлээд, үлдэгдэл 400 гаруй куб ээ Сүхбаатар сумандаа авчраад ард иргэдэд хэрэгцээтэйхямдралтай үнээр худалдаалдаг. Тухайн үед ард иргэддээ хямдралтай үнээр зарж байхад ам сайтай байсан.Модны хувьд түлээнд их зохицсон мод байсан. Бүдүүн, хуурай моднууд байсан. Тэр модыг манай компанийн ойн сангаас бэлтгэсэн байсан. Тэр модыг би хэрэглээнд палкаар бэлтгэсэн бол өчнөөн палк гараад илүү өндөр үнээр цааш нь борлуулах боломжтой байсан. Манай компанийн ойн сангаас бэлтгэсэн үндэслэлээ тайлбарлаад байгаа юм. Сүхбаатар сум, Хүдэр сумын өөр газраас мод бэлтгэчихээд намайг энд авчраад борлуул гэвэл хамаа алга. Сумын эзэмшил газар гэж надад хамаарахгүй учраас энд авчраад л борлуулна. Хамгийн гол нь компанийн ойн сангийн эзэмшил бүхий модыг тодорхой хэмжээнд гайгүй үнэтэй зарвал хямдруулж зарснаа нөхөж илүү тодорхой хэмжээний ашигтай байдлыг хайсан. Үүнийгээ нэхэмжилсэн. Эвлэрэх саналтайгаар олон удаа хэлж байсан. Эвлэрээд явбал аль аль тал ашигтай гэхэд манай хүн хуулиас айгаад, эсхүл шоронд орчихно гэж бодоод, хичнээн тайлбарлаад ч ойлгохгүй байна. Хамгийн гол нь 253 шоо метрийг Сүхбаатар суманд нийлүүлсэн. Нэг борлуулалтыг 100,000 төгрөгийн хямдралтай нийлүүлсэн. Үндсэндээ үүнд 5,500,000 төгрөгийн зөрүү гарч ирсэн. Хэрвээ би 650,000 төгрөгөөр зарсан бол уг мөнгө надад орж ирэх байсан. Хямдрал болоод явчихсан учраас давхар нэхэмжилсэн. Миний хувьд Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот руу тээвэрлэж болох бол 400 гаруй куб модыг Сүхбаатар сумын ард иргэдэд хямдралтай үнээр тээвэрлэх боломжтой юм. Сүхбаатар суманд ямар ч байсан ашигтай. Ард иргэдэд нөмөр нөөлөгтэй зүйл болно." гэжээ.

Хариуцагч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Х” ХХК-ий нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг маргаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хүдэр сумын Засаг дарга болон Сүхбаатар сумын Засаг дарга нарын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах гэрээ" No2023/02 дугаартай гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ний хүртэлх хугацаанд байгуулсан.

"Х” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар тогтоол нь Сүхбаатар сумын иргэдийн түлшний хэрэгцээг хангах зорилгоор Хүдэр сумаас бэлтгэх шийдвэр гарсан байдаг. Иймээс Улаанбаатар болон Дархан-Уул аймагт оршин суудаг Сүхбаатар сумын иргэдэд нийлүүлэх боломжгүй мөн Сүхбаатар сумын Засаг дарга өөр аймаг сум руу тээвэрлэх талаар зөвшөөрөл олгох чиг үүрэг байхгүй болно.

Ойн тухай хуулийн 18.2. Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.2.1. ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

18.2.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх

18.2.3. энэ хуулийн 34.1, 38.1-д заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоход хяналт тавих, уг эрхийн бичиг, гэрчилгээг үндэслэлгүй олгосон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;

Ойн тухай хуулийн 18.3. Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй: 18 дугаар зүйлийн 18.3.2.бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох; гэж заасан байх бөгөөд сумын Засаг дарга гарал үүслийн

гэрчилгээ олгох чиг үүрэг байхгүй болно.” гэжээ.

Хариуцагч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэмэлт хариу тайлбартаа: "Х” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг маргаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/51 дугаартай албан бичгээр хариу тайлбарыг хүргүүлсэн.

Тус байгууллагын зүгээс нэмэлтээр 5,000,000 төгрөгийн хохирол гарсныг нэхэмжлэх хүсэлтийг ирүүлсэн байгаад манай талаас хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь тухайн үед "Х” ХХК хэдийгээр тухайн зах зээлийн түлээний модны ханшнаас 15 орчим хувийн хямдралтай үнээр Сүхбаатар сумын иргэдэд борлуулалт хийсэн ч 1 удаагийн нийлүүлэлтээр 36м3 түлээний мод нийлүүлж дунджаар 1,920,000 төгрөгийн ашигтай ажилласан гэж тооцоолсон.

Иймд тус байгууллага нь хохиролтой ажилласан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гээд хавсралтаар мод нийлүүлсэн үр, ашгийн тооцооллыг ирүүлжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Х” ХХК-тай гэрээ хийсний гол зорилго нь Сүхбаатар сумын ард иргэдийн түлшний хэрэгцээг зах зээлийн үнээс тодорхой хэмжээгээр бууруулж, мэргэжлийн байгууллагад чанартай үнээр нийлүүлэх нөхцөлтэйгөөр хүсэлтийн дагуу гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ Сүхбаатар суманд 1000 шоо метр түлээний мод нийлүүлнэ. Нийлүүлэхдээ 10-20%-ийн хөнгөлөлттэйнийлүүлнэ гэж гол гэж заалт оруулсан. Хоёр тал нийлүүлсэн гэж үзэж байгаа. Нэмэлт заалтаар Улаанбаатар, Дархан хотын харьяалалтай байгаа Сүхбаатар сумын ард иргэдэд тусад нь нийлүүлж болно гэх заалтыгоруулж өгсөн нь үнэн. Гэхдээ Улаанбаатар, Дархан хотод амьдарч байгаа Сүхбаатар сумын харьяалалтай иргэд хүсэлт өгөөгүй.

Ойн тухай хуулиар гарал үүслийн гэрчилгээг сум дундын ойн анги гарал үүслийн гэрчилгээ гаргах хуулийн заалттай. Ш.Аыг дурдаж байна. Гэрээ хийж байх хугацаанд манай байгууллагад түрээр илүү мэргэжилтэн болоод гэрээний нэг талаас Б.П гуай бэлдсэн. Ш.А уг байгууллагад 18 жил ажиллаж байгаа. Мэргэжлийн туршлагатай улсын байцаагч учир нэгдүгээр уг гэрээний хугацаа дууссан байна.Тийм учраас цаашид гэрээний үүрэг хүлээх шаардлага байхгүй. Хоёрдугаарт таны бүрэн эрхэд хуулиар олгосон эрх байхгүй. Тийм учраас та алдаа гаргах гэж байна гэж хэлсэн. Үүнийгээ засаж залруул гэдэг асуудлыг хэлсэн. Тийм учраас нэхэмжлэгчид уг асуудал хуульд нийцэхгүй байгаа учир цаашид сунгах боломжгүй гэсэн зүйлийг хэлсэн.

Алдагдал хүлээсэн гэж хэлж байна. Хүдэр сумын ойн ангийн н.М гэх хүнээс асуусан.Нэхэмжлэгчээс өөрөөс нь асуусан. Нэг удаагийн таталтаар хэдэн төгрөгийн зардал гардаг, хэдэн төгрөгөөр зарсан талаар тооцоог мөн 5,500,000 төгрөгийн асуудлыг өөрөө тооцож үзсэн. Уг тооцооллыг зах зээлийн хамгийн өндөр үнээр тооцож үзэхэд 36 метр куб мод нэг удаа оруулж ирүүлсэн байна. Энэ нь 8 портер. Өөрөө бол 10 портерыг зарж байсан юм байна лээ. Үүнийг баталж, нотолж байгаа хүн байгаа. Манай 5 дугаар багийн иргэн 10 дахь портерыг авлаа гээд өнөөдөр надад орж ирж хэлсэн. Өөрийнх нь хэлснээр 8 портероор тооцоод үзэхэд 4,400,000 төгрөгийн орлого олж байгаа юм. Бүх шатахуун, гарал үүсэл, мод бэлтгэлийн ажлын хөлсийг тооцож үзэхэд 2,479,000 төгрөг. Үүний зөрүү нэг удаагийн оролтоор 1,920,000 төгрөгийн ашигтай ажилласан байна. 256 метр куб борлуулсан гэж тайлангаа өгсөн. 256 метр куб нь 7 удаагийн татан авалт хийсэн байна. Үүний ашиг нь 13,400,000 төгрөгийн ашиг олсон учир ямар нэгэн хохирол гараагүй гэсэн тооцооллыг үзүүлж байна. гэжээ.

         

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа эрхэлдэг “Х” ХХК нь “Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээний зургаа буюу нэмэлт нөхцлийг биелүүлж  бэлтгэсэн 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбатаар хот руу нийлүүлэхийг даалгах, гэрээний уг нөхцлийг биелүүлээгүйн улмаас үүссан үнийн зөрүү 5,500,00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/340 дугаар албан бичгээр “Х” ХХК-д Улаанбаатар хот  болон Дархан-Уул аймаг руу түлээний мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг Сүхбаатар сум олгох боломжгүй талаар хариу хүргүүлжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Байгаль орчин , аялал жуулчлалын газраас 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 520 дугаар албан бичгээр “Х” ХХК-д Хүдэр сумаас Сүхбаатар сумын хооронд тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгогдож өөр бусад аймаг орон нутаг руу гарал үүслийн эрхийн бичгээр тээвэрлэн борлуулахыг гэрээний нөхцөлд заагаагүй тул хүсэлтийг хэрэгжүүлэх боломжгүй талаар хариу хүргүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримт зэргийг үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэг.Маргаан бүхий үйл баримтын талаар

1. Хүдэр сумын Ойн анги болон “Х” ХХК-ний хооронд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээ байгуулагдаж, тус гэрээг Хүдэр сумын Засаг дарга Г.Э, Сүхбаатар сумын Засаг дарга Т.П нар баталж гарын үсэг зурж, тамга даржээ.

2. Дээрх 2023/02 дугаар гэрээг “Х” ХХК нь Хүдэр сумын нутгаас Ойн ангийн тусгаарлаж өгсөн талбайгаас Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэгцээнд түлээний зориулалтаар 1000 мкуб нарс модыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бэлтгүүлэхээр байгуулсан болно.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-ны зүгээс тус гэрээний ЗУРГАА дахь заалт буюу “Шаардлагатай тохиолдолд Сүхбаатар сумын Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотод түр оршин суудаг Сүхбаатар сумын үндсэн харьяалалтай иргэдэд түлээний мод нийлүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт амаар болон бичгээр Улаанбаатар хот руу бэлтгэсэн мод тээвэрлэх зөвшөөрлийг хүссэн байна.

4. Сүхбаатар сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Х” ХХК-ний дээрх зөвшөөрөл хүссэн хүсэлтэд татгалзсан хариуг бичгээр өгсөн байна.

 

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар Сүхбаатар сумын Засаг даргын зүгээс “Х” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний зургаа дахь заалтыг хэрэгжүүлэх талаар зөвшөөрөл хүссэн өргөдөлд амаар[1] болон бичгээр[2] биелүүлэх боломжгүй тухай хариуг хүргүүлсэн байх бөгөөд “Х” ХХК-ний хүсэлтийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй болон шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3–т “энэ хуулийн 34.1, 38.1-д заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоход хяналт тавих, уг эрхийн бичиг, гэрчилгээг үндэслэлгүй олгогдсон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.4-т “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь Хүдэр сумаас Улаанбаатар хот руу түлээний мод тээвэрлэх, худалдахад Хүдэр сумын Ойн анги мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгохоор, Сумын Засаг дарга уг үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульд зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүдэр сумын Ойн анги болон “Х” ХХК-ний хооронд Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээ байгуулж, Хүдэр сумын Засаг дарга Г.Э, Сүхбаатар сумын Засаг дарга Т.П нар баталсан гэрээний зургаа дахь заалтад заасан “Шаардлагатай тохиолдолд Сүхбаатар сумын Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотод түр оршин суудаг Сүхбаатар сумын үндсэн харьяалалтай иргэдэд түлээний мод нийлүүлнэ “ гэх заалтын тухайд Ойн тухай хуулиар Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пд Хүдэр сумаас Улаанбаатар хотод түлээний мод тээвэрлэх , худалдах зөвшөөрөл олгох эрх хуулиар олгогдоогүй, зөвхөн эрхийн бичиг , гарал үүслийн гэрчилгээ олгох үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байна.

4 Харин Хүдэр сумын Ойн ангид аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг олгох эрхийг хуулиар зохицуулсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Хүдэр сумаас Улаанбаатар хот руу түлээний мод тээвэрлэхэд Сүхбаатар сумын Засаг даргаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

5. Нөгөөтэйгүүр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хүдэр сумын Ойн анги болон “Х” ХХК-ний хооронд Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээний хэрэгжих хугацаа 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Улаанбаатар хот руу түлээний мод борлуулах байсан үнийн зөрүү 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд үүнийг хариуцагч хамтран ажиллах гэрээнд заагдсан үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол гэж үзвэл хохирлын талаар нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

7. Мөн 2023/02 дугаартай гэрээний зургаад заасан “шаардлагатай тохиолдол” гэдгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод түр оршин суугаа иргэдээс түлээний мод нийлүүлэх хэрэгцээний ямар нэг хүсэлт Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлэх тохиолдол гэж тодорхойлж, энэ талаар хүсэлт ирээгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4-т заасныг баримтлан “Х” ХХК-ний “Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээний дагуу гэрээнд заасан зургаагийн нэмэлт нөхцлийг биелүүлж 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбаатар хотноо нийлүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий үндсэн нэхэмжлэл болон “Улаанбаатар хот руу тээвэрлэх байсан үнийн зөрүү 5,500,000 төгрөгийг гаргуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР

 

 

 

 

 

         

 

 

 

[1] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас