| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2025/0043/З |
| Дугаар | 159/ШШ2025/0044 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 159/ШШ2025/0044
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, “Ж” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдох “Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Энэхүү Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн захирал Н.О, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу доорх нөхцөлөөр харилцан тохиролцов.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Нэхэмжлэгч нь "Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
1.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гаргасан.
1.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл
2.1 Нэхэмжлэгч "Ж" ХХК нь 2024 онд үйлдвэрлэлийн огтлолтоор шинэс мод бэлтгүүлэхээр тусгаарлуулсан талбайгаас мод бэлтгэхдээ мод бэлтгэх гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн үйлдэлдээ Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, уг торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч биелүүлнэ.
2.2 Хариуцагч нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч "Ж" ХХК-нд 85,540,096 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн болно.
Гурав. Талуудын эрх, үүрэг
3.1 Талууд энэхүү гэрээний нөхцөлийн дагуу эвлэрснээр цаашид уг маргаанд холбогдох асуудлаар шүүхэд (эрүү, иргэн, захиргаа) гомдол, нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно.
3.2 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүрд биелүүлэх бөгөөд Гэрээний үүргийг зөрчих ба өөрчлөхгүй байх үүрэгтэй.
3.3 Талууд Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй.
Дөрөв. Нууц хадгалах
4.1 Талууд Маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хувь хүний, байгууллагын болон бусад мэдээллийн нууцыг хадгалж, задруулахгүй байх үүрэгтэй.
Тав. Хариуцлага
5.1 Талууд Гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх үүрэгтэй ба Гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлснээс үүссэн хохирлоо буруутай талаасаа нэхэмжлэх эрхтэй.
Зургаа. Бусад зүйл
6.1 Энэхүү Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд нэг хувийг шүүхэд хүргүүлнэ.
6.2 Энэхүү Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэх гэрээг харилцан тохиролцож байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ж” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдох “Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гомдол гаргагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Гомдол гаргагч “Ж” ХХК-ийн захирал Н.О нь “Ж” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тус компанийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр тогтоогдож байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ат Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 тоот албан бичгээр олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх бүрэн эрхийг тусгайлан олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсаар “Ж” ХХК-ийг Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 33 дугаар зүйлийн 33.4, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл, нөхөн төлбөрийн 85,540,096 төгрөгийг оногдуулж шийдвэрлэснийг “Ж” ХХК эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч биелүүлэх, хариуцагч нь 85,540,096 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлж, эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцэж байна.
Түүнчлэн гомдол гаргагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, гомдол гаргагч “Ж” ХХК нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан гаргасан дээрх гомдлын шаардлагаар дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасны дагуу гомдол гаргагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Ж” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдох “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0049045 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гомдол гаргагч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч “Ж” ХХК нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА