Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00635

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00635

 

 

 

Б.Б-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00293 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан Б.Б-ийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг зах зээлийн ханшаар худалдан авахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М ХХК-д З.Хишигтогтохоос 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 450 600 ам.доллар, 45 000 000 төгрөгийг тус тус зээлж өгсөн ба уг мөнгөндөө дүйцүүлэн компанийнхаа 22.5 хувийн хувьцааг зээлдүүлэгчид шилжүүлсэн. М ХХК-ийн өөрт ногдох хувьцаагаа З.Хишигтогтох нь н.М-д, түүний дараа н.М- нь Б.Б- надад шилжүүлсэн. Зээлдүүлсэн мөнгөө авах шаардлага гаргахад тус хуулийн этгээд нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20 000 евро буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар бодоход 46 660 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 250 000 000 төгрөг, мөн 115 000 000 төгрөгийг ажилчдын цалин хөлс хэлбэрээр тус тус буцаан өгсөн. Миний бие М ХХК-ийн 22.5 хувийн хувьцаа эзэмшигч ба бусад хувьцаа эзэмшигчээр С.С-, С.Д- болон Б.Г- нар бүртгэлтэй. Миний хувьд хувьцаа эзэмшигч болсон боловч бусад хувьцаа эзэмшигч нар нь ах, дүү /хоорондоо ашиг сонирхол нэгтэй этгээдүүд/ нар тул намайг компанийн үйл ажиллагаанд огт оролцуулахгүй, ашиг орлогын талаар ямар ч тайлан, мэдээлэл өгдөггүй байсан. Улмаар миний хувьцааг ах дүү С.Д-, С.С- нар нь өөрсөд дээрээ авч нэр бүхий 3 үл хөдлөх хөрөнгө болох орон сууцнуудыг өгөхөөр тохиролцож бичиг хүртэл хийж өгсөн боловч эдгээр үл хөдлөх хөрөнгийн алийг нь ч хууль ёсны дагуу шилжүүлэн өгөөгүй. Энгийн хувьцаа эзэмшигч миний эрхийг зөрчиж компанийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй, хувьцаа эзэмшигчийн хурлын зар ч хүргүүлдэггүй, тэр ч бүү хэл санхүүгийн мэдээллээ нууж ногдол ашиг хуваарилаагүй өдийг хүрсэн атлаа ярьж тохиролцсон үл хөдлөх хөрөнгө, зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй байсаар байна. Миний хувьд зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрийг өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч ямар ч арга хэмжээ авахгүй, одоо сүүлдээ миний 22.5 хувийн хувьцааг анх компани байгуулахад нэрлэсэн үнээр авна гэх болсон. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа хувьцааг 52 000 000 төгрөгөөр тооцон авах саналаа надад ирүүлж байсан, мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдсэн боловч ирээгүй гэх мэтээр миний мэдэхгүй зүйлийг бичсэн байна. Харин миний бие 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус компанид хандаж энгийн хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаагаа зах зээлийн үнээр худалдан авах саналыг бичгээр хүргүүлсэн ба энэ шаардлагад 30 хоногийн дотор хариу өгөх ёстойгоо үнэн зөвөөр бичсэн байна. Өнөөдрийг хүртэл надад хариу өгөхгүй байх тул М ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, 2019 оны жилийн эцсийн санхүү болоод татварын тайланг шүүхээр дамжуулан зохих байгууллагуудаас тодруулж, улмаар энэ баримтад дээр үндэслээд өөрт оногдох хувьцааны зах зээлийн ханшийг тодорхойлуулах болно. Иймд М ХХК-аас Б.Б-ийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг зах зээлийн ханшаар худалдан авахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсний дараа надад 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр огноотой албан бичиг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар хариуцагчаас ирсэн байх ба миний өгсөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгийн хариуд хувьцааны зах зээлийн ханшийг 52 000 000 төгрөгөөр тогтоон худалдаж авна гэсэн байна. Тодруулбал, нэгдмэл сонирхолтой этгээдүүд 77.5 хувийн хувьцаа эзэмшиж байгаа тул худалдан авах үүрэгтэй гэдэг нь Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.7 дахь хэсэгт зааснаар зах зээлийн ханш бодитой бус байх тул энэ талаарх гомдлоо уг шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор шүүхэд гаргаж болно гэсний дагуу М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай хувьцааны зах зээлийн үнийг тогтоох тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, тодруулж байна. Учир нь уг хуулийн этгээд нь олон тэрбумаар үнэлэгдэх өөрийн хөрөнгөтэй атал 52 000 000 төгрөгөөр 25 хувийн 520 ширхэг хувьцааг үнэлж байгаа нь илтэд намайг хохироож байна. Иймд хувьцааны зах зээлийн үнийг тогтоох тухай тогтоолоор надад ногдох хувьцааны зах зээлийн ханшийг 52 000 000 төгрөгөөр тогтоосон нь илтэд бодит бус байна. Иймээс тус компанид миний эзэмшдэг 25 хувийн 520 ширхэг хувьцааны зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь нэхэмжлэгч Б.Б-аас өнгөрсөн хугацаанд ямар нэгэн зээл аваагүй. Нэхэмжлэгч Б.Б- нь анх манай компанийн 25 хувийн 520 ширхэг 52 000 000 төгрөгийн үнэ бүхий энгийн хувьцааг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өмнөх хувьцаа эзэмшигч болох С.М-гээс Бэлэглэлийн гэрээ-ний дагуу шилжүүлэн авч, манай компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч болсон. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийн энгийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Компанийн тухай хуульд заасан компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эдлэх бүхий л эрхийг эдэлсээр ирсэн. Нэхэмжлэгч Б.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд М ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарт хандаж ...өөрийн эзэмшдэг 25 хувийн хувьцааг худалдах саналыг ирүүлж, уг санал болгож буй хувьцааг худалдан авах эсэх тухай саналаа, үнийн саналын хамт 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн саналын дагуу М ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Д- би тус компанийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд хувьцааг тус компанийн дүрэмд нэрлэсэн үнээр буюу 52 000 000 төгрөгөөр худалдан авах үнийн саналыг түүний заасан хугацаанд түүнд хүргүүлж, мөн түүний саналын дагуу Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт зарлан хуралдуулсан боловч тэрээр хувьцаагаа худалдах эсэх талаар эргээд хариу өгөөгүй бөгөөд мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Мөн Б.Б- нь компанийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанид хандаж Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.6 дахь хэсэгт ... шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хувьцааг худалдан авах, эсхүл хувьцаа эзэмшигчийн хувьцааг эргүүлэн худалдан авахаас татгалзсан үндэслэлээ хувьцаа эзэмшигчид мэдэгдэнэ гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажлын 30 хоног буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор Компанийн тухай хуульд заасны дагуу хариу өгөх хугацаа болоогүй байгаа. Компанийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дээрх хувьцаа эзэмшигч Б.Б-ийн шаардлагын дагуу хариу өгсний дараа тус хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7 дахь хэсэгт зааснаар 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Гэтэл хувьцаа эзэмшигч Б.Б- нь энэхүү нарийвчилсан зохицуулалттай Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7 дахь хэсэгт заасан хуулийн хугацааг зөрчиж, улмаар хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчиж, компанид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хандаж хувьцаа эзэмшигчийнхээ хувьд хуульд заасан шаардлага хүргүүлсэн атлаа мөн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах тухай гэх ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Б- нь шүүхийн өмнөх шатны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам болох Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан дээрх журмыг зөрчиж 54.3 дахь хэсэгт заасан шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор компанид шаардлагаа явуулах хугацааг зөрчиж, дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт ... 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж тус тус зохицуулснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн М ХХК-д холбогдуулан гаргасан өөрийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг зах зээлийн ханшаар худалдан авахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 117 314 /гурван сая нэг зуун арван долоон мянга гурван зуун арван дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

... Миний бие 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт, мөн миний өмгөөлөгч нь тухайн өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хурал нь давхацсан байсан тул хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтийг нотлох баримтын хамт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт, мөн нэхэмжлэгч миний гаргасан хүсэлтийг тус тус хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийн хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Б.Б- нь анхан шатны шүүх хуралдаан товлосон өдөр эрүүл мэндийн хувьд хуралд оролцох боломжгүй маш их халуурч байсан учир Ковид-19 цар тахлын шинж тэмдэг тул өөрийгөө тусгаарлаж, хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан атал миний хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг шийдвэрлэжээ. Анх М ХХК-ийн хувьцааг худалдаж авахад бусад хувьцаа эзэмшигчид ах дүү, төрөл садангийн холбоотой гэж мэдэх ямар ч боломжгүй байсан. Учир нь эдгээр хувьцаа эзэмшигчид нь овог өөр байгаагаас анхнаасаа мэдэх боломжгүй байсан. Анх бол нэхэмжлэлд дурдсанчлан хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хөрөнгө оруулалтыг буцаан төлөхгүй байсан тул хувьцааг шилжүүлэн авсан болно. Миний зүгээс хөрөнгө оруулалтын зарим хэсгийг буцаан авснаа нэхэмжлэлдээ маш тодорхой дурдсан бөгөөд бусад хувьцаа эзэмшигчид миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн шийдвэрийг гаргаж эхэлсэн цаг хугацаанаас тэдгээрийг нэгдмэл ашиг сонирхолтой гэдгийг анзаарч эхэлсэн. Ийм учраас хөрөнгө оруулалтаа буцаан татах гэж маш олон аргаар санал болгосон бөгөөд надад компанийн өмчлөлийн хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөхөөр хүртэл тооцоо нийлж байсан. Энэ тухай нотлох баримтуудыг хүртэл миний бие гаргаж өгсөн. Миний бие компанид хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шаардлагыг гаргасан бөгөөд компанийн зүгээс 52 сая төгрөгөөр худалдаж авах саналыг надад бичгээр ирүүлсэн. Энэ саналыг миний бие эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэх шаардлага гаргасан. Гэтэл шүүх урьдчилсан шийдвэрлэх журам зөрчсөн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус шийдвэрээ үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь даалгах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 117 314 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэрэг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байсан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлнө гэж заасан. Манай нэхэмжлэлийн шаардлага нь тус заалтад хамаарах тул 70 200 төгрөг төлөх учиртай байсан байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үнэлэх боломжгүй нэхэмжлэл байсан гэж үзэж байна. Учир нь компанийн хувьцааны зах зээлийн үнийг эхлээд шүүхээр тогтоолгож, ийнхүү тогтоолгосны дараа хувьцааг тус үнээр худалдаж авахыг ашиг сонирхол нь нэгдмэл хувьцаа эзэмшигчдэд даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгэнт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үед хувьцааны зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй байсан тул энэ нь нэхэмжлэлийн шаардлага нь үнэлэх боломжгүй тул 70 200 төгрөг төлөх нь зүйтэй байсан бөгөөд илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох учиртай байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт хийхгүй байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс компанийн өнөөгийн хөрөнгийг хэмжээг тогтоох, түүний хувьцааны зах зээлийн үнийг тодорхойлох зорилгоор шүүх шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилж өгөхийг удаа дараа хүссэн боловч шүүх нь нэхэмжлэгчийн тус хүсэлтийг харгалзан үзээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч шүүх шинжилгээний хүрээлэнг томилж тус байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00293 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь өөрийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг зах зээлийн ханшаар худалдан авахыг хариуцагч М ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь компанийн 75 хувийн хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох С.С-, С.Д-, Б.Г- нар нь компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж ногдол ашиг хуваарилаагүй өдийг хүрсэн атлаа ярьж тохиролцсоны дагуу зээлсэн мөнгөний үлдэгдэл, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээгүй тул Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт зааснаар өөрийн эзэмшлийн хувьцааг худалдаж авахыг шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч нь хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар Монгол дайвин ХХК-ийн нэг бүр нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2080 ширхэг хувьцааны 624 ширхэг буюу 30 хувийг С.С-, 468 ширхэг буюу 22.5 хувийг С.Д-, 468 ширхэг буюу 22.5 хувийг Б.Г-, 520 ширхэг буюу 25 хувийг Б.Б- эзэмшдэг болох нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь дээрх 520 ширхэг буюу 25 хувийн хувьцааг С.М-гээс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан, уг гэрээг үндэслэн улсын бүртгэл хийгдсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Б.Б- нь өөрийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг худалдан авах талаар компанид шаардлага гаргаснаа Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсгийг үндэслэн тайлбарлаж байгаа тохиолдолд бусад 75 хувийн эзэмшигчид нь нэгдмэл сонирхолтой этгээд байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.

 

Хариуцагч нь компанийн дүрэмд заасан нэрлэсэн үнээр хувьцааг худалдан авах шийдвэр гаргаснаа Б.Б-т мэдэгдсэнийг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй боловч хувьцаа эзэмшигч Б.Г- нь бусад хувьцаа эзэмшигч болох ах дүү С.С-, С.Д- нартай ямар нэг хамааралтай, ашиг сонирхол нэгтэй этгээд биш гэсэн тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Ашиг сонирхол нэгтэй этгээдүүд компанийн 75 хувийн хувьцааг эзэмшдэг гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч дээрх байдлаар үгүйсгэсэн, нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр бусад хувьцаа эзэмшигчийг ашиг сонирхол нэгтэй гэж үзсэнээ тодорхойлоогүй байгаа нөхцөлд шаардах эрхийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр анх гаргасан зээлийн үлдэгдэл төлбөр 591 872 760 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг зах зээлийн ханшаар худалдан авахыг даалгах болгон өөрчилж, хувьцааны зах зээлийн ханшийг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. /1хх52/

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 25 хувийн хувьцааны зах зээлийн үнэ цэнийг хасах 114 978.2 төгрөг болох тухай шинжээчийн дүгнэлтийг /1хх128-198/ нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийн үнийн талаарх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. /1хх 209, 226-228/

 

Дээрхээс үзвэл хувьцааг худалдан авахыг даалгах шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй, талууд маргаж буй асуудлаар мэтгэлцэж, холбогдох нотлох баримтыг гаргах, шүүхийн журмаар бүрдүүлэх ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнө хүлээх хуулиар тогтоосон ямар үүргээ хариуцагч зөрчсөн, уг зөрчлийн улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эрх зүйн ямар хамгаалалтаар хэрхэн сэргээлгэхээр шаардсаныг шүүх тодруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцэхгүй бөгөөд шүүх шаардах эрх үүсэх хуульд заасан нөхцлийн талаарх зохигчдын харилцан зөрүүтэй тайлбарыг тодруулж, нотлох баримт цуглуулах эрхийг хангаж мэтгэлцүүлэлгүйгээр, хариуцагч тодорхой үнээр хувьцааг худалдан авах талаар мэдэгдэж байсныг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэл бүхий гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ