| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2302001670222 |
| Дугаар | 2023/ДШМ/1036 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/1036
2023 10 26 2023/ДШМ/1036
Ц.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Э.Туул,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/585 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2302001670222 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Б, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-д барилгын механикчаар ажилладаг, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух хаягтай, РД:.../, урьд:
- Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦT/1299 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан;
Шүүгдэгч Ц.Б нь ...өдөр ... тоот хашааны орчим өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин /methamphetamine/ гэх, 0,0590 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.Б-нүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцож, мөн хуулийн зүйл, хэсэгт зааснаар түүнд 1 /нэг /жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “... Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсдаг бөгөөд мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгч, гэм буруу дээр маргаан байхгүй билээ. Мөн миний бие хэрэгт холбогдсон өдрөөс хойш “Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг” сэдвээр лекцэд сууж, хувийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж үүний хор уршгийг бүрэн гүйцэд ойлгож ухаарсан юм. Иймд эрхэм шүүгч та бүхэн засарч хүмүүжсэн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялаас багасгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ц.Б-нөмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Б биед ...өдөр үзлэг хийж, өөрийн цүнхнээс “... зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй зүйлийг гаргаж ирснийг хураан авч, албаны цахилгаан жин дээр тавьж хэмжихэд 0,402 грамм байсныг №1 гэж дугаарласан эд мөрийн баримт хадгалах уут гэсэн зориулалтын уутанд хийсэн ...” тухай тэмдэглэлд бичсэн байна. /1хх 21/. Тэмдэглэлийн хавсралт болон гэрэл зураг №9 эд мөрийн баримтаар хураан авсан цагаан нунтаг зүйлийг жинлэж харуулав гэсэн тайлбартай гэрэл зураг нь “зиплок ууттай” эд зүйлийн хүндийн жин нь 0,4020 гэсэн байна.
2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1057 дугаар шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт: “1” гэж дугаарласан мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 1,1578 грамм, цэвэр жин нь 0,0590 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 0,0440 грамм болов ...”, дүгнэлтийн 2-т “ ... “1” гэж дугаарласан мөс мэт цагаан энгийн нунтаг зүйл ... Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн.” /1хх 126/. Шинжээчийн 1057 тоот дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт “Зураг №03, Зураг №04, Зураг №05” авагдсан байна. /1хх 127/.
Хэргийн гол нотлох баримт болон “мөс” гэж тэмдэглэсэн цагаан өнгийн нунтаг зүйл нь зиплок ууттай нь анх хурааж аваад жигнэсэн цахилгаан жингийн хэмжүүр нь шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн хэмжээтэй эрс зөрүүтэй байгаа нь энэ хэргийн эд мөрийн баримт гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол" хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, буцааж өгнө үү.
2023.02.19-ний өдрийн “Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл”-ийг 17.12-17.15 цагийн хооронд явуулсан тухай тэмдэглэсэн байна. /1xx 23-24/. Мөрдөгчийн тэмдэглэлд “ажиллагааг Хар тамхитай тэмцэх газрын 412 дугаартай тоот өрөөнд 17.12 минутад эхлүүлэв. Ц.Б-нбиеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах ажиллагааг ажлын бус цагаар явуулж байгаа бөгөөд хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул ЭХХШТХ-ийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дуу-дүрсний бичлэг хийж, ... маркийн гар утас ашиглан дүрс бичлэг хийж, гэрэл зураг авч үр дүнг бэхжуулж авахаар тогтов … Ажиллагааны явцад Самсунг маркын гар утас ашиглан ... минут... секундын ... ширхэг гэрэл зураг авч бэхжүүлэн, ажиллагааны тэмдэглэлийг Д.О-д уншиж танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэснээр 17.15 минутад дуусгав." гэсэн байна. Ажиллагаанд Д. Оюунбаатар гэх хүн огт оролцоогүй, мөн мөрдөгчийн тэмдэглэл бүрэн бус, дутуу байна. Биологийн дээжинд тест хийхэд “9-р багана МЕТ буюу /Метамфетамин/, 10-р багана буюу АМР /Амфетамин/ илэрсэн” гэж тэмдэглэлд бичсэн байна. 2023.03.02-ны өдрийн 1059 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2023.02.20-ны өдөр хүлээн авч, химийн шинжилгээг хийсэн гэх боловч бичгийн дүгнэлтээ ажлын 8 хоног, хуанлийн 10 хоногийн дараа гаргасан байна. Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд шинжилгээ хийх хугацааг тогтоогоогүй зэрэг бүрэн бус тогтоол авагдсан байна.
Оролцогч нарын биологийн дээж болох шээсэнд тестээр 2 бодис илэрсэн гэх боловч 1 хоногийн дараа хийсэн химийн шинжилгээгээр 1 бодис илэрсэн байна. Тест болон химийн шинжилгээний үр дүн зөрүүтэй байгаа талаар тодруулаагүй байна. Шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан гэрэл зурган дээр харагдаж байгаа шинжилгээний сав нь тест хийсэн шинжилгээний сав нь эргэлзээтэй байна. 2023.02.19-ний өдрийн биологийн дээжтэй сав нь хажуудаа тестийн үр дүн харагдаж байхад шинжээчийн дүгнэлтийн ашигласан дээжтэй савыг харуулсан гэрэл зурагт тестийн үр дүн харагдахгүй байна. Шинжээчид хүргүүлсэн дээжтэй саван дээр тестийн үр дүнтэй химийн шинжилгээгээр илрээгүй бодисын талаар шинжээчээс тодруулсан эсхүл дүгнэлтэндээ ямар нэгэн байдлаар огт дурьдаагүй байна. /1хх 28, 31,121/
ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулахыг хуульчилсан. Мөрдөгч нь 2023.02.19-ний өдөр хойшлуулшгүйгээр буюу прокурорын зөвшөөргүйгээр дээрх ажиллагааг явуулсан бөгөөд хуульд зааснаар энэ тохиолдолд мэргэжилтнийг оролцуулаагүй байна. Ажлын бус цагаар явуулж байгаа гэж тодотгон бичсэн байх боловч 17.12-17.15 цаг нь ажлын бус цаг гэж үзэхгүй байна.
ЭХХШТХ-ийн 9.3 дугаар зүйлд мэргэжилтэн гэж тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг, туршлага бүхий мөрдөгчийн шийдвэрээр оролцуулахаар заасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Гэм буруугийн талаар” гэх хэсэгт “... Ц.Б-нбиеэс биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл” нь гэм буруу нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүх хурлаар хэлэлцсэн гэх биологийн дээж авсан тестийн үр дүн, шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй байгаа нь ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-д заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отонбаатарын 2023.06.05-ны өдрийн 15в/1430 дугаартай СЭМҮТ-д хандан Ц.Б-нөвчний түүхийг хуулбарлан ирүүлэх тухай албан бичиг авагдсан байна. /хх 112/ СЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2023.06.13-ны өдрийн албан бичгээр Ц.Б-нөвчний түүхийг хуулбарлан ирүүлсэн байна. /1хх133-139/ ЭХХШТХ-иЙН 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хувь хүний эрүүл мэндтэй холбоотой баримт бичгийг холбогдох байгууллагаас прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна” гэж хуульчилсан байхад прокурорын зөвшөөрөлгүйгээр гаргуулан авсан нь хууль зөрчсөн байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 465 дугаартай дүгнэлтийг Ц.Б-нанх удаа, 8 хоног, 4-р клиникт хэвтэж, эмчилгээ үйлчилгээ авсан тухай өвчний түүхийг үндэслэн гаргасан байна. Эмнэлгээс гарах үеийн зөвлөмж: Мансуурулах бодист донтох эмгэг нь эмчлэгдэх боломжтой ч, дахих хандлагатай. Мансууруулах бодис донтолтыг эмчлэхэд найз нөхөд, гэр буүл, хамт олны оролцоо, тусламж чухал. Ар гэрийн хараа хяналтад сэтгэц нөлөөт эмийн эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх, ар гэрийн хүсэлтийн дагуу аав Цогтбаатар, ээж Сувд, ах 9916-0239 нарт засрал сайжралд орсон тул эмнэлгээс гаргасан тухай бичигдсэн байна. /1хх 139/
Шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “ээж, охины хамт амьдардаг” гэсэн байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хууль зүйн дүгнэлтдээ “... өрх толгойлсон эцэг хүн” гэсэн байна. Шүүгдэгч Ц.Б нь 6 настай охинтой бөгөөд хүүхдийн эх нь хамт амьдардаггүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогүйгээс хүүхдийн асран хамгаалалтыг шийдвэрлээгүй үлдээсэн байна. ... Шүүгдэгч Ц.Б-т авсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байгааг харгалзаж үзнэ үү. Учир нь, шүүгдэгч Ц.Б нь эмчлэгч эмчийн зөвлөмжид заасны дагуу донтолт гэх сэтгэцийн олдмол өвчнөө эмчлүүлэх, эдгэрэх боломжтой бөгөөд тэрээр төрсөн эцэг, эх, төрөл, садныхаа дэмжлэг, туслалцааг авах бүрэн боломжтой юм. Түүнд эцэг хүний үүргээ биелүүлэх боломжийг олгож, ажил хөдөлмөр эрхэлж улсад татвар төлж байгаа зэргийг анхаарч үзнэ үү. Түүний хувийн байдлыг тогтоохдоо зөвхөн яллах, буруутгах нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд түүний эцэг, эхийн хүсэлт, гэр бүлийн байдлыг нь шалгаж тогтоогоогүй байгааг анхаарч үзнэ үү. ... Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй, бүрэн бус, хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх pүү буцааж өгнө үү.” гэв.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх хурааж аваад жинлэсэн цахилгаан жингийн хэмжүүр нь шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн хэмжээтэй зөрүүтэй зүйл байдаггүй. Цагдаагийн алба хаагч Ц.Б-н шээснээс тест хийж 2 бодис илэрсэн гэж дүгнэсэн хэмээн өмгөөлөгч ярьж байна. Тестийн үзүүлэлт нь урьдчилсан байдлаар гарсан үзүүлэлт бөгөөд нарийвчилсан химийн шинжээчийн дүгнэлтээр 1 бодис гарсан гэдэг. Анхан шатны шүүх нарийвчлан гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн. Мөн өмгөөлөгчөөс мэргэжилтэн оролцуулаагүй гэж байгаа боловч шаардлагатай үед оролцуулах зохицуулалттай. Мөрдөгчийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг 24 цагийн дотор прокурор хянаж үзээд хүчинтэйд тооцсон тул энэ ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Б-н өвчний түүхийг мөрдөгч албан тоотоор гаргуулж авсан гэж өмгөөлөгч ярьж байна. Энэ нь хэдийгээр прокурорын зөвшөөрлөөр авах ёстой ажиллагаа ч мөрдөгчийн хийсэн ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн хүний өөрийн эмчлүүлсэн өвчний түүхийг авч, түүнд нь мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргаж байгааг дүгнэлт хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Б нь ...өдөр ...тоот хашааны орчим өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамины /methamphetamine/ гэх, 0,4020 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Э.Д “......өдөр би Төгөлдөр ахтай 7 буудал руу явах гэж байхад Бумбаяр ах бас Төгөлдөр лүү залгаад хүрээд ирээч гээд байх шиг байсан. Б ахыг аваад бид гурав 7 буудал ороод Чингэлтэй рүү өгсөж байхад Ц гэр лүү очихоор явж байхдаа Сарандаваагийн сүм эргээд явж байсан чинь энгийн хувцастай цагдаа нар зогсоогоод шалгаад баригдсан. Би тебантин хэрэглэдэг, тебантины хамааралтай болсон одоо гайгүй болж байгаа. Би Б ахад мөс гэх зүйл байгааг огт мэдээгүй...” гэсэн /хх-ийн 55-56 дугаар тал/,
гэрч Б.Т-н: “...Долгион тебантин олоод өгөөч гээд гуйгаад байсан. Би тэр үед ширээ аваад Салхит руу лагерт хүргэж өгөх ажилтай байсан учир замаараа Чингэлтэй ороод Ц-с тебантин аваад өгнө гэж хэлсэн. С-ийн сүмээр эргэж явж байгаад цагдаад баригдсан. Бумбаярт мөс гэх зүйл байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 58-59/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1059 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-121/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1057 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-127/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаар дүгнэлт /хх-ийн 140-142/,
Тоёота приус 30 маркийн 87-72УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20/,
Ц.Б-нбиед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22, 25-27/,
Ц.Б-нбиеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24, 28/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Б ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Шүүгдэгч Ц.Б аас “... гэм буруутайгаа маргахгүй тул шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туулаас “...хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй, бүрэн бус, хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх pүү буцааж өгнө үү...” гэх гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд мөрдөгч нь 2023.02.19-ний өдөр ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж эд мөрийн баримт хураан
авсан, Ц.Б-нбиед үзлэг хийх болон биеэс биологийн дээж авах ажиллагааг, Э.Д, Б.Т нарын биед үзлэг хийх болон биеэс биологийн дээж авах ажиллагааг явуулсан байна /хх 17-36/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-т “Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно.” 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.”, 3-т “Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд 2023.02.20-ны өдрийн 128 дугаар прокурорын тогтоолоор дээрх мөрдөгчийн ажиллагааг хүчинтэйд тооцжээ /хх 14-16/.
Дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч Э.Д, Б.Д, шүүгдэгч Ц.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 1057, 1059, 465 дугаар дүгнэлтүүдээр шүүгдэгч Ц.Б нь ...өдөр ...тоот хашааны орчим өөрийн биедээ 0,4020 грамм НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамины /methamhphetamine/ гэх бодисыг биедээ авч явсан нь тогтоогдож байна.
Харин шүүгдэгчээс анх эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйлийг 0.4020 гэж жинлэсэн атлаа Ц.Б-нбиед үзлэг хийсэн тэмдэглэлд 0.402 грамм гэж зөрүүтэй бичсэн, /хх 21-22, 27/ мөн 1057 дугаар шинжээчийн дүгнэлтэд дээрх бодисыг 1.1578 грамм, цэвэр жин 0.0590 грамм гэж зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд /хх 124-127/ энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн биеэс эд мөрийн баримтаар хураан авсан бодисыг жинлэхэд 0.4020 грамм байсан боловч Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1057 дугаар дүгнэлтэд уг бодист шинжилгээ хийхэд цэвэр жин нь 0.0590 грамм болж үзлэгээр хураан авсан бодисоос 0.343 граммаар багассан зөрчил нь тус хэргийг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй. Харин уг бодис ямар шалтгаан, үндэслэлээр хаана ийнхүү багасч, хорогдсон талаар, энэ нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тусад нь шалган тодруулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан.
Дээрхи үндэслэл, зарчмыг удирдлага болгон анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-т түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/585 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н 2023 оны 9 дүгээр сарын 12-ноос 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 44 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН