Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК /РД:/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ тоот тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах тухай

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/******* дугаар тушаалаар дүүрэг, газрын ын аманд Д ХХК-д ******* м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар олгожээ.

1.2.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/******* дугаар тушаалаар газрын ын амны хязгаарлалтын бүсээс Д ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн ******* м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

1.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус шүүх нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх магадлалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж тус шүүхэд ирүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Улаанбаатар хот дүүргийн нутагт орших ын ам нэртэй газарт *******м2 га талбайг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар хууль тогтоомжийн дагуу авсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1126 дугаартай газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичгээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны дотор газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь манай байгууллагын газар ашиглах эрхэнд хууль бусаар халдсан гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулах үүрэгтэй байхаар заасан. Манай компанид Байгаль орчны яам болон газрын хамгаалалтын захиргаанаас уг акттай холбоотой мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, зөвшилцөх боломжоор хангалгүйгээр захиргааны акт гаргасан байна. "Д" ХХК-ийг газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан байсан. Манай компанийн зүгээс гуравласан гэрээ байгуулахаар хэд хэдэн удаа биеэр хандсан боловч манай компанитай гэрээ байгуулаагүй өдийг хүрсэн.

Гэрээ байгуулаагүйгээс шалтгаалж газрын төлбөрөө төлөх гэхээр газрын нэхэмжлэх үүсэхгүй, хаана хэдэн төгрөг хэрхэн төлөх нь тодорхойгүй биднээс үл шалтгаалах захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүйд хүрч манай байгууллагыг газрын төлбөр төлөх боломжоор хангаагүй юм.

Д ХХК нь авсан газар дээр Амралт, сувиллын цогцолбор байгуулах төслийг 10237.1м буюу 1.03 га талбайд нийт 233,540,600 төгрөгөөр хэрэгжүүлэхээр төсөвлөж Д ХХК-ийн хүсэлтийн дагуу Байгаль орчны зөвлөх үйлчилгээний Д ХХК-тай гэрээ байгуулсан. Мөн бид тухайн газрыг ашиглах эрх авснаас хойш үйл ажиллагааны төслүүдийг боловсруулж, холбогдох эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдээр барилгын зураг төсөл боловсруулж, төслийн дагуу баригдах барилгын ажлын санхүүжилт эдийн засгийн байдал, ковид-19 зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан удааширсан нөхцөл байдалтай байсан.

Газрын тухай хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх бүхий гэрчилгээтэй этгээд тухайн газарт заавал үл хөдлөх эд хөрөнгө барих, бариагүй нь газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болох тухай зохицуулалт байхгүй юм. Мөн газар ашиглах эрхийг цуцалсан тухай шийдвэрийг мэдэгдээгүй зэрэг үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас ын аманд байрлах *******м2 га газрын ашиглах эрх цуцлагдаж одоогоор газраа ашиглах эрхгүй болоход хүрээд байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Д ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Улаанбаатар хот, дүүргийн ын ам нэртэй газарт ******* м.кв га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх авсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ тоот тушаалаар манай компанийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Ингэж шийдвэрлэхдээ Д ХХК нь газраа 2 жилийн дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр Газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан. Бидний зүгээс гуравласан гэрээг байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэд хэдэн удаа биеэр очиж, бичгээр хандсан боловч бидэнтэй гэрээ байгуулаагүй өдий хүрсэн. Гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөр төлөхөд Татварын албанд газрын нэхэмжлэх үүсэхгүй байна. Хаана төлбөр төлөх нь тодорхойгүй, биднээс үл шалтгаалах Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүйд хүрч манай байгууллагаас газрын төлбөр төлөх боломжоор огт хангаагүй. Мөн газар ашиглах эрх авснаас хойш үйл ажиллагааны төслүүдийг боловсруулж, холбогдох эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр барилгын зураг төсөл боловсруулж, төслийн дагуу баригдах барилгын ажлын санхүүжилт, эдийн засгийн нөхцөл байдал, ковид-19 зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас барилгын ажил удааширсан. Мөн газар ашиглах эрхийг цуцалсан тухай шийдвэрийг мэдэгдээгүй, үндэслэлгүй хууль бус шийдвэрийн улмаас ын аманд байрлах ******* м кв га газрыг ашиглах эрх цуцлагдаж, одоогоор газрыг ашиглах эрхгүй болох нөхцөл байдалд хүрээд байна.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэндээ бидний маргаж буй асуудал бол нэгэнт 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаартай тушаалд хууль зүйн үндэслэлгүй эрх олгосон. Эрх олгосон тушаалд ...кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б*******д, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г байгуулан, газар ашиглалтын байдалд нь хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж, Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага ... стандартыг мөрдүүлэн ажиллахыг газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Пт үүрэг болгосугай гэсэн байна. Энэ тушаалын дагуу гуравласан гэрээг байгуулах үүрэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрын хамгаалалтын захиргаанд байна. Гэтэл тэдний талаас гуравласан гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байхад биднийг газрын төлбөрөө төлөөгүй гэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Уг тушаал хэрэгжээгүй учраас энэ асуудал бидэнд хамаагүй, бидний үүрэг биш юм. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд би оролцсон. Магадлалын агуулгад биднийг гуравласан гэрээ байгуулах талаар хандсан эсэхийг асуусан. Бидний зүгээс хандсан бөгөөд холбогдох бичиг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр ямар зорилготой бид нарт гуравласан гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа. Газрын тухай хуульд зааснаар гуравласан гэрээ байгуулж байж газрын төлбөрийг харилцан тохиролцож төлнө. Гуравласан гэрээ байгуулаагүй тохиолдолд бидний зүгээс төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Ердөө ийм ялгаа байна, өөр асуудал байхгүй. Ашигласан нөхцөл байдал үзлэгээр тогтоогдсон. Үйл ажиллагаагаа явуулах гэхээр бидний зүгээс уг барилгын төслийг хэрэгжүүлэхээр нэлээн зардал, хугацаа орсон. Тэгээд уг тушаал гарсан нь хууль зүйн үндэслэлгүй учраас уг тушаалыг хүчингүй болгож, гуравласан гэрээ байгуулж, тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа, үүрэг хүлээсэн асуудал энд байхгүй.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Д" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны А/******* дугаар тушаалаар "Д" ХХК-д Богдхан-Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ын амны хязгаарлалтын бүсэд ******* м талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот саналаар нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Гэтэл Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гуравласан гэрээг байгуулж, эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь тухайн компанийн үүрэг юм. Мөн Богдхан-Уулын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг олгосон. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ тоот тушаалаар уг газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж буйгаар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр газрын хамгаалалтын захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг нэхэмжлэгч компани гаргасан байна. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тушаал гарсан нь 08 сарын дараа өдөр газрын хамгаалалтын захиргаа гаргасан байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу газар ашиглах гэрчилгээ гарсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гуравласан гэрээ байгуулах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал уг үүргээ биелүүлээгүй. Энэ гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээний загварыг даргын гарын үсэг зурсан байдлаар өгсөн байсан. Ямар шалтгааны улмаас нэхэмжлэгч тал гэрээг баталгаажуулах арга хэмжээ аваагүйг мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт материал нь байгаа. Нэхэмжлэгч тал өөрсдөө 90 хоногтоо багтаж гуравласан гэрээг байгуулж, төлбөрөө төлөх үүргийг гүйцэтгэж явах ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ тоот тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/******* дугаар тушаалаар дүүрэг, газрын ын аманд Д ХХК-д ******* м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгожээ.

3. Дээрх тушаалыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч Д ХХК-д маргаан бүхий ******* м.кв талбайг ашиглах дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.

4. Нэхэмжлэгч Д ХХК нь дээрх байдлаар газар ашиглах эрхээ авсан байхад нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийн хүчингүй болгох тухай А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Маргаан бүхий дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан 11 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Д ХХК нь газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1. Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүйгэж тус тус заажээ.

7. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

8. Д ХХК нь газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *******1 дүгээр хүсэлт гаргах тухай албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *******3 дугаартай хүсэлт, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2******* дугаар хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/22 тоот хүсэлт гаргаж гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

9. Д ХХК нь газрын хамгаалалтын захиргаатай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № дугаар газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах гэрээ байгуулахаар гэрээний төсөл бэлдсэн боловч эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байна.

10. Д ХХК нь Амралт сувилал цогцолбор төсөл боловсруулж байсан, Улаанбаатар хотын дүүргийн нутаг газрын ын аманд хэрэгжүүлэх Амралт, сувиллын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг С ХХК-иар хийлгүүлсэн, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10-******* дугаар албан бичгээр Д ХХК нь газрын кадастрын нэгдсэн системд газар эзэмшдэг, ашигладаг бүртгэлгүй тул ногдуулалт, нэхэмжлэл үүсээгүй талаар албан бичиг зэрэг баримтууд авагдсан тул газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзэхгүй.

11. Давж заалдах шатны шүүхээс Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалаар дүүрэг, газрын ын аманд Д ХХК-д ******* м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгож, уг тушаалыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч компанид маргаан бүхий ******* м.кв талбайг ашиглах дугаартай гэрчилгээг олгосон боловч газар ашиглах тухай гэрээ байгуулсан эсэх, энэ талаарх хүсэлтээ, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж байсан эсэх талаарх баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь буруу байна. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна 4 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна гэж, 10 дугаар зүйлийн 5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь бүрэн төлж, газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй. Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Д ХХК-ийг дээрх хуульд заасан үүргээ биелүүлж байсан эсэх талаарх нотлох баримтуудыг цуглуулж, тодруулж, хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан, энэ ажиллагааг хийхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар ашиглах гэрчилгээг үндэслэн гэрээ байгуулна, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх хэсэгт зааснаар гуравласан гэрээг байгуулахаар заасан байхад хариуцагч захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй, дүүргийн засаг даргад нэхэмжлэгчтэй байгуулах Газар ашиглах гэрээний төслийг хүргүүлээгүй байна.

13. Нэгэнт гэрээ байгуулагдаагүй тул газар ашиглагчийн хүлээх үүргийг нэхэмжлэгчээс шаардах хууль зүйн үндэслэлгүй.

14. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 131 дүгээр тогтоолоор ...Гэхдээ гэрээ байгуулах нь зөвхөн захиргааны үүрэг биш, нөгөө талаар тухайн газрыг ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлсэн нэхэмжлэгч иргэнд хамааралтай, түүнээс газар ашиглах идэвхтэй үйлдэл гүйцэтгэхийг шаардсан агуулгатай гэж дүгнэсэн, энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаар идэвхтэй үйлдэл гаргасан байхад хариуцагч захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

15. Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны р тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх олгосон Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ажуй нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга болон Хамгаалалтын захиргаа байгуулах зохицуулалттай байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчид газар ашиглуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр нэгэнт гарсан байхад газар ашиглах гэрээг холбогдох захиргааны байгууллагаас байгуулаагүй, энэ нь нэхэмжлэгчээс хамаараагүй, газар ашиглах гэрээ байгуулснаар газар ашиглагчийн эрх, үүрэг үүсэх тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна гэх дүгнэлтийг хийсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

16. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Д ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлүүдийг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

17. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулж болохыг зөвшөөрсний дагуу хэргийг хэлэлцсэн ба энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн маргаан бүхий үйл баримтад өгсөн дүгнэлтийн үндэслэлтэй эсэх талаар шүүх бүрэлдэхүүний зүгээс тодорхойлох боломжгүй байна.

18. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ тоот тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-ийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ тоот тушаалыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ