2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00812

 

   2025         01         29                                              191/ШШ2025/00812   


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, дугаар регистртэй, “О” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч: байрлах, Нт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 648.418 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, А.Ц,
Иргэдийн төлөөлөгч Ч.Б, Б.Т,
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.                                
ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь хариуцагч Нт холбогдуулан 684.418 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус ББСБ “С” ХХК /./-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Назраас хийлгүүлж байсан. “С” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө нь Назрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Уг дуудлага худалдааны ялагч нь төлбөрийг Назарт 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлсөн. Гэтэл Назраас ШШГТХуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан, төлбөр авагчид шилжүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг ажлын 3 өдрийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж, 1 сар 13 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус ББСБ-ын дансанд өөрийн эзэмшлийн . тоот “Г”-ны данснаас дуудлага худалдааны орлогыг шилжүүлсэн. Иймээс тус ББСБ нь Шт гомдол гаргасан. Шын харьяа ШГАлбаны дэд дарга бөгөөд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн . дугаарт албан бичгээр “...Дуудлага худалдааны орлогыг тухай бүрд нь шилжүүлээгүй эрх албан тушаалтанд хариуцлага тооцож, дүнг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор танилцуулж, энэ зөрчлийг давтан гаргахгүй байхыг нийт ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарт анхааруулах нь зүйтэй. ...” гэх үүргийг Назрын даргад өгч тус ББСБ-ын гомдлыг шилжүүлэн шийдвэрлэсэн. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Бод “...таны өгсөн дээрх үүргийн биелэлтийг Назраас хэрхэн биелүүлсэн талаарх мэдээллийг тус ББСБ-д гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг тус ББСБ нь гаргахад дугаарт албан бичгийг “...Наас дотоод хяналт шалгалтаар дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаанд албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас удаашруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй талаар хариу ирүүлснийг үүгээр мэдэгдье.” гэж ирүүлсэн. Энэхүү албан бичгээс үзвэл хуулийн хугацаанд дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчид шилжүүлээгүй нь албан хаагчийн буруугаас болоогүй гэх боловч ямар шалтгааны улмаас ШШГТХуулийн 105.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоогоогүй тул манай гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Иймээс Б.Бод дугаарт албан бичгээр ямар үндэслэлээр дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчийн дансанд ШШГТХуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасан хугацааг хэтрүүлэн шилжүүлснийг ИТБАТГӨГШТХуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд тогтоож өгнө үү” гэх гомдол гаргахад 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ИТБАТГӨГШТХуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гомдлыг дахин хянах боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Уг хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Шын дарга, Бн Г С.Ад гомдол гаргахад Шын Хяналт Шалгалтын Хэлтсийн Дарга, Дэд Хурандаа З.Б нь дугаарт албан бичгээр “...шалгалтаар алба хаагчийн буруутай үйлдлийн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан гэх асуудал тогтоогдохгүй байна... 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ...“О ББСБ" ХХК-ийн дансанд дуудлага худалдааны орлогоос төлбөрийн 290.480.000 төгрөгийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна” гэх хариуг ирүүлсэн. Үүнийг тус ББСБ нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.Б өмнө нь . дугаарт албан бичгээрээ хуулийн хугацаа хэтрүүлсэн албан хаагчид хариуцлага тооцох үүргийг Назрын дарга, хурандаа Г.Цд өгсөн байдаг. Харин дараа нь дугаарт албан бичгээр албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас Ажиллагаа удааширсан үндэслэл тогтоогдоогүй гэх хариуг ирүүлсэн. Үүнээс үзвэл Б.Б нь Назрын албан хаагч хуулийн хугацаа хэтрүүлж тус ББСБ-ын дансанд дуудлага худалдааны орлогыг шилжүүлсэн болохыг тогтоож, хариуцлага тооцохыг үүрэг болгосон боловч өөрийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулахгүйгээр өмгөөлөн хаацайлсан үйлдэл гаргаж, тус ББСБ-ын олох ёстой орлогыг өөрийн байгууллагын дансанд авч үлдэхийн тулд хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир “Г”-аас 2023 оны 02 дугаар сараас эхлүүлэн нийт байгууллагын харилцах дансанд жилийн 2%-ийн хүү тооцон олгож байгаа. “С” ХХК-ийн төлбөрийг Назраас хуулийн хугацаанд шилжүүлсэн бол 290.480.000 төгрөгийг харилцах дансандаа байршуулснаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл буюу 43 хоногийн хугацаанд 684.418 төгрөгийн хүүний орлого тус ББСБ-ын дансанд орох ёстой байсан. Энэ нь “Г”-ны дугаарт албан бичгээр нотлогдож байгаа юм. Харин Назраас “С” ХХК-ийн төлбөрийг хуулийн хугацаанд шилжүүлэлгүйгээр хууль зөрчин 684.418 төгрөгийн хүүний орлогыг өөрийн дансанд авч үлдсэн гэж тус ББСБ нь үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.  

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамжаар “С” ХХК-иас 287.900.000 төгрөгийг “О” ББСБ ХХК олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “С” ХХК-ийн өмчлөлийн улсын дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 180 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй дүгээр хороо Монгол шуудан банкны хойд талд, “С” ХХК-ийн барилгын 2 давхарт байрлах 29 м.кв конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хоёр албадан дуудлага худалдаанд оруулахад эрхийн улсын дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 180 м.в талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө 493.600.000 төгрөгөөр худалдан борлогдож, Ж.Т дуудлага худалдааны ялагч болсон. Дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тогтоол 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарсан бөгөөд төлбөр төлөгчид хөрөнгийг сайн дураар султган чөлөөлөх тухай 2023 оны 08 дугаар сарын 01-ний, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Мөн дуудлага худалдааны ялагчид тогтоолыг танилцуулж, хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгөхөөр удаа дараа мэдэгдэхэд тогтоосон хугацаанд ирдэггүй, үл хөдлөх хөрөнгийг султган чөлөөлж хүлээлгэн өгөх хугацаа тохироход мөн ирдэггүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэгчээс тайлбар авахад Ж.Тс энэ үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар ярилцаж тохирсон гэх шалтгаанаар султган чөлөөлж өгөөгүйн улмаас ажиллагаа удаашрах нөхцөл үүссэн. Мөн дуудлага худалдааны ялагч Ж.Т дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай гомдлыг шийдвэрлэж 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн нотариатын итгэмжлэлээр дуудлага худалдааны ялагчийн бүх эрхээ Н.Уд шилжүүлсэн итгэмжлэлийг хүсэлтийн хамт өгсний дагуу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тогтоол болон албан бичгийг хүргүүлж, дуудлага худалдааны ялагчийн төвлөрүүлсэн мөнгийг төлбөр авагч “О” ББСБ-ийн дансанд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.16-д “Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарлах он, сар, өдөр, цагийг товлож талууд болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байх ба Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаанд албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас удааширсан гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч “О” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.

4.Нэхэмжлэгчээс 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, Н анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Депозит дансны хуулга, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн . дугаартай Үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, О банк бус санхүүгийн байгууллага 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт, Ш-ын ны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  дугаартай албан бичиг, О банк бус санхүүгийн байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол, Ш-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичиг, О банк бус санхүүгийн байгууллага 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гомдол, ШШГЕГ-ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай гомдлын хариу, Гны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай  “Харилцах дансны хүүний тухай”, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн гэрээ, 
хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  дугаартай Ш ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Н анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, Ш-ийн Н 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай мэдэгдэл, мөнгөн гүйлгээний журнал, Ш-ийн Н 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай мэдэгдэл, Ш-ийн Н 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ж.Тий 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гомдол, Н-ын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 08 дугаар сарын 21, 28, 30-ны Ж.Тий 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлт, Ш-ын Н 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  дугаартай албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 21-ний  дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол,  Нын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, Н.Уын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлт, Н.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ш-ын Н 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай албан бичиг, Ш-ын Н 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай “Үүргийн биелэлт хүргүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, дугаартай хөрөнгө барьцаалах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр  2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дугаартай шүүгчийн захирамжаар Нын . дугаартай харилцах дансны гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцон олгосон эсэх лавлагаа зэргийг бүрдүүлсэн болно. 

ҮНДЭСЛЭХ нь:
       
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “С” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Дуудлага худалдааны төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д мөнгөн хөрөнгийг ажлын 3 хоногийн дотор өдрийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 1 сар 3 хоногийн дараа шилжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагын олох ёстой орлогыг өөрийн байгууллагын дансанд байршуулан хууль зөрчсөн. 290.480.000 төгрөгийг харилцах дансандаа байршуулснаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл буюу 43 хоногийн хугацаанд 684.418 төгрөгийн хүүний орлого тус ББСБ-ын дансанд орох ёстой байсан тул 684.418 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан тул ажиллагаа явагдсаар байгаад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг хүлээлгэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж нэхэмжлэгчийн худалдаа хөгжлийн банкны дансанд төлбөрийг 3 хоногийн дотор шилжүүлсэн, албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас удааширсан гэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
           
5.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19850 дугаар шүүгчийн захирамжаар “С” ХХК-иас 287.900.000 төгрөг гаргуулж “О” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үүсгэжээ. 

Төлбөр төлөгч “С” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын  дугаарт бүртгэлтэй тоотод хаягт байрлах 180 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө 493.600.000 төгрөгөөр худалдан борлогдож, Ж.Т дуудлага худалдааны ялагч болжээ.

Дуудлага худалдааны ялагч нь төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нт бүрэн төлсөн, төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.16-д “…Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ…”,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “…Хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах он, сар, өдөр, цагийг товлож талууд болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ”…,
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-д “…Эд хөрөнгө эзэмших боломж олж байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй…” гэж тус тус заажээ. 
 
Хариуцагч Н нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх  тухай тогтоол”-оор Төлбөр төлөгч “С” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлөхийг “С” ХХК-д мэдэгдэж, уг хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх ажиллагаа явагдахыг анхааруулсан. Мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол гарсантай холбогдуулан хөрөнгийг сайн дураар султган чөлөөлөх тухай 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлсэн байна. 
Улмаар хариуцагч Н нь дуудлага худалдааны орлого болох 290.480.000 төгрөгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар 3 хоногийн дотор 290.480.000 төгрөгийг нэхэмжлэгч “О” ББСБ ХХК-д шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71, 74 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгдсэний дараа хуулийн 105 дугаар зүйлийн зохицуулалт хэрэглэгдэх учиртай бөгөөд тус хууль нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесс дарааллыг зохицуулна. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцах бөгөөд гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.  

Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны ялагч 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгийг байршуулсан, шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагч “О” ББСБ ХХК-д төлбөрийг шилжүүлсэн цаг хугацаанд шийдвэр гүйцэтгэх байгууллага мөнгийг хугацаатай хадгалуулж, 684.418 төгрөгийн хүүгийн орлого олсон байдал баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч талын үндэслэл болгосон Гны дугаартай тодорхойлолтоор тус байгууллага 684.418 төгрөгийн хүүгийн орлого олох байсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч байгууллага дуудлага худалдааны орлогыг ямар дансанд хүлээн авсан, уг данс нь хадгаламжийн данс байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байна. 

Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч болох шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар явуулсан ажиллагааны улмаас нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь дуудлага худалдааны мөнгийг хадгаламж 684.418 төгрөгийн хүүгийн орлого олох байсан боломжоо алдсан гэх үйлдэл, хохирол хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй. 

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан мөнгөн хөрөнгийг ажлын 3 хоногийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ гэснийг, банк бус санхүүгийн байгууллагын олох ёстой орлогыг өөрийн байгууллагын дансанд байршуулан хууль зөрчсөн гэх байдал нь баримтаар тогтоогдоогүй, үүний улмаас нэхэмжлэгч “О” ББСБ ХХК-д 684.418 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч Ч.Б, Б.Т нарын гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй...” байна гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн Нт холбогдох хохиролд 684.418 төгрөг гаргуулах тухай “О” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д  заасныг баримтлан хариуцагч Нт холбогдуулан 684.418 /зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун арван найман/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “О” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116.203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                  Д.ЦЭРЭНДОЛГОР

                                                                                       Т.ЭНХТУЯА