Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00607

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00607

 

М ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/00278 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХЗХ-ны хариуцагч Ш.М-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11 743 074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.М нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн урамшуулалт хүүтэй, 3.2 үндсэн хүүтэй зээлж авсан. Ш.М нь 408 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8 182 190 төгрөг, хүүгийн төлбөр 3 560 884 төгрөг, алданги 659 812 төгрөг, нийт 12 402 886 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс алдангид нэхэмжилсэн 659 812 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Ш.М аас үндсэн зээлийн төлбөр 8 182 190 төгрөг, хүүгийн төлбөр 3 560 884 төгрөг, нийт 11 743 074 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 12 402 886 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хадгаламж зээлийн хоршоотой 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатайгаар нэг сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Үүний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 16 450 930 төгрөгийн эргэн төлөлтийг нийт 8 удаагийн гүйлгээгээр төлсөн байдаг. Үүнд 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 480 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн, мөн тус хадгаламж зээлийн хоршооны Х ХХК-ийн 5029815176 тоот дансруу 7 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн ах нь нийт 16 450 930 төгрөгийг дансаар төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 436 460 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.М аас 7 189 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-д олгож, үлдэх 4 554 004 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213 396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.М аас улсын тэмдэгтийн хураамжид 129 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.М нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, нэг сарын 3.0 хувийн урамшуулалт хүүтэй, 3.2 хувийн үндсэн хүүтэй зээлж авсан. Ш.М нь 408 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8 182 190 төгрөг, хүү 3 560 812 төгрөг, алданги 659 812 төгрөг, нийт 12 402 886 төгрөгийг нэхэмжилсэн байтал 4 554 004 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч Ш.М-тай эвлэрлийн журмаар маргааныг шийдвэрлэхээр алданги болох 569 812 төгрөгөөс татгалзсан боловч бидний энэ санаачлагыг үл хэрэгсэж хууль болон гэрээнд зааснаар бус хугацаа хэтэрсэн 18 сар болон түүнээс хойшхи хоногийн үндсэн зээлийн хүү, алдангийг тооцолгүй 7 189 070 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. М ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од нь анх нэхэмжлэлд дурдагдсан алдангийн хэмжээнээс татгалзсанаас биш нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хангуулах хүү, алдангиас татгалзаагүй болно. Бидэнд хохиролтой шийдвэр гарсан учраас 7 189 070 төгрөгөөс гадна, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 4 554 004 төгрөгийг, татгалзсан боловч нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй 659 812 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд 12 402 886 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч Ш.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 402 886 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч алданги 659 812 төгрөгөөс татгалзаж, 11 743 074 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү, барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй, зээлийн гэрээнээс төлөгдөөгүй үндсэн зээлийг хүүгийн хамт шаардсан байна.

 

Нэхэмжлэгч М ХЗХ, хариуцагч Ш.М нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг зээлийн гэрээгээр М ХЗХ нь 15 000 000 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай Ш.М-т зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205002057 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалжээ. /хх6-7 дах тал/

 

Талууд зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 4-5 дах талд М ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт нотлох баримтаар авагдсан бөгөөд дээрх баримтаас үзвэл М ХЗХ нь банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан тул зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, Ш.М нь зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг М ХЗХ-ноос авсан үйл баримт хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн төлөлтөөр, нийт 16 450 930 төгрөг төлсөн болох хэргийн 17-22, 40-46 дах Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М ХЗХ-ны харилцагчийн дансны хуулга баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Ш.М нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 480 000 төгрөгийг М ХЗХ-нд бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 8 640 000 төгрөг, нийт 23 640 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 16 450 930 төгрөгийг хасч тооцон үлдэх 7 189 070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Талууд зээлийн гэрээнд хүүг хоёр өөр байдлаар тогтоосон нь буруу. Учир нь М ХЗХ, хариуцагч Ш.М нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 04/58 тоот зээлийн гэрээний 1.1-д зээлийн хүүг урамшуулалт хүү 3 хувь, үндсэн хүү 3.2 хувь гэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Зээлийн хүү хоёр өөр хувь хэмжээтэй байх ёсгүй учраас зээлдэгчид ашигтай байдлаар тайлбарлаж зээлийн хүүг сарын 3 хувиар тооцох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймээс зээлийн хүүг 3 хувиар тооцвол үндсэн зээл 23 100 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 16 450 930 төгрөгийг хасч тооцон зээлийн гэрээний үүрэгт 6 649 070 төгрөг, хэтэрсэн хугацааны 408 хоногийн хүүд 2 712 820 төгрөг, нийт 9 361 890 төгрөгийг хариуцагч Ш.М аас гаргуулж нэхэмжлэгч М ХЗХ-нд олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/00278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7 189 070 гэснийг 9 361 890, 4 554 004 гэснийг 2 381 183 гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 129 975 гэснийг 164 740 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХЗХ-ны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 814 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ