Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

                       

 

 

-

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,  

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708009520022 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............

Б.Мнь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 дүгээр гудамжинд иргэн Э.Т-ийг явж байхад “юу хараад байгаа юм бэ, яасан хэрэгт дуртай юм бэ” гэж хэлэн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.ЭМ.-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708009520022  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Т-ийн: “2017 оны 8 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад Сонгиохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-550 тоотод байрлах гэрээсээ гараад хойд зүгт хүнсний дэлгүүр орохоор явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн муудалцаад зогсож байсан. Хажуугаар нь өнгөрөх үед эрэгтэй нь “Юугаа харсан юм бэ? Яасан хэрэгт дуртай юм” гэхээр нь “хэн чам руу харсан юм бэ” гэхэд өөдөөс ойртож ирсэн. Би тоолгүй зогсож байхад хажуу талаас зүүн чих рүү гараараа цохисон. Би цохиулаад унахад уг залуу өшиглөөд байсан. Миний тархи доргисон, дээд үүдэн баруун талын хоёр шүд, гуравдугаар шүднүүд хөдөлсөн. Уруулын дотор тал язарсан. Намайг цохиж зодохоо больсны дараагаар эгч хашаанаас гарч ирэхдээ таараад харсан гэсэн. Манай гудамжинд амьдардаг хүмүүс гарч ирсэн гудамжинд зогсож байсан гэсэн. Намайг зодсон хүнийг эгч Баярмаа ЭМ.-гэгч болохыг зүс таниж байсан. ...Би гомдолтой байна. Унасан шүдээ хийлгүүлж хохирлоо барагдуулмаар байна. Эмчилгээ хийгдсэн ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7-8, 10-11/,

Гэрч Э.Бгийн: “2017 оны 8 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад Т-“дэлгүүр хаахаас өмнө тамхинд явлаа” гэж хэлээд гарч явсан. 10 минут орчмын дараа гудамжинд хүмүүс орилоод байх шиг болохоор нь хашаанаас гарахад Т-дүү “хүнд зодуулаад алуулах гэж байна, дуудаад байхад сонсохгүй байгаа юм уу” гэсэн. Би ойролцоо зогсож байсан зүс таних залуугаас асуухад “үгүй, бид зодоогүй. Хашааны хаалган дээрээ үхрийн зурагтай айлын хүүхэд зодсон” гэсэн. Манай гудамжинд манайхаас баруун хойд зүгт байдаг үхэртэй айлын залуу мөн болохыг таньсан. “Хагалгаанд ороод удаагүй байгаа хүүхэд зоддог нь яаж байгаа юм бэ, янз бүрийн асуудал гарвал яах юм бэ” гэхэд “би маргааш оршуулгынх нь зардлыг нь өгье” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч А.Цний: “...би найзындаа очоод гэр рүүгээ явж байтал манай гудамжинд зүс таних ЭМ.-Түмэндэлгэрийн дээр хоёр гарыг нь алдлаад барьчихсан байсан. Би очоод “юу болсон бэ” гэж хэлээд салгасан. Т-согтуу байсан болохоор цааш авч явж байхад “Мөнх-Эрдэнээ чамайг ална аа” гээд дайраад байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд барилцаж зууралдаад байсан, юунаас болж маргасан талаар мэдэхгүй. Би Түмэндэлгэрийг гэрт нь хүргэж өгсөн.  Би зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-16/,

Гэрч Г.Б-ын: “...Би машинаас буухад ЭМ.-нэг залуутай барилцаж аваад газар хоёулаа унаад байхад нь би салгасан. Зодуулсан гээд байгаа залуугийн хойд талын хашааны залуу гарч ирээд Мөнх-Эрдэнэтэй барилцаж ноцолдож байсан залууг “боль” гэж салгаад “та гэртээ орчих, та согтуу байна” гэж хэлж байхад тэр согтуу залуу нөгөө салгаж байгаа залууг 2-3 мөргөж, гараараа нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Энэ үед согтуу залуугийн ар гэрийнхэн гарч ирээд тэр залууг салгаж аваад би Мөнх-Эрдэнийг дагуулаад машиндаа суулгаад явсан. Тэр хоёр юунаас болж зодолдсон шалтгааныг мэдэхгүй. ЭМ.-эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-18/,

Гэрч Э.Б-ын: “Би нөхөртэйгээ гудамжинд маргалдаад зогсож байтал урдаас үл таних эрэгтэй хүн асаагуурын гэрэл тусгаж бид хоёрын голоор ороод нөхрийг “чамайг Толгойтод байдгийг мэдэхгүй юм байна. Чи хэний шээс юм бэ” гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Нөхөр “Батсуурийн хүүхэд байна, чи зүгээр яв” гэж хэлсэн. Тэр залуу нөхөр болон намайг хоёр гараараа түлхсэн. Тэгээд нөхөр намайг өмөөрч тэр залууг нэг удаа цохисон, тэр залуу газар унасан. Босч ирээд агсам тавьж орилоод байхаар нь нөхөр дээр нь гарчихсан хоёр гарыг нь бариад “Баасанжавыг дууд” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-19-21/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.15-ны өдрийн 10290 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Т-ийн биед тархи доргилт, дух, зүүн чих, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд үүдэн баруун 1, 2-р шүдний улрал, 2 тохой, баруун гарын 1-5-р хуруу, зүүн мөр, зүүн гарын алга, баруун дал, нуруу, зүүн дал, бүсэлхийн зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/,

Шүүгдэгч Д.М-ийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 37-4 тоот хашааны үүдэнд орой 21 цагийн үед хамтран амьдрагч байсан эхнэр Буянжаргалтай кино үзэхээс болж хоорондоо маргаад зогсож байтал архи уучихсан согтуу хүн урд зүгээс ирж хажуугаар зөрөх үед асаагуурын гэрэл нүүр рүү тусгаж “чи юугаа хийж гудамжинд зогсож байгаа юм бэ, би Толгойтод чамайг мэдэхгүй юм байна” гэж над руу агсрахаар нь би “Толгойтод өөрийгөөр хэн гэдгийг мэдрүүлэх албагүй, чи өөрөө мөрөөрөө зүгээр яв” гэж хэлсэн. Тэр залуу намайг болон эхнэрийг түлхсэн. Тухайн үед манай эхнэр жирэмсэн байсан болохоор өмөөрөөд тэр залуугийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон чинь газрын уруу өнхрөөд унасан. Босч ирээд агсрах гээд байхаар нь тэр залууг дээрээс нь дараад хоёр гарыг нь барьж сууж байгаад найз Баасанжав, Цэнгүүнээ хоёр ирээд бид хоёрыг салгаад тэр залууг тэр хоёр сугадаад гэр рүү нь дөхүүлж өгөх гэтэл Т-гэх залуу Цэнгүүнийг цохиж унагаад над руу гүйж ирж намайг мөргөж унагаад би өөдөөс нь жийтэл хашаанаас Түмэндэлгэрийн эгч гэх эмэгтэй гарч ирээд “та нар хагалгаанд орсон хүнийг яагаад зодоод байгаа юм бэ, энэ хүн чинь үхчихвэл яах юм бэ” гэхээр нь би болсон явдлын талаар тайлбарлаж хэлэх гэсэн боловч тийм боломж өгөхгүй байсан болохоор ..өмнөөс нь “үхчихвэл оршуулгын зардлыг нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд би найзынхаа машинд буугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

хохирогчийн өргөдөл /хх-5/, мөрдөгчийн тогтоол /хх-39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, банкны лавлагаанууд /хх-51, 52, 53, 54, 55, 57, 59/, Голомт банкны дансны хуулга /хх-56/,  хохирлын баримт /хх-61/, хүсэлт /хх-65/, прокурорын санал /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар Б.Мнь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 дүгээр гудамжинд иргэн Э.Т-тэй маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг 2 сарын хугацаанд төлнө” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлын төлбөрт 130000 төгрөг төлж хохирлоо төлснийг /хх-71/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд торгох ялыг төлөх боломжтой гэх шүүгдэгчийн дүгнэлтийг үндэслэн уг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Мурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-ийг 500000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Мторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Мбусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР