Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 126/ШШ2025/0004

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А.Б***************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч А.Б*************** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Ц.Г*************** , гуравдагч этгээд Г.С*************** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэлийн шаардлага:

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг Хөвсгөл аймгийн Б**************  сумын иргэдийн Нийтийн Хуралд даалгах.

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:

Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошууд 4-р багийн Засаг даргын сонгуульд Ардчилсан намаас А.Б*************** , Монгол Ардын намаас Г.С*************** нар өрсөлдөж саналыг нууцаар явуулж, санал хураалтад Их-Уул багийн 1 иргэн санал өгсөн. Тухайн иргэнийг санал өгсний дараа шалгаж улсын бүртгэлийн ажилтан шалгаж үзэхэд Их-Уул багийн иргэн болох нь тогтоогдсон. Өөр багийн хүн оролцсон гэж маргасан. А.Б***************  79 санал, Г.С*************** 104 санал авч, 6 саналын  хуудас хүчингүйд тооцогдсон. Өөр багийн хүн санал өгсөн эсэхийг хянах шаардлага тавих боломжгүй. Өөр багийн иргэн сонгуульд оролцсон гэж маргажээ.

3.2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Баянхошуу багийн Засаг даргын сонгуулийг хүчингүй болгуулахаар улмаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч А.Б***************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1.Миний бие А.Б***************  нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байна. Манай багийн засаг даргын ээлжит сонгууль 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд миний бие Ардчилсан намаас багийн засаг даргад дахин нэр дэвшсэн.

4.2.Тухайн өдөр Б**************  сумын Баянхошуу 4-р багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид болон даргалагчийг сонгоход даргалагчаар Ц.Г***************  100 хувийн саналаар сонгогдсон.

4.3.Үүний дараа багийн засаг даргын өнгөрсөн 4 жилийн тайланг сонсох, багийн засаг даргын сонгууль зохион байгуулах комисс томилж, сонгууль явуулах дэгийг батлах, багийн засаг даргын сонгуулийг явуулахаар тус тус тухайн өдрийн хурлын хийх ажлын дарааллыг баталсан.

4.4.Миний бие өнгөрсөн жилүүдэд багийн Засаг даргаар ажиллаж байсан тайлангаа тавих гэтэл У*************** , М.Ц*************** гэх иргэд намайг тайлан тавиулахгүй гэж эсэргүүцэж, нийт иргэд тайланг нь сонсоно гэсээр би товч тайлан тавьсан.

4.5.Сонгууль явуулах дэгийг 1 хүн нэр дэвшвэл ил санал хураана, 2 ба түүнээс дээш хүн нэр дэвшвэл нууцаар санал хураана, санал хураалтад зөвхөн Баянхошуу багийн иргэн оролцоно гэж тогтоосон.

4.6.Ингээд Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн Засаг даргын сонгуульд Ардчилсан намаас А.Б*************** миний бие, Монгол Ардын намаас Г.С*************** нар өрсөлдсөн тул саналыг нууцаар хураахаар болсон.

4.7.Санал хураалт дунд Б**************  сумын Их-Уул багийн 1 иргэн санал өгсөн. Тухайн иргэнийг санал өгсний дараа нь улсын бүртгэлийн ажилтан хурууны хээгээр шалгаж үзэхэд Их-Уул багийн иргэн болох нь тогтоогдсон. Ингээд би гадны багийн хүн санал хураалтад оролцлоо гэж санал шүүмж хэлсэн боловч миний үгийг огт авч хэлэлцэхгүй санал хураалт дууссан.

4.8.Нийт 188 хүн оролцсоноос би 79 санал, 104 санал авч, 6 саналын хуудас хүчингүйд тооцогдсон. Ингэснээр Г.С***************-ийг багийн Засаг даргаар сонгохоор болсон.

4.9.Би тухайн багийн Засаг даргаар ажиллаж байсан учраас манай багт байнга амьдардаг хүмүүсээ танина. Тэгэхэд манай багт бүртгэлтэй боловч өөр газар амьдардаг нэрээр олон хүмүүс ирж саналаа өгсөн бөгөөд тэдгээр хүмүүс нь үнэхээр манай багийн хүн байсан уу, эсхүл саналаа өгөөд гараад явсан Их-Уул багийн иргэн шиг гадны хүмүүс байсан уу гэдгийг нь хянах, шаардлага тавих боломж байгаагүй.

4.10.Тиймээс би тухайн өдрийн багийн Засаг даргын сонгуулийг шударга сонгууль болж чадаагүй, зөвхөн Баянхошуу багийн иргэд санал хураалтад оролцоно гэсэн дэгээ зөрчиж, өөр багийн иргэнийг санал хураалтад оролцуулж, миний сонгогдох эрхэд хууль бусаар халдсан тул хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

4.11.Иймд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгч А.Б***************  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

5.1.Миний бие А.Б***************  Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн Засаг даргын сонгууль 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахад нэр дэвшиж оролцсон боловч гадны нэг иргэн орсон.

5.2.Нэр бичсэн цааснаас харж байхад овог нь зөрсөн, овоггүй гэх зэрэг олон хүний зөрчил байгаа. Тухайн үед би багийн Засаг дарга байсан учраас дараа нь нэрийг нь тулгаж үзсэн. Тэгэхэд н.Н************** гэдэг хүн манай багийн хүн амын програмд байхгүй байсан. Ц************** гэдэг нэртэй хүн 3 байдаг боловч Ш.Ц************** гэдэг хүн манай багт байхгүй. Ц.Б************** , Д.Б************** , Т.Б************** гэдэг 3 хүн байдаг боловч Г.Б************** гэж орсон байсан. Г.Г************** гэж хүн байдаг гэтэл Х.Г************** гэж бичсэн байна. Б.Б************** гэж байдаг боловч гарч ирээгүй. н.П************** гэдэг хүн 1 байдаг боловч Н.П************** гэж бүртгэсэн атлаа овоггүй П**************  гээд 2 хүн гарч ирсэн. Бид хоёрын нэрний урд сонголт гарч ирэн дугуйлж санал өгөхөөр байгаа.

5.3.Иргэдээ дугуйлаад явчихсан байгаа боловч санал өгсөн дээр гарын үсэг зуруулаагүй. Регистрийн дугаарыг нь аваагүй байгаа гэж үзээд ийм гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

   6.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан.

6.2.Гэтэл Баянхошуу багийн Засаг даргад нэр дэвшсэн Г.С*************** нь олонхын санал авсан гэдэгт эргэлзээтэй байна.

6.3.Учир нь саналын хуудас гэх 4 хуудас баримтаас харахад эхний нүүрэнд 67 хүний нэр бичсэн байгаа. Энд 34, 36 гэж дугаарласан буюу 35 гэсэн дугаар байхгүй, мөн эхний энэ нүүрэнд 26 хүнийг дугаарлаагүй байна. Дугаарлаагүй 9 хүний нэрийг дарсан байгаа. Энэ нь хүчинтэй юм уу үгүй юм уу гэдэг нь ойлгомжгүй. 2 дугаар хуудсанд 26 хүний нэр бичсэн боловч мөн дугаарлаагүй байна. 3 дугаар хуудсанд 53 хүний нэр байгаа боловч заримыг нь дугаарласан заримыг нь дугаарлаагүй. 4 дүгээр хуудсанд 68 хүний нэр бичсэн боловч 7 хүний нэрийг дарсан байгаа. Энэ нь хүчинтэй үгүй нь ойлгомжгүй байна. Энэ бүртгэлээс харахад нийт 213 хүний нэр бичсэн байгаа нь 213 хүн санал өгсөн юм уу гэж харагдаж байна. Ингээд дарсан хүний тоог гаргахаар 16 хүн байна. 16 хүнийг 213 хүнээс хасахаар 197 хүн байгаа. Мөн овгийн эхний үсэг тавиагүй 81 хүн байгаа.

6.4.Үүнээс харахад энэ хүмүүс Баянхошуу багийн иргэд мөн эсэх нь эргэлзээтэй байгаа учраас Баянхошуу багийн иргэдээс санал хураалт хангалттай авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

6.5.Санал хураалтын ажил хуулийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй учир 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцуулж тус багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

   7.1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Мөн төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг. Энэ үүднээсээ багийн Засаг даргад нэр дэвших үйл ажиллагаа нь Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа үйлдэл байдаг.

7.2.Энэ эрхийг хэн, хэрхэн зохион байгуулж байна вэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан “багийн иргэдийн Нийтийн Нурал” зохион байгуулж байгаа. Багийн иргэдийн нийтийн хурал хүний үндсэн эрхийг хангах энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа захиргааны байгууллагын хувьд Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын хүрээнд уг үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байсан.

7.3.Гэтэл Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Засаг дарын сонгууль нь хуульд заасан шаардлагад нийцсэн шударга ёсны санал хураалт болж чадаагүй гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

7.4.Учир нь хэргийн үйл баримтаас, гэрчийн мэдүүлгээс, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын аль алиных нь мэдүүлгээр өөр багийн иргэн буюу Их-Уул багийн иргэн н.О**************   гэдэг хүн саналаа өгсөн нь тодорхой болсон.

7.5.Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс бусад хүмүүс ч гэсэн манай багийн иргэн мөн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй гэж байна.

7.6.Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална” гэж заасан. 12.1.6-д “нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх” гэж заасан байна.

7.7.Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг иргэн яаж хэрэгжүүлдэг вэ гэхээр өөрийн оршин суугаа улсын бүртгэлтэй нутаг дэвсгэртээ саналаа өгдөг. Тэр нутаг дэвсгэрээсээ сонгогддог зарчимтай. Энэ нь Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-аар хэрэгжиж байгаа.

7.8.Санал хураалтыг зохион байгуулах үүрэгтэй иргэдийн Нийтийн Хурал маань нэн тэргүүнд хуулийн зарчмаа баримтах зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд санал хураалтыг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдгийг тусгайлан заасан журам байхгүй. Мөн бусад эрх бүхий этгээдээс гаргасан журам ч байхгүй учраас хуульд заасан зарчмаа баримтлах шаардлагатай.

7.9.Багийн Засаг даргын санал хураалтад нэн тэргүүний баримтлах ёстой зарчим нь тухайн багт оршин сууж байгаа иргэд саналаа өгөх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон гэрч, нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээр өөр багийн иргэд саналаа өгсөн гэдэг нь илэрхий харагдаж байна. Тухайн иргэний саналыг яасан гэхээр тооллогын комиссын дарга Р.Э************** гэдэг хүн гэрчийн мэдүүлэгтээ “тухайн хүнээс өөрөөс нь асуугаад А.Б*************** од саналаа өгсөн гэхээр нь тэрийг хасаж тооцсон” гэж ярьсан.

7.10.Энэ бол Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм. Баримтаар нотлогдож талуудын хүлээн зөвшөөрч байгаагаар н.О**************   гэдэг хүний санал байгаа боловч цаашдаа нэрсийн жагсаалт гэдэг баримт дээр нь тухайн багийн иргэн мөн үү, биш үү гэдэг нь тодорхойгүй гараар бичсэн тэмдэглэл байгаа.

7.11.Тэмдэглэлээс 195 хүн санал өгсөн юм уу, үгүй юм уу гэдэг нь ч ойлгомжгүй ийм нэрсийн жагсаалтыг үйлдэж байгаа нь захиргааны байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаа юм. Нэрсийн жагсаалт гэдэг баримт дээр регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг огт тусгагдаагүй байсан.

7.12.Нэрсийн жагсаалтад бичигдсэн хүмүүс нь Баянхошуу багийн иргэд мөн эсэхийг тодруулж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан боловч хариуцагч байгууллагаас тэр нэрсийн жагсаалтаас өөр баримт байхгүй гэж тухайн баримтад хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн байсан. Улсын бүртгэлийн байгууллага энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдэг байдлаар баримт ирүүлсэн. Үүнээс харахад нэрсийн жагсаалтад байгаа иргэд үнэхээр тухайн багийн иргэн мөн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа.

7.13.Магадгүй регистрийн дугаарыг нь бичсэн байсан бол улсын бүртгэлийн байгууллагаас тодруулаад ямар ч маргаангүйгээр хэлээд байгаа хүмүүс нь энэ багийн иргэн мөн гээд ганцхан н.О**************-тэй үлдэх боломжтой.

7.14.Гэтэл хүний сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлж байгаа иргэдийн Нийтийн Хурал маань ийм хайхрамжгүй, болгоомжгүйгээр нэрсийн жагсаалтыг хөтөлсний улмаас миний үйлчлүүлэгчийн сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн байна.

7.15.Иргэдийн Нийтийн Хурал маань захиргааны байгууллага байгаа. Захиргааны байгууллага болохын хувьд захиргааны шийдвэр үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т заасны дагуу хуульд нийцсэн байх зарчимтай.

7.16.Түрүүн дурдсанчлан нарийвчилсан журам байхгүй ч гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу энэ санал хураалтад оролцож байгаа иргэн манай багийн иргэн мөн эсэхийг тодруулж оруулсан байх шаардлагатай байсан.

7.17.Гэтэл хуульд нийцсэн байх гэсэн энэ шаардлага зарчмаа хэрэгжүүлж чадаагүй сонгуулийг зохион байгуулсан байдаг. Захиргааны байгууллага яаж хайхрамжгүй хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан юм бэ гэхээр гэрч Р.Э*****************  ын өгсөн мэдүүлэгт 80 санал авсан хүний саналаас А.Б*************** од санал өгсөн байна гээд 1 саналыг авч байгаа нь энэ санал хураалт хууль бус гэдгийг харуулж байна. Тухайн хүн үнэхээр А.Б*************** од өгсөн гэж хэлсэн юм уу эсвэл Г.С**************-д өгсөн юм уу гэдгийг нь нотолж тогтоох боломжгүй. Гэтэл үүнийг нэг талыг баримталж А.Б***************  гэдэг хүний саналаас авч байгаа нь захиргааны байгууллага хуульд нийцэх зарчмынхаа хүрээнд санал хураалтыг зохион байгуулж чадаагүй байна гэж үзэж байна.

7.18.Тухайн багийн Засаг даргын сонгууль явуулах дэг нь тодорхойгүй байдаг. Тэмдэглэл дээр 2 хүн нэр дэвшиж байгаа тохиолдолд нууцаар санал хураалт явуулна гэж тэмдэглэгдсэн болохоос биш санал хураалттай холбоотой тусгайлсан дэгийг батлаагүй байсан.

7.19.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн иргэдийн хурал дэгээ тогтоолоороо батлах ёстой. Гэтэл батлагдсан ямар нэгэн дэггүй зөвхөн тэмдэглэлд тусгагдах байдлаар явсан нь хууль ёсны зарчимд харшилсан гэж үзэж байна.

7.20.Санал хураалтыг нууцаар явуулж байгаа тохиодолд нууцын баталгааг хангах нь сонгууль хууль ёсны, шударга ёсны байх зарчимд нийцэх учиртай. Гэтэл комиссын дарга нь та хэнд саналаа өгсөн юм бэ гэж асуугаад тэр хүнд саналаа өгсөн гэж хэлэхээр нь энэ хүнд өгсөн юм байна гээд нэг нэр дэвшигчийнх нь саналаас хасаж байгаа нь мөн хууль ёсны байх зарчмаасаа гажсан шийдвэр байна.

7.21.Хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийг багийн Засаг дарга байсан учраас хүнээ мэднэ, таньж байгаа шүү дээ гэдэг байдлаар тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн өдрийн үйл ажиллагаанд А.Б***************  гэдэг хүн нэр дэвшигчээр оролцож байгаа. Тэнд нь тооллогын комисс гэдэг эрх бүхий комисс байгуулагдсан. Тэр хүмүүс санал хураалтаа зохион байгуулах үүрэгтэй. Нэр дэвшиж байгаа 2 хүний нэг нь комисст орж ажиллах нь шударга байж чадахгүй. Гэтэл чи өөрөө хүнээ таньж байгаа юм чинь гэдэг байдлаар тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй.

7.22.Нөгөө талаар нэгэнт тэр комисст орж ажиллаагүй учраас иргэдийн бүртгэл ямар байгаа, нэр нь хэрхэн яаж бичигдсэнийг нэхэмжлэгч мэдэхгүй байсан. Нэхэмжлэгч санал хураалт дууссаны дараа багийн Засаг даргаар ажиллаж байсан хугацаандаа өөрийн ХАӨМС программыг нэрсийн жагсаалт гэж байгаа баримттай тулгаж үзэхэд саяны хэлсэн нэрийн зөрчлүүд гарч ирсэн. Үүнийг хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс алдаа гарсан байж магадгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ бол хүний үндсэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа захиргааны байгууллага хариуцлагатайгаар зохион байгуулах ёстой.

7.23.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн Засаг даргын санал хураалтыг хүчингүйд тооцуулж, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

8.Хариуцагч Ц.Г***************  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

8.1.“Миний бие Ц.Г***************  нь Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон үнэн. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан нь үнэн.

8.2.Багийн харьяат иргэд иргэний хувьд эрхээ эдэлж саналаа өгсөн. Багийн Засаг даргад 2  хүн нэр дэвшиж нууцаар санал хураалт явагдаж хурлын дэг дарааллын дагуу болсон. Багийн нийт 195 хүн санал хураалтад оролцож саналаа нууцаар өгсөн. Нэр дэвшигч Г.С*************** 110 хүний санал, А.Б***************  79 санал авч, 6 саналын хуудас хүчингүй болсон.

8.3.Олонхын санал авсан Г.С***************-ийг нэр дэвшүүлж, сумын Засаг даргад өргөн барьсан. Энэ багийн хурал хууль ёсоор болж өнгөрсөн. Хууль бус ажиллагаа явагдаагүй нь үнэн” гэжээ.                                                 

9.Хариуцагч Ц.Г***************  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

9.1.Багийн нутгийн удирдах байгууллага, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга сонгох ажил сум орон нутаг, нутгийн иргэдийн өөрсдийн хариуцлагатай ажил. Миний бие багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг хийнэ гэдэг сайн дурын ажил. Бид нарт цалин байхгүй, урамшуулал гэж 120 000 төгрөг өгдөг. Би нэхэмжлэгчийн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, шүүхийн дуудсанаар наашаа цаашаа зөндөө явж зардал гарсан.

9.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон чинь багийн 183 өрхийн 190 хэдэн хүнийхээ саналыг үл хүндэтгэн шүүхийн танхимд ирчихсэн хурал хийж байгаа нь надад харамсалтай байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга улиралд 1 удаа хурал зохион байгуулах ёстой. Би багийн иргэдийн Нийтийн Хурлаа хуралдуулах гээд төлөвлөгөөгөө зохиочихсон маргааш, нөгөөдөр товоо зарлах гэж байна. 100 гаруй иргэд ирэхэд хуучин багийн даргатайгаа шүүхэд хэрүүлтэй байгаа гэж танилцуулахад багийн иргэд маань бид нарыг иргэдээ хүндэтгэхгүй гэж ярих байх.

9.3.Санал өгсөн хүмүүсийн саналыг хүндэтгээд 20, 30 хүний саналаар ялсан энэ хүмүүсийн хурлыг хүндэтгэж шүүх зөв шийдвэр гаргаж өгнө үү. Үнэн зөв явсан учраас олонхын санал авсан хүн нь олон нийтийн эрх ашгийн төлөө ажлаа хийгээд явмаар байна. Сумын Засаг дарга багийн Засаг даргаа батламжилсан маш их ажилтай үе шүү дээ. Манай төвийн баг сумынхаа нүүр царай болсон учраас ажил ихтэй байна.

9.4.Нутгийнхаа нийт иргэдийн эрх ашгийн төлөө явж байгаа. 1, 2 хүний эрх ашиг биш учраас бид нарын ажил хүлээгдэж байгаа. Цаашдаа яаж ажиллах талаар иргэддээ тайлбар хийх гэж байна. Гэтэл шинэ багийн Засаг дарга маань энд маргаантай байдаг. Энэ асуудлыг шүүгч үнэн зөвөөр шийдэж өгч бидний ажлыг цааш үргэлжлүүлж өгнө үү гэж багийн нийт иргэдийн өмнөөс хүсмээр байна гэв.

10.Гуравдагч этгээд Г.С*************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

10.1.“Миний бие Г*************** овгийн Г*************** овогтой С*************** иргэн А*************** овогтой Б*************** Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сумын хэмжээнд бүх багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаж Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр товлосон ёсоороо болсон ба энэхүү хуралдаанаар тухайн  багийн иргэдийн Нийтийн Хурлаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу /4 жил/ багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох асуудал гол хэлэлцэх асуудлын нэг байсан.

10.2. Миний бие ард иргэдээс санал болгосоны дагуу Баянхошуу багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэхээр сэтгэл шулуудаж багийн хуралдаанд оролцож нэрээ дэвшүүлсэн болно.

10.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зорилго нь бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн багийн нутаг дэвсгэр дээр хуульд заасан эрх хэмжээнд багийн хуралд оролцсон нийт иргэдийн олонхын саналаар аливаа шийдвэр, тогтоолыг гаргаж хэрэгжилтийг хангуулдаг нутгийн өөрөө удирдах ёс, өөрийн удирдлагын хамгийн анхан шатны байгууллага юм.

10.4.Миний бие Г.С*************** нь хуулийн дагуу зарлагдсан багийн Засаг даргыг сонгох сонгуульд багийн Засаг даргад нэр дэвшсэн ч аливаа нам эвсэл улс төр огт яриагүй, намаас нэр дэвшээгүй бөгөөд тухайн өдрийн хуралд оролцож нэр дэвшүүлэх үйл явдал эхлэхэд өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж, хуульд заасан бичиг баримт бүрдүүлэх материалаа хуралдаан даргалагчид гардуулан өгч санал хураалтанд оролцсон.

10.5.Санал хураалт дунд Их-Уул багийн 1 иргэн санал өгсөн тухайн иргэнийг санал өгсний дараа нь Улсын бүртгэлийн ажилтан хурууны хээгээр шалгаж үзэхэд Их-Уул багийн болох нь тогтоогдсон гэх явдал нь бидэнд ямар ч хамааралгүй бөгөөд Их-Уул багийн иргэн О**************   байхаа тэр хүн хуралд сууж байсан ба багийн дарга сонгох асуудал хэлэлцэж байхад босож ирж А.Б*************** ыг багийн даргад дэмжиж байна дахин сонгох хэрэгтэй, Г.С*************** дарга одоо болно олон ч жил ажил хийлээ гэж хэлсэн нь протоколд тэмдэглэгдсэн байх гэж бодож байна.

10.6.Миний бие ч энэ хүнийг Баянхошуу багт шилжүүлж авсан юм байх л гэж бодож суусан билээ. Ингээд санал хураалт явагдаж саналаа өгөөд гарах үед тооллогын комисс та Их-Уул багийн иргэн биз дээ гэж асуухад тийм гэж хариулж улсын бүртгэгчээр шалуулж Их-Уул багийн иргэн болох нь тогтоогдож асуудал үүсгэснийг тооллогын комисс иргэдийн Нийтийн хуралд оролцогчид танилцуулахад хуралд оролцогчид бүгд тэр ойлгомжтой А.Б***************  дарга албаар оруулж ирж санал өгүүлсэн юм чинь саналын тооноос нэгийг хасаад болно гэж бүх иргэд олонхын санал гаргаж баталгаажуулснаар санал хураалт цааш үргэлжилсэн болно.

10.7.А.Б***************  нь энэ асуудалтай холбогдуулж аймагт байдаг бөгөөд ирж саналаа өгч байгаа Баянхошуу багийн 2 иргэнийг шалгуулсан боловч тэд Баянхошуу багийнх байсныг ажаад сууж байлаа. Үүнээс улбаалан хэлэхэд зарим хүмүүсээс сонсоход багийн Засаг дарга А.Б***************  нь багийн харьяалалгүй иргэдийг хуралд оролцож надад саналаа өг гэж шахаж шаардаж явсныг нэг бус удаа миний бие сонссон. Тийм учир энэхүү нэхэмжлэл л зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэсэн зүйр үгтэй утга ижил болов уу.

10.8.Нэхэмжлэлдээ Г.С*************** 104 хүний санал авсан гэж нэхэмжлэлд дурджээ миний бие 110 хүний санал авсан тухай тооллогын коммисын тогтоолыг баталсан шийдвэр байгаа. Тухайн үед өөрөө хууль ёсны багийн дарга байсан бөгөөд ийм асуудал ярьж үндсэн багийнхаа иргэнийг танихгүй, багийн иргэн бус хүмүүсийг хуралд орж саналаа өг гэж зохион байгуулж өөрийн гэм буруугаа үл ухамсарлан ард иргэдийн сонголтыг үгүйсгэж байгаа явдал бол харин шударга бус асуудал, маш хариуцлагагүй үйл гэж ойлгож байна. Миний ажсанаар гадна дотноос танихгүй багийн иргэн бус хүн огт байгаагүй тухайн багийн суурин бүртгэлтэй хүмүүс л хуралд оролцож байсан.

10.9.Нэхэмжлэгч А.Б***************  нь багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцож дахин зохион байгуулах тухай нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд болох Г.С*************** миний бие шударгаар өрсөлдөж дийлэнх олонхын санал авсан тул өөрийн хийгээгүй үйлдлийнхээ төлөө багийн иргэдийн шударга сонголтыг үгүйсгэж өөрийнхөө хийсэн буруу үйлдлийг бусдынх болгож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

10.10.Нутгийн өөрөө удирдах ёс, өөрийн удирдлагын хамгийн анхан шатны байгууллага болох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн өдрийн хуралдаанд зарчмын зөрүүтэй санал, аливаа асуудлыг багийн хуралд оролцсон нийт иргэдээр хэлэлцүүлж хуралдаанаас томилсон Тооллогын комисс олонхын саналыг үндэслэн гарсан шийдвэрийг баталгаажуулж , тогтоол гаргаж холбогдох шатанд уламжилдаг эрх мэдэл болох энэ удаагийн хуралдааны шийдвэр холбогдох хууль болоод хуралдааны дэгийг зөрчөөгүй дахин хуралдаан зарлах шаардлагагүй хүчинтэй хурал болсон гэдгийг гэм буруугүй миний бие энэхүү тайлбартаа дурдаж байна” гэжээ.

11.Гуравдагч этгээд Г.С*************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  11.1.Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн олонхын санал дээр үндэслэн аливаа асуудлыг шийдвэрлэдэг. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар сонгууль зохион байгуулах тооллогын комисс албан ёсоор томилсон. Тооллогын комисс даргаа дотроосоо сонгодог дүрэм, журамтай. Эхлээд дэгээ батлаад явсан. Тооллогын комисст 5 хүн томилсон.

  11.2.Түрүүн 200 гаруй хүн ирцэд бүртгэгдсэн байна гэж ярьсан. Мэдээж тооллогын комисс саналаа өгсөн нийт хүмүүсийн тоог гаргаж тэр тоонд тохирсон саналын хуудас гаргаж тэндээс гарсан саналыг тооллогын комисс дүгнэж хэлэлцэх ёстой. 250 хүн оролцлоо гэхэд 195 хүн саналаа өгөөд бусад нь өгөөгүй байж болно. Тийм учраас тооллогын комисст тоологдсон саналаа өгсөн хүмүүсийн саналд үндэслэж тооллогын комисс дүнгээ гаргах ёстой гэж үзэж байна. 195 хүн тухайн үед саналаа өгсөн байсан. Магадгүй 200 гаруй хүн цугласан байсныг үгүйсгэхгүй. Би тэрийг мэдэхгүй байна.

  11.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ямар нэгэн асуудлыг шийдэх гол зарчим бол ардчилсан ёс, шударга ёс, иргэдийн олонхын саналыг үндэслэж шийдвэр гаргадаг. Энэ хуралдаан дээр мэдээж олонхын саналыг үндэслэсэн.

  11.4.Багийн иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын санал хураалт хүчин төгөлдөр, болсон үйл явц ч хүчин төгөлдөр гэж харсан. Багийн иргэдийн нийтийн хуралдаанд оролцож багийн Засаг даргад хууль ёсны дагуу материалаа бүрдүүлээд албан ёсоор хүлээлгэж өгсөн.

  11.5.А.Б***************  дарга багийн даргын сонгууль болтол тайзан дээр сууж тайлангаа тавьсан. Шударгаар өрсөлдөж олонхын санал авсан эрх минь хэн нэгэн буруутай этгээдээс болж хязгаарлагдах ёсгүй гэдгийг хэлмээр байна гэв.

                                              ҮНДЭСЛЭХ нь;

12.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.Б***************-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг Хөвсгөл аймгийн Б**************  сумын иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт явуулж, санал хураалтын дүнгээр Г.С*************** олонхын санал авчээ. Улмаар Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор санал хураалтад олонхын санал авсан Г.С***************-ийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилжээ.

14.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулж, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг Хөвсгөл аймгийн Б**************  сумын иргэдийн Нийтийн Хуралд даалгах шаардлага гаргасан.

15.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт буюу санал хураалтын дүн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

16.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, ... тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. ...” гэжээ.

17.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу баг 2023 оны жилийн эцсээр 193 өрхтэй байсан[1] ба тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд 195 иргэн оролцож[2], хуралдааны ирц Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан шаардлагад нийцсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

18.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: ... 32.8.2.Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасан.

19.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн хурал 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэг хүн нэр дэвшвэл илээр, хоёр хүн нэр дэвшвэл нууцаар санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

20.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд А.Б*************** , Г.С*************** нар багийн Засаг даргад өрсөлдөхөөр нэр дэвшиж, улмаар санал хураалтыг нууцаар явуулжээ.

21.Санал хураалтын дүнгээр хүчингүй 6 санал, нэр дэвшигч А.Б***************  79 санал, Г.С*************** 110 санал авсан байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Р.Э*****************  ын мэдүүлэг, тооллогын комиссын тогтоолоор тогтоогдсон.

22.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1. ... иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1.-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасныг зөрчөөгүй байна.

23.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: ... 32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар иргэдийн олонхын санал авсан Г.С***************-ийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар тогтжээ.

24.Энэ нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна.

25.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд ... доор дурдсан зарчмыг баримтална: ... 12.1.6.нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заасан.

26.Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага тул Хурлын хуралдаанд тухайн багийн иргэд биеэр оролцох бөгөөд бусад багийн иргэд оролцохгүй гэсэн агуулгатай.

27.Нэхэмжлэгч А.Б***************  “Санал хураалтад Их-Уул багийн нэг иргэн оролцож санал өгсөн. Манай багт бүртгэлтэй боловч өөр газар амьдардаг нэрээр олон хүмүүс ирж саналаа өгсөн бөгөөд тэдгээр хүмүүс нь үнэхээр манай багийн хүн байсан уу, эсхүл саналаа өгөөд гараад явсан Их-Уул багийн иргэн шиг гадны хүмүүс байсан уу гэдгийг нь хянах, шаардлага тавих боломж байгаагүй тул хууль бус санал хураалт болсон” гэх агуулгаар маргасан.

28.Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд Б**************  сумын Их-Уул багийн нэг иргэн оролцож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад саналаа өгсөн болох нь гэрч Р.Э*****************  , Х.С*****************  нарын мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

29.Гэвч энэ нь Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн санал хураалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

30.Учир нь Баянхошуу багийн Засаг даргад өрсөлдсөн хоёр хүний саналын зөрүү 31 байна. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад 195 хүн оролцож санал өгснөөс хүчингүй 6 санал, нэр дэвшигч А.Б*************** т өгсөн 79 санал, Г.С**************-д өгсөн 110 санал байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Р.Э*****************  ын мэдүүлэг, тооллогын комиссын тогтоолоор тогтоогдсон. Энэ нөхцөлд өөр багийн харьяат нэг хүний санал хүчингүйд тооцогдсон, эсхүл хэн нэгний талд тоологдсон эсэхээс үл хамаарч санал хураалтын дүн хүчинтэй байх юм. Өөрөөр хэлбэл нэг санал нь 31 саналын зөрүүтэй ялалт, ялагдлыг өөрчлөхгүй.

31.Нэхэмжлэгч А.Б***************  “Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд овгийн эхний үсэг зөрүүтэй, хүн амын бүртгэлийн системд бүртгэлгүй гэх мэт зөрчилтэй О**************  , Н*****************  , Ц*****************  , Б*****************  , Г*****************  , Б*****************  , П**************  нарын 7 хүн санал хураалтад оролцсон нь хууль бус байна” гэсэн агуулгаар маргасан.

32.Эдгээр хүмүүс Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд оролцож байх тухайн үед харьяаллын талаар маргаан гараагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Р.Э*****************  , Х.С*****************  нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэлээр[3] нотлогдож байна.

33.Эдгээр нэр бүхий 7 хүн харьяалал зөрчиж Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд оролцож санал өгсөн байлаа ч багийн Засаг даргад нэр дэвшигчдийн саналын дүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч А.Б*************** , Г.С*************** нарын саналын зөрүү 31 байгаа тул 7 /өмнөх 1 хүний саналтай нийлээд 8/ хүний санал ямар байхаас үл хамаарч санал хураалтын дүн хүчинтэй байх юм.

34.Иймд Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас багийн Засаг даргад Г.С***************-ийг нэр дэвшүүлж 05 дугаар тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: ... 32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэсэнд нийцэж байна.

35.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.

36.Захиргааны хэргийн шүүх нь хүний субьектив эрхийг хамгаалдаг. Субьектив эрх гэдэг нь хууль, хэм хэмжээний актад шууд заасан, эсхүл тэдгээрийн үндсэн дээр олж авч болох эрх мэдэл буюу боломж юм.

37.Энэ тохиолдолд нэхэмжлэгч А.Б***************-ын субьектив эрх зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу түүний нэрийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад өргөн мэдүүлэх боломж байхгүй. Тэрээр олонхын санал аваагүй байна.

38.Нэхэмжлэгчийн маргаж буй 8 хүний саналын зөрүү байсан эсэхээс үл хамаарч 31 саналын зөрүүтэй санал хураалтын дүн хүчинтэй байх учраас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй гэж үзнэ.

39.Хэдийгээр Их-Уул багийн нэг иргэн Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд оролцож санал өгсөн, түүний саналыг нэхэмжлэгч А.Б***************-ын саналаас хасаж тооцсон болох нь тогтоогдсон ч энэ нь захиргааны актыг бүхэлд нь хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

40.Аливаа захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус шинжийг агуулаагүй бол эрх зүйн үйлчлэлтэй байдаг онцлогтой юм.

41.Нэхэмжлэгч А.Б***************-ын маргаж буй “Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд оролцогчдын нэрийг бүртгэхдээ овгийн эхний үсгийг тавиагүй, овгийн эхний үсгийг өөрөөр бичсэн, дугаарлаагүй, регистрийн дугаар, утасны дугаар хаягийг тодорхой бичээгүй тул санал хураалт бус болсон” гэх үндэслэлд дараах тайлбар өгье.

42.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заасан.

43.Тодруулбал тухайн багийн харьяат иргэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр Хурлын оролцогч болох бөгөөд түүний нэрийг бичихдээ овгийн эхний үсгийг нь орхигдуулсан, буруу бичсэн гэдэг нь Хурлын оролцогч биш гэж үзэх үндэслэл болохгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурлын оролцогчийн хувийн мэдээллийг заавал бүртгэж авах гарын үсэг зуруулах талаар заагаагүй. Захиргааны байгууллага хуулиар эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргах эрхгүй.

44.Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгохоор заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээлэл цуглуулж, боловсруулна: 6.1.1.мэдээллийн эзний зөвшөөрлөөр; 6.1.2.хуульд заасан үндэслэлээр” гэжээ.

45.Тодруулбал төрийн байгууллага хүний хувийн мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр болон хуульд заасан үндэслэлээр цуглуулах эрхтэй бөгөөд мэдээллийн эзэн зөвшөөрөөгүй, хуульд заагаагүй бол хувийн мэдээллийг цуглуулах эрхгүй.

46.Багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комисс Хурлын оролцогчдын нэрсийг бүртгэхдээ овгийн эхний үсгийг бичээгүй, буруу бичсэн, дугаарлаагүй, регистрийн дугаар, утасны дугаар, оршин суугаа хаягийг бичээгүй гэдэг нь иргэний сонгох, сонгогдох үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Хуралдааны үед тухайн асуудлаар маргаан гараагүй.

47.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ... 9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасныг захиргааны байгууллага аливаа хууль бус хязгаарлалтгүй заавал хэрэгжүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.8.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б***************-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн Б**************  сумын Баянхошуу багийн 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг Хөвсгөл аймгийн Б**************  сумын иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

[1] Хэргийн 42 дугаар хуудас, Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 тоот албан бичиг

[2] Хэргийн 15-20 дугаар хуудас, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн хурлын тэмдэглэл

[3] Хэргийн 15-20 дугаар хуудас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн иргэдийн Нийтийн хурлын тэмдэглэл