Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/1037

 

 

 

 

   2023           10            26                                         2023/ДШМ/1037   

 

П.А , Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2302 00461 0260 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

П.А, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .../,

Б.Д, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .. мэргэжилтэй, ... их сургуульд багш ажилтай, ам бүл .., ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:..../,

1. Шүүгдэгч П.А  нь ... дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

- Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

  • Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
  • Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биөлуүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхопд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж,

               2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 516 дугаар пост “...” төвийн урд талын зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” бичиг баримттай байна, 3.7 дахь хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн зөрчил гаргагч ...улсын дугаартай, “...” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Д-н ашиг сонирхлын үүднээс хуульд заасан журмын дагуу зөрчлийг шийдвэрлүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Б.Д-аас 80,000 /наян мянга/ төгрөгийн хахууль авсан,

               2. Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 516 дугаар пост “...” төвийн урд талын зам дээр ...улсын дугаартай, “...” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” бичиг баримттай байна, 3.7 дахь хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулахгүй байх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчлийг илрүүлсэн ... дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч П.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 80,000 /наян мянга/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

               Нийслэлийн Прокурорын газраас: П.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Д-н үйлдлийг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

               ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.А д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадуламд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс, шүүдэгч П.А-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд өөрийн үйлдэлдээ маш их харамсан гэмшиж байна. Мөрдөн байцаалтын явцад өөрийн гэм бурууг шударгаар хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт өгч байсан. Миний хувьд бусдад төлөх төлбөр байхгүй. Хохирлын 80.000 төгрөгийг төлж барагдуулсан боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн. Миний бие айлын ууган хүү бөгөөд 6 дүүтэй. Эцэг, эх минь эрхэлсэн ажилгүй, 6 дүү минь оюутан, 12 жилийн сурагчид тул би гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж ам бүлээ тэжээдэг. Мөн миний эхнэр 4 сартай жирэмсэн. Миний бие айлын ууган хүүгийн хувьд дүү нартаа үлгэр дууриалал болж гэр бүлээ тэжээх, дүү нараа сурган хүмүүжүүлэх, нийгэмшүүлэхэд том ахын хувиар үүрэг, хариуцлагатай байж чадалгүй алдаа гарган гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Мөн байнгын эмчийн хяналтанд байдаг зүрхний өвчтэй аавыгаа асрах, жирэмсэн эхнэрээ халамжилж хүүхдээ төрөхөөс  өмнө амьдралаа тэтгэж чадалгүй гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Миний анх удаа гэмт хэрэг хийсэн, гэм буруугаа шударгаар хүлээж гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулсан болон ар гэрийн нөхцөл байдлыг минь үндэслэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.А гийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч П.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн, төлөх төлбөргүй, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт буруу дээрээ маргаагүй, Б.Д-н хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд тухайн хуулийн 1.3-т энэ хуулийн хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн болон ар гэрийн байдал мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй. Шүүгдэгч П.А  болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан гаргах эсрэг саналгүй” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь үүрэг болгосон хэм хэмжээ биш учир анхан шатны шүүхээс шүүгдэгч П.А д 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч П.А гийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

П.А  нь ... дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 516 дугаар пост “...” төвийн урд талын зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчил гаргагч Б.Д-н ашиг сонирхлын үүднээс хуульд заасан журмын дагуу зөрчлийг шийдвэрлээгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Б.Д-аас 80,000 /наян мянга/ төгрөгийн хахууль авсан,

               Б.Д нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 516 дугаар пост “...” төвийн урд талын зам дээр ...улсын дугаартай, “...” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулахгүй байх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчлийг илрүүлсэн ... дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч П.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 80,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийн үйл баримт нь:

гэрч Т.О-ын “... манай эхнэр Б.Д-ыг цагдаагийн алба хаагч зогсоож, саатуулаад мөнгө нэхэж авсан байсныг надад ирж хэлсэн. Анх болсон процесс нь манай эхнэр ...улсын дугаартай ... маркийн машинтай ...ы нэг цэгийн үйлчилгээ орох гэж яваад зам хаасан, хориглох тэмдэглэгээ байхгүй байхад нь зогсоолын гарах тал руу урсгал сөрөөд орсон гэсэн. Тэгээд урсгал сөрөхөд нь цагдаа зогсоосон байсан. ... Орой нь эхнэртэйгээ уулзсан чинь нөгөө цагдаа миний бичиг баримтыг өглөө 10 цагийн үед авчихаад өгөхгүй 14 цаг хүртэл байлгасан. ... Тэгэхээр нь манай эхнэр өөрийн ээмэг, бөгжөө ломбардад тавиад “байгаа нь надад 80,000 төгрөг байна” гээд 80,000 төгрөг өгөөд салсан байсан ...” /1хх 34-35/,

гэрч Ц.Г-ын “... Би П.А тай хамтран амьдарч байгаа юм. Өмнөх өдрийнх нь орой бид хоёр унтах гээд хэвтэж байхад манай найз залуугийн гар утас нь дуугараад нэг согтуу залуу утсаар яриад “би чамайг шалгадаг газраар нь шалгуулна” гээд утсаа тасалсан гэсэн. Тэгэхээр нь би гайхаад асуусан чинь “өдөр нь ажлаа хийж байхдаа П.А  зөрчилтэй иргэнийг зогсоогоод шалгахад жолоочийн үнэмлэхийн хугацаа дууссан байсан, гурван хүүхэдтэйгээ явж байсан гэсэн. Тэгээд манай найз залуугаас эгчийгээ явуулчих гээд гуйгаад байхаар нь та ямар зөрчил гаргаснаа мэдэж байгаа биз дээ таны машиныг ачуулж 200,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн чинь гуйсаар байгаад бичиг баримтаа аваад явсан гэсэн. Тэгээд явахдаа манай найз залуугийн утасны дугаарыг аваад эгчийн дүү эндээ зогсож байна биз дээ гээд хэсэг хугацааны дараа утас руу нь залгаад ирж уулзаад машиндаа суулгаад “талархсан сэтгэлийн үүднээс хоолны мөнгө өгье” гэхээр нь “болохгүй” гэж хэлэхэд “эгчийн дүү зүгээр хоол аваад идчих, эгч нь ямар ч асуудал гаргахгүй” гээд баярласан сэтгэлийн үүднээс 80,000 өгсөн гэж байсан. ...” /1хх 111-112/,

гэрч Г.П-ын “...Цагдаа зохицуулагч нь урсгал сөрсөн тээврийн хэрэгслийн жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийг бичиг баримт түр хураан авсан бичиг өгч хураан авдаг. Тэгээд тухайн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг ахлах зохицуулагчид өгнө. Тэрнээс тухайн зөрчлийг илрүүлсэн зохицуулагч цагдаа зөрчлийг шийдвэрлэх боломжгүй. Ахлах зохицуулагч тухайн жолоочийн бичиг баримтыг хэрэг бүртгэгч болон зохицуулагчид шилжүүлдэг. Бичиг баримтыг хүлээн авсан хэрэг бүртгэгч болон зохицуулагч тухайн зөрчил гаргасан жолоочийг дуудаж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-д заасны дагуу жолоодох эрхийг нь 3 сарын хугацаагаар хасаж, 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ хэвлэж өгдөг. Тухайн зөрчил гаргасан этгээд нь шийтгэлийн хуудасны дагуу 14 хоногийн хугацаанд торгуулийг төлөх ёстой. Эсвэл тухайн зөрчлийг илрүүлсэн цагдаагийн алба хаагч бланк бөглөөд, гомдол, мэдээллийн санд бүртгэж хэрэг бүртгэгчид шилжүүлж болно. Хэрэг бүртгэгчид шилжсэн тохиолдолд мөн дээрх хуулийн заалтын дагуу арга хэмжээ аваад зөрчлийн материалыг прокурорт танилцуулдаг. ...” /1хх 31-32/,

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 в/1628 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн албаны шалгалтын материал /1хх 2-29/,

Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай “... Б.Д /РД:.../-ийн мэдээллийг жолоочийн бүртгэлийн санд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх “В” ангиллын сургалтад хамрагдан 2.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... дугаартай жолоодох эрхийн үнэмлэх олгогдсон бөгөөд ... оны .. дугаар сарын ..-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан төлөвтэй байна ...” гэсэн албан бичиг, түүний хавсралт /1хх 71-72/,

... дүүргийн Цагдаагийн газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 28з/1279 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 127-219/,

“...” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 4/5318 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 223-226/,

“...-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05-01/5420 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 231-242/,

“....” ХХК, “Юнител” ХХК-аас ирүүлсэн П.А гийн 99857657 дугаарын, Б.Д-н ... дугаарын яриа, мессежний жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 220-221, 227-229/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч П.А г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Д-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн буюу хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

          Шүүгдэгч П.А , түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зааснаар шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн ба ингэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ар гэрийн шалтгаан, хувийн байдлуудыг иш татсан байна.

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.

          Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд анхан шатны шүүхээс П.А , Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.А д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-днийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнээд “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч П.А гийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А , түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А гийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ          

              ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН