| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04582/И |
| Дугаар | 191/ШШ2025/00813 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00813
2025 01 29 191/ШШ2025/00813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Ц овогт Уын Сийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Ю” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6.595.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч У.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б,
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.С нь хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн төлбөр 6.595.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие У.С нь 2022 оны 12 сарын 01-ний өдөр “Ю” ХХК-тай “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Ю” ХХК нь Европын ажлын гэрээгээр Норвеги улсад ажиллах хөтөлбөрт хамруулах, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай СV анхан шатны танилцуулгыг бэлтгэх, ажил олгогчид зуучлах, ажлын ярилцлагад бэлдэх, хөдөлмөрийн гэрээг байгуулахад зуучлах, ажил олгогчийн урилга авч өгөх, тухайн улсад оршин суух визийн материил бүрдүүлэх, виз мэдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээж, үйлчлүүлэгч буюу миний зүгээс гэрээний нийт үнэ болох 1800 еврог гэрээг байгуулсан өдөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн байсан. Гэвч 2022 оны 12 сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдан, төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүргэл хугацаанд “Ю” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын ямар нэг үр дүн гаргалгүй өнөөдрийг хүрсэн төдийгүй миний зүгээс гэрээг цуцалж, төлбөрөө буцаан авах хүсэлт гаргахад уг хүсэлтийг шийдвэрлэхгүй “ирэх 7 хоногт хариу ирнэ ...”, “-Одоохон ажил бүтэх гээд байна, хүлээж бай”, “Манайх анх удаа энэ чиглэлээр зуучлал хийж байгаа болохоор туршлагагүй удааж байна, одоо л нэг хариу ирж, бүтэх гээд байна” гэх зэргээр маш олон удаа шалтаг хэлж буцаадаг байсан бөгөөд сүүлд намайг гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээг төлбөрөө буцаан олгохыг шаардахад “-300 еврог л өгнө” гэсэн хариу хэлж, бид харилцан тохиролцолд хүрч чадаагүй юм. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 12 сарын 01-ний өдрийн тоот гэрээг 2023 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулж, мөн 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 1 сараар дахин сунгасан байдаг. Тус гэрээний 6.5-д “бүх үйлчилгээ хийгдэж ажлын зөвшөөрөл маягт, урилга ирж виз мэдүүлсэн боловч визийн ярилцлагад тэнцээгүй тохиолдолд сонгосон улс дахь ажлын болон визийн спонсор байгууллагуудын үйлчилгээ, Монгол Улс дахь компанийн үйлчилгээний зардал, үйл ажиллагааны өртөгт зарцуулагдсан үйлчилгээний нийт төлбөр 1300 евро үл маргах журмаар бүрэн суутгагдана" гэж заасан байхад “Ю” ХХК-ийн зүгээс ажил олгогчийн урилга ирээгүй, виз ч мэдүүлээгүй байхад үндэслэлгүйгээр төлбөр суутгана гэж байгаад гомдолтой байна. Энэ мөнгийг би анх бүрдүүлэхдээ зээл авч бүрдүүлж байсан бөгөөд одоо ч үр дүн гараагүй надад зээлийн хүүгийн дарамт болсоор байгаа болно. Энэ асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх үүднээс би шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч “Ю” ХХК-ийн захирал Б.Г нь уулзалт дээр баримт материалаа үзүүлээгүйн улмаас уулзалт амжилтгүй болж, шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн болно. Иймд 2022 оны 12 сарын 01-ний өдрийн тоот гэрээний гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээний дагуу төлсөн 1.800 евро буюу 3664 төгрөгөөр тооцсон дүн болох 6.595.200 төгрөгийг хариуцагч “Ю” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус компани нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн У.Стай “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, үйлчилгээ үзүүлэхээр болсон юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор гэрээний хугацаа 2023 оны 07-р сарын 03-ны өдрийг хүртэл байгуулагдсан. Хэдийгээр гэрээгээр тохиролцсон хугацаа дуусгавар болсон ч талуудын хэн аль нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах болон дуусгавар болгох санал гаргалгүйгээр байнгын холбоотой ажиллаж, гэрээнд заасан үйлчилгээг үргэлжлүүлэн явуулж, үйлчлүүлэгчид гэрээнд заасан болон өөр бусад мэдээ, мэдээллийг өгч байсан. Тухайлбал, компанийн менежер П.Бийн “З” гэдэг нэртэй фэйсбүүк хаягнаас 2023 оны 08-р сарын 08, 10-ний өдрүүдэд У.Сгийн фэйсбүүк хаяг руу явуулж байсан мэдээ, мэдээлэл, Сийн асуултад хариулж байсан зэрэг баримтаас тодорхой харагдана. Манай компанийн зүгээс гэрээний хугацааг ялимгүй хэтрүүлсэн ч гэсэн нэхэмжлэгчийн хувьд гэрээг хэвийн үргэлжлүүлж байсан тул гүйцэтгэгчийн хувьд гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн байдаг. Мөн 2023 оны 11-р сарын 17-ны өдөр У.Сгийн гэсэн дугаараар холбогдож Норвеги улсад ажиллах урилга буюу хөдөлмөрийн гэрээ бусад холбогдох баримтууд ирсэн талаар мэдэгдэж, виз мэдүүлэхэд шаардлагатай баримтууд болон визний хураамжийг бэлдэх талаар хэлэхэд визний хураамжийг виз гарсны дараа төлнө гээд өөрөө таг, алга болсон байдаг. Манай компанийн зүгээс дахин 2024 оны 01-р сарын 04-ны өдөр англи хэл дээр баримт материалаа бүрдүүлж өгөхийг шаардсан боловч визний хураамжийг түрүүлж өгөх боломжгүй гэдэг хариуг өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.7-д виз мэдүүлэхтэй холбоотой материалыг өргөн барихад холбогдон гарах визний хураамж, шуудангийн зардал зэргийг үйлчлүүлэгч өөрөө хариуцахаар тохиролцсон байдаг. Европын ажлын урилга буюу ажиллахыг зөвшөөрсөн хөдөлмөрийн гэрээ баримтууд нь тодорхой хугацаатай, үнэ төлбөртэй байдаг бөгөөд манай компанийн зүгээс энэхүү зардалд 1000 ам.долларыг гэрээт байгууллага руу шилжүүлсэн байдаг бөгөөд энэхүү 2023 оны 11 сарын 15-ны өдөр ирүүлсэн урилгын визинд орох хугацаа дууссан тул 2024 оны 02 сард Норвегийн хөдөлмөрийн гэрээ буюу урилгыг дахин авч У.Сгийн албан ёсны майл хаяг болох хаяг руу 2024 оны 04 сарын 03,04,11,25 болон 05-р сарын 15-ны өдрүүдэд удаа дараа гэрээний дагуу визинд орох материалыг бүрдүүлэх талаар шаардаж байсан боловч У.С нь өөрөөс шалтгаалах зүйлийг биелүүлээгүй байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4-р зүйлийн 4.6 болон 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар ажлын зөвшөөрөл, маягт урилга ирсэн тохиолдолд сонгосон улс дахь ажлын болон визний спонсор байгууллагуудын үйлчилгээ, Монгол дахь компанийн үйлчилгээний зардал, үйл ажиллагааны өртөгт 1300 ЕUR-г үл маргах журмаар суутгахаар талууд харилцан тохиролцсон байдаг. Иймд манай компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнд заасны дагуу үйл ажиллагааны зардалд 1300 ЕUR тэнцэхүйц төгрөгийг суутган авч 500-ЕUR-той тэнцэхүйц төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоход татгалзах зүйл байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 40/22 дугаартай Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, орлогын мэдүүлэг, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 5 хуудас фэйсбүүкийн харилцан яриа,
хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хариу тайлбар, үйлчилгээний гэрээ, 2023 оны 11 сарын 10-ны өдрийн гэрээ, батлан даалтын бичиг, ажиллах хугацааны орон байрны баталгаа, гэрээ дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Батлан даалтын бичиг, иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ, Г гадаад төлбөрийн даалгавар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Виз мэдүүлэгчийн хариуцлагын санамж бичиг, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу цахим хаягнаас хаяг руу 2024.04.03, 2024.04.04, 2024.04.25, 2024.05.16- ны өдрүүдэд Норвеги улсын визинд орох талаарх мэдээлэл, шаардлагыг хүргүүлсэн гэх и-мэйлүүдэд, нэхэмжлэгчийн дугаараас хариуцагчийн дугаар луу, хариуцагчийн дугаараас нэхэмжлэгчийн дугаар луу илгээж байсан 2023.11.14, 2024.02.02, 2024.02.06, 2024.02.07, 2024.04.01-ний өдрүүдийн мессежүүдэд, хариуцагч Б.Гийн whats up бизнес аккаунтад 2023.11.13-ны өдөр Норвегийн вант Улсад ажиллах эрхийн зөвшөөрөл буюу урилга ирүүлсэн тухай чатанд үзлэг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч У.С нь хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх зуучлалын хөлс 6.595.200 төгрөгийг өгсөн. “Ю” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 6.595.200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Хариуцагч нь Г.Сд гэрээний хугацаанд Европт ажиллах холбогдох бүх бичиг баримт ирж өгөхийг манай компанийн зүгээс утас, мэйлээр мэдэгдсэн болно. Гэвч Норвегийн Элчин сайдын яаманд бүрдүүлэн өгөх бичиг баримтыг өөрийн биеэр бэлтгэж компанид хүлээлгэн өгөөгүйн улмаас виз мэдүүлгээс хоцорч тус улсад ажиллах эрхээ баталгаажуулаагүй, бид гэрээгээ зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, орлогын мэдүүлэг, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 5 хуудас фэйсбүүкийн харилцан яриа, 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хариу тайлбар, үйлчилгээний гэрээ, 2023 оны 11 сарын 10-ны өдрийн гэрээ, батлан даалтын бичиг, ажиллах хугацааны орон байрны баталгаа, гэрээ дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Батлан даалтын бичиг, иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ, Голомт банк гадаад төлбөрийн даалгавар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Виз мэдүүлэгчийн хариуцлагын санамж бичиг, хариу тайлбар, үзлэг хийлгэх тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.“Ю” ХХК, У.С нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Европын ажлын гэрээний хөтөлбөрт үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээний үндсэн төлбөр 1800 евро, гэрээ байгуулагдсанаар үйлчилгээ эхэлсэнд тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутмын 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 10-12 тал/
Дээрх гэрээний үйлчилгээний хөлс 1800 еврог 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр төлсөн. Төлбөр төлсөн тухайд талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлсөн төлбөрийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Ю” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын ямар нэг үр дүн гаргалгүй өнөөдрийг хүрсэн төдийгүй миний зүгээс гэрээг цуцалж, төлбөрөө буцаан авах хүсэлт гаргахад уг хүсэлтийг шийдвэрлэхгүй ирэх 7 хоногт хариу ирнэ, одоохон ажил бүтэх гээд байна, хүлээж бай, манайх анх удаа энэ чиглэлээр зуучлал хийж байгаа болохоор туршлагагүй удааж байна, одоо л нэг хариу ирж, бүтэх гээд байна гэх зэргээр маш олон удаа шалтаг хэлж буцаадаг байсан бөгөөд сүүлд намайг гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээг төлбөрөө буцаан олгохыг шаардахад 300 еврог өгнө гэсэнд гомдолтой гэж маргасан.
Хариуцагч “Ю” ХХК нь тоот гэрээ байгуулан Европын ажлын гэрээний төсөлд бүртгүүлэн Норвеги дахь төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас олгосон 25 хүний квотод багтан үйлчилгээ авсан. У.Сийн төслийн хугацаанд Европт ажиллах холбогдох бүх бичиг баримт ирж манай компанийн зүгээс утас, мэйлээр мэдэгдсэн, гэвч Норвегийн Элчин сайдын яаманд бүрдүүлэн өгөх бичиг баримтыг өөрийн биеэр бэлтгэж компанид хүлээлгэн өгөөгүйн улмаас виз мэдүүлгээс хоцорч тус улсад ажиллах эрхээ баталгаажуулаагүй болно. Ю компанийн зүгээс гэрээний үүргээ 100% биелүүлсэн гэж маргасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө төл гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан байна.
Хариуцагч “Ю” ХХК нь У.С нь гэрээний хугацаанд манай компани дээр ирж холбогдох баримтуудыг ирүүлээгүй манай компани зүгээс холбогдох баримтуудаа ирж өгөхийг удаа дараа мэдэгдэж байсан хэмээн тайлбарлан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн батлан даалтын бичиг, ажиллах хугацааны орон байрны баталгаа, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн батлан даалтын бичиг, гадаад төлбөрийн даалгавар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн хэдий ч гэрээний хугацаа дууссанаас хойшх хугацааны баримт байх тул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
2023 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Гадаад төлбөрийн даалгавар 1000 ам.доллар гэх баримтыг У.Сгийн гэрээний төлбөрт зориулж шилжүүлсэн баримт үзэх гэж боломжгүй, хаанаас хаашаа юунд зориулж шилжүүлсэн төлбөр эсэх нь тодорхойгүй байна.
“Ю” ХХК, У.С нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээн”-ний дагуу төлсөн төлбөр 1800 евро буюу 6.595.200 төгрөгийг хариуцагч “Ю” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч У.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 120.473 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 120.473 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Ю” ХХК-иас 6.595.200 /зургаан сая таван зуун ерэн таван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Сд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120.473 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю” ХХК-иас 120.473 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Сд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН