2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01187

 

   2025         02         10                                              191/ШШ2025/01187   


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, паспортын дугаартай, П -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, дугаар регистртэй, Ч овогт Дийн Н-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 59.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.                             
ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П нь хариуцагч Д.Нд холбогдуулан 59.200.000 төгрөг гаргуулахын хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 
Төлөөлүүлэгч БНСУ-ын иргэн П нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын иргэн Д.Нийн хүсэлтээр, түүнтэй харилцан тохиролцож, 40.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлийн хэлцэл хийсэн. Д.Нд 40.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Д.Нгийн худалдаа хөгжлийн банкны  тоот дансаар шилжүүлэн өгсөн. Ингэхдээ барьцаа хөрөнгийг баталгаажуулах үүднээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан, Д.Нгийн төрсөн эх болох Бийн өмчлөлийн тоот хаягт байрших, 30 м.кв 2 өрөө орон сууцыг 40.000.000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Пийн нэр дээр гаргуулж хууль ёсны өмчлөгч болсон. Талууд анх тохиролцохдоо, зээлээ төлж чадахгүй бол уг байрыг өгнө гэсэн тохиролцоо хийсэн. Гэтэл одоог хүртэл зээлээ ч төлөхгүй, байрыг суллаж өгөхгүй хохироож байна. Ингээд Пийн зүгээс шүүхээр эрхээ сэргээлгэхээр хандаж, орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж буй Т.Бд холбогдуулан, дээрх орон сууцны эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргахад, Т.Б нь “...Хүү Д.Н мөнгө зээлсэн болохоос би байраа зараагүй” гэж тайлбарлан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02394 дугаар шийдвэрээр ...Т.Бд холбогдох “тоот хаягт байрлах орон сууцыг Т.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэгч П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, П/, Т.Б нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, тоот нэг өрөө 18 м.кв орон сууцны өмчлөх эрхийг Т.Бд шилжүүлэхийг нэхэмжлэгч П-д даалгаж шийдвэрлэсэн. Т.Бийн хувьд анхнаасаа бүх гэрээ, тохиролцоог өөрөө мэдэж байсан нь гэрээнд гарын үсэг зурснаар нотлогдоно. Дээрх шийдвэрээр бол байрыг авах боломжгүй үр дагаварт хүрч байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа бөгөөд үнэхээр барьцаалсан байраа өгөх тохиролцоондоо хүрч чадахгүй бол зээлсэн мөнгөө тохиролцсон хүүгийн хамт буцаан өгөх ёстой гэж үзэж байна. Дээрх 40 сая төгрөгийг огт төлөөгүй бөгөөд зээлийн хүүд зээлийг өгнө гэдгээ илэрхийлж, удаа дараа хэлэлцэн тохирч байсан бөгөөд зээлээ өгч чадахгүй бол байраа шилжүүлж өгнө гэх мэтээр маш их цаг хугацаа алдуулсан. Иймд зээлсэн мөнгөө, хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлын хамт гаргуулан авах хүсэлтэй байна. Д.Нгээс зээлийн гэрээний үүрэг 40.000.000 төгрөг, учирсан хохирол болох 2020 оны 07 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх нийт 4 жилийн банкны хадгаламжийн дундаж хүү 12 хувийн тооцооллоор 19.200.000 төгрөг, нийт 59.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Д.Нгээс зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, учирсан хохирол болох 2020 оны 07 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл 4 жилийн банкны хадгаламжийн дундаж хүү 12 хувийн тооцооллоор 19.200.000 төгрөг, нийт 59.200.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1076 дугаар шийдвэртэй Иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд БНСУ-ын иргэн П-с зээлсэн 100.000.000 төгрөгөөс буцаан төлсөн 63.000.000 төгрөгийн баримтыг шүүхэд гарган, шүүхээс Д.Н миний буцаан төлсөн 63.000.000 төгрөгийн 37.980.000 төгрөг нь 60.000.000 төгрөгийн зээлд төлсөн мөнгө болохыг шийдвэртээ дүгнэж өгсөн байгаа. Энэ талаар мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1406 дугаар магадлалд “...3.1.БНСУ-ын иргэн П нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Д.Нтэй орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэгт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 60.000.000 төгрөгөөр, мөн тэрээр Т.Бтэй орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ Чингэлтэй дүүрэгт байрлах 18 м.кв талбайтай орон сууцыг 40.000.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохирсон байна. Гэвч талуудын тайлбараар зохигчид 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангахаар ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэсэн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар Чингэлтэй дүүрэгт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 60.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талуудад анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг байгаагүй тул халхавчилсан хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Хариуцагч Д.Н нь БНСУ-ын иргэн П-аас 100.000.000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй. Зохигчид хариуцагчийг өнгөрсөн хугацаанд нийт 63.000.000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй ба үүнээс нэхэмжлэгч нь 60.000.000 төгрөгт ногдох хэсгийг 37.980.000 төгрөг бөгөөд хүүд тооцсон гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй бол зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхгүй юм. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 37.980.000 төгрөгөөс 21.600.000 төгрөгийг зээлийн хүүд тооцохыг зөвшөөрсөн байх тул үлдэх 16.380.000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөгөөс хасахад 43.620.000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна.” гэж дүгнэсэн. Иймд Д.Н миний БНСУ-ын иргэн П-д буцаан төлсөн 63.000.000 төгрөгийн 40 хувь буюу 25.020.000 төгрөгийн буцаан төлөлт нь энэхүү нэхэмжлэлээр шаардаж буй 40.000.000 төгрөгийн зээлээс хасагдаж тооцогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй бол зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхгүй гэдгийг тодорхой дүгнэсэн. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-ийн нэхэмжилсэн зээлийн үүрэг 40.000.000 - 25.020.000 = 14.980.000 төгрөгийг хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
          
3.Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02394 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,
хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хариу тайлбар, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02394 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ТМ2024/02948 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/01076 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01406 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч П нь Д.Нд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 40.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн. 40.000.000 төгрөгийг огт төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, учирсан хохирол болох 2020 оны 07 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх нийт 4 жилийн банкны хадгаламжийн дундаж хүү 12 хувийн тооцооллоор 19.200.000 төгрөг, нийт 59.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч нь П 40.000.000 төгрөгийг зээлсэн. 24.000.000 төгрөгийг төлсөн учир 16.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, 16.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02394 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ТМ2024/02948 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/01076 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01406 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч нь 40.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 3 хувийн хүүтэй зээлсэн гэж тайлбарласан. Барьцаа хөрөнгийг баталгаажуулах үүднээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Д.Нгийн эх болох н.Бийн өмчлөлийн тоот хаягт байрших 30 м.кв 2 өрөө орон сууцыг 40.000.000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Пийн нэр дээр гаргуулж хууль ёсны өмчлөгч болсон. Талууд анх тохиролцохдоо зээлээ төлж чадахгүй бол уг байрыг өгнө гэсэн тохиролцоо хийсэн. Гэтэл одоог хүртэл зээлээ ч төлөхгүй, байрыг суллаж өгөхгүй хохироож байна. 24.000.000 төгрөгийн хүүг бол төлсөн. Шүүхийн шийдвэрээр байрыг авах боломжгүй болсон учир үндсэн зээл 40.000.000 төгрөг, 40.000.000 төгрөгийг жилд 12 хувийн хүүтэй банканд хадгалуулсан бол жилийн 4.800.000 төгрөгийг хүү буюу 4 жилийн хугацаанд 19.200.000 төгрөгийг олох боломжтой байсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч П нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгч Д.Нгийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч Д.Н нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд зээлийн гэрээг талууд байгуулсан байна гэж шүүх үзэв. 
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” гэж заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болно.

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Н нь 24.000.000 төгрөгийг нэхэмжлэгч П-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 24.000.000 төгрөгийг авсан тухайд маргаагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 24.000.000 төгрөгийг хасаж тооцов. 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д ...үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ..., 
Нэхэмжлэгч нь 24.000.000 төгрөгийг хүү гэж төлсөн. 24.000.000 төгрөгийг хүүд тооцон авсан учир үндсэн зээл 40.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хүү тооцон гаргуулах боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас  өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй хэдий ч арилжааны банкинд 40.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаанд хадгалуулахад олох байсан орлого гэж 19.200.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнийгээ нотолсон баримтыг ирүүлээгүй учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд үндсэн зээл болох 40.000.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөр 24.000.000 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 16.000.000 төгрөгийг хариуцагч Д.Нгээс гаргуулж, нэхэмжлэгч П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс 237.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П-д олгох нь зүйтэй. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Нгээс 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч П-ийн 453.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 237.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН