| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2023/02927/И |
| Дугаар | 191/ШШ2025/01900 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01900
2025 03 10 191/ШШ2025/01900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Бийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, дугаар регистртэй, “О” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
Илүү цагийн хөлс 9.621.780 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Хариуцагчийн өмгөөлөгч З.С, С.Б,
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан 2022 оны 09, 10 саруудын илүү цагийн хөлс 9.621.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2022 оны 09, 10-р саруудын илүү цагийн хөлсийг шаардаж байна. “О” ХХК-иас дор дурдсан хэмжээгээр илүү цагийн хөлсийг гаргуулж олгож өгнө үү. Б.Э 2022 оны 09 сараас 2022 оны 11 сарын илүү цагийн хөлс 3.769.265 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 5.852.515 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9.621.780 төгрөг болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд 2023 оны 02 сарын 17-ны “О” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан. 2023 оны 03 сарын 01-ний өдөр гомдол буцаах тухай гэж ирсэн. Дахин 2023 оны 03 сарын 10-ны өдөр “О” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ны өдөр гомдол буцаах тухай гэж ирсэн. 2023 оны 03 сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 04 сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан 3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж энэхүү иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд хариуцагчийн хариу тайлбарын нэг дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна гэсэн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсэг “Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно”, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах системийн аргын хүрээнд авч үзвэл уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон. Ингээд хөдөлмөрийн тухай хуулийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана. Иймд хариуцагчийн ирүүлсэн “Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна” гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг Хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл Уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс Нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм. Мөн дээрх Хуулийн зохицуулалтууд нь Ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч талын ирүүлсэн тайлбарт Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна” гэж ирүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4, 92.5 дах зохицуулалтууд нь ажил, амралтын цагийг тэнцүү байх зарчмыг баримталсан байдаг. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар тодруулбал, Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл Энэхүү тусгай зохицуулалт нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал үүсгэх шаардлага гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд Халамжийн бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн Уртын ээлжийн зохицуулалт буюу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа, тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна. Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах,... эсхүл давуу байдал олгох үйлдлийг алагчлах” хэмээх ойлголтод хамааруулахгүй гэж Энэхүү конвенцын хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан зохицуулахыг мөн зөвшөөрсөн. Энэхүү тусгайлсан зохицуулалт нь Уртын ээлжээр уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажилтны ажиллах, амрах хугацааг хуулиар тогтоож өгсөн байна. Ингэхдээ ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 зарчмыг баримталсан. Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан. Ингэснээр ажил амралтын горим алдагдах, байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагаварт хүрэхгүй байхаар хууль тогтоогч хөдөлмөрийн хуулиар зохицуулсан байна гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан. “О” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Тодруулга” авахаар хүсэлт гаргасан. Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Тодруулгад хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно” гэсэн хариуг ирүүлсэн болно. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг “... Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Аийн тайлбарт “Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан” гэж тайлбарласан байсан. Нэхэмжлэгчийн “уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно”, 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх...” гэж заасантай үл нийцнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна. Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 68 цаг ажиллах нөхцөлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг. Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна. Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч О ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ. Нэхэмжлэгч Б.Э нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч компанитай Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний өөрчлөлтийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэгч нь шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч Б.Эаас 2022 оны 09, 10 сарын илүү цагийн хөлс 9.621.780 төгрөг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 09 дүгээр сард 168 цаг, 10 дугаар сард 168 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Б.Э нь 09 дүгээр сард 14 хоног ажиллаж, 16 хоног амарсан, 10 дугаар сард 14 хоног ажиллаж, 16 хоног амарсан байна. Ийнхүү сард 14 хоног л ажилласан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор дунджаар 7-9 сая төгрөгийн цалин авсан байх ба үүн дээрээ дахин илүү цагийн хөлс гэж 9,621,780 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль тогтоомжид нийцэхгүйн дээр хөдөлмөр эрхлэлтийн хэт ялгавартай нөхцөл байдлыг бий болгох, ажил олгогчид төсөвлөөгүй их хэмжээний цалингийн зардал гарах эрсдэлийг бий болгоход хүргэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ...” нэмэгдэл хөлс олгохоор заасан. Дээр дурдсанчлан ажилтан нь хуульд заасны дагуу 14 хоног нөхөн амарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа буюу нэхэмжлэгч нарыг нөхөн амруулсан тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно. Хариуцагчаас нэхэмжлэгч тус бүрийн илүү нэмэгдэл хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл, цалингийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгсөн ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нарт сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдож байгаа. Түүнчлэн цалин хөлсийг олгохдоо илүү цагийн хөлсийг 1 дахин нэмэгдүүлж тооцон олгосон тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаараа илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж тооцон 9.621.780 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй буюу нэгэнт хариуцагчаас олгосон хөлсийг дахин авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж буй нь буруу бөгөөд ийнхүү олгох хууль зүйн үндэслэл байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд О ХХК-ийн “ХН-Г1.1:Цалин хөлсний журам” батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д “Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Мөн НК-Е.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж заасан байдаг. Түүнчлэн “О” ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр “О” ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. “О” ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно. Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор. хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч нь 3.769.265 төгрөг гаргуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
3.Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, “О” ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах, Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П танаа гомдол буцаах тухай,
хариуцагчаас 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хариу тайлбар, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, хөдөлмөрийн гэрээ, Б.Эын 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын цагийн бүртгэл, “О” ХХК болон “О” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамын гэрээ, Ирсэн өргөдөл, гомдлын бүртгэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргах, Уртын ээлжийн зохицуулалтыг судлан, санал боловсруулах, ажлын хэсгийн нэгдсэн санал, дүгнэлт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичиг, хөдөлмөрийн тухай хуульд өгөх санал, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Д танаа Тодруулах хүсэх тухай, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичиг, Монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай магадлал, Монгол улсын үндэсний ассоциаци 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай албан бичиг, “О” ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Б танаа “хариу хүргүүлэх тухай”, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журам, ажлын цагийн тухай журам, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Монгол улсын их хурлын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл, 2025-2027 оны хамтын гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Э нь “О” ХХК-д холбогдуулан 2022 оны 09, 10 дугаар сард илүү цагаар ажилласан учир илүү цагийн хөлс 9.621.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хариуцагч “О” ХХК нь хууль заасан журмын дагуу цалин олгосон. Илүү цагийн нэмэгдэл хөлс тооцогдох үндэслэлгүй, нэхэмжлэлээр олгогдсон цалинг давхардуулан шаардсан, түүнчлэн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч нь 2022 оны 9-11 сарын нийт 3 сарын илүү цагаар ажилласан илүү цагийн хөлс нийт 3.769.265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулж, 2022 оны 09, 10 дугаар сарын илүү цагийн хөлс 9.621.780 төгрөг гэж шаардсан.
6.Зохигч ажилласан цаг, олгосон цалингийн мөнгөн дүн, хугацааны талаар маргаагүй боловч тэдгээрийн маргааны зүйл нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, илүү цагаар ажилласан эсэх, улмаар олгосон цалинг давхардуулан шаардсан буй эсэх байна.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 12 цагаас илүүгүй байх бөгөөд нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан байна. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгогдоогүй тохиолдолд ажилтан гомдол гаргах шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг тогтоожээ.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар ажилтан нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгох эсэх талаар маргаантай бол өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байснаас хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гарах ёстой.
9.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах шаардах эрх үүссэнээс эхлэн тоолдог.
10.2023 оны 12 дугаар сарын 17, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэж огноолсон хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан гэх баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн. /хх-ийн 77-78 дугаар тал/
11.Дээрх гомдлыг комисс 13-ны өдөр хүлээн авсан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан хугацаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байна.
12.Хариуцагч нь ажилтны цалинг сар бүрийн 9, 24-ний өдрөөр тооцон олгож байсан болох нь цалингийн хүсэлтийн хамрах хугацаа гэсэн хэсгээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсанаар илүү цагийн хөлс тооцогдоогүй гэдгийг тухайн сарын сар бүрийн 25-ны өдөр мэдэх боломжтой байсан. Улмаар дээрх байдлаар хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан нь шаардах эрх үүссэнээс хойш 166 хоногийн дараа гомдол гаргажээ.
Иймд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс төлөх үүргээс татгалзах эрх үүссэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 92 дугаар зүйлийн 92.3, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-д холбогдуулан илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс нийт 9.621.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН