Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00608

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00608

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/00374 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.З-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н , Л.З нар нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу 123 540 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 3 сар 22 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр талууд бичгээр дүгнэсэн ба утга нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг дүгнэлээ, Б.Н т хүлээлгэн өгсөн мөнгөн дээр Б.О-д өгсөн адуу 10 000 юаныг нийт 30 000 000 төгрөгөөр тооцож хасав, 5 671 500 төгрөгийг Б.Н аас нэмж аваад үлдэгдэл нийт 30 000 000 төгрөг боллоо, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний нөхцлийн дагуу уг 30 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэж заасан байна. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дээрх баримтыг үйлдсэнээс хойш Л.З нь нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй ба зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөг, 3 сар 22 хоногийн хүү 3 920 000 төгрөг, алданги нийт 124 950 000 төгрөг болох тооцоо гарч байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үндсэн төлбөрийн дүн 30 000 000 төгрөгийн 50 хувь болох 15 000 000 төгрөг хүрээд зогсохоор тооцсон. Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 38 дугаар байрны 29 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч ОХУ-ын Улан-Үдэд олон жил ажиллаж, амьдарч байгаа шалтгаанаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Л.З нь тус хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй, харин Оросын холбооны улсын Улан-Үд хотод ажиллаж, амьдарч байгаа болох нь шүүхийн хаяг тодруулахаар явуулсан ажиллагаа, Багийн засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1116 тоот захирамжаар тогтоогдож байна гэж үзсэн.

Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт заасны дагуу гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг үндэслэн шүүхийн онцгой харьяаллын дагуу Б.Н-ын оршин суух Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэвч тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7937 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гадаад улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хаягийг тодорхой заах ёстой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Оросын холбооны улсын Улан-Үдэд оршин суудаг гэж дурдсан боловч Улан-Үдэ дэх хаяг тодорхойгүй, хариуцагчийн хаяг тодорхой байж шүүх, тухайн хаягаар нь нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагааг оршин байгаа улсын шүүхээр гүйцэтгүүлдэг, нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд дээрх үндэслэлээр Л.З-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Л.Зандан /МЛ53122214/-г эрэн сурвалжлуулах тухай Б.Н-ын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Н-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Л.З г эрэн сурвалжлуулах шаардлагын үндэслэлээ хариуцагч Монгол Улсад бүртгэлтэй албан ёсны хаяг дээрээ оршин суудаггүй, Оросын холбооны Улсын Улаан-Үд хотод ажиллаж амьдарч байгаа, Оросын холбооны Улсын Улаан-Үд хотод ажиллаж амьдарч байгаа гэж хариуцагчийн оршин байгаа газрыг тодорхойлох нь хангалтгүй заавал амьдарч байгаа хаягийг тодорхой заах ёстой гэсэн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 1116 тоот шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 182/Ш32020/07937 тоот шүүгчийн захирамжууд гарсан тул хариуагчийг эрэн сурвалжлуулахаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Оросын холбооны Улсын Улаан-Үд хотын чухам хаана, ямар хаягт амьдарч байгааг тодорхойлсон ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй байхад тодорхой байна гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зөвхөн Монголд амьдарч байгаа гэх үйл баримтаар монголд байгаа хаяг тодорхой, Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх үйл баримтаар Улаанбаатар дахь хаяг тодорхой, Оросын холбооны Улсын Улаан-Үд хотод амьдарч байгаа гэх үйл баримтаар бас хаяг тодорхой гэж үзвэл өмнө нь гаргасан нэхэмжлэлүүдийг шүүх хүлээн авахаас татгалзсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т зааснаар хариуцагчийн хаягийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох боломжгүй хариуцагч Л.З нь Оросын холбооны Улсын Улаан-Үд хотод амьдарч байгаа гэх өмнөх хоёр шүүгчийн захирамжийг үндэслэн Оросын холбооны Улсын Улаан-Үд хотын чухам ямар хаягт оршин сууж байгааг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.З г эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Л.З тай 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний харилцаанд орсон ба 123 540 000 төгрөгийг зээлдүүлснийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хариуцагчийг хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.З г Монгол Улсад оршин суудаггүй, Монгол Улсын хилээр гарсан, Оросын холбооны Улсын Улаан-Үд хотод оршин суудаг болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй байна.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.3 дах хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.

 

Л.З нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг дүгнэсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогджээ. /хх-5, 17 дах тал/

 

Зээлдүүлэгч Б.Н нь зээлдэгч Л.З гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1116 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 07937 дугаар захирамжаар Л.З нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн, 3 дугаар хэсгийн, 38 дугаар байрны 29 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч гадаадад оршин суудаг, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. /хх-6, 8 дах тал/

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.З гийн оршин суугаа хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Түүнчлэн, багийн Засаг даргад Монгол Улсын иргэнийг гадаад улсад оршин суудаг эсэхийг тодорхойлох эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 579 тоот тодорхойлолтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу байна.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан ...хариуцагчийг Оросын холбооны Улсад оршин суугаа хаягийг олж тогтоолгох... агуулгатай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Л.З нь Монгол Улсад оршин суудаггүй, Монгол Улсын хилээр гарсан гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна тэрээр Оросын холбооны Улсын Улаан-Үд хотод оршин сууж байгаа нь түүнийг эрэн сурвалжлахгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.З г эрэн сурвалжлуулах нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/00374 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага болгосон заалтын 115.2.3 гэснийг 115.2.1 гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Зандан /РД:МЛ53122214/-г эрэн сурвалжилсугай гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлан,

тогтоох хэсгийн 2 дах заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу Л.Зандан /РД:МЛ53122214/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай гэсэн агуулгыг нэмж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ