Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

-

 

 

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,  

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Баярмаа,

шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708024660465 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Үржин шадавлин” хийдэд лам ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамж, 52 тоотод оршин суух, Балжин овогт Жаалайн Б /РД:ЙР77121979/.

Ж.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамж, 52 тоот гэртээ хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас маргалдан Б.Мыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 14-нд ажлаа тараад 17 цагийн үед найз Цэрэнсамбын хамт гэртээ ирсэн. Хажуу айлын залуу хүүхдээ дагуулаад согтуу орж ирсэн. “Хүүхэд дааруулчихсан байна, харьж амар” гэхэд “чи лам, би бөө” гээд эхнэр, хүүхдийг хэл амаар доромжлоод зуух өшиглөхөөр нь хөөж гаргасан. Хохирогчид 260000 төгрөг өгсөн. Гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 1708024660465 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Мы: “2017 оны 11 дүгээр сарын 14-ний 15 цагийн үед эмээгийнхээс гарч яваад зүс таних 2 залуутай таараад 2 шил архи  уусан. Тэр хоёр  залуу намайг “одоо болсон байна, харь” гэж хэлсэн. Би эмээгийнх рүү буцаж ороод охиноо аваад гэр рүүгээ явсан. Тэгээд юу болсноо санахгүй байна, согтоод тасарсан байсан. ...Нэг сэрэхэд би дүү Мөнхшүрийн гэрийн үүдэнд унтаж байсан. Намайг 2 цагдаа “бос” гээд сэрээж байсан. Тэр 2 цагдаа миний хамрыг хараад “эмнэлэг дуудаж үзүүл” гэж хэлсэн. Тэгэхэд миний хамар муруйсныг мэдсэн. ...Би согтуу байсан учраас хамраа хэрхэн гэмтсэн талаар мэдэхгүй байна. Манай 6 настай охин Халиунаа надад хэлэхдээ “таныг лам ах гэрээсээ авч гараад зодоод байсан” гэж хэлсэн. Маргааш буюу 2017.11.15-ны өдөр Халиуныг дуудаад Б ахын гэрт нь ороход Халиунаа “мэдэхгүй” гээд байсан. Тэрнээс хойш Халиунаас дахиж асуугаагүй. Халиунаа бага насны хүүхэд болохоороо бас хамаагүй үгээр нь орж болохгүй болчихоод байна. Би хамрынхаа муруйг гаргуулсан. Томографид 110.000 төгрөгөөр харуулсан. Хамрынхаа муруйг 100.000 төгрөгөөр гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулах гэх мэтээр зардал гарсан. Нийт 260.000 төгрөгийн зардал гарсныг Боос авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй”.

“...Би Наранцацралд “охин Халиуныг дагуулаад ир, цагдаа дээр мэдүүлэг өгүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн боловч дургүйцээд надтай харьцахгүй байгаа. ...Халиуныг аваад удахгүй Солонгос явах гэж байгаа юм шиг байна. Тэгээд ч манай охин Халиун 6 настай, хүний хэлснээр тэгсэн үү гэвэл тэгсэн гээд хүний ам дагуулж яриад байх шиг байсан. Халиуны үгээр бас хамаагүй ороод хэрэггүй болов уу гэж бодож байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-5-6, 37-38/,

Гэрч Б.Мөнхшүрийн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний 19 цагийн үед М ах манайд согтуу орж ирсэн. Би хоол хийж байгаад цонхоор харахад М ах охиноо дагуулаад манай хөрш айл Бийн гэр рүү орж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа Бийн охин Ууганцэцэг над уруу залгаад “Мөөгий ахыг аваач” гэж хэлж байсан. Цаана нь Мы эхнэр “аваач ээ” гээд орилоод байгаа сонсогдсон. “Та нар согтуу хүн зодоод байгаа юм уу” гэхэд өмнөөс “Юу яриад байгаа юм” гээд утсаа салгасан. Удалгүй М ах өөрөө орж ирээд гал тогооны шалан дээр доошоо хараад унтаад өгсөн. Би анзаараагүй. Ардаас нь цагдаа нар орж ирээд М ахыг “яасан юм” гээд босгосон чинь М ахын хамраас цус гарч байсан. Цагдаа нар “хамар нь муруйсан байна, түргэн дууд” гэж хэлээд явсан. ...М ах “эмнэлэг яваад яах юм” гээд надтай маргаад эхлэхээр нь “тэгвэл гэртээ орж унт” гээд гэрээсээ хөөж гаргасан. Хашаан дотор орилоод байх шиг байсан. Би Б гуайтай хөршийн харилцаатай байж заавал цагдаа шүүх гээд яахав, хамрыг нь засуулах зардлыг яах вэ” гэхэд Б гуай “өргөдлөө өг” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-11/,

Гэрч Ө.Цогзолмаагийн: “Манайд Бямдадорж, түүний найз лам Цэрэнцамба, манай охин Ууганцэцэг нар байсан. М “муусайн лам нарыг ална шүү” гээд байсан. “Чи согтуу байна, гэртээ орж амар, хүүхэд чинь даарсан байна, гадаа хүйтэн байна” гэж Б хэлсэн. М “та нар шиг лам хүмүүсээр заалгахгүй, би хараал хийж бүгдийг нь үхүүлнэ” гэж байсан. Тэгэж байгаад Мыг Б түлхэж гаргасан чинь хүүхдээ аваад гарснаа эргэж орж ирээд “та нарыг ална” гээд зуух өшиглөөд “гичий минь чамайг ална” гэж  надад хэлсэн. Мы эмэгтэй дүү рүү Ууганцэцэг утсаар яриад “ахыгаа ирж ав, агсам тавиад байна” гэж хэлсэн чинь “цагдаагаа дуудаад өг, би яах юм” гэж хэлсэн байсан. Тэгээд Б тэсэхээ байгаад Мыг гэрээсээ түлхэж гаргасан. М бид нарыг элдэв янзаар хэлээд байсан. Цагдаа утсаар дуудсан чинь М гэр рүүгээ яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд “Мыг зодсон юм биш үү, цагдаа дээр ирж уулзаарай” гэж байсан. Мыг зодсон хүн байхгүй. Ямар ч байсан Б Мыг гэрээсээ түлхэж гаргасан. М довжоон дээр ойчсон байж магадгүй. Манай гэрийн довжоо нэлээн өндөр. ...Тэр жаахан хүүхэд юугаа мэдхэв дээ. Манайд бууз идээд зүгээр сууж байсан. Миний дэргэд нөхөр маань Мыг зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-12/,

Гэрч Т.Цэрэнсамбын: “...Тэр өдөр 18 цагийн үед ажлаа тараад Бийнд очсон. Бид нар хоол уугаад хоол идээд сууж байтал нэг согтуу танихгүй хүн орж ирээд агсам тавьсан. Тэр хүн Б руу “чи лам билүү, би бөө” гээд дайраад байсан. Б “чи жаахан хүүхэд дагуулчихаад даарч хөргөөд согтуу хөлчүү яваад байна” гэж хэлж байсан. Б тэр согтуу хүнийг гаргаж байгаа бололтой байсан. Тэр согтуу хүнд гар хүрсэн хүн байхгүй. Б тэр хүнийг “гэртээ харь” гээд түлхээд гаргаж байсан. Мы хамар гэмтсэн талаар ёстой анзаараагүй. Ямар ч байсан зодсон хүн байхгүй. Гэрийн гадаа унасан байдал мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-13/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.17-ны өдрийн 14334 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Мы биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-16/,

Шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би ажлаа тараад 19 цагийн үед гэртээ найз Цэрэнсамбын хамт ирсэн. Ардаас манай хамар айлын М 1-р ангийн охиноо дагуулаад согтуу орж ирсэн. Жоохон охиноо нэлээд дааруулсан орж ирэхээр нь би охинд цай хийж, бууз аягалж өгөөд “чи хүүхдээ аваад гэртээ орж унт, шал согтуу, хүүхэд хөлдөөчих гээд яваад байна” гэж хэлсэн. М үгэнд орохгүй “чиний лам хамаа байхгүй, чи лам хүн, би бөө хүн, би чамайг хараана, чи овоо лам юм бол буцаагаад хараагаарай” гэж хэлсэн. Би Мд “тийм юм гэж байхгүй ээ” гэж хэлэхэд М зуух руу өшиглөөд, зуух руу нулимаад, эхнэр бид хоёрын өмнөөс салаавч, дунд хуруу гаргаад байхаар нь би түлхэж гаргасан. Би Мыг цохиж зодсон юм байхгүй. М эхнэрийг “гичий, нохой”-гоор дуудаад байсан. Би Мыг түлхэж гэрээс гаргаснаас өөр зүйл байхгүй. Мы хамар яаж гэмтсэнийг нь мэдэхгүй. Мыг түлхэж гаргахад унаж ойчоод гэмтсэн юм болов уу, эсвэл гэр рүүгээ орох гэж яваад унасан уу тэрийг ёстой мэдэх юм алга. Маргааш нь үдээс хойш М манайд охиноо дагуулж орж ирээд “миний хамар гэмтсэн байна, би зургаа авахуулчихаад орж ирлээ, 200.000 төгрөг орчим эмчилгээ орно, та надад эмчилгээний мөнгө өг” гэж хэлсэн. “Би чамайг цохиж зодоогүй, харин чи манайд орж ирээд ам хэлээрээ агсам согтуу тавьсан, би чамд мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. М охиноосоо “аавыг нь Б ах цохисон уу” гэж асуухад охин нь “цохиогүй” гэж хэлж байсан. Тэгээд М цагдаад өргөдөл гаргасан. Охин нь жоохон...тэр охины үгээр үг хийгээд ч хэрэггүй болов уу л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-35/,

хохирогчийн өргөдөл /хх-3/, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-26/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, шүүхийн хэлэлцүүлэг гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамж, 42 тоот гэртээ хохирогч Б.Мы буруутай үйл ажиллагааны улмаас түүнийг түлхэж гаргахдаа эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Гэвч тухайн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл, эс үйлдэхүй биш буюу өөрөөр хэлбэл прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд заасанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш гэж шүүх үзэв.

Хохирогч Б.Мы шүүгдэгч Ж.Бийн гэрт орж ирээд агсам тавьж хэл амаар доромжлон улмаар зуухыг нь өшиглөж, нулимсан үйлдлийг таслан зогсоохын тулд гэрээс түлхэж гаргах үйлдэл хийхдээ Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.   

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Бнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн дээрх нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан болох нь гэрч Ө.Цогзолмаагийн “...М “Та нар шиг лам хүмүүсээр заалгахгүй, би хараал хийж бүгдийг чинь үхүүлнэ” гэж байсан. Мөн “Та нарыг ална” гээд зуух өшиглөөд “гичий минь чамайг ална” гэж надад хэлсэн. Мы эмэгтэй дүү рүү Ууганцэцэг утсаар яриад “ахыгаа ирж ав, агсам тавиад байна” гэж хэлсэн чинь “цагдаагаа дуудаад өг, би яах юм” гэж хэлсэн байсан. Тэгээд Б тэсэхээ байгаад Мы гэрээсээ түлхэж гаргасан. Мыг зодсон хүн байхгүй. Ямар ч байсан Б Мыг гэрээсээ түлхэж гаргасан. М довжоон дээр ойчсон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Т.Цэрэнсамба-ын “...Тэр өдөр 18 цагийн үед ажлаа тараад Бийнд очсон. Бид нар хоол уугаад хоол идээд сууж байтал нэг согтуу танихгүй хүн орж ирээд агсам тавьсан. Тэр хүн Б руу “чи лам билүү, би бөө” гээд дайраад байсан. Б “чи жаахан хүүхэд дагуулчихаад даарч хөргөөд согтуу хөлчүү яваад байна” гэж хэлж байсан. Б тэр согтуу хүнийг гаргаж байгаа бололтой байсан. Тэр согтуу хүнд гар хүрсэн хүн байхгүй. Б тэр хүнийг “гэртээ харь” гээд түлхээд гаргаж байсан. Мы хамар гэмтсэн талаар ёстой анзаараагүй. Ямар ч байсан зодсон хүн байхгүй. Гэрийн гадаа унасан байдал мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч Б.Мөнхшүрийн “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний 19 цагийн үед М ах манайд согтуу орж ирсэн. Би хоол хийж байгаад цонхоор харахад М ах охиноо дагуулаад манай хөрш айл Бийн гэр рүү орж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа Бийн охин Ууганцэцэг над руу залгаад “Мөөгий ахыг аваач” гэж хэлж байсан. Цаана нь Мы эхнэр аваач ээ гээд орилоод байгаа сонсогдсон. “Та нар согтуу хүн зодоод байгаа юм уу” гэхэд өмнөөс “Юу яриад байгаа юм” гээд утаа салгасан. Удалгүй М ах өөрөө орж ирээд гал тогооны шалан дээр доошоо хараад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-11/ зэргээр тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл, 1.10 дугаар зүйлд тус тус зааснаар хүний халдашгүй байх эрхийг хангах, орон байрны халдашгүй байдлыг хангах нь чухал юм.    

Улсын яллагчаас “...Хохирогчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас маргалдан Б.Мыг зодож...” гэж яллах дүгнэлт үйлдэхийн зэрэгцээ  шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ “Түлхсэн үйлдлийг зодсон гэж ойлгоно” гэж дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдоогүй болно. Тухайн нөхцөл байдал үүсэхэд ямар нэгэн маргаан болоогүй, Б.Мы хууль бус, зүй бус үйлдэл /айлд согтуу орж ирэн агсам тавьж иргэдийг хэл амаар доромжилж, зуух өшиглөсөн, нулимсан/-ын улмаас гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлтгүйгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон учир улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.   

Иймд шүүгдэгч Ж.Бийг хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.   

Хохирогч Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Ж.Боос 260000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-6/-ийг дурдаж байна.

Шүүгдэгч Ж.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Бурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.