Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/1033

 

  2023           10             25                                          2023/ДШМ/1033

                                                          Д.Д-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг, даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Д.Д,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Б-н гаргасан давж заалдах гомдлоор Д.Д-д  холбогдох 2210 01710 1603 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Н овгийн Д-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. тоотод оршин суух хаягтай, /РД: ........../

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.760.000 төгрөгөөр торгох ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “бизнесийн зээл бүтээж өгнө, урамшуулал өгөх хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Э.Б-с 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Д-д  мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-с 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих хэсгийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Тус шийтгэх тогтоолд ял шийтгэлийн бодлогодоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хувийн байдал болон гэм хор учруулсанд тохирсон ял оногдуулна гэж заасан гэдгийг баримталсан болно. Хохирогч иргэн миний хувьд дээрх ял шийтгэл нь хөнгөдсөн, хохирогч миний гомдлыг барагдуулаагүй гэж үзэж байна. Дээрх шүүх хурлаас хойш шүүгдэгч Д.Д нь миний утсыг авахгүй, хэл амаар доромжлон, “чаддаг юм бол юм олж долоохыг чинь харна” хэмээн ярих болсон.

Миний бие Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу залилангийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж байна. Учир нь, Д.Д нь хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд урьд нь 4 удаа ял шийтгүүлжээ. Миний хувьд маш их гомдолтой байна. ...” гэжээ.

Хохирогч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Д нь хохирол, төлбөрөө төлөхгүй удаад байсан тул давж заалдах гомдол гаргасан. Мөнгөө өгвөл ямар нэгэн гомдол, саналгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тухайд нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Ж гэх эмэгтэй надтай анх Э.Б-г танилцуулсан. Би хохирол, төлбөр төлөх баталгаа гаргаж өгсөн бөгөөд 100 хувь төлж чадна. 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гэхэд төлсөн байна. Хэлсэн хугацаандаа хохирол, төлбөрөө төлсөн тохиолдолд надад оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь, би 2024 оны 3 дугаар сард зүрхний хагалгаанд орно. Би эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаж орлогоо нэмэгдүүлдэг. ...” гэв.   

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Д-н үйлдсэн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б-н гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “бизнесийн зээл бүтээж өгнө, урамшуулал өгөх хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Э.Б-с 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б-н “... Би хувийн жижиг дэлгүүр ажиллуулахаар зээл хөөцөлдөх гэж банкинд таньдаг хүн байгаа эсэхийг найз нөхдөөсөө асуугаад тус болооч гэж байсан. ... Ингээд Ж гэх хүн Д гэдэг хүнтэй ирсэн. Тэгсэн Д гэх хүн “би бизнесийн зээлийг чи гаргаад өгье, мөнгө хэрэг болох байх, надад банкинд нэг том Франц байдаг, түүнтэй ярьж тохироод хариу хэлье” гэсэн. ... Хэд хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Д, Ж нар ирж уулзахдаа Д нь “хоёр банк байгаа, ямар ч байсан зөвшөөрсөн” гээд ямар банктай уулзсан талаараа хэлээгүй. “Зээл гаргах хүндээ урамшуулал болгоод өгөх мөнгө гээд 6.000.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь уг мөнгийг өөрийнхөө данснаас Д руу шилжүүлсэн. ... Тэгээд түүний утас руу залгаж асуухаар “удахгүй өнөө маргаагүй” гэж хойшлуулсаар байсан. ...” /хх 14-15/,

гэрч М.Ж-н “... Б, Д бид гурав уулзаад ярилцахдаа би “банкинд таньдаг хүн байхгүй, энэ хүнтэй уулзаад сайн асуугаарай” гэж хэлсэн. Д, Б хоёр ярилцаад ойлголцоод байсан. ... Д урьдчилгаа хэдэн төгрөг өгөх шаардлагатай байна гэхэд Б “хэдэн төгрөг өгөх юм” гэсэн. Тэгэхэд “6.000.000 төгрөг” гэхээр нь би “зээл гарах нь тодорхой бус юм чинь ийм их мөнгө өгч яах гээд байгаа юм бэ” гэж Б-д хэлэхэд өөрөө бодож байснаа зээл гаргаж өгөх юм чинь авах л байхдаа гээд зөвшөөрсөн. ... Өөрсөө шийднэ биз, надад хамаагүй шүү гэхэд Э.Б “за болох байх, зүгээр ээ эгч ээ” гээд байсан. ...” /хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Э.Б-н 5069174664 дугаартай Хаан банкны дансны хуулга /хх 55/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65, 67/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Хохирогч Э.Б-с “... хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүгдэгч Д.Д-г “бизнесийн зээл бүтээж өгнө, урамшуулал өгөх хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу Э.Б-н 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан байна.            

     Түүнчлэн, шүүгдэгч Д.Д нь хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Болдод гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 3.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

      Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлын үлдэх төлбөр 3.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР