2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/02124

 

   2025         03         17                                              191/ШШ2025/02124  


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, С овогт Гын А /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: байрлах, “У” ХК /регистрийн дугаар /,

Хариуцагч: байрлах, “У” ХХК /регистрийн дугаар / нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин, алданги нийт 45.073.125 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч Г.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М,
Хариуцагч “У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, түүний өмгөөлөгч Д.О,
Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “У” ХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин, алданги нийт 40.565.388 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, хариуцагч “У” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4.507.737 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “У” ХК-ийн 100 хувийн эзэмшлийн “У” ХХК-д гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТУЗ-ын 07 тоот тогтоолоор компани 2020 оны бизнес төлөвлөгөө /УБХК-ийн боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэн/, төсвийн зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулж, хувиараа такси үйлчилгээ эрхлэгч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, хөрөнгө оруулалт татах талаарх судалгааг нарийвчлан хийж, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажилласан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах, компанийн үйл ажиллагааг сайжруулах, орлогын эх үүсвэр, санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах чиглэлээр олон төрөлт арга хэмжээг тухай бүр “У” ХК, ТУЗ, Нийслэлийн удирдлагуудтай зөвлөлдөн авч хэрэгжүүлж ирсэн. Гэвч дэлхий нийтийн цар тахал ковид-19 өвчний тархалттай холбоотой хөрөнгө оруулалтын ажлууд зогсож, компани санхүүгийн эх үүсвэргүй ажилласаар байсан. Энэ нөхцөл байдлыг У ХК нь тухайн үеийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан, дэд захирал Б.М, ТУЗ-ын дарга Б.Б нар болон нийслэлийн холбогдох удирдлагуудад удаа дараа мэдээлж, цаашид хэрхэх талаар байнга зөвлөлдөж, тухайн цаг хугацаанд хийж болох, бүхий л арга хэмжээг авч ажилласан. Үүний үр дүнд компани ажилтан албан хаагчтай, оффистой, 2020 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан 4.9 га газартай, 670.000.000 төгрөгийн үнэ бүхий 1.000 такси тоноглох хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжтэй, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу такси үйлчилгээ эрхлэх тусгай эрх, Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж цаашид үйл ажиллагаагаа тогтворжуулж орлого олох боломжтой болсон. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж “У” ХК-д дэд захирлаар ажиллах болж, улмаар мөн оны 5 сард дээрх ажлаа өгснөөр эдгээр ажлууд зогсож өдийг хүртэл ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байна. “У” ХК-ийн одоогийн удирдлагуудтай албан болон албан бусаар удаа дараа уулзаж “У” ХХК-ийн үйл ажиллагааг цаашид хэрхэх талаар уулзаж, санал бодлоо хэлж байсан. Компани үйл ажиллагаагаа цаашид тогтвортой явуулна гэдэгт итгэж ирсэн бөгөөд ажилласан хугацааны цалин хөлс болох 30.048.750 төгрөг болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хүсэж, энэ тухай “У” ХХК-д хандаж хүсэлтээ өгөх гэсэн боловч тодорхой хариуцсан удирдлага, үйл ажиллагаа явуулж байгаа газар тодорхойгүй зэрэг шалтгаанаар хувьцаа эзэмшигчид нь хандсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан бичгээр “У” ХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд 02 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр дээрх цалингийн өр төлбөрийг хариуцахгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл охин компанийнхаа өрийг хариуцахгүй атлаа авлагыг нь хариуцаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. “У” ХК-ийн удирдлагуудын эс үйлдлээрээ охин компанийнхаа үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл хүндэтгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “У” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан контрактын 4.6-д заасны дагуу хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэн ихэд хүлээцтэй хандаж байсан боловч миний хөдөлмөрийн хөлсийг хариуцан төлөх байгууллага нь тодорхойгүй, ойлгомжгүй болоод байна. Г.А миний бие 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин нийт 45.073.125 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагч “У” ХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин, алданги 40.565.388 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, “У” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4.507.737 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.   

2.Хариуцагч “У” ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“У” ХК нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 26/09 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдсан, төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит хувьцаат компани юм. Манай компани нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 100 хувийн охин компани болох “У” ХХК-ийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон удирдлагын багийг бүрдүүлэх хүртэлх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд “У” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. Г.А нь “У” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Бтай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гүйцэтгэх захирлын контракт гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болон Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Г.А нь “У” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх дараах байдлаар хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж, “У” ХХК-ийг өр төлбөрт оруулж, хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байсан. “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9 дэх хэсэгт заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай контракт байгуулсан бөгөөд уг контрактын гэрээний 1 дүгээр зүйл 1.3 дахь хэсэгт ТУЗ-өөс батлагдсан компанийн зардлын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр орлогоороо цаашид үйл ажиллагаагаа эрхлэн явуулах зохицуулалттай байсан. Гэтэл Г.А нь ажиллаж байх хугацаандаа “У” ХХК-ийн батлагдсан төсвийн хүрээнд ажиллаагүй, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээгүй, үйл ажиллагааны орлого олоогүй байдаг. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд Г.А нь гэрчээр оролцохдоо “У” ХХК нь бие даасан хуулийн этгээд, бизнес төлөвлөгөөний дагуу ашигтай ажиллаж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ёстой байсан талаар тайлбар, мэдүүлэг өгсөн атлаа өөрөө ажиллаж байх хугацаандаа орлого олоогүй. “У” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6, 7 дугаар тогтоолоор “У” ХХК-ийн бизнес төлөвлөгөө, бүтэц зохион байгуулалт, 2020 оны зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсан байдаг. Г.Аын ажиллаж байх хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтаар “У” ХХК нь тодорхой үр дүнд хүрсэн ажил хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй. Г.А нь нэхэмжилсэн хугацааны цалин хөлсийг “У” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд олсон орлогоос авах ёстой байсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны дүгээр захирамжаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулахад зориулж Нийслэлийн төсөвт 700.0 сая төгрөгийг тусгаж, 6 багц тендерийг зохион байгуулах эрхийг “У” ХХК-д өгсөн байдаг бөгөөд Г.А нь “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа уг тендерийг зохион байгуулсан боловч Авлигатай тэмцэх газраас олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэн уг тендерүүдийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажиллаагүй байдаг. Г.А нь “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн тухай хуулийг зөрчин ТУЗ-ийн шийдвэргүйгээр их хэмжээний хэлцэл хийж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Б” ХХК-тай Ажлын байрны дугаар түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн байрны өр, төлбөрийг огт төлөхгүй хуримтлуулсны улмаас “Б” ХХК нь үүссэн өр, төлбөрийг төлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаж, “У” ХК-ийг хамтран хариуцагчаар татсан байдаг. Улмаар тус шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр толгой компани нь охин болон хараат компанийн өрийг хариуцахгүй тул “У” ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “У” ХХК-аас 35.100.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Г.А нь “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж, “У” ХХК-ийг 35.100.000 төгрөгийн өр, төлбөрт оруулсан нь холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжаар дээрх түрээсийн өр, төлбөрийн барьцаанд нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан 29.9 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшил, хөрөнгийг битүүмжлүүлж, “У” ХХК-ийн эд хөрөнгийг дутагдуулах нөхцөл байдлыг үүсгэсэн. Мөн “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа “У” ХК-ийн дэд захирлаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг урьдчилан хянуулалгүйгээр томилогдож, улмаар Авлигатай тэмцэх газраас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” дугаар албан бичгийн холбогдох заалтыг үндэслэн “У” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай"  дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн шүүх хуралдаанд Г.А нь гэрчээр оролцохдоо “У” ХХК нь бие даасан хуулийн этгээд, бизнес төлөвлөгөөний дагуу ашигтай ажиллаж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ёстой байсан талаар тайлбар, мэдүүлэг өгсөн атлаа өөрөө ажиллаж байх хугацаандаа орлого олоогүй, “У” ХХК-ийг өр, төлбөрт оруулж, компанийн эд хөрөнгийг дутагдуулж, контракт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалтгүй ажилласан байдаг. Мөн Г.А нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан “У” ХХК-ийн үндсэн хөрөнгийн нэг болох 3.199.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Зөөврийн компьютерыг хувьдаа авч өнөөдрийг хүртэл ашиглан, компанийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулж байгаа бөгөөд уг зөөврийн компьютерыг буцаан авч, компанийг хохиролгүй болгох талаарх аудитын албан шаардлагыг Нийслэл дэх Төрийн аудитын ээлжит хяналт, шалгалтаар ирүүлсэн. Г.А нь “У” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батбямбатай контракт гэрээ байгуулан хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн бөгөөд Г.Аын ажил олгогч нь “У” ХХК болно. Тодруулбал, “У” ХК нь Г.Атой гэрээ байгуулан “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулаагүй. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заасны дагуу “У” ХХК-ийн толгой компани болох “У” ХК нь Г.Аын ажиллаж байсан хугацааны цалин, хөлсийг хариуцах боломжгүй тул Г.Аын 45.073.125.00 төгрөгийг төлөх боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Э.Б миний бие 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан. Улмаар хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр компанийн тамгыг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр компанийн эд хөрөнгийг надаас хураан авсан. Тамга эд хөрөнгө хураан авч ажил, үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон тул компанийг төлөөлөх боломжгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т зааснаар Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно” гэж заасан. “У” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй “У” ХК хариуцан төлөх ёстой гэжээ.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар “У” ХХК-ийн ТУЗ-ийн  тоот тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Контракт гэрээ, Хүсэлт, “У” ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  тоот албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  тоот албан бичиг, Тооцоолол, “У” ХХК-ийн ТУЗ-ийн хуралд баримтлах удирдамж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн тоот албан бичиг, “У” ХК-ийн дүрэм, “У” ХХК-ийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаарх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Илтгэх хуудас зэрэг, 
Хариуцагч “У” ХК-иас итгэмжлэл, хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, “У” ХХК-ийн ТУЗ-ийн 06, 07 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03252 тоот шийдвэр, 182/ШЗ2022/04503 тоот Шүүгчийн захирамж, “У” ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тоот, Б/43 тоот захирлын тушаал, Авлигатай тэмцэх газрын тоот албан бичиг, “У” ХХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор У ХХК-ийн 2020 оны Бизнес төлөвлөгөө батлах тухай тогтоол, хавсралт зэрэг,
Хариуцагч “У” ХХК-иас Тамга тэмдэг хүлээлцсэн акт /хуулбар/, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “У” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэл болон тогтоолууд, Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон тогтоол болон хурлын тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны  дугаар, 2020 оны  дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тоот захирамжийг, Нийслэлийн Дотоод аудитын албанаас “У” ХХК-ийн шалгалтын тайлан, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичиг, “У” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ни өдрийн 30 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирлын тушаал, “Такси вэйн төсөл”-ийн хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулах урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг, Такси вэйн төсөл, “У” ХК ажлын хэсгийн дүгнэлт, “У” ХК, “Ю” ХХК нарын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, Шинэ Нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
 
ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “У” ХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин ажилласан хугацааны цалин, алданги нийт 45.073.125 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “У” ХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги нийт 40.565.388 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, “У” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4.507.737 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 

4.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч “У” ХК нь 700.000.000 төгрөгийн гэрээг цуцлахад дан нөлөө үзүүлсэн. Хөшигтийн хөндийн такси үйлчилгээний эрхийг буцааж авч сонгон шалгаруулалт зарласан буруутай гэж, хариуцагч “У” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ цалин, алданги 4.507.737 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав. 

5.Хариуцагч “У” ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд Г.Аыг “У” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 05 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилж, ТУЗ-тай Контракт гэрээ байгуулсан. Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин буй нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.5-д “...толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
 
6.Хариуцагч “У” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалинг “У” ХК төлөх ёстой, “У” ХХК үүнийг төлөх үндэслэлгүй гэх тайлбар гаргажээ. 
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.Нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин “У” ХК-иас 40.565.388 төгрөг, “У” ХХК-иас 4.507.737 төгрөг, нийт 45.073.125 төгрөг гаргуулах тухай гэж шаардсан.

9.Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалинг олгоогүй тухайд маргаагүй боловч тэдгээрийн маргааны зүйл нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар маргасан болно.

10.Г.Аыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 05 тоот “У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-9/ 
Харин ажил олгогч нь ажилтантай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр контрактын гэрээг байгуулсан байна.

11.“У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тогтоолоор Г.Атой байгуулсан контракт гэрээг өөрийн хүсэлтээр нь цуцалжээ.  

12.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. 

13.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар заасан. У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тогтоолоор Г.Атой байгуулсан контракт гэрээг өөрийн хүсэлтээр нь цуцалснаас хойш 3 сарын дотор ажил олгогч ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрхийн зөрчил бөгөөд нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш 3 сарын дотор тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд хандсан эсэх  буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны цалин хөлс шаардах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар тасалдсан гэж дүгнэх боломжгүй байна.

15.Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгч буюу ажил олгогч үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй. 
16.2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “У” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бт, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороонд гомдол гаргасан гэх баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн. /1 дүгээр хавтас хэргийн 12-17 дугаар тал/ 

17.Дээрх гомдолд “У” ХК нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

18.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

19.Иймд Г.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон       
                                                                                    
ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан хариуцагч “У” ХК, “У” ХХК нарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин, алданги нийт 45.073.125 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453.516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН