Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 142/шш2024/01630

 

 

 

2024 12 06

142/ШШ2024/01630

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суух, З овогт Б-ийн Н- /РД:********/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Н-, гэрч Н.Э, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Н- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ... Миний бие 1988-1993 онд Эрдэнэт хотын МТХУГ-ын 1-р хэсгийн барааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа юм Би Эрдэнэт хотын Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 сарын 19-ний өдөр ажилд анх орсон. Сургуулиа төгсөж ирээд томилолтоор барааны мэргэжилтнээр 1 дүгээр хэсэгт 1994 он хүртэл ажилласан. Материал техникийн хангамжийн удирдах газраас архивт зарим баримт нь ирээгүй учраас зарим жил маань ажилласан жилд тооцогдохгүй болчихоод байгаа юм. Миний бие нь 1988 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна... гэв.

 

2. Гэрч О.Б шүүх хуралдаанд: ...Би 1985 оны 07 сарын 01-ний өдөр Эрдэнэт хотын материал техник хангамжийн удирдах газарт материал техник хангамжийн улсын хорооны томилолтоор ирж ажилд ороод 1995 оны 09 сар хүртэл ажилласан. Би тухайн үед техник туслалцааны барааны няраваар ажиллаж байсан. Б.Н- 1988 онд Зөвлөлт Холбоот Улсад сургууль төгсөөд хангамжийн хорооны томилолтоор ирээд Эрдэнэт хотын материал техник хангамжийн удирдах газрын 1 дүгээр хэлтэст барааны мэргэжилтнээр орж ажилласан. Б.Н- нь 1988 онд сургуулиа төгсөж ирээд ажилд орж байсан. Тухайн үед манай хангамж хувьчлагдаад Чулуунбаатар дарга тухайн үед худалдаж авсан. Зохион байгуулалтын өөрчлөлтөөр гарсан. Б.Н- ирсэн цагаасаа хойш 1-р хэлтсийн барааны мэргэжилтэн хийж байгаад бүгдээрээ бүтцийн өөрчлөлтөөр гарсан... гэв.

3. Гэрч Н.Э шүүх хуралдаанд: ...Би 1982 онд Монгол Улсын Их сургууль төгсөөд Эрдэнэт хотын материал техник хангамжийн удирдах газарт мэргэжилтнээр ирсэн. 1988 онд Б.Н- Орос Улсад сургууль төгсөөд ирсэн. Би зээлийн барааны мэргэжилтэн гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Б.Н- Хивсний үйлдвэрийн барааны мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Тэр үеэс нь мэдэх болсон. 1995 оны 09 сарын 01-ний өдрөөс ажилчдын орон тооны цомхотголоор гарсан. Татан буугдах үед л бүгд ажлаасаа гарсан. Улсын байгууллагууд бүгд задраад Худалдаа хангамжийн компаниуд үүсгэн байгуулагдсан. Тэгээд 09 сарын 15-ны өдөр би ажлаас чөлөөлөгдөж байсан санагдаж байна. Б.Н-тэй тэр үе хүртэл цуг ажиллаж байсан учраас байнга холбоотой байдаг... гэв.

 

4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаа, Н.Эрдэнэчимэг, О.Баянжаргал нарын Б.Н-тэй хамт ажиллаж байсан талаараа бичсэн тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Н- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

  2.Хүсэлт гаргагч Б.Н- нь Эрдэнэт хотын Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 294011 дугаар хөдөлмөрийн дэвтэрт ...1988.07.19-нд ЭЗГХХ-ийн яамны 8894 тоот томилолтыг үндэслэн хангамжийн 1 дүгээр хэсэгт мэргэжилтнээр авч ажиллуулав... 1990.09.20 шинжлэн савлах ялган бүрдүүлэх мэргэжилтнээр шилжүүлэн томилов... гэж бичигдсэн, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Н.Эрдэнэчимэгийн хүсэлт гаргагч Б.Н-тэй хамт ажиллаж байсан талаараа бичсэн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

О.Баянжаргалын хүсэлт гаргагч Б.Н-тэй хамт ажиллаж байсан талаараа бичсэн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Н.Эрдэнэчимэг, О.Баянжаргал нарын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

3.Иймд Б.Н-ийг Эрдэнэт хотын Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

4.Хүсэлт гаргагч Б.Н- улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Б-ийн Н- /РД:********/-ийг Эрдэнэт хотын Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ