Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00636

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00636

 

 

 

Т ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00057 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1 941 318 757 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.О- нь барьцааны гэрээнээс өөрийн өмчлөлийн орон сууц болон автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууц болон автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг барьцаалагчид даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Т ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот Барилгын санхүүжилт-ийн зориулалттай зээлийн гэрээг Ж ХХК, компанийг төлөөлж ерөнхий захирал Б. Гантөмөр, гүйцэтгэх захирал Ц.М- нартай байгуулан 2 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 162/3 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Зээлийн барьцаанд С ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус 51 тоот хаягт байрлах 14100 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаартай, багш, ажилчдын орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 0.2628 га газар ашиглах эрхийг тус тус барьцаалсан. Хариуцагч компанийн үүсгэн байгуулагч, захирлууд болох Б.Г-, Ц.М- нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлбөр барагдуулах гэрээ, амлалт, хүсэлтийг удаа дараа өгч байсан. Гэвч тэдний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд биелэгдээгүй. Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гараагүй болно. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 841 143 537 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн үлдэгдэл 919 557 992.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 180 617 222.70 төгрөг, нийт 1 941 318 757 төгрөг байна. Иймд хариуцагч Ж ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 941 318 757 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож өгнө үү. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Зээл олгох үед орон сууцны барилга 80 хувийн гүйцэтгэлтэй, Ж ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэлтэй байсан. Банк бол Улсын бүртгэлийг үндэслэж барьцааны гэрээг байгуулна. Т ХХК бол Ж ХХК-ийн өмчийг барьцаалсан, харин захиалагч иргэд, компани хоорондын асуудал нь тусдаа харилцаа гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн багш, ажилчдын нийгмийн асуудлыг Ж ХХК нь шийдэх зорилготойгоор хэрэгжүүлэхийн тулд 2.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийг Т ХХК-аас зээлсэн. Төслийг хэрэгжүүлэх явцад ам.долларын төгрөгтэй харилцах ханш унасан зэргээс шалтгаалан алдагдалтай ажилласны улмаас зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй. Асуудлыг шийдвэрлэхээр Т ХХК-д нэг бус удаа хандаж, хүсэлт тавьж, зээлийн гэрээний хугацааг нэг удаа 3 сараар сунгасан. Одоо нэхэмжилж буй 1 941 318 757.20 төгрөгийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 1 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2014 онд байгуулж, 2015 онд хугацаа дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа 5 жил 2 сарын өмнө дуусгавар болсон. Гэтэл Т ХХК 2020 оны 3 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, 5 жилийн хуримтлагдсан хүүг нэмж 1 941 318 757 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Т ХХК-ийн шаардах эрх үүссэн хугацааг шүүх тогтоовол, тэр хугацаанаас хойшхи хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Төлбөр барагдуулах хэлцлийг 2017 оны 6 дугаар сард хийсэн. Уг хэлцлийн 6 дугаар зүйлд төлбөрөө төлж чадахгүй бол нэхэмжлэгч шүүхэд хандах бүрэн эрхтэй талаар тусгагдсан. Шаардах эрхээ цаг тухайд нь хэрэгжүүлээгүй, хугацааг зориудаар өнгөрөөж, хуримтлагдсан хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэмэлтээр С ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа 97 айлын орон сууцыг барьцаанаас чөлөөлөх амлалтдаа хүрээгүй. Манай компаниас 634.14 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу 841 143 537 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй.

Манай компани 80 хувийн гүйцэтгэлтэй тухайн барилгаа дуусгахын тулд үл хөдлөх хөрөнгөө компанийн нэр дээр бүртгүүлж, барьцаанд тавьж банкнаас зээл авсан. Тухайн орон сууцны өмчлөгч нарын барьцааг чөлөөлөх нь зөв гэжээ.

 

Гуравдагч этгээд бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, уг гэрээг 3 сараар сунгасан. Үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээ сунгасан үед гэрээний гол нөхцөлийг өөрчилж, үндсэн гэрээ нь дуусгавар болсон. Үндсэн гэрээний үүрэг дуусгавар болоход нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэл дагаад дуусгавар болдог. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 162/3 тоот гэрээний 2 дугаар заалтаар энэхүү нэмэлт гэрээ нь барьцааны гэрээний салшгүй хэсэг болно гэсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй. Зээлийн гэрээг сунгахдаа 162/2 тоот барьцааны гэрээ байгуулсан ба маргаан бүхий орон сууцны барилгыг барьцаалаагүй, зөвхөн орон сууцны үйлчилгээний зориулалттай 600 гаруй сая төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг үүнтэй холбоотой барьцаалах эрхтэй боловч гэрээг байгуулахдаа өмчлөгч гуравдагч этгээдийн зөвшөөрлийг аваагүй хуульд тусгайлан заасныг зөрчсөн. Иймд тухайн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

С.О- нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ж ХХК-тай 140/2-112 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 51 дүгээр байр, 2 дугаар орцны 2112 тоот 56.8 м.кв орон сууцыг 82 360 000 төгрөгөөр, В1 давхрын 05 тоот автомашины зогсоолыг 20 000 000 төгрөгөөр нийт 102 360 000 төгрөгөөр хамт захиалсан. Орон сууц болон автомашины зогсоолын төлбөр төлөх үүргээ 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг хүлээн авч эзэмшиж ашиглаж байгаа. Ж ХХК-аас орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж уг орон сууц болон автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоогдсон. Ж ХХК нь орон сууцны барилгыг хууль бусаар өөрийн нэр дээр бүртгүүлж, Т ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний тавдугаар бүлгийн 5.1.4-т захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгнө гэсэн үүргээ ноцтой зөрчиж Т ХХК-ийн барьцаанд тавьж зээл авсан байна. Барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүй С.О- миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хэлцэл байгуулсан байна. Иймд Т ХХК, Ж ХХК-уудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний иргэн С.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байр, 2 дугаар орцны 2112 тоот 56.8 м.кв орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул барьцааны гэрээнээс чөлөөлөхийг барьцаалагчид даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-аас 1 941 318 757.20 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот дахь 14100 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэлтэй 000304942 тоот гэрчилгээтэй, ажилчдын байрны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 0.2628 га ашиглах эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаарт бүртгэлтэй, 000450800 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд С.О-гийн хариуцагч Ж ХХК болон Т ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний иргэн С.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байрны 2 дугаар орцны 2112 тоот 56.8 мкв орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээнээс дээрх орон сууц болон автозогсоолыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 934 744 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 739 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 9 934 744 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүйгээс түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлээ талуудын хоорондох 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл” гэгчийг үндэслэж дүгнэлт өгөхдөө хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хэн байсан, тухайн этгээд Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцлийг хийх эрхтэй эсэхийг хараагүй, дүгнээгүй нь хууль хэрэглээний зөрчилтэй болсон. Шүүх нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ “...нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх зээлийн гэрээний үүргийн төлөгдөөгүй үнийн дүнгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй...” гэж тодорхойлохдоо хариуцагч хөөн хэлэлцэх хугацаатай маргаж байсан, нөгөөтэйгүүр хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллыг хянаагүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болсон барьцааны зүйлийг анх барьцаанд тавихад хэрхэн үнэлсэн, одоо ямар үнэтэй болсон, гэрээ байгуулж байх үед ямар хэлбэр дүрс, гүйцэтгэл, ашиглалтын ямар түвшинд байсан, өнөөдөр ашиглалтын ямар түвшинд хүрсэн /Барьцааны зүйл нь тухайн үед 80 хувийн гүйцэтгэлтэй “дуусаагүй барилга” байсан бол өнөөдөр бүрэн дууссан нийтийн орон сууц болсон/, тухайн үед хэний өмч байсан, өнөөдөр өмчлөлийн асуудал хэрхэн өөрчлөгдсөн, өмчлөгчийн бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт эсэх нь нотлох баримтаар харагдахгүй байхад анхан шатны шүүх барьцааны гэрээнд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дээрх зөрчлүүдийг арилгаж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Гуравдагч этгээдийн өмч хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасныг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн тул үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч Ж ХХК нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль зөрчиж, гуравдагч этгээдийн шаардлага байгааг мэдсээр байж, барьцааны гэрээг гуравдагч этгээдийн шаардлага байхгүй мэтээр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд хуульд заасан үндэслэлээр барьцааны эрх үүсээгүй.

Хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой. Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний хэргээс татуулсан баримтад гуравдагч этгээд өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандсан боловч барьцаатай гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх байхгүй гэж худал дүгнэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад татгалзал илэрхийлдэггүй, татгалзал байхгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх атал бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Хэрэгт авагдаагүй 000304942 тоот гэрчилгээтэй, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар уг гэрчилгээнд гуравдагч этгээдийн үл хөдлөх орсон мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой. С ХХК-ийг оролцуулахгүйгээр С ХХК-ийн байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 162/4 тоот барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хугацаа дууссан зээлийн гэрээ, уг гэрээтэй дагалдаж дуусгавар болсон барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 162 тоот барьцааны гэрээг нэмэлтээр бичгээр байгуулаагүй байхад байгуулсан мэтээр, хүчин төгөлдөр мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээд болох С.О- өмчлөгчөөр тогтоогдсоныг үндэслэн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

                                                           

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 947 318 757.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлийн үндсэн төлбөр 841 000 000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 634.14 м.кв үйлчилгээний объектоор хангуулах талаар зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

           

            Т ХХК, Ж ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал 2 500 000 000 төгрөгийн зээлийг барилгын санхүүжилтийн зориулалттайгаар жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч тал нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь “зээлдэгч зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээнд зааж болох” талаарх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

            Зээлдүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 2 500 000 000 төгрөгийг зээлдэгч Ж ХХК хүлээн авч ашигласан, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2 155 810 004 төгрөгийг төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй талаар маргаангүй байна. 

 

            Зээлдэгч нь зээлийг гэрээгээр тохиролцсоны дагуу хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдэж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хуваарийн талаарх саналыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17/70 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

 

Зээлдүүлэгч Т ХХК зээлдэгчийн дээрх хүсэлтийг  хүлээн авч, талууд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” нэртэй гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулсныг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсон байна.       

         /хх1-35/

 

            Тус хэлцлээр зээлдэгч Ж ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 841 143 541.72 төгрөг, үндсэн хүү 432 278 696.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81 361 364 төгрөг, нийт 1 345 783 603 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан, үндсэн төлбөр болох 841 143 541.72 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 6 удаагийн төлөлтөөр барагдуулах, үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулах үүргийг хүлээсэн байна.

 

Дурдсан хугацааг хэтрүүлбэл зээлдүүлэгч Т ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийг төлүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж гэрээний 6 дахь заалтаар тохиролцсон байна.

 

            Зээлдэгч төлбөр барагдуулах гэрээнд заасан нийт  1 345 783 603 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул зээлдүүлэгч нь уг төлбөрийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Түүнчлэн зээлдэгч нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт болон зээлийн үндсэн гэрээнд зааснаар зээлийн үлдэгдэл 841 143 541 төгрөгт тооцож хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсоны дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй.

 

841 143 541 төгрөгийн 6 сарын хугацаанд ногдох хүүг сарын 1.8 хувиар тооцвол 90 843 502 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү нь 18 168 700 төгрөг, нийт 109 012 202 төгрөг байна.

 

Харин төлбөр барагдуулах гэрээний 6-д “төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн тохиролцоог 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан “хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг ... зээлийн гэрээнд тусгана” гэж заасан тохиролцоо гэж дүгнэхгүй юм. Иймд уг хугацаанаас хойш тооцож гаргасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

            Дээрхээс дүгнэвэл 2017 оны 6 дугаар сарын 14-ний байдлаар төлөхөөр тохирсон    1 345 783 603 төгрөгийн төлбөр дээр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 109 012 202 төгрөгийн үүргийг нэмж 1 454 795 805 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 486 522 952 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

“Төлбөр барагдуулах гэрээнд Ц.М- гарын үсэг зурсан нь зээлдэгч Ж ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, үр дагавар үүсгэхгүй” гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Ц.М- нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байхаас гадна 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Т ХХК-тай зээлийн гэрээг байгуулахдаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг төлөөлсөн тул компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байна.

 

Анхан шатны шүүх талууд төлбөр барагдуулах гэрээгээр зээлийн гэрээний үүргийг тодорхой нөхцлөөр өөрчлөн тогтоосон байдлыг үнэлэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасныг дээрх байдлаар залруулан, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, уг өөрчлөлттэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг мөн өөрчлөн шийдвэрлэв.

 

Талууд барьцааны гэрээг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот дахь 14 100 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэлтэй, 000304942 дугаар гэрчилгээтэй, Ж ХХК-ийн өмчлөлийн, орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 02628 га газар ашиглах эрхийг тус тус үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, мөн Т ХХК нь С ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 162/4 тоот барьцааны гэрээг байгуулж, Соёмбо групп ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаарт бүртгэлтэй, 000450800 дугаар гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156,1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагад тус тус нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Гэрээнд гарын үсэг зурсан Б.Г-, Ц.М- нар нь С ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч гишүүд болохыг компанийн дүрэмд заасан байх тул компанийн эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрх бүхий этгээдүүд юм.                                                                                                                                            /1хх41-44/

 

Хариуцагч нь барьцааны гэрээнд заасан С ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 634.14 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй талаар тайлбарлаж, тус эд хөрөнгийг нэмж барьцаалахдаа орон сууцны барилгыг нэхэмжлэгч барьцаанаас чөлөөлөх талаар тохиролцсон гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг дээрх 2 барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн С.О- гуравдагч этгээдээр оролцож, “Т” ХХК болон Ж ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байрны 2 дугаар орцны 2112 тоот 56.8 м.кв талбай бүхий орон сууц, В1 давхрын 05 тоот автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээнээс дээрх орон сууц болон автозогсоолыг чөлөөлөхийг барьцаалагчид даалгах бие даасан шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Гуравдагч этгээд С.О- нь Ж ХХК-аас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 140/2-112 дугаар гэрээгээр  дээр дурдсан байрны 2112 тоот 56.8 м.кв орон сууцыг В1 давхрын 05 тоот автозогсоолын хамт худалдан авч, гэрээний төлбөрөө 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн төлсөн боловч өмчлөх эрх нь улсын бүртгэлээр баталгаажаагүй тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн гэж үзэхгүй.

 

Орон сууцны дээрх барилгын өмчлөгчөөр Ж ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн Т ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээгээр тус дуусаагүй барилгыг барьцаалсан, барьцаалагчийг өмчлөгчийн эрхийн бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан гэж буруутгах үндэслэлгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/02335 дугаар шийдвэрээр дээрх 51 тоот байрны 2112 тоот орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр С.О-г тогтоосон боловч өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, барьцааны зүйлийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр, хууль зөрчиж бусдад барьцаалсан гэх гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11ий өдрийн 181/ШШ2021/00057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 941 318 757.20 төгрөг” гэснийг “1 454 795 805 төгрөг” гэж, “олгосугай” гэснийг олгож, үлдэх 486 522 952 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “9 934 744 төгрөгийг гаргуулан” гэснийг 7 431 929 төгрөгийг гаргуулан” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 9 934 744 төгрөгийг буцаан олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 739 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                       ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ