Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/1042

 

   2023           10            26                                           2023/ДШМ/1042

 

Г.А, Л.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

шүүгдэгч Л.Д-н өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/1015 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлээр Л.Д, Г.А нарт холбогдох 2208 02826 0941 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. З овогт Л-н Д, 19.. оны . дугаар сарын ..-ний өдөр .. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........../;  

2. Ц овогт Г-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........../;   

Шүүгдэгч Л.Д нь  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ........ эцэст автобуснаас буухдаа иргэн О.О-н гээгдүүлсэн “Самсунг А53” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

шүүгдэгч Г.А нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч О.О-н өмчлөлийн “Самсунг А53” загварын гар утсыг  Л.Д-с өөртөө шилжүүлэн авч, улмаар өөрийн нэр дээр бүртгэлтэй ....... дугаарыг хийж 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Л.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд, шүүгдэгч Г.А-г гээгдэл эд хөрөнгө завшихад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, шүүгдэгч нар нь уг торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийг хамжигч” гэж заасан. Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь хуулиар хүлээсэн үүргээ санаатай биелүүлэхгүй байх, тухайн хөрөнгийг өөрт эдийн ашиг болгох зорилготой байдаг бол, энэ тохиолдолд шүүгдэгч Г.А-г гээгдэл эд зүйл олсон хүний хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхгүй байхад нь зориуд дэмжлэг үзүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь, үнэтэй гар утас олсон байна, кодыг гарган ашиглах боломжтой, уг утсыг авч хүүхдэдээ бариулъя, дараа нь танд мөнгө өгье гэж тохирон авч, ашиглаж байсан нөхцөл байдлаас мөнгө угаах бус тухайн гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь Л.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан өөрөөр хэлбэл гар утас олж түүнийгээ өөртөө хадгалж байгаа талаар мэдэж байсан бөгөөд үнэтэй зарагддаг гар утсыг хямд үнээр авч хүүхдэдээ ашиглуулах зорилгоор Л.Д-с дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцон өөртөө шилжүүлэн авч, улмаар утасны түгжээг гаргуулж, өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаар хийж ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон. Мөн шүүгдэгч Л.Д нь хохирогч О.О-н гар утсыг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутай үйлдэл нь гар утсыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулах боломжтой болсон үеэс “Гээгдэл эд хөрөнгө” завших гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Учир нь, алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Харин Л.Д-н үйлдсэн “Завших” гэмт хэрэг төгссөний дараа гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж төлбөрийг дараа өгөхөөр тохиролцон худалдан авч, гар утсыг ашиглаж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд тусламж, дэмжлэг гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд амар хялбар болгосон, боломжийг нээж өгсөн эсвэл гэмт үйлдлийн хүчийг нэмэгдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгоно. Тухайлбал зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах, гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг нуун далдлах гэх мэт гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, эд зүйлийг нуун далдлах зэрэг үйлдэл байдаг. Мөнгө угаах гэмт хэргийн объектив тал нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийг нуун далдалсан үйлдэл, эс үйлдэхүй байна. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг хэлнэ. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.А нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг лавтай мэдсээр байж зориуд өөртөө авч, ашиглаж байсан үйлдэл нь “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй байхад шүүх завших гэмт хэргийн хамжигч гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан байна. Энэ нь шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэсэн боловч Л.Д нь тухайн гэмт хэрэгт ямар хэлбэрээр хамтран оролцсон болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйл болон 3.2-3.5 дугаар зүйл, хэсгээс зохих хэсгийг журамлаагүй байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд бусадтай хамтран оролцоогүй гэж ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, уг хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.А нь Л.Д-н гээгдэл эд хөрөнгө буюу гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийг үйлдсэний дараа буюу тухайн гар утсыг өөртөө шилжүүлэн авч, тодорхой хугацаа өнгөрсний дараа Л.Д-г гээгдэл эд хөрөнгө завшсан гэдгийг мэдсээр байж, гар утсыг дараа нь мөнгийг өгөхөөр тохиролцон худалдан авч, мөн өөрийнхөө бүртгэлтэй дугаарыг хийж, хүүхэддээ ашиглуулж байсан үйл баримт тогтоогдсон. ... Хэрэгт авагдсан баримтаар Г.А нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, Л.Д-г гар утсыг олж, өөртөө ашиглаж, 1 сар гаруй хугацаанд гар утсыг өөртөө байлгаж байгаа гэдгийг мэдэж байсан. Тухайн үед Г.А “үнэтэй утас байна, би хүүхэддээ бариулъя, дараа нь мөнгийг нь өгье” гэх санаа зорилго агуулж, өөртөө шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Мөн шийтгэх тогтоолд Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Гэтэл Л.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт ямар хэлбэрээр хамтран оролцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь буруу юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Г.А-г бусадтай хамтран бүлэглэсэн, хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой шүүгдэгч Г.А бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Л.Д-н өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагч эсэргүүцэл бичсэнээр миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Л.Д нь тухайн гар утсыг олж, өөртөө байлгаж байсан. Л.Д нь гар утсыг худалдаж, завших үйлдэл хийгээгүй, “цагдаагаас дуудаж магадгүй гэж өөртөө байлгаж байсан” гэж мэдүүлдэг. Харин Г.А, түүний эхнэр Орхон нар “гар утсаа өгчих, мөнгө өгөөд авъя” гэж хэлээд авсан. Л.Д нь тухайн хүмүүсээс “мөнгө авъя” гэж нэхээгүй, мартсан байсан. Тэгэхээр Л.Д-д завшсан гэх үйлдэл байдаггүй. Л.Д-г тухайн гар утсыг өөртөө олж авсан ч завшсан үйлдэлд Г.А идэвхтэй оролцож, хамтран үйлдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

Аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүх, шүүгч нь юун түрүүнд эрх мэдэл бүхий, бие даасан, хараат бус байхаас гадна шүүх нь хуулийн дагуу байгуулагдсан байх, шүүгч нь хуулийн дагуу томилогдсон байх, түүнчлэн хэрэг маргааныг хуваарилахаас эхлээд хуралдаан даргалах шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан хугацааг баримтлах гэх мэт бүхий л асуудал хуульд заасан журмын дагуу байх нь шударга шүүхийн үйл ажиллагааны баталгаа болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Ерөнхий шүүгчийн бүрэн эрх”, мөн зүйлийн 17.1.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” эрхийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.” гэж тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг хэрхэн томилохыг нарийвчлан зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.А, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн өдөр шүүгч С.Сэржмядагийн 2023/ЕШЗ/1237 дугаар шүүгчийн захирамж /хх 163/-аар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч М.Мөнхбаатарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Шүүгдэгч Г.А, Л.Д нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч М.Мөнхбаатарыг томилохдоо тус шүүхийн ерөнхий шүүгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох эрх олгогдоогүй байхад шүүгч С.Сэржмядаг нь шүүх хуралдааны даргалагчаар шүүгч М.Мөнхбаатарыг томилсон шийдвэрийг албажуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв. 

Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Үүнээс гадна, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Г.А-д холбогдох хэргийг зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэх утга агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гагцхүү “....Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж хуульчилсан.

Гэтэл прокуророос Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/1015 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.А, Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР