Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч О.И-, өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.И-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708023930327 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........

Өсвөр насны яллагдагч О.И- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор насанд хүрээгүй /17 настай/ Б.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.И- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 1708023930327 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн: “Би 2017 оны 11 сарын 03-ны орой 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, автобусны буудлын ойролцоо байх хүнсний мухлагаар үйлчлүүлэхээр ортол И- гэгч танил залуу намайг үгийн зөрөөгүй хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, хацар руу хоёр удаа алгадсан. И-тэй хамт явж байсан залуу И-ийг надаас салгаад би тухайн мухлагаас гартал И- миний араас гарч ирээд намайг цохиж газар унагаагаад миний нүүр хэсэг рүү олон удаа гараараа цохиж гэмтээсэн. Би хэн нэгнийг зодож цохисон асуудал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-7, 8/,

Гэрч Ч.Даваажаргалын: “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цагийн орчим би ТҮЦ дотроо сууж байтал И- согтуу байдалтай орж ирээд бид 2 юм яриад сууж байснаа И- над руу агсарсан маягтай юм яриад сууж байхад гаднаас нэг банди ороод ирсэн. Би танихгүй. Тэгтэл И- “миний амар амгалан чамд хамаагүй шүү” гээд шууд нөгөө бандийн хамар руу гараараа цохиод авсан. Нөгөө хүүхдийн хамраас цус гарч гараад зугтаасан. Тэгтэл араас нь И- гараад нөгөө хүүхдийг мангасдаж унагаад гараараа нүүр рүү нь цохиод байсан. Би ТҮЦ-ээ орхиж явж болохгүй болохоор буцаад ТҮЦ-ндээ орсон. Өөр юу болсныг мэдэхгүй. ...Ямар ч шалтгаангүй тэр бандийг орж ирэхэд И- хамар руу нь цохиод, гадаа гарахаар нь газар унагааж байгаад нүүр рүү цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Гэрч Л.Булганчимэгийн: “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цагийн орчим хүү Номунбудъяа дэлгүүрээс хоол амтлагч авна гээд надаас салаад явсан. ...Тэгтэл араас Номунбудъяа утсаар залгаад “ээжээ би хүнд зодуулчихлаа” гэхээр нь би шууд гэртээ харьтал хүүгийн хамраас цус гараад хавдсан байхаар нь маргааш цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Баруун салаанд байдаг И- гэдэг хүүхэд миний хүүгийн хамрыг ТҮЦ-ээс хоол амтлагч авах гэж ороход ямар ч шалтгаангүйгээр зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-13/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.07-ны өдрийн 13838 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Н-н биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Урьд нь өвдөж эмчлүүлж байсан гэх амбулаторийн картгүй ирсэн болно” гэжээ /хх-17/,

Шүүгдэгч О.И-ийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цагийн орчим Баруун салааны эцсийн буудал хойно байдаг найз Даваажаргалын ТҮЦ-нд сууж байтал гаднаас зүс таних Номунбудъяа орж ирэхээр нь “юу байна даа” гэж мэндэлсэн. Номунбудъяа “юу байдаг юм бэ” гээд өөдөөс муухай хараад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд босч очоод Номунбудъяаг нэг удаа алгадчихсан. Тэгтэл Даваажаргал “та хоёр гараад учраа ол” гэхээр нь би Номунбудъяатай хамт гадаа гараад нэг удаа нүүр рүү нь мангасдаад унагаасан. Тэгээд тэр чигтээ юу ч дуугаралгүй гүйгээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ орсон. ...Өөр цохиж зодоогүй. Би тухайн өдөр нэг том пиво уусан согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-26/,

шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-4/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-54/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.И- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлагт насанд хүрээгүй /17 настай/ Б.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан бөгөөд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-60/ гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.И- нь ажил эрхэлдэггүй, орлого олдог нь тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч О.И-ийн хувьд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн. О.И- өөрөө хийсэн хэрэгтээ гэмшиж дүгнэлт хийж байгаа, гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Шүүгдэгчийн аав нь улирлын чанартай ажил эрхэлдэг, ээж нь автобус баазад ажилладаг, өөрөө ажил эрхэлдэггүй. Иймд шүүгдэгчийн ар гэр болон хувийн байдлыг харагалзан улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна. Харин 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч О.И- гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сар 28 хоногтой байсан нь нас тоолсон тухай тэмдэглэл /хх-4/-ээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага” гэж заасныг үндэслэн уг хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талуудын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.И-өд 150 /нэг зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.И- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.И-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.И-ийг 150 /нэг зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.И- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.И- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.И-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР