Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1047

 

   2023           10            31                                           2023/ДШМ/1047

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/598 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Б-д холбогдох 2310 01451 0849 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн А-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, /РД: ........../,

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;     

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио Тауны орчимд Э.Н-н гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 144 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 6 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Тухайн үед хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд энэ үйлдлээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор хамтад нь шийдэх боломжгүй гэсэн хүсэлт гаргасан байсан боловч яллагдагчаар татагдаагүй байгаа учир нэгтгэн шийдэх боломжгүй гэсэн тул дахин шийтгэх тогтоолоор ял сонссон.

Би бага насны буюу 4-5 насны 2 охинтойгоо амьдардаг, ээж нь бага охиноо ой хүрээгүй байхад нь хаяад явсан. Одоо аав, ээжтэй минь хамт байгаа боловч аав намайг хоригдохоос 3 хоногийн өмнө даралт нь ихсэж, тархин тус газраа харвалт өгч, хэвтрийн дэглэмтэй байгаа. Би гэмт хэрэгт холбогдож бяцхан үрсээ зовоож, эцэг, эхээ асарч чадахгүй болж байгаадаа маш их харамсаж байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, 2 охиноо өсгөж, эцэг, эхээ асран хамгаалах болно. Надад ийм боломжийг олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.Б нь тухайн хэрэгт шалгагдсан үеэс эхлэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг байхгүй. А.Б нь 2018 оны 6 дугаар сард охин Б.А, 2019 оны 11 дүгээр сард төрсөн охин Б.А нарын хамт амьдарч байгаа өрх толгойлсон эцэг юм. Мөн түүний эцэг тархины цус харвалтын улмаас 2023 оны 9 дүгээр сарын 10-наас 18-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлээд одоо эхнэрийнхээ асрамжид байгаа юм. А.Б-н ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б-д оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Давж заалдах гомдолд дурдсанчлан А.Б нь бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, эцэг нь хүнд өвчтэй талаарх баримтыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдоогүй. Ял хөнгөрүүлэх эсэх асуудал нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио Тауны орчимд Э.Н-н гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Н-н “... Би Токио тауны ард явж байгаад гар утсаа алдсан. Тухайн үед найз Маралгуагийн хамт явж байсан. Бид хоёрыг алхаж байхад араас саарал өнгийн малгайтай, хар өнгийн хувцастай хүн дагаж байсан. Миний гар утас “Айфоне 12 про макс” загварын цагаан өнгийн гар утас байсан. ...” /хх 12-13/,

гэрч С.Г-н “... Орой ажил тарах гээд би Монтел төвийн гадаа зогсож байтал зүс таних Б гэх залуу ирээд “Айфоне 12 про макс” загварын шинэвтэр цагаан өнгийн утас байна, зарах гэсэн юм, та худалдаж авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь 350.000 төгрөг бэлнээр өгөөд би Б-с худалдаж авсан. ...” /хх 17/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 5-7/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 29-30/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч А.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас эдлээгүй 144 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж /500 цаг + 144 цаг= 644 цаг/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /48 хоног х 8 цаг=384 цаг/, эдлэх ялаас хасаж /644 цаг – 384 цаг= 260 цаг/ нийт биечлэн эдлэх ялыг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

 Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн биеийн байцаалтад хүүхдүүдийн хамт амьдардаг гэсэн боловч шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа хүүхдүүдийн асрамжийг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/598 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Б овогт А-н Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч А.Б-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б-д оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй 144 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж /500 цаг + 144 цаг= 644 цаг/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /48 хоног х 8 цаг=384 цаг/, эдлэх ялаас хасаж /644 цаг – 384 цаг= 260 цаг/ нийт биечлэн эдлэх ялыг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-г нэн даруй сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР