| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0130/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Б.Т-, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708017410456 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............
Б.Т- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны 5 тоотоос Н.М-ын пүүз, цамц, подволк, гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 643.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ангийнх нь хүүхэд утсыг нь аваад явсан байх. Түүнийг явсны дараа М- миний утсаар ангийн хүүхэд рүүгээ ярьж байсан. Тогтвор суурьшилтай ажилд орсон, эхнэрийн бие муу байгааг харгалзан хөнгөн ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708017410456 дугаар хэргээс мөрдөн байцаалтанд өгсөн:
Хохирогч Н.М-ын: “2017 ны 8 дугаар сарын 27-ны өдөр би Төв аймгийн Сэргэлэн суманд байх уурхайгаас ирээд 2 ширхэг футволк, 1 цамц, “Самсунг Эс-6” маркийн гар утас, пүүз аваад Мөнхбаяртай уулзаад ...нийтийн байранд Баагий гэж дууддаг ахын гэрт ирсэн. Тэднийд 0.75 литрийн 2 шил архи аваад 16 цагийн орчимд ороход Баагий ах өнгөрсөн байсан. Эхнэр Доогий нь байсан. Доогий эгчтэй Мөнхбаяр бид хоёр авсан архиа хувааж уусан. ...Архи ууж сууж байгаад би унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь байрны эзэн нь орж ирээд “та нар энд архи уухгүй, гар, яв” гээд хөөхөд нь сэрээд харахад Мөнхбаяр байхгүй явчихсан байсан. Доогий эгч бид хоёр байсан. Би явах гээд цүнхтэй юмаа хайсан чинь олдоогүй. 2 хоногийн дараа Мөнхбаярын гэрт очоод “миний цүнхтэй хувцас, пүүз яасан юм бэ” гэхэд “би аваагүй” гэж хэлж байсан. Гэтэл 2017.09.30-ны өдөр 14 цагийн орчимд “Баялаг” зочид буудлын хажууд явж байтал миний алдсан цамц, пүүз хоёрыг нэг согтуу залуу өмсчихсөн явж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу би аваагүй, өөр хүнээс худалдаж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-22/,
Гэрч М.Батхүүгийн: “...Би өөрийн өмсөж явсан пүүз, цамцыг Дашка гэх залуугаас 20000 төгрөгөөр худалдаж авсан. Дашка буюу Дашпүрэвтэй хамт нэг эрэгтэй цуг байсан. Дашка “миний цамц, пүүз байгаа юм, халуураад явж байна ганц юм уух гэсэн юм хямдхан авчих” гэж надад хэлсэн. Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан авсан тийм зүйл байхгүй. Тухайн үед ...Дашпүрэвтэй хамт явсан Тэмүүжин гэдэг эрэгтэй надад өчигдөр 20,000 төгрөг өгсөн. Тийм болохоор надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-6-7, 54/,
Гэрч Л.М-ын: “Би М-той 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уулзсан. Бид 2 Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Дүүхээ” төвөөс урагш байдаг Догоо гэх эмэгтэйн гэрт очиж хамт 2 шил архи уучихаад орой нь би явсан. Намайг явахад М-, Догоо гэх эмэгтэй 2 согтчихсон байсан. Бид гурвыг архи ууж байхад гаднаас өөрийгөө Тэмүүжин гэх залуу ирсэн. М- “Самсунг”-ийн нэг гар утастай, жижиг цүнх үүрчихсэн байсан. Цүнхэнд ямар эд зүйл байсныг мэдэхгүй. М- маргааш нь надаас эд зүйлээ алдчихлаа, чи авч явсан уу гэж асууж байсан. Би “чи намайг явахад эд зүйлээ аваад Догоо гэх эмэгтэйн гэрт шкаф дээр тавьж байсан” гэдгийг нь хэлсэн” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч С.Д-ийн: “...Би тэр өдөр гэртээ байж байгаад Доогий гэх эмэгтэйнд утасны цэнэглэгч авахаар ороход Доогийгийн гэрт үсээ хажуу тал руугаа самнасан залуу, нэг согтуу залуу, Доогий 3 байсан. Би цэнэглэгчээ асуусан чинь байгаагүй. Би гараад явах гэж байхад үсээ хажуу тал руугаа самнасан залуу надад хоёулаа энэ пүүз, цамцыг зараад ганц юм аваад уучихая гэж хэлсэн. Тэгэхээр нь “би тэгье” гээд тэр залуутай хамт Хангай зах руу ороод Батхүү гэх залууд тэр залууд зарчихая гэсэн пүүз, цамцыг 20.000 төгрөгөөр зарсан. Миний хажууд байсан залуу Батхүүд миний пүүз байгаа юм, өмсөөд удаагүй гэж хэлж байсан. Мөнгөөр нь хамт явсан залуутай “Од” буудал руу орж 1 цагаар өрөө авч нэг шил архи уучихаад гарсан. Би тэр өдөр уг залуутай Доогийгийн гэрт тааралдсан. Тэр залуу надад тэр зүйлсийг миний эд зүйл гэж хэлж байсан” гэх мэдүүлэг/хх-13-14/,
Шүүгдэгч Б.Т-гийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ”-гээс “Хангай” зах явах замд байдаг нийтийн байранд амьдардаг танил Доогийгийн гэрт яваад ортол М- , Доогий нар байсан. Мөн танихгүй согтуу 2 эрэгтэй унтаж байсан. Удалгүй унтаж байсан залуугийн нэг нь босож ирээд М-оос мөнгө аваад “бэлэн гоймон архи аваад ирье” гэж хэлээд гараад явсан боловч эргэж орж ирэхгүй байсан. Би дэлгүүр орж өөрийнхөө мөнгөөр 1 шил 0,75 литрийн архи аваад бүгдээрээ хувааж уусан. Архи уугаад дуусах үед гаднаас Дашпүрэв гэдэг эрэгтэй орж ирээд Доогийгоос гар утасны цэнэглэгч асуучихаад “би шартаж үхлээ архи байна уу” гээд байсан. Энэ үед газарт шалан дээр хар хөх өнгийн цүнхтэй, цэнхэр өнгийн пүүз байхаар нь би түүнийг аваад Дашпүрэв гэдэг эрэгтэйд “энэ миний пүүз байгаа юм, энийг зарж чадах уу” гэж асуухад “чаднаа” гэж хэлсэн. Ингээд Доржпүрэвийн хамт Доогийгийн гэрээс гараад “Хангай” зах дээр очиж Батхүү гэдэг хүнд 20,000 төгрөгөөр тухайн пүүзийг зараад 1 шил 0,75 литрийн архи авч хувааж уучихаад би гэр рүүгээ явсан. М- согтоод унтаж байсан. Доогий энэ үед 00 орсон байсан. Дашпүрэв гэдэг эрэгтэй тухайн пүүзийг миний пүүз л гэж бодсон. Пүүзнээс гадна 1 ширхэг хуучин, бараан өнгийн гандсан фудволк, бараан өнгийн 1 ширхэг цамц байсан. Энэ 2 зүйлийг пүүзтэй хамт Батхүүд 20.000 төгрөгөөр зарсан. Цүнхэнд өөр юм байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-59/,
эд зүйлийн үнэлгээ /хх-23/, гэрч Н.Цамбын мэдүүлэг /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, хорооны тодорхойлолт /хх-63/, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-64-65/, “Мазо” ХХК-ийн тодорхойлолт /хх-66/, Эрүүгийн хэргийн төв архивын албан бичиг /хх67/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-70/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны 5 тоотоос иргэн Н.М-ын пүүз, цамц, подволк, гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 643000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдлоо.
Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчид утас, цамц, иргэний үнэмлэх байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй тул гар утас авсан гэж үзэх үндэслэлгүй. Гэрчээр н.Лхагва, хохирогчийн дүү нараас мэдүүлэг авах ёстой байсан. Иймд гэм буруугүйд тооцож өгнө үү” гэж гэм буруугийн дүгнэлт гаргасан болно. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн “2017 ны 8 дугаар сарын 27-ны өдөр би Төв аймгийн Сэргэлэн суманд байх уурхайгаас ирээд 2 ширхэг футволк, 1 цамц, “Самсунг Эс-6” маркийн гар утас, пүүз аваад Мөнхбаяртай уулзаад ...нийтийн байранд Баагий гэж дууддаг ахын гэрт ирсэн. ...Би явах гээд цүнхтэй юмаа хайсан чинь олдоогүй. 2 хоногийн дараа Мөнхбаярын гэрт очоод “миний цүнхтэй хувцас, пүүз яасан юм бэ” гэхэд “би аваагүй” гэж хэлж байсан. Гэтэл 2017.09.30-ны өдөр 14 цагийн орчимд “Баялаг” зочид буудлын хажууд явж байтал миний алдсан цамц, пүүз хоёрыг нэг согтуу залуу өмсчихсөн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-22/, гэрч М.Бгийн “...Би өөрийн өмсөж явсан пүүз, цамцыг Дашка гэх залуугаас 20000 төгрөгөөр худалдаж авсан. Дашка буюу Дашпүрэвтэй хамт нэг эрэгтэй цуг байсан. Дашка “миний цамц, пүүз байгаа юм, халуураад явж байна ганц юм уух гэсэн юм хямдхан авчих” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-6-7, 54/, гэрч Л.М-рын “Би М-той 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уулзсан. ...М- “Самсунг”-ийн нэг гар утастай, жижиг цүнх үүрчихсэн байсан. Цүнхэнд ямар эд зүйл байсныг мэдэхгүй. М- маргааш нь надаас эд зүйлээ алдчихлаа, чи авч явсан уу гэж асууж байсан. Би “чи намайг явахад эд зүйлээ аваад Догоо гэх эмэгтэйн гэрт шкаф дээр тавьж байсан” гэдгийг нь хэлсэн” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч С.Д-ийн “...Би гараад явах гэж байхад үсээ хажуу тал руугаа самнасан залуу надад хоёулаа энэ пүүз, цамцыг зараад ганц юм аваад уучихая гэж хэлсэн. Тэгэхээр нь “би тэгье” гээд тэр залуутай хамт Хангай зах руу ороод Батхүү гэх залууд тэр залууд зарчихая гэсэн пүүз, цамцыг 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч Б.Т-гийн “...Энэ үед газарт шалан дээр хар хөх өнгийн цүнхтэй, цэнхэр өнгийн пүүз байхаар нь би түүнийг аваад Дашпүрэв гэдэг эрэгтэйд “энэ миний пүүз байгаа юм, энийг зарж чадах уу” гэж асуухад “чаднаа” гэж хэлсэн. Ингээд Доржпүрэвийн хамт Доогийгийн гэрээс гараад “Хангай” зах дээр очиж Батхүү гэдэг хүнд 20,000 төгрөгөөр тухайн пүүзийг зараад 1 шил 0,75 литрийн архи авч хувааж уучихаад би гэр рүүгээ явсан. Пүүзнээс гадна 1 ширхэг хуучин, бараан өнгийн гандсан фудволк, бараан өнгийн 1 ширхэг цамц байсан...” гэх мэдүүлэг /хх-59/ зэргээр өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байх тул дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-т 643000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирснаас “Гар утаснаас бусад зүйлээ хүлээн авсан. Утасны мөнгөө авах хүсэлтэй” гэснийг харгалзан шүүгдэгч Б.Т-гээс “Самсунг галакси эс 6” загварын гар утасны үнэ 200000 төгрөгийг 1 сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлөхийг илэрхийлсэн мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цалин хөлс, орлого олох боломж/-ыг харгалзан түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.