Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 402

 

М.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаар магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаар тогтоолтой, М.О-, М.Е, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт М-н О,

2. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-ийн Е,

3. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Б-н О нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг шүүх дараах байдлаар шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Б.О-ыг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар цагаатгаж,

шүүгдэгч М.О-, М.Е нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

М.Е-ийг гэм буруутайд тооцсон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.О-ыг 7 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О-, М.Е нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсүгэй” гэж,

5 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.О-ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Е-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаа бичсэн дүгнэлтдээ “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 346 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх М.О-ын залилах гэмт хэргийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж эрүүгийн 201725031048 дугаартай хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 452 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс хэргийг хүлээн аваад 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж дараах үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүнд: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 346 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн буюу 2016 оны 12 сараас 2017 оны 5 сарын 21-ний хооронд хохирогч П.Ц, Э.Э, Ж.Г, Б.П, Д.Б нарыг залилсан үйлдэлд М.О-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна. Шүүгдэгч М.О- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оногдуулсны дараа ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдээгүй тул шүүгдэгч М.О-ыг нэг шийтгэх тогтоолоор шийтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх үзэн М.О-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Иймд яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр М.О-ыг эрүүгийн 21133597 дугаартай хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаартай магадлал, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаартай хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр М.О-, М.Е, Б.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, М.О-ыг бусадтай бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалыг эс зөвшөөрч өмгөөлөгч Ж.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ялтан М.О- нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэгт шалгагдаж, прокуророос энэхүү 5 үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1037 дугаартай захирамж гарган хэргийг нэгтгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасны дагуу прокурор дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан бөгөөд М.О-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг тус тус хүчингүй болгох хуульд заасан шинэ нөхцөл байдалд хамаарах үндэслэл прокурорын дүгнэлтэд огт тусгагдаагүй байна.

Прокурор шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж дурдсан боловч уг заалтад хамаарах нөхцөл байдал шүүх хуралдаанаар тогтоогдоогүйн дээр шүүгдэгч М.О-ыг сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” хэд хэдэн шийтгэх тогтоолын ялуудыг нэмж нэгтгэх боломжтой юм.

Тодруулбал, М.О-ын ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр түүний урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орох үндэслэл тогтоогдохгүй байх тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаагийн бичсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаагийн бичсэн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. М.О-д холбогдох эрүүгийн хэргүүдийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН