Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 118/2018/0018/з |
Дугаар | 105 |
Огноо | 2019-04-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 105
Г.Ж-гийн нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: М.Батсуурь,
Шүүгчид: Х.Батсүрэн,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: “эрхлэгч эмчээр жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрхлэгч эмчээр томилохыг даалгах”,
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0032 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Г.Ж, гуравдагч этгээд Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу ажилд томилохыг Их-Уул сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0032 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2012 оны/ 17 дугаар зүйлийн 17.15, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ж-гийн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргад холбогдуулж гаргасан “Их-Уул сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд нэхэмжлэгчийг 2014 оны 04 дүгээр сард Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон тул төрийн албатай холбоотой хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй гэж дүгнэсэн байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хөдөлмөрийн харилцаанд нас, нийгмийн байдлаар нь ялгаварлах, хязгаарлалт тогтоохыг хориглосон.
5. Мөн тус хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, 112.2-т “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байхад хуулийн энэхүү заалтуудыг үл хайхарч төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж авах эрх буюу төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа нь түүний хөдөлмөрлөх үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болох мэтээр хуулийг буруу тайлбарласан.
6. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой байхад тус хэм хэмжээг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлах үндэслэл болох мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
7. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан бөгөөд эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй байхад тэтгэвэр тогтоолгосон учир шүүхээр хамгаалагдах төрийн албатай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэж, Үндсэн хуулиар олгогдсон иргэний үндсэн эрхэд хязгаарлалт тогтоосон, энэхүү дүгнэлтдээ үндэслэж нэхэмжлэгчийг эрхлэгч эмчийн албан тушаалд томилохыг даалгах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
8. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 8.1.3-т “...сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх” гэж заасан бөгөөд Г.Ж сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авснаар тухайн албан тушаалд томилогдох хууль зүйн үндэслэл бүрдсэн.
9. Энэ эрхийг хязгаарлах үндэслэлийг тус журмын 8.3-т “томилох эрх бүхий этгээд нэр дэвшүүлсэн иргэнийг томилохоос татгалзвал дүгнэлтээ 7 хоногийн дотор нэр дэвшүүлсэн этгээдэд ирүүлсэн байх тохиолдолд” гэж зохицуулсан бөгөөд Г.Ж-гийн тухайд түүнийг томилохоос татгалзсан, дүгнэлт гарсан зүйл байхгүй учир журмын дагуу тухайн албан тушаалд томилогдох эрх нь түүнд хадгалагдаж байгаа.
10. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан байдлыг захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ зайлшгүй харгалзах, түүнд нийцүүлэх байдлаар хэргийг шийдвэрлэх байсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан зарчмыг баримталдаг, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг харгалзаагүй гэж шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй.
11. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгох, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэгч Г.Ж нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргад холбогдуулан эмнэлгийн эрхлэгч эмчээр жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрхлэгч эмчээр томилохыг даалгах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “төрийн албаны шалгалтад орж тэнцсэн байхад удирдах албан тушаалд томилохгүй, шалгалтад тэнцээгүй иргэнийг ажиллуулж, хууль зөрчиж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
14. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сумын эрхлэгч эмчийн албан тушаалын сонгон шалгаруулалт болж, нэхэмжлэгч Г.Ж тэнцсэн, улмаар Төрийн албаны салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийг нэр дэвшүүлсэн, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийг маргаан бүхий ажилд томилоогүй үйлдэл нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
15. Сумын эрхлэгч эмчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд хөдөлмөрийн харилцааг Үр дүнгийн гэрээгээр зохицуулдаг тул Төрийн албаны хууль болон Хөдөлмөрийн хуулийг маргааны үйл баримтад хэрэглэх байна.
16. Төрийн албаны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” ...бол төрийн албанаас чөлөөлнө, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “дөрөв буюу түүнээс дээш хүүхдээ ...50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж тус тус заасан, нэхэмжлэгчийн тухайд 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авснаар төрийн албанд ажиллах харилцаа дуусгавар болсон байна. Тодруулбал, нэгэнт төрийн албанд ажиллах хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул хариуцагч маргаан бүхий албан тушаалд томилоогүй хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байна.
17. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул түүний хөдөлмөрлөх эрхийг төрийн албанд анх орж байгаа иргэнтэй адилтган үзэхгүй.
18. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн албан тушаалын шаардлагыг хангасан этгээдийг сонгон шалгаруулалтад оруулах зохицуулалттай, өндөр насны тэтгэвэр тогтоолгосны үр дагавраар тухайн байгууллагад сул орон тоо бий болох ба уг орон тоог нөхөхдөө удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад дахин өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг оруулах нь агуулгын хувьд зөрчилтэй, гэвч энэ нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, өөр захиргааны байгууллагад хамааралтай тул нэхэмжлэгчийн “удирдах албаны шалгалтад бүртгэхээс татгалзаагүй” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, 112.2-т “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байгаа, түүний цалин хөлсийг хязгаарлаагүй тул хуулийн зөрчилгүй, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг эмчээр ажиллуулахаас татгалзаагүй, харин эрхлэгч эмчээр томилохоос татгалзаж байгаа нь дээрх байдлаар хууль зөрчөөгүй байна.
20. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүхээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг харгалзаагүй гэж буруутгаж шийдвэрийг нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй” тухай гомдлын хувьд: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дүгээр шийдвэрээр Б.А-ийн нэхэмжлэлийг хангаж, Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Давж заалдах шатны шүүхээс зөвхөн иргэний шүүхийн шийдвэрийг үндэслэж маргааныг шийдвэрлээгүй, харин маргааны үйл баримтад холбогдох Төрийн албаны хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул дээрх гомдол үндэслэлгүй байна.
21. Нэхэмжлэгчийн “төрийн албаны шалгалтад тэнцээгүй гуравдагч этгээдийг ажиллуулж хууль зөрчсөн” тухай гомдлын хувьд гуравдагч этгээд шаардлага хангахгүй байгаа нь нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл биш тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй, захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд ажлын байрны шаардлага хангасан этгээдийг сонгон шалгаруулж, маргаан бүхий албан тушаалд томилоход энэхүү шүүхийн тогтоол саад болохгүй юм.
22. Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0032 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ