Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 22

 

 

 

                                                                                              

Хэргийн индекс: 127/2016/0019/З

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн  Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Сарантуяа, С.Ганболд нарын Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хүргүүлсэн материалыг сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, гуравдагч этгээд Ц.Сарантуяа, гэрч М.Чинбат, Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

                                                

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэнтий аймгийн Ардчилсан намаас Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Сарантуяаг нэр дэвшүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох материалыг хүргүүлсэн. Хэнтий аймгийн Ардчилсан намаас 31 нэр дэвшигчдийн материалыг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд хүргүүлж, Хэрлэн сумын Сонгуулийн хороо 31 нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Нэр дэвшигчдийн материалыг авах эсэх тал дээр талуудын хооронд яриа үүссэн байдаг. Хэрлэн сумын Сонгуулийн хороо материал хүргэж ирсэн 2 хүнийг гаргаж гишүүдээрээ хуралдаад нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахаар шийдвэрлэж энэ талаар захиргааны актыг амаар гаргасан байдаг. Хэрлэн сумын Сонгуулийн хороо нь материалуудыг хүлээж авсны дараа 5 хоногийг дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Хэрлэн сумын Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 29 нэр дэвшигчдийг бүртгээд, нэр бүхий 2 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэ 2 нэр дэвшигчийн нэг нь гуравдагч этгээд Сарантуяа юм. Хэрлэн сумын Сонгуулийн хороо тус шийдвэрийг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлд нэр бүхий 2 гишүүний материал хуулийн хугацаанд ирээгүй тул хэлэлцэх шаардлагагүй гэж тэмдэглэсэн байдаг. Уг асуудлаар Хэрлэн сумын Сонгуулийн хороо хэлэлцээгүй байдаг. Хэрлэн сумын Сонгуулийн хороо нэр бүхий 2 нэр дэвшигчийн материалыг хуралдаанаараа хэлэлцээд хүлээж авсан тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэх эсэх талаар хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан. Хэрлэн сумын Сонгуулийн хороо нь хуралдаанаараа хэлэлцээгүй бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Мөн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан байдаг. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасан хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах нөхцөл байдал байхгүй байхад Хэрлэн сумын Сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцэлгүй ямар нэг шийдвэр гаргахгүйгээр нэр дэвшигчийн материалыг орхигдуулсан байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ гэж заасан байдаг. Тухайн үед Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материалыг хүргүүлж байгаа 2 төлөөлөгч маань 16 цаг 50 минутад Хэрлэн сумын Сонгуулийн хороонд ирсэн байсан. Нэр бүхий 2 нэр дэвшигчдийн материал 17 цаг 23 минутад орж ирсэн талаар гэрчүүд мэдүүлдэг. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт энэ талаар нарийвчлан зохицуулсан зохицуулалт байдаггүй.  Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн хороо намаас ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад эхэлсэн бол хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээж авахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Хэрлэн сумын Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн материалыг хүлээгээд авсан болохоор нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудал яригдана. Хэрвээ Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваагүй байсан бол бүртгэх эсэх талаар яригдахгүй байх байсан. Мөн Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах асуудал яригдахгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт 17 цаг 00 минутад намууд бүх нэр дэвшигчдийн материалыг ирүүлэх, нэр дэвшигчдийн материалыг дутуу ирүүлсэн бол хэрхэх талаар нарийвчлан зааж өгөөгүй байдаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрх, Сонгуулийн тухай хуульд заасан нам нэр дэвшүүлэх эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрлэн сумын Сонгуулийн хороо Хэнтий аймгийн Арчилсан намаас нэр дэвшигч нэр бүхий 2 нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад амаар захиргааны акт гаргасан. Гэтэл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахдаа уг захиргааны актыг хүчингүй болгоогүй байдаг. Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэх тухай тогтоолд нэр бүхий 2 нэр дэвшигчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан талаар дурдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Иймд нэр бүхий хоёр нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан захиргааны акт хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг заавал гаргах шаардлагатай бол бичмэл бус хэлбэрээр гаргаж болно гэж заадаг. Хэрлэн сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахдаа хуралдаанаараа хэлэлцээд бичмэл бус байдлаар захиргааны актыг гаргасан байна. Энэ захиргааны актыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргахдаа хүчингүй болгоогүй, уг шийдвэрийг хуралдаанаараа хэлэлцэж гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хэрлэн сумын Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материалыг үйлдлээрээ, хуралдаанаараа хэлэлцээд хүлээж авсан тул нэхэмжлэлийн шаардлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахыг даалгах асуудал яригдахгүй гэж үзэж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Сарантуяагийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд хүргэгдсэн материалыг Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг нэр дэвшигчээр бүртгээгүйд гомдолтой байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Ардчилсан намаас гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр гаргасан С.Ганболд, Ц.Сарантуяа нарыг нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Ардчилсан намаас гаргасан С.Ганболд, Ц.Сарантуяа нарыг нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас дараахь үндэслэлээр татгалзаж байна.

Үүнд:

            1. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасны дагуу Хэрлэн сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж сонгуульд намуудаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан.

Хэрлэн сумын Ардчилсан намаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цаг 45 минутад М.Чинбат, Г.Бадамцэцэг, Ц.Цэрэндулам нар нь нэр дэвшигчдийнхээ материалыг сумын сонгуулийн хороонд жагсаалтаар хүлээлгэн өгсөн сумын сонгуулийн хороо бүртгэл үйлдэн хүлээн авч гарын үсэг зуруулан нэг хувийг хуулбарлан М.Чинбат, Г.Бадамцэцэг, Ц.Цэрэндулам нарт хүлээлгэн өгсөн

2. Мөн өдрийн 15 цаг 25 минутад Хэрлэн сумын Ардчилсан намын дарга Б.Лхагвасүрэн, Б.Амгаланбаатар нар нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг буцаан авах санал тавьж ирсэн. 15 цаг 50 минутад баримт бичгийг сумын сонгуулийн хорооны дарга Л.Бат-Октябрь, нарийн бичгийн дарга Г.Баттуяа, гишүүн Н.Бадрангуйтөгс нар гарын үсэг зуруулан бүртгэлээр хүлээлгэн өгсөн. Анх ирүүлсэн намын нэр дэвшүүлсэн шийдвэрийг хавсралттай нь хуулбарлан авч үлдсэн.

            3. 2016 оны оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн буюу 16 цаг 50 минутад Хэрлэн сумын Ардчилсан намын дэд дарга Б.Лхагвасүрэн нь нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээлгэн өгөхөөр дахин ирсэн.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж хүлээн авсан. Нийт 29 нэр дэвшигчийн материал ирсэн. 29 нэр дэвшигчийн материалыг сонгуулийн хорооны гишүүд бүртгэл үйлдэн хүлээн авч гарын үсэг зуруулан хуулбарлан нэг хувийг нь Б.Лхагвасүрэнд хүлээлгэн өгсөн. Ц.Сарантуяа, С.Ганболд нарын материал 17 цаг 00 минутын байдпаар ирээгүй байсан. Гуравдугаар дугаар багийн Засаг дарга М.Чинбат 17 цаг 23 минутад Ц.Сарантуяа, С.Ганболд нарын материалыг авчирсан.

            4. Ардчилсан намын гаргасан нэхэмжлэлд "Нэр дэвшигч Ц.Сарантуяа, С.Ганболд нарын тухайд Хэрлэн сумын Ардчилсан намын дэд дарга Б.Лхагвасүрэн 31 нэр дэвшигчийн материалыг хуулийн хугацаанаас өмнө сонгуулийн хороонд авч орсон. Б.Лхагвасүрэнг материалаа аваад Сумын сонгууулийн хороонд орсны дараа ширээн дээр байсан бөөн бичиг цаасан дотор 2 хүний материал үлдчихсэн байсныг 3 дугаар багийн Засаг дарга М.Чинбат сандран авч Б.Лхагвасүрэнг нэр дэвшигчдийн материалаа бүрэн хүлээлгэж өгөхөөс өмнө оруулж өгөхөд Б.Лхагвасүрэн энэ 2 нэр дэвшигчийн материалыг үлдээсэн эсэхээ мэдээгүй байсан”... гэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт "Нэр дэвшүулсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ”...гэснийг зөрчсөн нь 29 нэр дэвшигчийн баримт хүлээн авсан бүртгэл, бичиг баримт хүлээн авсан сонгуулийн хорооны тэмдэглэл, өөрсдийнх үйлдэл зэргээр нотлогдож байгаа тул сумын Сонгуулийн хорооны хуралдаанаар авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Хэнтий аймгийн Ардчилсан намын шүүхэд гаргасан “С.Ганболд, Ц.Сарантуяа нарыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хзрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Сарантуяа, С.Ганболд нарын Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хүргүүлсэн материалыг сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа С.Ганболдод холбогдох хэсгээсээ татгалзаж байгаа талаар 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № 100 тоот албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн, мөн гуравдагч этгээд С.Ганболд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй талаарх хүсэлтийг тус шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгтчлэн татгалзсан, гуравдагч этгээд С.Ганболд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нарыг тодруулж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сумын сонгуулийн хороонд тус намаас нэр дэвшигч 31 хүний баримт бичгийг 12 цаг 50 минутад хүлээлгэн өгсөн хэдий ч мөн өдрийн 15 цаг 25 минутад буцаан авч, дахин 16 цаг 50 минутад 29 нэр дэвшигчийн баримт бичгийг Хэрлэн сумын сонгуулийн хороонд хүргүүлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэжээ.

Гэтэл тус намаас нэр дэвшигч С.Ганболд, Ц.Сарантуяа нарын баримт бичгийг хуулийн дээрх хугацаа өнгөрсний дараа буюу 17 цаг 23 минутад ирүүлсэн болох нь сумын сонгуулийн хорооны нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл[1], гэрч М.Чинбат2, Б.Лхагвасүрэн3 нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Сонгуулийн тухай хуульд намаас нэр дэвшүүлэх ажиллагаа, нэр дэвшигч нарыг бүртгэх хуулийн хугацааг нарийн зааж өгсөн байх ба Хэрлэн сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан4-аар нэр дэвшигчдийн бүртгэх хуулийн хугацааг хэтрүүлсэн Ардчилсан намын 2 нэр дэвшигчийг хэлэлцэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Учир нь улс төрийн намаас орон нутгийн сонгуульд оролцох гишүүдээ тодруулах, нэр дэвшүүлэх, нэр дэвшигч нарыг хуулийн хугацаанд бүртгүүлэх нь тухайн намын үүрэг бөгөөд Ардчилсан намаас 2 гишүүнийхээ баримт бичгийг хуульд заасан хуцагаанаас хожимдуулсан нь тус намын өөрийн зохион байгуулалттай холбоотой байх бөгөөд дээрх 2 гишүүний талаар сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй үйлдэл, эс үйлдэхүйд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Сарантуяагийн Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хүргүүлсэн материалыг сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.2-т заасныг баримтлан Ардчилсан намын нэхэмжлэлтэй Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Сарантуяагийн Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хүргүүлсэн материалыг сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д зааснаар Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Сарантуяа, С.Ганболд нарыг Хэрлэн сумын Сонгуулийн хорооны хүргүүлсэн материалыг сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа С.Ганболдод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгазсаныг, гуравдагч этгээд С.Ганболд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ.

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас,

2 Хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас,

3 Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас,

4 Хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас,