Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01217

 

М.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1394 дүгээр магадлалтай,

М.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

О.Отгонбаярт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.651.525 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Болд-эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онхоодой, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр О.Отгонбаяртай Зээлийн гэрээ байгуулж, 5.400.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд О.Отгонбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17 дугаар гудамж 24Б тоотод байрлах, Улсын бүртгэлийн Г-2203008250 дугаартай, 18643317304301 нэгж талбарын дугаартай, 550 м.кв талбай бүхий газар, мөн Улсын бүртгэлийн Ү-2203025905 дугаартай, 60.59 м.кв талбайтай, мансардтай хувийн сууц зэргийг барьцаалж, Барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. О.Отгонбаяр нь зээл авсан өдрөөс хойш нэг ч удаа зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй, төлөх ямар ч санаачлага гаргаагүй, зээл төлүүлэхээр гэрт нь очиход байхгүй, утсаа авахгүй болсон. О.Отгонбаярт 5.210.000 төгрөгийг зээлдүүлсэн нь үнэн. Үндсэн зээлээс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 1 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны 2 сарын хүү 1.563.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ныг дуустал 85 хоногийн алданги 2.878.525 төгрөг нийт 9.651.525 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцааны хөрөнгийг албадан борлуулж үнээс нь төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Би сонины зарын дагуу М.Болд-Эрдэнэтэй уулзаж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийг Зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Гэтэл зээлийг хугацаанд нь төлөх явцад ар гэрт гачигдал гарсан учраас зээлийг төлж чадаагүй. Би 5.000.000 төгрөгийн зээл авсны дараа 210.000 төгрөгийг нэмж авсан. М.Болд-Эрдэнэ 5.400.000 төгрөг гэж бичсэн нь үндсэн зээлийг 190.000 төгрөгөөр илүү тооцсон байна. Зээлийн хүү нь зээлдэгч миний амьдрал болон эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэж байна. Алданги 2.983.500 төгрөгийг, анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг багасгаж өгнө үү. Зээлийн төлбөрийн хэмжээнд маргаан байхгүй ч төлбөрийг төлөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт зааснаар О.Отгонбаяраас 9.651.525 төгрөгийг гаргуулж М.Болд-Эрдэнэд олгож, М.Болд-Эрдэнийн нэхэмжлэлээс 351.975 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар О.Отгонбаяр нь төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203025905, Г-2203008250 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17 дугаар гудамжны 24-Б тоотод байрлах, 18643317304301 нэгж талбарын дугаартай, 550 м.кв талбайтай газар, 60.59 м.кв талбайтай, мансардтай хувийн сууц зэргээр хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Болд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Отгонбаяраас 169.374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Болд-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1394 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэснийг “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар О.Отгонбаяраас 8.000.000 төгрөгийг гаргуулж М.Болд-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.003.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “169.374” гэснийг “142.950” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Отгонбаярын төлсөн 176.000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Болд-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1394 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхээс эвлэрэх боломж бий эсэхийг асуухад нэхэмжлэгч Болд-Эрдэнэ би "Хариуцагч давж заалдах хугацаа алдахгүй, богино хугацаанд төлөхөөр бол 8 сая төгрөг төлөхөөр эвлэрч болно” гаж санал гаргасан боловч хариуцагч тал эс зөвшөөрч шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлсэн. Нэгэнт зээл авснаас хойш 5 сар, шүүхийн шатанд 2 сар, шүүх хуралдаанаар шийдвэрлэснээс хойш 2 сар гэх мэтээр маш их хугацаа алдаж байгаа мөн хариуцагчийн зүгээс эвлэрэх саналыг анхан шатны шүүх дээр хүлээж аваагүй, санал хүчингүй болж гэрээнд заасны дагуу шүүх хуралдаанаар 1 шийдвэрлүүлсэн тул хүү, алданги гэрээ болон хуульд заасны дагуу авах үндэстэй гэж үзэж байна.

Гэрээнд алдангийг 0.5% байхаар тохиролцож, талууд үүнийг хүлээн зөвшөөрч өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийн хэмжээг илт их байна гэж үзэн үндэслэлгүйгээр 1.651.525 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн. Гэрээнд заасан алдангийн хэмжээ нь хоногийн 0.5% байгаа нь хууль зөрчөөгүй бөгөөд анзийн хэмжээ илт хохиролтой тогтоогдсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч талын тайлбараар нотлогдоогүй юм.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1394 дүгээр магадлалаар О.Отгонбаярыг 8.000.000 төгрөгийг гаргуулж М.Болд-Эрдэнэт олгохоор магадлал гарсан.

Шүүх магадлалдаа хариуцагч О.Отгонбаярын анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч авъя гэж хэлэхэд өмгөөлөгч авах эрхийг хангаагүй тухай магадлалд огт дурдаагүй нь хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээ, хувь нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсоныг шүүх зээлийн хүүг багасгаж болно гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хассан нь зөв боловч үлдсэн үнийн дүнгээс бага хэмжээгээр хасч өгнө ү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасантай нийцжээ.

Хариуцагч О.Отгонбаяр нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17 дугаар гудамж 24Б тоотод байрлах, 550 м.кв талбай бүхий газар, 60.59 м.кв талбайтай, мансардтай хувийн сууцыг барьцаалан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч М.Болд-Эрдэнээс 5.210.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлсэн ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохирчээ. /хавтаст хэргийн 4-8 дугаар тал/.

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй талаар зөв дүгнэсэн боловч үүрэг дуусгавар болох тухай Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дах заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс гадна шийдвэрт шүүхийн нэрийг буруу бичжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлж зөвтгөснөөс гадна хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, зээлийн хүүгийн хэмжээ болон бусад нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 1.227.000 төгрөг болгон багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-г зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1394 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, М.Болд-эрдэнэ, хариуцагч О.Отгонбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 41.500 төгрөг, хариуцагчаас төлсөн 176.000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.               

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ