Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00630

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00630

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/00367 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/02117 дугаар шүүхийн шийдвэрээр Л.Б , Б.М нараас 37 180 610 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгө болох Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 39 тоотод байрлах Ү-2204007032 дугаартай 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэх, хураан авах, шинжээчээр үнэлгээ тогтоох ажиллагаа хийсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгө эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийлгүүлсэн байх бөгөөд шинжээч нь Л.Б-ийн орон сууцыг 49 752 700 төгрөгөөр үнэлсэн. Л.Б нь шийдвэр гүйцэтгэх албанд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар өгсөн байтал шинжээч нь зах зээлийн үнэ ханшнаас хямдханаар үнэлсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин, хохироож байна. Уг орон сууц нь хуучны барилга бөгөөд гэрчилгээн дээрээ 18 м.кв буюу зөвхөн өрөөний ашигтай талбайг хэмжсэн талбайн хэмжээгээр бичигдсэн байдаг. Бид одооны мөрдөгдөж буй стандартын дагуу хананаас ханын хооронд хэмжихэд орон сууцны нийт талбай нь 50 м.кв талбайтай байсан. Манай 16 дугаар хороололд шинээр олон орон сууц баригдаж байгаа бөгөөд 1 м.кв нь 1 800 000-2 500 000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул манай орон сууц нь 1 м.кв талбай нь 2 000 000 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой. Гэтэл шинжээч нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/Ш32019/02217 дугаар захирамжаар Л.Б , Б.М нараас 37 180 610 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 414 054 төгрөгийн хамт гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Б-ийн өмчлөлийн, Ү-2204007032 дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 39 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/495 дугаар тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 47 752 700 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн. Тухайн орон сууц Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 68 байр, 39 тоот нэг өрөө байр ба 1989-1990 онд баригдаж ашиглалтанд орсон, 30 жил ашигласан цаашид 10 жилийн настай байр байсан. Шинжээч орон сууцыг үнэлэхдээ орлогын, зардлын, зах зээлийн хандлагын аргуудыг ашиглаж, зах зээлийн хандлагын аргад 100 хувийн ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон байдаг. Шинжээч нэхэмжлэгчийн байртай байршил, чанар, хэмжээний хувьд адил төстэй 3 байрын үнийг судалж, нэг м кв-ын үнийг гарган, тухайн байрны талбайн хэмжээ болох 34 м кв-аар үржүүлж үнийг тодорхойлсон байна. Ингэхдээ холбогдох хууль, дүрэс журмыг мөрдлөг болгосон байна. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/02117 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу Х-д 37 180 160 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулсан тохиолдолд 34 826 890 төгрөгөөр худалдан борлуулахаар байна. Уг орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тохиолдолд банкинд төлөх төлбөрийг бүгдийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Шинжээч нь манай байрыг үнэлэхдээ зах зээлд худалдаж байгаа үнээс хямд үнэлэн үнэлгээ тогтоосон тул ийнхүү хохирход хүрээд байна. Уг байрны ойролцоо 16 дугаар хороололд шинээр олон орон сууц баригдаж байгаа бөгөөд 1 м.кв нь 1 800 000-2 500 000 төгрөгөөр худалдагдаж байна. Шинээр баригдаж буй орон сууцнуудын үнийн зөрүүтэй байдал нь тухайн орон сууцыг барьж буй барилгын материалаас шалтгаалан блокоор баригдаж байгаа бүрэн цутгамал зэргээс хамаарч үнийн зөрүүтэй байна. Блокоор ханыг дүүргэсэн барилга 1 м.кв нь 1 800 000 төгрөгөөр худалдаж байгаа, харин манай орон сууц нь угсармал бетоноор баригдсан байшин тул блокон дүүргэлтээр барьсан байшингаас илүү үнэлгээтэй байтал зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсний улмаас зээлийн төлбөрийг ч бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Мөн Т.Ц миний бие анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулахаар шуүхэд хүсэлт гаргасан боловч хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж шүүх хуралдааныг явуулсан. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт болох хөрөнгө үнэлгээний тайланг шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн барагдуулж чадахгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлснийг харгалзаж үзээгүй, нэхэмжлэгчийн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчин хэргийг шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэхэд эргэлзээтэй байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/02117 дугаар шийдвэрээр Л.Б , Б.М нараас 37 180 610 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 414 054 төгрөгийн хамт гаргуулж Х ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэжээ.

/хх33-36 дах тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 182/ГХ2020/00074 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 39 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20300182/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 20300182/04 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу талууд гомдол гаргаагүй. /хх44-50 дах тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээг тогтоох саналд харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилохгүй, харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч буюу өмчлөгч Л.Б , Б.М нараас үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасан /хх52-53, 55-56/ уг үнэлгээний саналыг төлбөр авагч Х ХХК зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаж улмаар талууд үнэлгээг харилцан тохиролцож чадаагүй тул Х ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/495 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх58/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

НШШГГ нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Х ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу 7 хоногийн хугацаанд дүгнэлт гаргах хугацаа тогтоон ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Х ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 39 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 49 752 700 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-65-81 дэх тал/

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-126/36768 дугаар албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.М , Л.Б нарт гардуулан өгчээ. /хх82-83 дах тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Л.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 39 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрөө бие даан худалдан борлуулах хүсэлтээ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгч хуульд заасан хугацааг авсан байна. /хх-85 дах тал/

 

Шинжээч Х ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн нь тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, харгалзвал зохих үзүүлэлтийг харгалзсан, орон сууцыг ижил байршил, хэмжээ, өрөө бүхий орон сууцуудтай харьцуулж үнэлгээ хийсэн болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хямд үнэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, Монгол Улсын зах зээлд тухайн үл эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг үндэслэл зааж няцаагаагүй тул үнэлгээг буруутгах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн материалтай танилцаж, өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хэргийн материалтай танилцах, эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан үйл баримт тогтоогдсон /хх88-91/ тул 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг дахин гаргасныг шүүх урьд хангаж шийдвэрлэсэн, түүнийг өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээр хангасан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Иймд өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ