Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 000072

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Б.Г, Б.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1825000000042 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр-д оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овгийн Б-ийн Г

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн Завхан аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, ах дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овгийн Б-ын Ц

Шүүгдэгч Б.Г, Б.Ц нарыг  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангайн бүс” худалдааны төвийн баруун талд хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.Г, Б.Ц нар нь  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хангайн бүс” худалдааны төвийн ойролцоо “багаж авчирч өгсөнгүй “гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдан харилцан зодолдож Б.Г нь Б.Ц ийн биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт, Б.Ц нь Б.Г-ын биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

-Б.Ц-ийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... “2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...Г гарч ирээд миний машин руу орж суугаад багажаа авъя гэхээр нь чи өөрөө хүрч ирээд авч болоогүй юм уу гэсэн чинь Г яаж харьцаад байгаа юм бэ гэхээр нь би яасан юм бэ би дөнгөж сая ахаас машинаа аваад гарч ирлээ ш дээ гэтэл Г намайг чи их том болжээ 4 дугуйт уначихаад дайрчих шахаад яваад байх юм гэхээр нь хэзээ тэгсэн юм бэ  зүгээр байгаарай гэж хэлсэн чинь айн гэж хэлээд гараараа миний нүүрэн тус газар алгадаад авахаар нь машинаа унаад цагдаа руу явах гэтэл машин унтраагаад машины түлхүүр аваад чи ямар овоо юм бэ гэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд нүүр рүү нь алгадсан юм. Тэгсэн чинь намайг барьж аваад толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд машинаас буугаад хэрэлдэж маргалдаад салсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас /

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаартай: ” ... Б.Ц-ийн биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/

- Б.Гын хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....”Би Цаас өөрийн багажаа авахаар найз Ц-ийг явуулсан чинь надад байхгүй гээд өгөөгүй байсан. Тэгээд би Ц-ийн машинаар хамт очоод Ц-тай уулзсан. Ц намайг чи өөрийнхөө багажаа ирээд авч чадахгүй байна уу гэхээр нь би юу гэсэн үг вэ өөрийнхөө юмыг хүнээр авахуулж болохгүй юу гэж маргалдсан. Би Ц-ийн нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. Ц намайг нэг удаа алгадсан. Тэгээд олон хүнтэй газар машинаа асаагаад хөдлөх гэхээр нь хүн амьтан дайрчихна гэж бодоод машиных нь түлхүүрийг булаагаад авсан. Тэгээд машинаас бууж ирсэний дараа миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 107 дугаартай: ” ...Б.Г-ын биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/

-Гэрч Б.Б-ийн....”Тухайн үед Ц машиныхаа жолооны ард би хажууд нь сууж байсан. Тэгсэн нөгөө машинаас нэг залуу бууж ирээд Ц-ийн машины ард орж ирж суугаад “миний багажийг явуулчихад яадаг юм бэ хүн явуулаад байхад” гэсэн. Бас Ц руу чи 4 дугуйтай юм уначихаараа их том болжээ гээд Ц-ийн нүүр рүү гараараа цохисон юм. Тэгэхээр нь Ц чи яагаад байгаа юм бэ гээд машинаа асаагаад түлхүүрээ түлхсэн чинь тэр залуу түлхүүрийг нь авчихсан. Тэгсэн нөгөө залуу араас нь Ц-ийг хойш нь татаад хүрэмний малгайгаар нь дарж байгаад толгой руу нь 4-5 удаа цохьсон. Ингээд тэр хоёр машинаас буусан. Гадаа тэр хоёр барилцсан байхад Ц тэр залууг нүүр рүү нь нэг удаа л цохьсон. Нөгөө залуу хэд хэдэн удаа цохьсон. Дараа нь өөрсдөө салаад явцгаасан” гэх мэдүүлэг  /хх-ийн 21-22-р хуудас/

-Гэрч М.Ц-ийн.....”Г-ын утас унтарсан байсан учир Х-ээр- яриулаад Ц-тай уулзсан. ...Тэгээд Г бид хоёр Х-ний машинаас буугаад Ц-ийн машины ард орж суусан. Г миний багажийг явуулчихад яадаг юм бэ хүн явуулаад байхад гэхэд өөрөө ирээд авахгүй яасан юм бэ гээд хэрэлдээд байсан. Тэгсэн Г чи хүн дайрчих гээд явдаг гээд жаахан маргалдаад Цийн хацар руу алгадсан. Тэгсэн Ц машинаа хаазалж орилуулаад хөдлөх гэхээр нь Г түлхүүрийг нь булаагаад авчихсан. Тэгээд би буугаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

-Гэрч Р.Хүч-Эрдэний ......”Би тэр үед өөрийнхөө машинд сууж байсан. Тэр машинд юу болж байгааг анзаараагүй. Гэнэт Ц машинаа асаагаад огцом хааз авахуулаад ухарснаа зогссон. Хэсэг байж байгаад харсан Г Ц хоёр буугаад ирсэн. Тэгээд зууралдаад ноцолдсон. Ц Гыг нүүр рүү нэг удаа цохьсон. Харин Гын цохьсоныг хараагүй. Тэгээд салаад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

-Шүүгдэгч Б.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би багажаа авах гэж очоод маргалдсан. Би нэг алгадсан. Тэгээд машинаасаа бууж ирээд барилцаж авсан. Би алгадаад толгой руу нь 1-2 цохисон гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Б.Ц-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Намайг эхэлж цохисон. Цохисон гэм буруугаа зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г, Б.Ц нарын  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд “Намайг эхэлж цохисон, торгуулах болсондоо харамсаж байна” гэж мэтгэлцсэн ч Б.Г-ыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна. 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 25-33, 39-43-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, тэдний хувийн байдал болон  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь гэм буруу, хувийн байдалд нь тохирно гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгөгүй битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М овогт Б-гийн Г, М овогт Б-ын Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Б.Ц нарт оногдуулсан торгох ялыг тус тус 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ