Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1114

 

        2023            11             21                                        2023/ДШМ/1114       

                       

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/639 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бий гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2310012230570 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Дэнжийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ахмадын хороо гэх газарт 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд 16 нас 3 сар 15 хоногтой насанд хүрээгүй хохирогч Б.Отой сургууль дээр муудалцсан гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйх, шанаа, хацрын төвгөрийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг тайлбар өгч байсан, хохирогч нь 140.000 төгрөгийн баримт гарган өгсөн боловч өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч 500.000 төгрөгийг төлсөн, мөрдөн байцаалт болон шүүхийн дуудсан цагт хүрэлцэн очдог, мөрдөн шалган ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, хүүхэд насны дэврүүн зангаараа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 7 сар 25 хоногтой буюу насанд хүрээгүй байсан.

Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад хэрэг буцаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуулийн дагуу тогтоох ажиллагаа хийгдэн хэрэг дахин шүүхэд шилжин ирэхэд миний бие насанд хүрсэн болно. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу хурдан шуурхай, ялангуяа өсвөр насны насанд хүрээгүй яллагдагчтай холбоотой хэргийг хурдан шуурхай явуулсан бол миний бие насанд хүрэхээс өмнө шүүх хуралдаанаар орж эрх зүйн байдал минь дээрдэх байсан.

Торгуулийн ял шийтгэл авснаар миний ирээдүйд маш том хар толбо үүсэж, хүүхэд наснаасаа эхлэн хүсэж мөрөөдөж явсан мэргэжилтэй болоход том саад болж байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуульчилсан байна. Миний бие насанд хүрээгүй байсан хүүхэд ахуйн сэтгэл, сэтгэхүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, цаашид хэрэв хохирол төлбөр гарвал төлөхөө хохирогчид илэрхийлсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр ял шийтгэлийн асуудалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү. ... Миний бие энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургуульд элсэн орно гэсэн зорилго тавьж, бэлдэж байгаа. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэрэг нь өсвөр насны хүүхдүүдийн анги хоорондын маргаанаас үүдэлтэй. Түүнчлэн миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан явуулах тал дээр идэвх санаачилга гаргаж хохирогчид 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж, хохирогчоос уучлалт хүссэн. Миний үйлчлүүлэгч энэ хэргээс болоод өмнө жил Дотоод хэргийн их сургуульд элсэн орж чадаагүй. Гэхдээ энэ жил дахин орохоор бэлдэж байгаа. Миний үйлчлүүлэгч нь анхан шатны шүүхэд хэрэг шилжих үед насанд хүрээгүй байсан бөгөөд шүүхээс хэргийг прокурорт буцаан дахин шүүхэд ирэх үед насанд хүрсэн. Тийм учраас анхан шатны шүүхээс насанд хүрсэн хүн гэдэг байдлаар ял оногдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлууд болон миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.Б нь 18 нас 2 сар 16 хоногтой байсан. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Г.Б нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ахмадын хороо гэх газарт 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд 16 нас 3 сар 15 хоногтой насанд хүрээгүй хохирогч Б.Отой сургууль дээр муудалцсан гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйх, шанаа, хацрын төвгөрийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Оын “...манай дээд ангийн Г.Б гэх залуу ирээд та нар яадаг болсон юм бэ гээд миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би хашааны цаашаа унатал дахин ирээд намайг зодсон. ...” /хх 18/,

Г.Бий яллагдагчаар өгсөн “...би түүнийг барьж аваад цааш нь түлхтэл газар унасан, тэгээд газар унахаар нь би түүний зүүн шанаа хэсэгт нь өөрийн гараараа 1-2 удаа цохисон. ... ” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 24ий өдрийн 4013 дугаар шинжээчийн “...Б.Оын биед зүүн чамархайн хуйх, шанаа, хацрын төвгөрийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. ...” /хх 22-23/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бий гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг насанд хүрээгүй хохирогч Б.Од хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Бий насанд хүрээгүй хохирогч Б.Оыг “сургууль дээр муудалцсан” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих байдлаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Б “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч Г.Бий зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр төлсөн, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар гаргасан түүний хүсэлт, шүүх хуралдаанд танилцуулсан өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байна гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/639 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Бийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР