Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00614

 

 

 

 

 

 

 

 

                                     Б.Шнэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00260 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Шхариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Давааравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Шнь ...орон сууцыг 2004 оноос хойш ганцаараа өмчилж байгаа. Байрандаа өөрийн эгч Б.Бийг үнэ төлбөргүй амьдруулж байсан. Сүүлийн жилүүдэд Б.Шгэр бүлд эмчилгээний төлбөрийн хэрэгцээ их гарч орон сууцаа худалдъя гэхэд Б.Б байрыг чөлөөлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Гэтэл Б.Б байрыг чөлөөлж өгөөгүй тул өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан боловч Б.Бийг орон сууцандаа амьдруулах зөвшөөрлөө цуцалсан үйл баримтыг үнэлж үзээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байдаг. Энэ хугацаанд Б.Б байранд үнэ төлбөргүй оршин сууж байна. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.2-т заасны дагуу Б.Бийн орон сууцанд үнэ төлбөргүй суух эрхийг нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болгон цуцалж, орон сууц чөлөөлөхийг шаардаж шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хүлээж аваагүй тул биечлэн гэрт нь хүргүүлсэн. Б.Б нь уг хугацаанаас хойш нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр байранд амьдарч, хууль бус эзэмшигч болсон. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч шууданг хүлээж аваагүй. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан очиж 10 дугаар сарын 06-ны өдөр байрыг чөлөөлөхийг мэдэгдэж утсаар болон биечлэн очиж сануулсан. Байр чөлөөлөхөөр очиход Б.Б гэртээ байсан атлаа хаалгаа тайлахгүй, утсаа авахгүй байсан. Ингээд цагдаа дуудаж гаргуулсан бөгөөд Б.Б шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлээр албадан чөлөөлөх хүртэл байрнаас гарахгүй гэдэг. Орон сууцыг анх худалдан авсан үеэс Б.Бийг үнэ төлбөргүй амьдруулж байсан. Байраа суллаж авч чадахгүй олон жилийн хугацаа алдаж байна. Б.Б байр чөлөөлж өгдөггүй тул байраа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, зээлийн хүүгийн төлбөр төлж маш их хохирч байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Б.Б нь уг байрыг 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Оюунаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан.  Өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй саажилттай охин, хүү нарын хамт амьдардаг тэтгэврийн хүн. Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар уг маргаантай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 341 дүгээр зүйлийн 341.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бийг ... 3 өрөө орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Шатарцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч С.Давааравдангийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын маргааны үйл баримттай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1190 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1211 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1574 дугаар тогтоол тус тус гарч байсан. Гэтэл шүүх уг шийдвэрүүдийг үгүйсгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан, үйл баримтыг шүүх тогтоосон. Шүүх нэхэмжлэгч маргаж буй асуудлаар хариуцагчид холбогдуулан 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг гэрээг цуцлах шаардлагыг гаргасан гэж үзнэ гэсэн нь урд гаргасан шүүхийн шийдвэрийг дүгнэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууц чөлөөлөх болон гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Иргэний хуулийн 341 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 341.1.2-т заасан тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон талаар нотлоогүй байхад шүүх гэрээ цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх нотлох баримт байхгүй байхад ингэж дүгнэсэн нь буруу. Б.Б маргаан бүхий орон сууцыг өөрийн хашаа байшингаа худалдаж авсан. Б.Шүнийг үгүйсгээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзлаа нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Шнь хариуцагч Б.Бийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “санхүүгийн хэрэгцээ гарсан тул орон сууцаа чөлөөлүүлнэ” гэж тайлбарласныг хариуцагч Б.Б эс зөвшөөрч “маргаан бүхий орон сууцыг Б.Оюунаас худалдаж авсан, орон сууцны өмчлөлтэй холбоотой маргаан өмнө нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлж ...3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01190 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ш ... 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Бийн 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1211 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Бийн 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Бийг маргаан бүхий орон сууцыг эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаа хууль ёсны эзэмшигч нь гэж дүгнэсэн байна. Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01574 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ. /хх34-45/

Нэхэмжлэгч Б.Шнь ...3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэргийн 22 дугаар тал дахь эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь орон сууцыг өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд тэрээр уг эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн нөхцөлд Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй байна. Шүүх нэхэмжлэгчийг 2018 онд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлах шаардлагыг гаргасан гэж дүгнэсэн нь буруу биш.

Хэргийн 23-24 дүгээр талд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээг цуцалж, орон сууц чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан баримтууд авагдсан байх ба тодруулбал, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлагад “орон сууцыг үнэ төлбөргүй ашиглан суух эрхийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож байна” гэж, 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн шаардлагад “байрыг бусдад нэн даруй худалдах зайлшгүй шаардлагатай болсон тул 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд чөлөөлж өгөхийг шаардаж байна, хэрвээ шаардлагаа биелүүлээгүй тохиолдолд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр албадан гаргуулахыг анхааруулъя” гэж дурдсан байна.

Нэхэмжлэгчийн орон сууц чөлөөлөх мэдэгдлийг утсаар болон шуудангаар, биечлэн удаа дараа хүргүүлж байсан гэх тайлбар болон дээр дурьдсан нотлох баримтуудыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй.

Хариуцагчийн “маргаж буй үйл баримттай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэрийг үгүйсгэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан” гэх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Шхариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан ... 3 өрөө орон сууцыг өмчлөгчийнхөө хувьд хариуцагч Б.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн, хариуцагч Б.Бийн 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1211 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01574 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Одоо нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бт холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг дуусгавар болсон” гэх үндэслэлээр гаргаж байна.

Түүнчлэн хариуцагчийн өөрийн хашаа байшингаа худалдаж маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

       

2. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/03569 дугаар захирамжаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ