Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

                          

 

 

 

-

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Д.Т,

шүүгдэгч Т-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708005650392 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Н.Т- нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-233 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Ттой “хүүхдээ өгч явуулахгүй” гэх зүйлээс болж маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Т-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.  

Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, одоо хамт амьдарч байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708005650392 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Тын: “2017 оны 7 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед найзуудтайгаа уулзаад байж байсан чинь “цагдаагаас ярьж байна, танай нөхөр Т-амиа хорлоно гээд байхаар нь цагдаа дээр аваад ирчихсэн байна, ирж авна уу” гэж хэлсэн. Би нөхрөө Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн чинь Түвшинбатыг хадам ээж Цэрэнханд, хадам ах Түвшинбаяр нар аваад гарч ирж байсан. Бид нар гэртээ очоод гэрийн шалан дээр байсан цусыг цэвэрлэчихээд нөхөртөө “танай ээж одоо чамайг надаас болж амиа хорлох гэсэн гэж ойлгож байгаа, би одоо хүүхдээ аваад явлаа” гэсэн чинь хадам ээж надтай миний охиныг булаацалдаад байсан. Тэгэж байхдаа нөхөрт “энэ архичин эхнэрээ аваач, хүүхдээ булаацалдаад хоолойг нь боолоо” гэж хэлсэн чинь манай нөхөр Т-босч ирээд намайг үсдэж байгаад алгадаад, үсдэж унагааж байгаад гараараа цохиод өшиглөж унагаачихаад үсдэж дахиад зодсон. Тэр үед нөхрийн ах Түвшинбаяр орж ирээд салгасан. ...Өглөө босоод нөхрөөсөө “чи намайг яагаад зодож байгаа юм” гэсэн чинь “хохино” гээд байсан. Тархи доргисон, зүүн талын нүд хөхөрч гэмтсэн. Зодуулсны маргааш миний бие бүтэн хүндүүрлээд өвдөөд хэцүү байсан...” гэх мэдүүлэг /хх-14-16/,

Шүүгдэгч Н.Т-ын яллагдагчаар өгсөн: “Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр эхнэрийг согтуу гэртээ орж ирээд маргалдсанаас болоод эхнэр “хүүхэд авч явна” гээд булаацалдаад байхаар нь эхнэрийг нэг удаа алгадчихсан. Тэгэхэд эхнэр ор руу налаад унасан, өөр цохиж зодоогүй. Би хийсэн хэргээ хүлээж байна миний буруу, энэ хэргийг хөнгөнөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна. Би дахин ийм хэрэг тарихгүй гэж амлаж байна. Тухайн үед манай ээж Цэрэнханд байсан, ах Түвшинбаяр гаднаас орж ирээд намайг болиулсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-36/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.28-ны өдрийн 9485 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Тогмидын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-28/,

хохирогчийн өргөдөл /хх-8-9/, шүүгдэгчийн Асап сангийн лавлагаа /хх-43-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/ зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгчийн нийгмийн даатгалын даатгуулагчид цахим машинаас олгох лавлагаа, тодорхойололт, “Эхлэх-Үүд” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, уг хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах ба...” гэж тус тус заасныг зөрчин шүүгдэгчийн эх М.Цэрэнханд /хх-17/, ах Н.Түвшинбаяр /хх-19/ нараас мэдүүлэг авсан байх тул шүүх уг мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүйн зэрэгцээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Т-нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-233 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Т-той маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Тын “...Т-босч ирээд намайг үсдэж байгаад алгадаад, үсдэж унагааж байгаад гараараа цохиод өшиглөж унагаачихаад үсдэж босгоод дахиад зодсон...” гэх мэдүүлэг /хх-11-12/, шүүгдэгч Т-ын яллагдагчаар өгсөн “...эхнэрийг нэг удаа алгадчихсан юм. Тэгэхэд эхнэр ор руу налаад унасан. ...ах Түвшинбаяр гаднаас орж ирээд намайг болиулсан...” гэх мэдүүлэг /хх-36/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-28/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй” /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-52/ гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Т-нь хоёр байгууллагад ажил эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийг хэт удаашруулан шалгаж шүүгдэгчийг ажилгүй байлгасан. Т-ын хувийн байдал болон цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнийг 450 нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн талуудын “1900 нэгжээр торгох”, “450 нэгжээр торгох” гэсэн дүгнэлтүүд үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд талуудын дүгнэлт болгосон торгох ялын хэмжээ нийцээгүй гэж дүгнэсэн болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Т-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.