Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1115

 

     

  2023            11              21                                       2023/ДШМ/1115       

                       

Х.Аод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч А.Б,

яллагдагч Х.Аын өмгөөлөгч О.Санчирбал, С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/2271 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай эсэргүүцлээр Х.Аод холбогдох 2108030492055 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.А, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00/0 дугаар байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;

Яллагдагч Х.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус хорих ангийн ялтан А.Быг “удаан байна” гэх шалтгаанаар баруун болон зүүн ташаан тус газарт нь тус бүр 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон болно. Үүнд: 1. Нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна. ...Тэгэхээр хохирогчид учирсан гэмтэл нь 2021 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үүсэх боломжтой юм уу, эсхүл хамгийн сүүлд бусдад өшиглүүлсэн үйлдлээс үүссэн үү, эсхүл энэ бүх хүмүүсийн үйлдлээс шалтгаалан гэмтсэн, хүндрэл өгсөн эсэхийг нарийвчлан тогтоож зааглах шаардлагатай байна. Гэтэл хохирогчид учруулсан гэмтлийг зодсон гэх хүмүүсийн хэн, хэнийх нь үйлдлээс шалтгаалсан болохыг бүрэн тогтоогоогүй атлаа зөвхөн нэг хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай. Иймд хохирогчид учирсан гэмтэл, түүнээс улбаатай ямар ямар шинж тэмдэг илрэх, уг гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой эсэх, эсхүл боломжгүй эсэх, гэмтэл хэдийд үүссэн байж болох, гэмтэл авсан цаг хугацаа нь хохирогчийн зодуулсан гэх цаг хугацаануудын аль нэгэнд хамааралтай эсэх, эсхүл бүх зодсон үйлдлүүдээс шалтгаалсан, хамааралтай эсэх, мөн өвчин намдаагч, эмэн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд өвчин зовиур илрэхгүй, мэдэгдэхгүйгээр тодорхой үйл хөдлөл хийгээд яваад байх боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай байх тул дээрх гэмтлийн чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж оролцуулан шүүхийн шинжилгээний шинжээч нартай хамтарсан байдлаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна. Учир нь, хохирогчид учирсан гэмтэл нь нэг хүний үйлдлээс эсхүл хэд хэдэн хүний үйлдлээс шалтгаалж учирсан эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой болно.

2. Хохирогчид гэмтэл учруулсан хүмүүсийн үйлдлийг бүрэн тогтоосон эсэх;

Хохирогч А.Б нь яллагдагч Х.Аоос гадна Т.Г, Г.Б, Ө нарт ташаан тус газраа өшиглүүлсэн гэж мэдүүлсэн байх атал эдгээр хүмүүсийн хэнийх нь үйлдлээс шалтгаалж гэмтэл учирсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй атлаа Т.Г, Г.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин Ө гэх хүнийг холбогдуулан шалгасан баримт байхгүй байна. Иймд дээрх хүмүүсийн үйлдлийг дахин шалгаж мухарлавал зохино.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангид А.Б нь ял эдэлж байхдаа бусдад зодуулж гэмтсэн талаар хохирогч, гэрч нар мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байх тул холбогдох байгууллагыг иргэний хариуцагчаар татаж оролцуулах нь зүйтэй.

4. Эмч, сувилагч нарын буруутай үйл ажиллагаа буй эсэхийг шалгах;

... хохирогч А.Б нь бусдад өшиглүүлж гэмтсэн энэ хугацаанд эмчилгээ хийлгүйгээр удаан хугацаагаар ажил үүргийг гүйцэтгүүлэн явуулсан байж болзошгүй талаар мэдүүлсэн, улмаар гэрч М.Мөнхзаяа нь А.Быг өвдөж зовсон байдалтай ажлаа хийж байсан, дараа нь 2021 он 10 дугаар сарын 18-ны өдөр босож чадахгүй байсан талаар мэдүүлсэн байна. Гэтэл 405 дугаар хорих байгууллагын эмч Ч.Алтанзул, гэрч Х.Анхцэцэг нар нь эмчилгээ хийж эхэлсэн цаг хугацааг зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байх ажээ. Иймд хохирогчид гэмтсэн гэх хугацаанаас хойш хэдий үеэс эхэлж, ямар эмчилгээ хийсэн болох, хийсэн эмчилгээ нь оноштойгоо тохирсон эсэх, эмчилгээ хийхээс цааргалсан, түр аргацаасан зүйл байгаа эсэх, өвчтөнийг явж чадахгүй хүндрэл өгөх хүртэл хэмжээнд эмч, сувилагч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх асуудлуудыг тодруулах, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож” шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Шүүгчийн захирамжид нарийн мэргэжлийн эмч нар оролцуулан шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан. Гэтэл хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 308 дугаартай дүгнэлтээр “...А.Бын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал гэмтэл учирчээ. ... тус бүрдээ мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. ... учирсан зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байна. ... дээрх хугарал гэмтлийг авсан даруйдаа өвдөлт өгөх ба тайван үед өвдөлт бага, харин хөдөлгөхөд өвдөлт ихтэй байна. ... дээрх хугарал гэмтлийг авснаас хойш зогсох, явах үйлдэл хязгаарлагдаж, өвдөлт улам нэмэгдэж, улмаар явж чадахгүй болох хэвтэрт орох хүртэл хүндрэх шинжүүд илрэх боломжтой. ...” гэжээ. Мөн шинжээч Т.Амартүвшин “...Уг гэмтэл нь 2 талын сүүн ясны тогоо болон дунд чөмөгний толгой орох хэсэгт буюу гадна талын ташааны хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. ...” гэж мэдүүлсэн болно. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж, мөн зүйлийн 3.2-т “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” гэж тус тус заажээ. Хохирогч А.Бын “...намайг 2021 оны 10 сарын 15-ны өдөр хорих 405 дугаар ангийн ахлах төлөөлөгч, ахмад Х.А эхлээд миний зүүн хөлийн ташаа хэсэгт баруун хөлөөрөө угсраад 3 удаа өшиглөхөд миний ташаа хэсгээр болон аарцгаар янгинаж өвдөөд аарцгаар халуу дүүгээд өвдөж тэнцвэр алдахад намайг номхон зогс гэж зогсоогоод баруун хөлийн ташаа руу зүүн хөлөөрөө угсруулаад 3 удаа өшиглөсөн, би их өвдсөн учир тэнцвэр алдаад угаалтуураас бариад авахад аятайхан байгаарай гэж хэлээд гараад явсан. ...” гэж мэдүүлсэн. Дээрх нотлох баримтуудаар хохирогч А.Б нь өөрт учирсан гэмтлийн цаг хугацаа, газар, тухайн гэмтлийг яаж авсан болон хэн учруулсан болохыг тодорхой, мэдүүлгийн эх сурвалжаа шууд заасан байна. Мөн дээрх 308 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэг, шинжилгээ хэсэгт хохирогч А.Бын гэмтлийн улмаас хагалгаанд орсон өвчний түүх болон бусад эмнэлгийн холбоотой баримтуудыг бүрэн тэмдэглэж, мөн хэргийн материалаар бүхэлд нь танилцаж бүрэлдэхүүн эмч нар дүгнэлтээ гаргасан байх тул уг дүгнэлт нь бүрэн бус, шинэ нөхцөл байдал бий болсон, үндэслэлгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй байна.

2. Хохирогчид гэмтэл учруулсан хүмүүсийн үйлдлийг бүрэн тогтоох: Хохирогч А.Бын биед халдаж, хүнд хохирол учруулсан этгээдийг нэг мөр тогтоох зорилгоор Г.Б, Т.Г, Х.А нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Г.Б, Т.Г нар нь хохирогчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Харин Х.Аын 2021 оны 10 дугаар сарын 15-нд хохирогчийн биед халдсан олон тооны өшиглөх үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн хооронд шалтгаант холбоотой гэж прокурорын зүгээс дүгнэсэн. Учир нь, хохирогчийн биед хүчтэй, өвдөлттэй шинж тэмдэг илэрсэн цаг хугацаа, яллагдагч Х.Аын үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтлийг учруулсан байж болохуйц нөхцөл байдал, мөн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтад тулгуурлан яллагдагч нарын үйлдэл оролцоог тогтоож, нэр бүхий хүмүүст холбогдох шийдвэрийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт Нийслэлийн прокурор болон Улсын ерөнхий прокурорын газарт хэргийн оролцогч нараас гомдол гаргаж, гомдлын дагуу яллагдагч Х.Аод холбогдох хэргийг хянаж, прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн болно. Мөн хохирогч А.Б нь Өыг нэг удаа зүүн ташаа хэсэгт өшиглөсөн, 1 удаа цээж рүү цохисон талаар мэдүүлсэн байдаг тул хохирогчийн биед учирсан 2 ташаа ясны хугарал гэмтэл нь Өын 1 удаагийн өшиглөх үйлдлээр үүсэх боломжгүй нь хэргийн материалаар хийгдсэн 308 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул прокурорын зүгээс Өад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагагүй гэж үзсэн болно. Харин нэр бүхий хүмүүст холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зөрчлийн арга хэмжээ авхуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар ангийг хариуцагчаар татах талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан нь заавал биелэгдэх шинжтэй үүрэг болгосон зохицуулалт биш болно. Дээрх хэргийн хувьд яллагдагч Х.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар хаалттай ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ ажил албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд үйлдсэн. Төрийн тусгай албан хаагч нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэрэг үйлдсэнийг тухайн байгууллагатай холбон үзэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, албан хаагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой асуудал тухайн байгууллагыг хариуцагчаар татах үндэслэл биш болно. Нөгөөтэйгүүр хохирогч А.Бын эрүүл мэндэд учирсан хохирол шалтгаан нөхцөлийн талаар хорих 405 ангийн үйл ажиллагаа болон стандарт камержуулалт зэрэг асуудалд Нийслэлийн прокурорын ял эдлүүлэх хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус бүр хяналт шалгалт хийж, арга хэмжээ авсан болно.

4. Эмч, сувилагч нарын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгах: Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол гэмт хэрэг болохоор хуульчилсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар ангийн эмч, эмнэлгийн ажилтан нарын зүгээс ажил албан үүргээ биелүүлэхгүй хохирогч А.Бд эмчилгээ хийгээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин А.Б нь хорих ангийн эмч, сувилагч нарт удаа дараа өвчин зовиурыг тухай бүр нь хэлж, ярьсны дагуу тухайлсан эмчилгээг хийсэн боловч хохирогчийн эрүүл мэндийн байдал сайжрахгүй байсан тул өвчний нарийвчилсан онош тодруулах зорилгоор хорих 401 дүгээр анги руу шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь эмч, сувилагч нарыг буруутай гэж үзэх үндэслэл биш болно. Мөн шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон талаар дурдсан бөгөөд энэ гэмтэлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүйтэй холбогдуулан хүндэрсэн талаар дүгнээгүй бөгөөд хорих 405 дугаар ангийн эмч, сувилагч нар нь тухайн цаг хугацаанд хохирогчид холбогдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог.

Анхан шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул гэм буруугийн шүүх хуралдаанд яллагдагчийг шилжүүлж, шаардлагатай бол шинжээч эмчийг оролцуулан шийдвэрлэх боломжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр 2023/ШЗ/2271 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд шалгагдаж байна. Миний хувьд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн байна. Дээрх хуулийн заалтад 4 үндэслэлийг хууль тогтоогч хуульчилж өгсөн байхад прокурор шүүхийн тогтоолд заасан ямар дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа талаар тодорхой бичээгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн зөрчсөн, хэргийн бодит байдлыг хэрхэн нотлон тогтоох, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, тэдгээрийг шүүхэд үнэлэх ажиллагаа хийгддэг. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэлдээ дурдсан дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт 4 үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Яллах дүгнэлтийг уншиж үзэхээр яллагдагч Х.Аыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бусдад хүнд гэмтэл учруулсан талаар дүгнэсэн байдаг. Дээрх нөхцөл байдлын хүрээнд хохирогчийн биед баруун чөмөг, зүүн ташаа тус газарт 3 удаа өшиглөж зүүн дунд чөмөгний ясны зөрүүтэй, баруун дунд чөмөгт ясны зөрүүгүй далд хугарал учруулсан гэж дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтлийг авсан хүн ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх боломжгүй гэдэг. Гэтэл яллах дүгнэлтэд хохирогч идэвхтэй үйлдэл хийж хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш бусад хүмүүст зодуулсангэх үйл баримт тогтоогдсон. Эдгээр үйлдлийг нэг мөр шалгаж тогтоолгүй Х.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар ангийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй. Мөн хохирогчийг гэмтэл авсны дараагаар эмнэлгийн эмч, ажилчид буруу эмчилгээ хийсэн нь цаашид хүнд гэмтэл тогтоогдоход нөлөөлөх эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай үйлдлийг эргэлзээгүй нотлон тогтоохыг хуульчилсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эргэлзээ бүхий байдлууд харагддаг. Хохирогч мэдүүлэгтээ “2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд намайг цохисон. Энэ хугацаанд 4 хүнд хоёроос гурван удаа цохиулсан гэж мэдүүлдэг. Уг мэдүүлэгтэй холбогдуулан мэргэжлийн эмчийн дүгнэлт гаргуулъя гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч н.Өлзийбаатар гэдэг эмчээс гэрчээр мэдүүлэг авахад “энэ гэмтэл нь тулгуур эрхтэнд учирсан гэмтэл учир гэмтэл авсан хүн өөрөө чөлөөтэй үйл ажиллагаа хийх боломжгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогч “2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х.Аод, хоёр хоногийн дараа Ганхуягт, мөн тухай өдрөө Бямбачулуун гэдэг хүнд гэмтэл авсан газраа өшиглүүлсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нийгмийн ажилтан Ө цээж рүү нь гурван удаа цохиж, мөн гэмтэл авсан ташаа хэсэг рүү өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгээс үзэхэд хохирогч нь Ө гэдэг хүнд цохиулаад хэвтэрт орсон гэж үзэх үндэслэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч нь идэвхтэй үйлдэл хийх боломжгүй байсан гэж дүгнэдэг. Гэтэл прокурор ямар баримтаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Х.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус хорих ангийн ялтан А.Быг “удаан байна” гэх шалтгаанаар баруун болон зүүн ташаан тус газарт нь тус бүр 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас “...Нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, Т.Г, Г.Б нарыг дахин, Өыг уг хэрэгт холбогдуулан тус тус шалгах, хорих байгууллагыг иргэний хариуцагчаар татах, эмч, сувилагч нарын буруутай үйл ажиллагаа буй эсэхийг шалгах ...” зэрэг үндэслэлүүдийг заан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Тухайлбал, Х.А, Т.Г, Г.Б, Ө нарын хэн нь хохирогч А.Бын хөлний аль хэсэгт хэрхэн, хэдэн удаа өшиглөсөн, хэнийх нь өшиглөсөн үйлдлээс өвчний зовиур үүссэн, хэд хэдэн хүнд тодорхой цаг хугацаанд удаа дараа өшиглүүлсэн үйлдлээс өвчний зовиуртай шинж тэмдэг нэмэгдсэн эсэхийг хохирогчоос тодруулахын зэрэгцээ шинжээч нараас хөлний аль хэсэгт хэрхэн өшиглүүлсэн үйлдлээс уг гэмтэл учирч болох талаар тодорхой мэдүүлэг авах шаардлагатай байна.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/2271 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР