| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0143/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 143
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Х.Г-, Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-, Х.Г- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708024850406 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......Б.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... Х.Г
Б.Б-, Х.Г- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ВЕАТ” /Бит/ нэртэй бааранд барменаар ажиллаж байсан иргэн Ч.Э-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Цагаан сарын дараа ажилд орно. Торгох ял өгнө үү” гэв.
Шүүгдэгч Х.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Одоо ажилд орох гэж байгаа тул торгох ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708024850406 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Э-ын: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой ажил дээрээ 22 цагийн үед очсон. Ажлаа хийгээд байж байтал гаднаас 5-6 залуу орж ирэн үйлчлүүлсэн. Тэд баарны 3 дугаар ширээнд сууж 0,75-ын “Соёрхол” нэртэй архи уусан. Тэд нар хоорондоо “би архи авч өгнө” гээд маргалдаад байсан. Тэгтэл Г- гэх залуу нь ахиад 0,75-ын “Соёмбо” нэртэй 1 шил архи текэн дээр ирж захиалсан. Тэд нар 2 дахь архиа ууж байхдаа ширээн дээр ахиад маргалдаад байсан. Г- агсраад ширээгээ цохиод босоод ирсэн. Тэр залуу шууд миний ам руу гараараа 1 удаа цохисон. Би гайхаад цаашаа түлхтэл хамт явсан залуучууд нь босч ирээд над руу бүгдээрээ дайраад байсан. Би юу болоод байгааг ерөөсеө ойлгоогүй. Тэгтэл Баатарцогт ах над дээр ирэн тухайн залуучуудыг салгасан. Тэр залуучууд Баатарцогт ах бид уруу дайраад байсан. Тэр үед захирал Алтантуяа цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд тухайн залуучуудыг авч гарсан. Намайг хамт авч гарсан. Тэгтэл 2 цагдаагийн хажууд Б- гэх махлаг шар царайтай залуу нь миний нүүрэн тус газар буюу дух хэсэгт мөргөсөн. Тэгэхээр нь би доошоо суусан. ...Би нэг ч шүдээ хөдөлгөж гэмтээж байгаагүй. Г- миний ам руу цохиод доод 1 шүдийг унаагаад, дээд үүдэн 2 шүд эмтэрч, мөн доод 2 шүд хугарч хөдөлсөн. Б- миний дух хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Тэр 2 залуучуудтай хамт явсан залуучууд надад гар хүрч цохиж зодоогүй. Цаашид хиймэл шүд хийлгэх, хөдөлсөн 2 шүдээ янзлуулахад эмнэлэгт 800.000 орчим төгрөг болно. Надад хохирлын мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн. Надад учирсан хохирол бүрэн барагдсан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-9-10, 17/,
Гэрч Ө.Б-ийн: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний 22 цагийн орчим Мөнхдалай, Сугар-Од, Б-, Г-, Баяннамсрай нарын хамт бааранд орж архи, пиво уусан. Тэгээд байж байсан чинь үүдний хэсэгт хүмүүс орилоод байхаар нь харсан чинь Г- бармен залуутай барьцалдаад зогсож байсан. Би салгаад холдуулсан чинь бармен залуугийн шүднээс цус гоожоод танай энэ найз шүд рүү цохисон гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-20, 21/,
Гэрч Г.Б-ын: “...Тухайн залуучууд архи, пиво захиалсан байсан. 1 цаг гарангийн дараа бааранд шуугиан болоод явсан. Гараад хартал Эрдэнэбаяр зөөгчийг 1 залуу бариад авсан. Эрдэнэбаярын амнаас цус гарч байсан. Би очиж тэр залууг Эрдэнэбаяраас салгатал бусад залуус үсчээд босоод ирсэн. Бид нар уруу дайрсан. Эхнэр цагдаа дуудсан. Цагдаа тэднийг аваад гарсан. Удалгүй би араас нь гартал Эрдэнэбаяр доошоо хараад суучихсан байсан. Юу болсныг асуухад нэг залуу мөргөчихлөө гэж хэлсэн. ...Махлаг, биерхүү залуу Эрдэнэбаярыг заамдаад барилцаж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-33/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.11.05-ны өдрийн 13857 дугаар актын дүгнэлтэд: “1.Эрдэнэбаярын биед үүдэн 2 шүдний ирмэг эмтэрсэн, доод үүдэн 1 шүд унасан, 2 шүд хугарч хөдөлсөн, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Гурван шүд үгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө” гэжээ /хх-35/,
Хохирол төлсөн баримт /хх-11/, хохирлын баримт /хх-12-14/, гэрч Г.Баяннамсрайн мэдүүлэг /хх-29/, шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг /хх-42/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-, Х.Г- нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “BEAT” бааранд тус баарны бармен ажилтай Ч.Эрдэнэбаярыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-, Х.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Эмчилгээний зардалд 1000 000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” /хх-10, 11/ гэснийг нь үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял лнлгдуулах боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэж,
шүүгдэгч нар “Баярын дараа ажилд орох тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урчуулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Б.Б-, Х.Г- тус бүрийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.