| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0935/З |
| Дугаар | 128/ШШ2025/0149 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0149
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, манай компанийн эзэмшил газрыг анх байсан хэмжээгээр нь буцаан олгох захирамж гаргасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.
Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* нар нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын “М*******” ХХК-ийн эзэмшлийн 74427 мкв газраас 15651 мкв талбайтай газрыг хэсэгчлэн буцаан олгохоос татгалзсан 2024 оны А/1042 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/1042 дугаартай “газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамжийн 1 дэх заалтын 58776 гэснийг 74427 мкв болгож өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ