Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00613

 

*******-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00195 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: *******ийн мөнгө зээлэх хүсэлтийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр *******-ийн данснаас 500 000 төгрөг бэлнээр гаргаж авсан. 80 000 төгрөгийг .... 7 давхарт байдаг бариа заслын төв дээр, 200 000 төгрөгийг УБЛ ******* улсын дугаартай, Тоёота стима загварын машин дотор тоолж өгсөн. ******* өөрөө одоохондоо талыг нь авна гэсэн юм. 280 000 төгрөгийг *******д *******-ийн өмнөөс өгсөн, мөнгийг 2, 3 хоногийн дараа буцаагаад өгнө гэсэн боловч өгөөгүй. Мөнгө зээлдүүлсэн баримтыг шүүхэд өгсөн. Иймд *******ээс 280 000 төгрөг гаргуулна, хүү, алданги тооцоогүй гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: *******-ийг мэдэхгүй, энэ компанитай харьцах ажлын шаардлага байхгүй. Яагаад намайг гүтгэж, доромжилж байгааг ойлгохгүй байна. Хүний нэр төрд халдаж байна гэжээ. 

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 280 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 9 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. *******-ийг мэдэхгүй, 280 000 төгрөг зээлж аваагүй. Шүүх *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чын гаргасан зарлагын баримтанд ******* гарын үсэг зураагүй, уг компаниас мөнгө зээлж аваагүй, мэдэхгүй байтал шүүх зээлийн гэрээ байгуулсан гэж нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үнэлээгүй. Зарлагын баримтад гарын үсэггүй байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Улсын начин Ч.Чбариачид бариулж төлбөрт 80 000 төгрөг төлсөн. Миний машинаар орон сууц худалдан авахаар олон хоног хайж явсан тул түлшний зардалд 200 000 төгрөг өгсөн. Гэтэл шүүх уг мөнгийг зээлдүүлсэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯ*******ВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 280 000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр компанийн данснаас 500 000 төгрөг бэлнээр авч *******ийн бариа заслын төвд 80 000 төгрөг аваачиж өгсөн, 200 000 төгрөгийг машин дотор тоолж өгсөн” гэж тайлбарласан бол хариуцагч нь *******-ийг мэдэхгүй, мөнгө зээлж аваагүй гэжээ.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын агуулгаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх, гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байхыг шаардаж байх ба нэхэмжлэгч гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлсэн үйл баримтыг нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн хэргийн 26 дугаар тал дахь *******-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад  гүйлгээний утга нь “үс засах төхөөрөмжийн урьдчилгаа 280 000 төгрөг” гэсэн байхын зэрэгцээ он, сар, өдөр өөр өнгийн үзгээр бичигджээ. Мөн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* өөрийн данснаас  500 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь “байрны төлбөрт” гэсэн утгатай байна. Эдгээр баримтууд нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг нотолж чадахгүй байна. /хх9/

Хариуцагчийн “зарлагын баримтанд гарын үсэг зураагүй, компаниас мөнгө зээлж аваагүй” гэж үгүйсгэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй баримтыг үндэслэж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 280 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00195 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  9 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ

     ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                   А.МӨНХЗУЛ