Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/1083

 

   2023           11             9                                         2023/ДШМ/1083

 

Э.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

хохирогч Ж.Б,

цагаатгагдсан этгээд Э.О, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг, Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1131 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр эсэргүүцлээр Э.О-д холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Э-ийн О, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ......./;  

Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .. сүлжээ дэлгүүрийн гадна иргэн Ж.Б-тэй манай найзыг дээрэлхлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж, Ж.Б-ын эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний хараа 6/9 буюу 0.6 хараа бууралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Ж.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Үүнд: хохирогч Ж.Б-ын: “... О үгийн зөрүүгүй зүүн гараараа миний баруун шанаа нүд орчимд нэг удаа цохисон... О миний баруун нүд хэсэгт нэг удаа өвдөглөөд нэг удаа өшиглөсөн. Бид 2 зууралдах үед миний толгойн зүүн хэсэгт 2-3 удаа цохисон. ...дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүс гарч ирж салгасан. Миний баруун нүдний дээд хэсэг хавдаж хөмсөг сэтэрсэн. Толгой өвдөж байна. ...” гэх мэдүүлэг /хх 13, 116/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “...Ж.Б-ын биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн .... дугаартай дүгнэлт /хх 29- 30/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай “... Ж.Б-д 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр баруун нүдний ухархайн доод хананы хугарал гэмтэл учирсан байна. Баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун нүдний хараа 6/9 буюу 0.6 гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... дугаартай дүгнэлт үндэслэлтэй байх ба гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Ж.Б-ын биед учирсан баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун нүдний хараа 6/9 буюу 0.6 хараа бууралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 182-184/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай “... Э.О-ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” талаарх дүгнэлт /хх 36-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн “... Э.О-ын биед нэмэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” талаарх дүгнэлт /хх 45-46/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хангалттай нотлогдсон байхад яллах талын нотлох баримтуудыг ямар байдлаар үгүйсгэж, няцааж байгаа талаар дүгнэлтийг өгч чадаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн талаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” болох нь Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Ж.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, ...нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтын үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Цагаатгах тогтоолын шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт хэсэгт бичигдсэн үг, үсэг, утга найруулгын алдаатай бичигдсэн нь ойлгомжгүй, тодорхой бус буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал улсын яллагчаас яллах талын хууль зүйн дүгнэлт хийж ярьсан дүгнэлтийг, мөн цагаатгах талын нотлох баримтын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлт зэрэг цагаатгах тогтоолд утга найруулга, үг үсгийн алдаатай бичсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1131 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн авч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Учир нь, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Яллах дүгнэлтэд дурдагдсанаар Э.О-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг цагаатгах тогтоолоор камерын бичлэгээр үгүйсгэж байгаа юм. Харин энэ гэмт хэрэг нь камерын бичлэгээр нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо ноцолдож, шүүгдэгч босож ирээд хохирогчийг цохисон болох нь тогтоогдсон. Хохирогч Ж.Б-ыг шүүгдэгч Э.О цохисны улмаас хохирогч Ж.Б нь дахин цохиулахгүй гэх үүднээс тэвэрч унагаасан. Үүнийг шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч нар нөгөө талаас нь тайлбарлаж, шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасныг баримталж, бичсэн үг, өгүүлэмжээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Ийм учраас цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн цагаатгах тогтоол нь үг, үсэг, утга найруулгын алдаатай бичигдсэн. Цагаатгах тогтоол нь хууль ёсны шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна. ...” гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэл хүлээж авсан даруйд миний бие гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцэлд дэлгэрэнгүй хуулийн зүйл, заалтыг тодорхой дурдсан байсан. Надад эрүүл мэндийн ноцтой хохирол учруулсан гэдэг нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хамгийн сүүлд дүгнэлт гаргасан шинжээчдийг цахим сүлжээгээр оролцуулж, тайлбар, мэдүүлэг авсан. Бүх баримтуудаар надад маш ноцтой эрүүл мэндийн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоод байхад тухайн зүйл, заалтыг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Маш олон үг, үсгийн алдаа, ойлгомжгүй зүйлүүд тогтоолд дурдагдсан байсан. Над шиг хууль эрх зүйн мэдлэггүй хүн уншиж ойлгох байтугай, мэргэжлийн боловсон хүчин, өөрийнхөө боломжтой гэсэн хууль эрх зүйн мэдлэгтэй хүмүүсээр уншуулж, тогтоолыг ойлгох гэж хичээсэн. Гэхдээ маш олон алдаатай зүйл байсныг дурдах нь зүйтэй байна. Шүүхийн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг үндэслэж, миний нэхэмжлэлийг хүчингүй болгосон атлаа гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй гэснийг ойлгохгүй байна. Энэ хэрэгт үйл явдал болсныг баримтжуулсан дүрс бичлэг, мөн зодоон болохоос өмнө хажууд нь хараад зогсож байсан гэрчийн мэдүүлгүүд байгаа. Миний хувьд тухайн өдөр Э.О-д зодуулсныхаа дараа Шүүх шинжилгээний эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн. Мөн тухайн өдрөө оёдол тавиулсан, “М” эмнэлэгт очсон. Нүд болон толгойн компьютер томографийн шинжилгээ өгсөн. Миний бодлоор хэрэгт шаардлагатай баримт, материал авагдсан гэж үзэж байна. Мөн миний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа учраас та бүхнийг шинжилгээний дүгнэлтүүдтэй сайтар танилцаж, анхаарч үзэхийг хүсэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.О-ын өмгөөлөгч Б.Шихихутаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд “... яллах талын нотлох баримтуудыг ямар байдлаар няцааж, үгүйсгэж байгаа талаар дүгнэлтийг өгч чадаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй болно...” гэж байна. Эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хангалттай нотолсон байдлыг үгүйсгэж, няцаагаагүй. Харин гэмт хэрэг үүссэн нөхцөл байдал, энэ хэрэг үүссэн гэдгийг дүгнэсэн учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Мөн хуулийг буруу хэрэглэсэн талаар эсэргүүцэлдээ дурдсан байна. Прокурорын байр суурь ойлгомжгүй байна. Үг, үсгийн алдааг ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол маш ойлгомжтой, тодорхой байна. Хохирогч Ж.Б-ын хэлж байгаагаар маргааныг Э.О эхлүүлсэн гэж байна. Миний үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар маргааныг Ж.Б өөрөө эхлүүлсэн. Тухайлбал, “...дайнд Орос буруутай, та нар Оросууд...” гэсэн байдаг. Э.О-ын эх нь Орос угсаатай хүн байдаг. Э.О-ыг Орос царайтай учраас ялгаварлан гадуурхаж зодоон эхлүүлсэн. 5 давхар барилгаас Э.О-ын ханцуйнаас нь чирч, буулгаж ирж байгаад довтлоход нь Э.О аргагүй хамгаалалт хийж, өөрийгөө хамгаалсан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 Цагаатгагдсан этгээд Э.О-ын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Ж.Б-ын буруутай үйл ажиллагаа нь камерын бичлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Хохирогч Ж.Б-ын зүгээс шүүгдэгч Э.О нь зүүн гараараа баруун шанаа орчим нэг удаа цохисон, над руу дайрсан гэдэг боловч камерын бичлэгээс үзвэл хохирогч Ж.Б-ыг шууд цохисон үйлдэл тогтоогдохгүй байна. Мөн камерын бичлэгээс харахад санаатай өдөөн хатгасан, таарамжгүй харьцаа үүсгэж, халдсан гэх үйл баримт байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанаар камерын бичлэгийг маш сайн шинжлэн судалсан. Камерын бичлэгийг шинжлэн судлах үйл явцад хохирогч буруутай байх бөгөөд эхэлж өдсөн болох нь харагддаг. Миний үйлчлүүлэгч Э.О ОХУ-ын иргэн бөгөөд “ чи муу Буриад” гэх мэтээр доромжилсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон. Энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхийг хүсэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснааргэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болох камерийн бичлэгээр Э.О нь хохирогч Ж.Б-ыг шууд цохисон гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокурорын яллах дүгнэлтэд заасан Э.О-ыг буруутгаж буй гол нотлох баримт болох камерийн бичлэгийг ямар үндэслэлээр хохирогчийг шууд цохисон гэж үзээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа цагаатгах тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд Э.О-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Үүнээс гадна, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үг, үсгийн хувьд алдаатай бичигдсэнийг цаашид анхаарвал зохино.

Дээрх үндэслэлээр дүүргийн ерөнхий прокурор Б.Батбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1131 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1131 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР