Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

---

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч Р.Ү, тэдний өмгөөлөгч Л.Бурмаа,

иргэний нэхэмжлэгч М.И, Р.О,

иргэний хариуцагч С.Б,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Д.Жийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010086 дугаар хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............

Яллагдагч Д.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буян” ХХК-ийн зүүн урд замд “Киа Пронтер” маркийн 32-20 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчин Р.Үын жолоодон явсан “Тоёота кроун” маркийн 84-23 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс, уг тээврийн хэрэгсэлд 3547.000 төгрөгийн шууд хохирол, зорчигч Р.О, М.И нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр барилгын материал ачаад “Буян” ХХК-ийн замд явж байтал гэнэт жолоо мушгигдаад зайлуулаад дарсан очоод мөргөсөн. Жолоодлогогүй болчихсон. 40-50 км/цгийн хурдтай явж байсан. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 18-нд нэг цагаан машин гэнэт өөдөөс мөргөсөн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Хүнд гэмтсэн. Байнга өвчин намдаах эм ууж байна, өөрт их зовиуртай байгаа. 5263675 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 1400000 төгрөг, 783000 төгрөг, 660000 төгрөгийг авсан. Гомдолтой байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний гурван хавирга хугарсан. Машины үнэлгээг даатгалаас өгсөн. Би машинаа 2013 онд 10 сая төгрөгөөр авч байсан. Шүүгдэгчид миний эвдэрсэн машиныг аваад өөр машин авч өг гэж хэлсэн. Машинд Жүгдэрийн хашаанд байгаа. Машины үнэд 5800000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч М.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр өөдөөс ирж явсан цагаан машин ойж бууж ирээд яах ийхийн зуургүй мөргөсөн. Хохиролд 378000 төгрөг авсан. 200000 төгрөгийн эм тариа авахуулсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урдаас ирж байсан манай машиныг мөргөсөн. Зүүн тал үенээсээ мултарсан. Эмчилгээний төлбөрт 200000 төгрөг авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Иргэний хариуцагч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай жолооч Жүгдэр осол гаргасан. Хохирогчид хохирлыг Жүгдэртэй хувааж төлсөн. Эвдэрсэн машинтай адилхан машиныг иргэний нэхэмжлэгч Үнэнбатад авч өгье гэхэд татгалзсан. Манай компанийн зүгээс нийт 1600000 төгрөгийг өгөөд байна. Бусад хохирлыг Жүгдэр төлсөн” гэв.   

Эрүүгийн 1703000010086 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Бгийн: “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг болж байхад Дархан-Уул аймгаас гараад ...“Буян” ХХК-ийн хажуугаар дөнгөж өнгөрөөд явж байхад нэг цагаан өнгийн ачааны машин гэнэт урдаас ороод ирсэн. Тэгээд би “хүүе ээ” гээд л хашгирч байснаа санаж байна. Нэг сэртэл нүүр амнаас цус гарчихсан хэвтэж байсан. Удалгүй түргэн ирээд намайг болон Оюунгэрэл, Ижилсайхан нарыг аваад явсан. Би машины зүүн талын хойд хэсэгт суугаад явж байсан. Манай нөхрийн машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Уг ослоос болж ерөнхийдөө дух, зүүн нүдний хэсэг хацар эрүүний хэсэг рүү цөмөрсөн гэсэн. Зүүн талын 5,6,7 дугаар хавирга хугаралтай, зүүн хөлний зөөлөн эд гэмтсэн байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтэл учирсан гэж гарсан. Нөгөө талаас осол хэрэг гарсны дараа “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очиж зураг авахуулахад 600 орчим мянган төгрөг гаргаж өгсөн гэсэн. Гарсан хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-19/,

Иргэний нэхэмжлэгч М.Иы: “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан орчихоод эргээд харихаар “Т.Кроун” маркийн 84-23 УБИ дугаартай авто машинтай жолоочийн хажуу талын суудалд суугаад нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай Сонгинохайрхан дүүргийн “Буян” ХХК-ийн замаар явж байтал өмнөөс нэг цагаан өнгийн “Портер” шиг машин ойж бууж явж байснаа яах ийхийн зуургүй миний сууж явсан талаас ирээд тас хийтэл мөргөсөн. Нэг мэдсэн чинь машины суудал салон, багана хэсэгт хавчуулагдчихсан байсан. Гарч чадахгүй байж байхад манай ихэр Ижилбаяр намайг гаргасан. Надад хөнгөн гэмтэл учирсан. Би одоогийн байдлаар 400 гаруй мянган төгрөг гаргаад байгаа. Сар гаран эмчийн хяналтанд бай гэсэн учраас ажлаа хийж чадахгүй хэцүү л байна. Би одоо 800.000 төгрөгийг авсан тохиолдолд гомдол гээд байх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Иргэний нэхэмжлэгч Р.Оийн: “...“Буян” ХХК-ийн хажуугаар гараад явж байхад урдаас нэг цагаан өнгийн борлуулалтын машин явж байснаа гэнэт мургис гээд мөргөсөн. Буугаад иртэл нөгөө жолооч “миний дугуй харагчих шиг боллоо” гэж хэлж байсан. Өвдөг тойг мултарсан, хавирга нүхнээсээ мултарсан гэсэн. Зөөлөн эдийн бяцрал гэмтэл авсан. Одоогоор би 100.000 төгрөг эмчилгээнд гаргаад байгаа. Би тэр мөнгөө нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-41/,

Иргэний нэхэмжлэгч Р.Үын: “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн эзэмшлийн “Т.Кроун” маркийн 34-23 УНА дугаартай автомашинтай,  машиндаа эхнэр Баттуяа, дүү Оюунгэрэл түүний хоёр хүү болох Ижилсайхан, Ижилбаяр нарын хамт ...40 гаран км/цагийн хурдтай явж байсан. ...Цагаан өнгийн ачааны машиныг зөрөөд өнгөрөх нь үү гэтэл гэнэт урдуур орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Үнэлгээгээр 4.217.000 төгрөг гарсан. Мөн эхнэр Баттуяа хүнд гэмтсэн. Хавирга цуурсан, нуруу хэсгээр өвдөөд байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Одоогоор 660.000 төгрөг гаргаж өгсөн. Би машин авахуулмаар байна. Мөн дээр нь эмнэлгийн зардлуудыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-44/,

Иргэний хариуцагч С.Бгийн: “...Уг тээврийн хэрэгсэл нь “Мон Вурст” ХХК-ийн эзэмшлийнх юм. ...Би уг машиныг өөрөө хариуцаж ажил үүргээ гүйцэтгэдэг учраас иргэний хариуцагчаар оролцож байна. Осол хэрэг гардаг өдөр Жүгдэр модны захаас банз ачаад 61-н гарам руу явж байгаад осол гаргасан. Зөвшөөрөлтэй жолоодож явсан. Жүгдэр манайд жолоочоор ороод нэг жил гаран болж байгаа. Хөдөлмөрийн гэрээ гээд байх зүйл байхгүй. ...бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахыг ...би сайн ойлгохгүй байна. Кабин эвдэрсэн. Үнэлгээ хийлгээгүй. Нэхэмжлэх зүйлгүй. ...Осол гарахаас өмнө автомашин бүрэн бүтэн байсан. Осол хэрэг гарсны дараа очиж харахад жолооны чагтан голын призер нь сугараад элэгдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-52-53/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.02-ны өдрийн 9442 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Б-н биед духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана буюу гайморын хөндийн урд дээд хана, гадна хана гайморын хөндий рүү гүн цөмөрсөн, гайморын хөндийн дотор хана зөрөөтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана самалдаг хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн 5,6,7-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд шарх, нүүр, хүзүү, цээж, хоёр бугалга, баруун шуун, хоёр гуя, баруун өвдөг, зүүн шилбэ шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 3.1.2 -т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-60/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.24-ний өдрийн 9451 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Р.Оийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, хоёр гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар ...гэмтлийн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-63/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.27-ны өдрийн 9445 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ижилсайханы биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн өвдөг, зүүн тохойны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар ...гэмтлийн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-66/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017.09.21-ний өдрийн 430 дугаар дүгнэлтэд: “1. Киа пронтер маркийн 3220УБИ улсын дугаартай автомашины жолооч Д.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. 2. Тоёота Кроун маркийн 8423УНА улсын дугаартай автомашины жолооч Р.Ү нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Зам тээврийн осол нь Д.Жийн ЗХД зөрчсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна” гэжээ /хх-87/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017.07.29-ний өдрийн автомашин техникийн үнэлгээнд “...Р.Үын эзэмшлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2013 онд орж ирсэн, “Toyota Crown 175” загварын 8423УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4217000 төгрөгийн хохирол учирсан” гэжээ /хх-68/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-14/, хохирогчийн хохирлын баримтууд /хх-21-27, 149-163/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.08.10-ны өдрийн 4014 дүгээр дүгнэлт /хх-77/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96, 120/, хохирогчийн өвчний түүх /хх-111-119/, шүүгдэгчийн оршин суух хорооны тодорхойлолт /хх-121/, “Мон-Вурст” ХХК-ийн тодорхойлолт /хх-123/, иргэний нэхэмжлэгч Р.Оийн хүсэлт /хх-131/, иргэний нэхэмжлэгч М.Иы хүсэлт /хх-133/, шинжээчийн мэдүүлэг /хх-164, 166/, хохирол төлсөн баримт /хх-174, 175/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Буян” ХХК-ийн зүүн урд замд “Kia Frontier” маркийн 32-20 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж Р.Үын эзэмшлийн “Toyota Crown” маркийн 84-23 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 3547000 төгрөгийн шууд зардал, нийт 4217000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, зорчигч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Р.О, М.И нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Хохирогч Д.Бгийн “...нэг цагаан өнгийн ачааны машин гэнэт урдаас ороод ирсэн. Тэгээд би “хүүе ээ” гээд л хашгирч байснаа санаж байна. Нэг сэртэл нүүр амнаас цус гарчихсан хэвтэж байсан. Уг ослоос болж ерөнхийдөө дух, зүүн нүдний хэсэг хацар эрүүний хэсэг рүү цөмөрсөн гэсэн. Зүүн талын 5,6,7 дугаар хавирга хугаралтай, зүүн хөлний зөөлөн эд гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-19/, иргэний нэхэмжлэгч М.Иы “...нэг цагаан өнгийн “Портер” шиг машин ойж бууж явж байснаа яах ийхийн зуургүй миний сууж явсан талаас ирээд тас хийтэл мөргөсөн. Нэг мэдсэн чинь машины суудал салон, багана хэсэгт хавчуулагдчихсан байсан. Надад хөнгөн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/, иргэний нэхэмжлэгч Р.Оийн “...нэг цагаан өнгийн борлуулалтын машин явж байснаа гэнэт мургис гээд мөргөсөн. Буугаад иртэл нөгөө жолооч “миний дугуй хагарчих шиг боллоо” гэж хэлж байсан. Өвдөг тойг мултарсан, хавирга нүхнээсээ мултарсан гэсэн. Зөөлөн эдийн бяцрал гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-41/, иргэний нэхэмжлэгч Р.Үын “Би өөрийн эзэмшлийн “Т.Кроун” маркийн 34-23 УНА дугаартай автомашинтай явж байсан. ...Цагаан өнгийн ачааны машиныг зөрөөд өнгөрөх нь үү гэтэл гэнэт урдуур орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Үнэлгээгээр 4.217.000 төгрөг гарсан. Би машин авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-44/, иргэний хариуцагч С.Бгийн “...Уг тээврийн хэрэгсэл нь “Мон Вурст” ХХК-ийн эзэмшлийнх. ...Осол хэрэг гардаг өдөр Жүгдэр модны захаас банз ачаад 61-н гарам руу явж байгаад осол гаргасан. Зөвшөөрөлтэй жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-52-53/, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүд, Замын цагдаагийн албаны дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Д.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 5126620 төгрөг нэхэмжилснээс 2830000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 2283620 төгрөгийг шүүгдэгч Д.Ж, иргэний хариуцагч “Мон-Вурст” ХХК-аас 1 жилийн хугацаанд гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.

Иргэний нэхэмжлэгч Р.Од 200000 төгрөг, М.Ид 578000 төгрөг, Р.Үад 4217000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн. Харин иргэний нэхэмжлэгч Р.Ү нь “Ослын улмаас эвдэрсэн машинаа буцааж авахгүй, машин авахуулна, эсхүл үнийг нь гаргуулна” гэх боловч 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг хурдан гаргуулж өгнө үү” гэж,   

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг даруй төлөх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан нотлох баримт бүхий хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Д.Жт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирүүлсэн Д.Жийн жолоочийн В ангиллын 1065367 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ж урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ж-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Жийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар Д.Жт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ж цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Р.О, М.И, Р.Ү нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Ж болон иргэний хариуцагч “Мон-Вурст” ХХК-аас 2283620 /хоёр сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун хорь/ төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж хохирогч Д.Б /Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ойн 8 дугаар гудамж, 06 тоотод оршин суух, ........./-д олгосугай.  

7. Хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч Р.Ү нар цаашид гарах эмчилгээний болон гэм хорын хохиролтой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Хэрэгт хураагдаж ирсэн Д.Жийн жолоочийн В ангиллын 1065367 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР