Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1098

 

  2023           11            16                                         2023/ДШМ/1098

 

Э.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогч Т.Ө,

хохирогч Б.Г, Т.Ө нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

хохирогч “Н” ХХК-ийн өмгөөлөгч С.Ганзул,

яллагдагч Э.С, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1423 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч А.Т-ийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.С-д холбогдох 2210 00000 0435 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овгийн Э-ийн С, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ....... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Яллагдагч Э.С нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 21 хохирогчид 4.102.306.068 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Н” ХХК-ийн болон хохирогч Э.А-ын нийт 294.337.247 төгрөгийн буюу их хэмжээний хөрөнгө завшсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Э.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: Хохирогч нарын өмгөөлөгч Г.Буянбадралаас хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтыг тогтоогоогүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, хамтран оролцсон этгээдийг шалгаагүй, оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй, хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаагүй, яллах дүгнэлт хуулийн шаардлага зөрчсөн зэрэг агуулга бүхий асуудлаар;

яллагдагчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, хохирогчоос хэзээ, яаж мөнгө авсан эсэх нотолбол зохих байдлыг нотлоогүй, хохирогч Т.Ө-ийн авч явсан хөрөнгийг хасаж тооцоогүй, зах зээлийн үнээс доогуур үнээр хөрөнгийг үнэлсэн, хохирогч тус бүрд хохирлын тооцоог хийгээгүй, аудитын дүгнэлт гаргуулж хохирлын дүнг нэг мөр тогтоох, яллагдагчийн зарим хөрөнгө хаана байгааг шалгаагүй, хөрөнгө завших хэрэгт нотлох баримт хуулийн шаардлага хангагдаагүй, санхүүгийн шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй” гэх зэрэг агуулга бүхий асуудлыг хэлэлцүүлж, эдгээр өмгөөлөгчдөөс хэргийг прокурорт буцаах саналыг болон бусад асуудлаар оролцогчдоос гаргасан хүсэлтийг хэлэлцүүлсэн, прокуророос хэлэлцүүлэгт “яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой” гэсэн санал гаргасан бөгөөд шүүхээс талуудын гаргасан санал, хүсэлтийг хянаад яллагдагч Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй ба мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэл байх бөгөөд эдгээрийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар заасан ба 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагууд хангагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлон тогтоох ажиллагааг хангалттай хийж гүйцэтгээгүй нөхцөл байдал байх бөгөөд улмаар яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй зэрэг бусад дараах зөрчлүүд байна. Үүнд:

1. Залилах гэмт хэргийн талаар:

1.1. Гэмт хэрэг гарсан байдал, хохирол, хор уршгийг тогтоох талаар: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолд болон яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсгийн 2.14-т яллагдагч Э.С-ыг иргэн Б.Г, Т. нарын 2.648.152.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэх ба иргэн Б.Г-д хэдэн төгрөгийн, иргэн Т.Ө-д, эсхүл хуулийн этгээдэд хэдэн төгрөгийн хохирол учирсан болон Т.Ө нь иргэний хувьд, мөн хуулийн этгээдийн удирдлагын хувьд хоёуланд нь хохирогч бол тус бүрд нь зааглаж учирсан хохирлыг тодорхой болгоогүй, хохирлыг иргэн, хуулийн этгээдийн алинд учруулсан эсэхийг нотлон тогтоох ажиллагааг явуулаагүй байх бөгөөд 2.648.152.000 төгрөгөөс хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг тус бүрд нь нарийвчлан тогтоож, тусгах шаардлагатай бөгөөд нийт дүнгээр тоймлож бичсэн нь гэмт хэргийн улмаас хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно. Мөн хэргийн харьяалал тогтоохтой хамааралтайгаар дээрх иргэн, хуулийн этгээдээс яллагдагч Э.С-ын данс руу шилжүүлсэн гэх удаа дараагийн гүйлгээг хэзээ, хаанаас шилжүүлгийн гүйлгээ хийсэн эсэхийг мөнгөн дүн бүрээр цаг хугацаа, газар орон зайг тодорхой тусгаж, улмаар сүүлийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хаанаас гүйлгээ хийгдсэн эсэхийг шалгаж, тус гэмт хэргийн төгссөн газрыг тодорхой болгох шаардлагатай.

1.2. Яллах дүгнэлтийн 2.13 дахь хэсэгт иргэн Т.Х эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд “тамхины бизнест хамтран ажиллавал ашиг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл нийт 326.500.000 төгрөгийг бэлнээр дансаар шилжүүлэн авч иргэн Т.Х-д их хэмжээний хохирол учруулж залилсан гэжээ. Хэргийн баримтаас үзвэл тус хэрэгт Т.Х, Ч.О нарыг хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба Ч.О нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би 14 удаагийн гүйлгээгээр, бэлнээр 1 удаа нийт 15 удаа 554.150.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс надад 7 удаагийн гүйлгээгээр 244.000.000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 310.150.000 төгрөгийг өгөхгүй намайг хохироогоод байна. Т.Х бид хоёр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, одоогийн байдлаар шийдвэр гараагүй байна. Э.С-ын данс руу шилжүүлж байсан мөнгө бүгд миний өөрийн эзэмшлийн данснуудаас тус тус шилжүүлэг хийсэн байсан учир би хохирогч юм. Би Х-тэй амьдрахгүй байгаа тул Х цагдаагийн байгууллагад дээр гомдол гаргасан талаар огт мэдээгүй. ...” гэж мэдүүлсэн /хх 46-47/ болон Э.С, Ч.О нарын хооронд 80.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх баримт /4 хх 52/, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн огноотой Ч.О, Э.С нарын зээлийн гэрээ гэх баримт, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн огноотой мөнгө хүлээж авсан, өгсөн Ч.О, Э.С гэх, 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн гэх баримтууд /4 хх 66-68/, Ч.О-ын Х банк, Х банкны дансны хуулга /4 хх 53-65/ зэрэг баримтыг хавсаргажээ. Мөн Т.Х хохирогчоор “... Би нийтдээ Э.С-д 326.500.000 төгрөг залилуулаад байна, анх өгсөн 83.0 сая төгрөгийг 93.0 сая төгрөг болгож авсан, С-д өгсөн мөнгөө гаргуулж авмаар байна. ...” /4 хх 38-39/ гэж мэдүүлсэн, мөн Х банк дахь өөрийн дансны хуулга, Т.Х, Э.С нарын хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээ /4 хх 27-30/ гэх баримтыг хэрэгт хавсаргажээ. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор “Т.Х нь Ч.О-ын дансаар дамжуулан Э.С-д шилжүүлсэн буюу тухайн хэргийн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь Т.Х байна” гэсэн үндэслэлээр Ч.О-г хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцож байсан Т.О, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй буюу энэ талаар баримтгүй, дээрх шийдвэрт оролцогчоос хуульд зааснаар гомдол гаргах эрхийг эдлүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Хохирогч Т.Х, Ч.О нар нь гэр бүлийн асуудлаар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байх ба улмаар тус эрүүгийн хэрэгт хоёулаа хохирогчоор тогтоогдсон, тэдгээр хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, яллагдагч Э.С-д шилжүүлсэн хөрөнгө хэний хөрөнгө эсэх, эсхүл гэр бүлийн дундын хөрөнгө эсэх, бодитоор хэн нь хохирсон, хэн хууль ёсоор хохирогчоор оролцох эсэхийг яллагдагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн эх сурвалжийг тогтоох, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, бусад арга замаар хохирогчийг зөв тогтоох буюу оролцвол зохих этгээдийг эргэлзээгүй, хөдөлбөргүй нэг мөр шалган тогтоож, улмаар учирсан бодит хохирлын хэмжээг зөв үндэслэлтэй тогтоох шаардлагатай байна.

Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект нь хуулийг чанд сахиж, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, гаргаж буй шийдвэрийг оролцогч нарт бүрэн танилцуулж, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх нь зүйтэй.

1.3. Хохирогч Ө.Г-ээс “... 2022 оны 1 дүгээр сард С мөнгө байна уу, мөнгийг чинь өсгөөд өгье гэж утсаар ярьж байсан. 20 хувийн ашигтай болгож өгнө гэж ярьсан. Надад 3 машины нийт 53.500.000 төгрөгөөр оруулж ирсэн машин л байна, зарахад 60.000.000 төгрөг болчих байх гэж хэлэхэд Э.С наад гурван машиныг чинь зараад 65,0 сая төгрөг болгоод 7 хоногийн дотор өгье гээд машин аваад явсан. Пробокс, Акуа, Т.Приус-20 загварын гурван машин өгсөн. Гаалийн бичигтэй дугаар аваагүй, шинэ машин өгсөн, үлдэх 26.500.000 төгрөгийг нэхнэ. Нилээд юм болж байж 27.000.000 төгрөг буцааж авсан. ...” гэж /2 хх 147- 148/ мэдүүлсэн байх бөгөөд тус хэргийн хохирогчид учирсан хохирлыг зөв тогтоож чадаагүй, тодруулбал хохирлын хэмжээг 26.500.000 төгрөгөөр оруулж ирсэн бөгөөд үлдэх буцаан авсан гэх 27.000.000 төгрөгийг хэрхэн дүгнэсэн эсэх, тухайн хүнээс анх эд хөрөнгө шилжүүлэн авсан санаа зорилго, сэдэлтийг тогтоосны эцэст эрх зүйн харилцааны үндэслэлийг тодорхойлж ямар хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл эсэхэд дүгнэлт өгч, хохирлын хэмжээг тодорхойлох шаардлагатай.

1.4. Яллах дүгнэлтийн 2.9-д хохирогч Ч.А-ын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд 2021 оны 10 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто худалдааны төвд “хүнд үзүүлж зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.А-ын 37.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота сай”, 29.100.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота приус-41”, 48.400.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота харриер” загварын 3 ширхэг тээврийн хэрэгслийг авч иргэн Ч.А-д нийт 114.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэжээ. Шүүхэд ирүүлсэн материалын 3 дахь хавтаст хэргийн 184 дэх талд итгэмжлэл авагдсан байх ба энэ нь Д.Б-ээс Ч.А-д олгосон итгэмжлэл байх бөгөөд хэлцлээр “Тоёота харриер” машиныг худалдах, гэрээ байгуулах, өмчлөх эрх шилжүүлэх эрхийг Ч.А-д олгожээ. Гэтэл эрүүгийн хэрэгт Ч.А-ын “Тоёота харриер” машиныг залилсан гэж Ч.А хохирогчоор тогтоогдсон бөгөөд тухайн автомашин нь хэний эзэмшил, өмчлөлийн хөрөнгө болохыг тодруулж, хэнд хохирол учирсныг нягталж, хохирогчийг зөв тогтоосон эсэхийг шалгах шаардлагатай.

1.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зарим хохирогч нар яллагдагч Э.С-аас урьд нь мөнгө шилжүүлж, буцааж авахдаа хүү тооцож авч байсан нөхцөл байдал байх тул Э.С-аас эдгээр хохирогч нарын хүүд тооцож өгсөн, авсан гэх мөнгийг яллагдагчийн төлөгдөх хохирлын хэмжээнээс хасаж тооцох эсэхийг тодруулан нэг мөр шалгаж, яллагдагчийн бусдад төлөгдөх хохирлын хэмжээг бодитой тогтоох нь зүйтэй байна.

1.6. Зарим хохирогч нарын хохирлын төлбөрт шилжүүлэн авсан хөрөнгийн тухайд: Хохирогч Т.Ө, Т.Х гэх зэрэг зарим хохирогч нь яллагдагч Э.С-аас зарим хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт байх тул хэн гэдэг хохирогч хэний өмчлөл, эзэмшлийн хичнээн тооны ямар үнэ бүхий хөрөнгийг шилжүүлэн авсан, эдгээр шилжүүлэн авсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь хэдэн төгрөгөөр тооцогдох, хохирлоос хэдэн төгрөг хасагдах эсэхийг тооцож, шалгах, тодруулбал өр төлбөртөө тухайн шилжүүлэн авсан гэх хөрөнгийн жагсаалтыг хохирогч тус бүр дээр нарийвчлан гаргаж, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээр тогтоолгож, яллагдагчийн төлөгдөөгүй гэх хохирлын тооцоог бодитой, үнэн зөв тооцож гаргах нь чухал ач холбогдолтой байх ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Мөн хохирогч Т.Ө-ээс мэдүүлэхдээ “...С-ын төрсөн эхийн нэр дээр байсан, ББСБ-ын 100.000.000 төгрөгийн барьцаанд байсан Баянзүрх дүүргийн 25 хороо, А хотхоны 3 өрөө 92 м.кв орон сууцыг 100.000.000 төгрөгийг ББСБ-д төлж чөлөөлж, өөрийн нэр дээр болгож 120.000.000 төгрөгт тооцож аваад одоог хүртэл байж байна. ...” гэж мэдүүлсэн байх ба уг хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн эсэх, хохиролд хэрхэн тооцох эсэх нь тодорхойгүй байна. Мөн Ш.Б гэх зэрэг бусдын өмчлөл эзэмшилд байгаа хөрөнгийг өр төлбөртөө шилжүүлж авсан гэх бөгөөд энэ талаар үнэлгээ, өмчлөгч нарын зөвшөөрөл итгэмжлэл, эрх шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, шалгаагүй байна. Түүнчлэн хэрэгт иргэн Э.С-аас иргэн Т.Ө-тэй байгуулсан гэх гэрээ /4 хх 205-206/, иргэн Т.Ө-ийн хувийн данснаас иргэн Э.С-ын нэр дээрх данс руу мөнгө шилжүүлсэн гэх баримтууд авагдсан /4 хх 184-183/ ба яллагдагч Э.С-ын бусдаас шилжүүлж авсан хөрөнгийг өөрийн хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүдэд зарцуулсан эсэхийг нягт нямбай, хуулийн шаардлагад нийцүүлж, шаардлага хангасан хэмжээнд шалгах нь зүйтэй. Тодруулбал: Улсын бүртгэлийн газраас “Х” ХХК, “О” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК-иудын лавлагаа хэрэгт авагдсан байх ба эдгээр хуулийн этгээдүүдэд Э.С хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна. Мөн Г.Н нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Түүнчлэн 4 дэх хавтаст хэргийн 208 дахь талд Э.С нь Т.Ө-д өгөх 100.000.000 төгрөгийн өрийг төлөх төлбөрт “Магкеt By 12” супер маркетыг тоног төхөөрөмж, үлдэгдэл бараа материалын хамт 100 хувь шилжүүлж өгч байгаа гэсэн баримт, уг баримтад “Х” ХХК гэсэн тамга дарагдсан, Г.Н гээд гараар бичсэн “миний оруулсан хөрөнгө оруулалтыг бүгдийг С-д шилжүүлж өглөө” гэсэн /хх 212/ баримт байх бөгөөд тухайн асуудалд бие даасан хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх ба хувьцаа эзэмшигч Г.Н нь Компанийн тухай хуульд заасны дагуу өөрийн хувьцааны эрхийг бусад хувьцаа эзэмшигч, гуравдагч этгээдэд худалдсан, шилжүүлсэн нотлох баримт хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, дээрх компанийн хөрөнгийг хохирогч Т.Ө-д хувьцаа эзэмшигч Э.С өөрийн бусдад төлөх өр төлбөрт шилжүүлэх эрхтэй эсэх, мөн 4 дэх хавтаст хэргийн 215, 246 дугаар талд “Өр төлбөрийн барьцаа хөрөнгө”-ийн жагсаалт гэсэн баримт авагдаж, жагсаалт бэлтгэсэн Э.С, эд хөрөнгийг зээлийн барьцаанд авсан Т.Ө гэсэн байх бөгөөд “Т” ХХК-ийн тамга дарагдсан, гэтэл “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаагаар Э.С, Б.А, А.Д гэсэн гурван хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх удирдлага О.Ч гэж бүртгэгдсэн ба хувьцаа эзэмшигч нь өөрийн өр төлбөрт компанийн хөрөнгөөр баталгаа гаргаж, шилжүүлж, барьцаанд өгч буй асуудал нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэм, журамд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгч, улмаар яллагдагч Э.С-ын холбогдсон эрүүгийн хэрэгт түүний хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхол зэрэг асуудлууд хөндөгдөх бөгөөд уг асуудлыг бусад салбар эрх зүйн хууль тогтоомжид заасны дагуу нягтлан шалгах, бусад хувьцаа эзэмшигч, удирдлага болон эрх бүхий албан тушаалтнаас тодруулах, шалгах ажиллагааг явуулж, ямар компанийн хэдий хэмжээний хөрөнгө нь яллагдагч Э.С-ын хэргийн хохирогч нарт шилжүүлэгдсэн, барьцаалагдсан, төлбөрт тооцогдсон эсэхийг нарийвчлан шалгаж, дээрх ажиллагааг хуульд нийцүүлэх нь зүйтэй байна.

2. Гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтран оролцсон этгээд болон эд хөрөнгийн хохирлыг хамтран хариуцвал зохих этгээдийг шалгаж тогтоох талаар.

2.1. Гэрч Г.Н-ээс “...Э.С “Тоёота Приус” машиныг 2 сарын эхээр унаж явсан, тухайн машиныг “зарна, надад түр мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд бид хорооллын И март дээр очиж Д гэх хүнд 20.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг миний ...... тоот дансанд шилжүүлсэн. Тухайн мөнгийг С гэх данс руу шилжүүлсэн. 1.500.000 төгрөгийг С өөрийнхөө данс руу шилжүүлсэн, үлдэх мөнгийг нэр шилжүүлбэл 5,0 сая төгрөг шилжүүлнэ гэж тохиролцсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 174-175/, мөн түүний дахин өгсөн “...Миний данснаас Х банкны Х гэх хүний ....... данс руу 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр С гүйлгээ утгатай 5,0 сая төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ц гэх хүний ...... тоот данс руу С утгатай 11,0 сая төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 14-нд Ц гэх хүний ..... тоот данс руу С утгатай 9,0 сая төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 14-нд М гэх хүний ..... данс руу 7.290.000 төгрөг шилжүүлж, 2,0 сая төгрөгийг бэлнээр авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 155-156/, гэрч Б.Д-ээс ”...Миний танил Н гэх хүн Приус 50 маркийн машин байна, энэ машиныг барьцаанд тавьчихмаар байна, эсхүл зармаар байна гэсэн, би машин авдаг С-д хэлсэн, ...маргааш нэрээ шилжүүлээд өгье гээд 20,0 сая төгрөг аваад машинаа үлдээгээд маргааш нь ирж аваагүй. 14-15 хоногийн дараа С залгаад “маргааш нөгөөдөр нэрийг нь шилжүүлье эсхүл мөнгийг нь өгөөд машинаа авъя” гэсэн. 20 хоногийн дараа “наад машин чинь миний машин, манай дүү унаад явъя гээд чамд барьцаанд тавьсан байна” гэж хэлсэн. Тухайн машин найз С-д байгаа. 32,0 сая төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 182-183/, хохирогч О.Б-ээс “...Интернэтээр Н гэх эмэгтэйтэй танилцаж байсан. ...Н нэг өдөр тамхи дарж ашиг хийе, 20 хувийн ашиг хийдэг гэж хэлсэн. Э.С-тай уулзахаар болсон. Э.С-тай “С тауэр”-ын Х ресторанд уулзсан. Тамхины бизнес хийдэг, өөр бизнес хийдэг, тамхи бол 20 хувийн ашиг өгдөг, тамхиа А компаниас авдаг, тэндээс ченж нарт өгдөг гэж итгүүлсэн. ... Тэгээд 248.000.000 болон 248.500.000 төгрөгийн багц авбал 20 хувийн ашиг хийнэ гэж ярьсан. 248.500.000 төгрөгийг гурав хуваагаад Э.С-ын дансанд хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 243-248/, ялагдагч Э.С-аас “...Ө.Г-ээс хэд хэдэн удаа хамт мөнгөө өсгөж байсан, надад бол гаальтай машин авч байгаа энийг зараад мөнгийг тамхи дээр эргэлдүүлье гэсэн. Г машинаа зарж чадахгүй байна гэхээр нь Н-д хэлээд цааш зарсан, мөнгийг Н-ээр дамжуулж авсан, Н-ээр дамжуулж А-тай танилцсан. ...” /7 хх 123-126/ гэх мэдүүлэг тус тус өгчээ. Иймд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд яллагдагч Э.С-ын холбогдсон гэмт хэрэгт Г.Н, Э.С болон бусад этгээд хамтран оролцсон эсэх, үйлдэл, оролцоог шалган тогтоох нь зүйтэй. Мөн яллагдагч Э.С-ын дансны гүйлгээг шалгаж, мөнгө шилжүүлэн авсан хүмүүс түүнтэй ямар хамаарал бүхий болох, тухайн эрүүгийн хэрэгт эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд эсэхийг нэг мөр шалгах шаардлагатай бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд нотлон тогтоовол зохих ажиллагааг явуулаагүй байна. Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн огноотой Худалдах, худалдан авах гэрээнд /З хх 149-152/ худалдагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А, худалдан авагч “А” ХХК-ийн захирал Т.Ө гэж бичигдэж гарын үсэг зурагдсан байх ба гэрээнд худалдагч “Т” ХХК архи пиво, ус ундаа, тамхи нийлүүлнэ гэсэн гэрээнд гарын үсэг зурсан Б.А нь Э.С-ын холбогдсон залилах гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, үйлдэл оролцоог шалгах шаардлагатай.

2.2. А.М иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ “....... тоот Б гэх данс руу 2.000.000 төгрөг ...явуулсан. ...” гэж мэдүүлсэн /3 хх 22-25/, гэрч Э.Б-ээс 2021 оны 10 дугаар сарын 21-нд С “хоёулаа 22-н товчооноос 2 машин авч ирэх хэрэгтэй байна, мөнгийг нь дараа өгөхөөр эзэнтэй нь тохирсон” гэж хэлсэн. Бид хоёр ...очиж “Тоёота Харриер”, “Тоёота Сай” машиныг нэг нэгээр нь унаж ирээд ... “Уран Ган” дээр тавиад би явсан. ... Удалгүй араас залгаад данс руу чинь мөнгө хийсэн шүү гээд 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэр өдрөө залгаад Э.С гэх данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэж мэдүүлсэн /3 хх 41-42/ байх тул түүнийг хохирогч А.М-д учирсан хохирлоос хариуцвал зохих этгээд эсэхийг шалгах.

2.3. 10 дахь хавтаст хэргийн 141 дэх талд авагдсан хохирлын тооцооны 5 дугаарт хохирогч О.Б-ийн хохирлын төлбөрийг хариуцвал зохих этгээдэд Э.С, Н гэж тэмдэглэгдсэн байх ба тус хэрэгт Г.Н нь өр төлбөрийг хариуцах субъектээр тогтоогдоогүй, мөн хохирлын тооцооны 15 дугаарт Б.Г, Т.Ө нарт төлөгдөх төлбөр 1.976.792.253 төгрөг гэж гарсан тооцоог хэрхэн гаргасан нь ойлгомжгүйн гадна тэдний хэнд нь хэдэн төгрөг төлөх эсэх нь тус бүрдээ тодорхойгүй байна.

2.4. Гэрчээр Б.А мэдүүлэхдээ “... “Т” компанийн гүйцэтгэх захирлаар 10 сар хүртэл ажилласан, 4 хувьцаа эзэмшигчтэй байж байгаад гурвуулаа болсон. Компанийн хөрөнгө гэх мөнгө байхгүй. Э.С мөнгө олж тухайн мөнгөөрөө бараа татаж байсан. “Тамхины багцад хөрөнгө оруулж байна, авсан мөнгөө тамхи руу оруулж байна” гэж хэлдэг байсан. Бид хоёрын нэр дээр өөр хамтарсан компани байхгүй. “Х” гэх ресторан, миний нэр дээрх “П” компанийн нэр дээр байдаг, Э.С, Д бид гурав анх нээж байсан. Ресторанд Э.С 108,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан. 108,0 сая төгрөгийг тамхины мөнгөнөөс гаргаж байгаа гэж хэлж байсан. ...” /1 хх 92-93/ гэж мэдүүлсэн, түүнчлэн “А” ХХК-ийн дансны хуулгаар “Т” ХХК-ийн ....... дугаарын данс руу бөөний бараа гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн баримт байх ба тухайн шилжүүлсэн хөрөнгө нь санхүүгийн үйл ажиллагааг нь дэмжиж буюу “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд, бөөний худалдааны төв гэх дэлгүүр, ресторан, оёдлын үйлдвэр гэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэх аж ахуйн нэгжид зарцуулагдсан эсэх, эдгээр компанийн санхүүгийн тайлан, анхан шатны баримтаар шалгаж, шаардлагатай бол тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах, мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн хэрэгт хуулийн этгээд, түүний удирдлага яллагдагч, иргэний хариуцагчаар татагдах, оролцох эсэхийг нэг мөр зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна.

3. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй талаар:

3.1 Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 406 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсгийн 2.14-т яллагдагч Э.С-ыг “... Иргэн Б.Г, Т.Ө нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд “тамхины бизнест хамтран ажиллавал ашиг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2.648.152.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, .. дугаар хороолол, А хотхоны ... дүгээр байрны .. тоотод оршин оршин сууж байхдаа бэлнээр болон дансаар шилжүүлэн авч иргэн Б.Г, Т.Ө нарт их хэмжээний хохирол учруулж залилсан. ...” гэж яллажээ. 4 дэх хавтаст хэргийн 102-103-т иргэн Б.Г-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр, 109 дэх хуудаст “А” ХХК-ийг хохирогчоор тогтоосон, 110 дахь талд хууль ёсны төлөөлөгчөөр Т.Ө-ийг тогтоосон, 10 дахь хавтаст хэргийн 186 дахь талд “А” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолуудтай байх бөгөөд яллах дүгнэлтэд иргэн Т.Ө-д хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн байдалтай нийцээгүй, тухайн хэргийн хохирогч нь иргэн, хуулийн этгээд аль нь болох нь тодорхой бус байдлыг зөвтгөх шаардлагатай.

3.2. Яллах дүгнэлтийн 2.1-2.3, 2.5, 2.9-т тусгасан хохирогч Ө.Э, Б.Г, Б.Ц, О.Б, Ч.А, Т.М, Т.Х нараас хөрөнгө залилсан гэх гэмт хэрэг хаана гарсан талаар тусгаагүй, яллах дүгнэлтэд бичсэн орон зай, газар нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй тусгагдсан зөрчилтэй. Мөн 2.4-т “хохирогч Ш.Б-ийн машиныг 2 хоног хэрэглээд өгье” гэж машиныг хуурч авч залилсан гэх хэрэг хаана үйлдэгдсэн эсэх талаар тусгаагүй, машиныг борлуулсан гэх газраар бичсэн, түүнчлэн яллах дүгнэлтэд олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн үйлдлийг тухайн цаг хугацаагаар нь нарийвчлан тусгаагүй, тоймлон бичсэн зөрчлүүдтэй байна.

4. Яллагдагч Э.С-ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилж ирүүлсэн бөгөөд түүний хохирогч нараас шилжүүлэн авсан хөрөнгийг юунд хэрхэн зарцуулсан эсэхийг шалгах ажиллагааг хангалттай явуулаагүй байх тул зарцуулалтыг шалгах нь зүйтэй.

5. Яллагдагч Э.С-ыг хохирогч Ш.Б-г залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн ба яллагдагч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд “...Б-ээс “Тоёота приус 50” загварын автомашиныг авч яваад бусдад барьцаанд тавиад барьцаанаас чөлөөлж авах гэсэн боловч машиныг авчаад хаана байгааг нь мэдэгдэхгүй байсан болохоор Б-д хандаж “та намайг цагдаад өгчих, тэгээд автомашинаа олж авъя” гэж хэлээд Б-ээс надад холбогдуулан цагдаад хандсан, түүнээс биш би залилан мэхэлж авч зугтаасан зүйл байхгүй. Б нь миний төрсөн эгч С-ийн нөхөр юм. ...” гэж мэдүүлсэн /10 хх 172/ байх бөгөөд хохирогч Ш.Б нь цагдаагийн байгууллагад хуурамч гомдол, мэдээлэл гаргасан эсэх, бодит байдлаар залилуулсан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах нь зүйтэй.

6. Хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээхэд хамааралтайгаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд хөрөнгө хамгаалах арга хэмжээг авах хуулийн зохицуулалттай бөгөөд яллагдагч Э.С-ын иргэний хувьд болон хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид оногдох хөрөнгийн тухайд түүний эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг тогтоох болон үнэлгээ хийх, холбогдох бусад арга хэмжээг авах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгаж тогтоох ажиллагааг хийвэл зохино. Дээр дурдсан асуудлаас гадна яллагдагч Э.С-ын зарим хохирогчоос шилжүүлж авсан хөрөнгийн асуудалд шаардлагатай бол тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилуулах боломжтойг анхаарах нь зүйтэй.

7. Хөрөнгө завших гэмт хэргийн талаар:

7.1 Яллагдагч Э.С-ыг “Н” ХХК-д ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан бараа материал болон борлуулалтын мөнгийг хувьдаа завшиж “Н” ХХК-д нийт 119.977.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завшсан гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “...Э.С нь 2019 оны 1 дүгээр сарын 31-нээс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний хооронд хүлээж авсан барааны орлого 54.000.000 төгрөгийг тушаалгүйгээр мөнгийг завшсан. Мөн манай ажилтан А-аас компанийн өмч болох 73.977.500 төгрөгийн барааг өөр лүүгээ шилжүүлэн авч тооцоо хийгээгүй, тэрийгээ хүлээн зөвшөөрөөд сар бүр төлөлт хийгээд явж байсан. 8.000.000 төгрөгийг төлсөн. Одоо 65.977.500 төгрөгийн тооцоо хийгдээгүй. Үүн дээр нэмээд 54.000.000 төгрөгийг тооцоолохоор 119.977.500 төгрөгийг хувьдаа завшсан байна. ...” гэж мэдүүлсэн /8 хх 130-134/, гэрч Н.А-аас “...би итгээд бараанаасаа бага бага хэмжээгээр өгөөд нийтдээ 100.000.000 төгрөгийн бараа болсон санагдаж байна. Тэрнээс төлж өгч явж байгаад 75-76 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэй үлдчихээд ажлаасаа гараад дахин төлөлт хийхгүйгээр алга болчихсон. ...” гэж /8 хх 136-137/, яллагдагч Э.С-аас “... “Н”-ийн 119.977.500 төгрөгийг завшсан гэх үйлдэлд тооцоог эргэж харах шаардлагатай байна, үнийн дүн зөрүүтэй байна. ...” гэж /10 хх 172/ тус тус мэдүүлжээ. Тус хэрэгт нэг талаас яллагдагч Э.С нь ажил олгогчоос хүлээн авсан барааны борлуулсан барааны үнийг тушаагаагүй асуудал, нөгөө талаас борлуулагчаар ажиллаж байсан Н.А-ын хүлээн авсан бараанаас Э.С өөртөө шилжүүлж авсан өөр өөр асуудлууд байх ба тухайн хэрэгт хамааралтай гэх санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгсөн байх боловч /8 хх 145-153/ санхүүгийн баримтыг Э.С, Н.А нарын хэнд нь хамааралтай баримт болох талаар гаргасан нь тодорхой бус, гар бичмэлээр, балаар дээр нь нэр бичсэн эргэлзээтэй баримтууд байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй баримтыг хэрэгт ирүүлснийг хавсаргажээ. Мөн ажил олгогчоос Э.С-ыг томилсон тушаал, шийдвэр, гэрээ, бусад баримтыг хуулбараар гаргасан нь ч дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Нөгөө талаас яллагдагч Э.С, гэрч Н.А нарын хоорондоо шилжүүлсэн гэх барааны нэр, төрөл тооцоо, мөн үүнээс яллагдагч Э.С-аас Н.А-д хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн талаарх баримт авагдаагүй байх бөгөөд тухайн асуудалд тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай нөхцөл байдал байна. Ингэхдээ шаардлага хангасан санхүүгийн анхан шатны баримтаар хуульд нийцүүлэх нь зүйтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хохирлын хэмжээ, хэргийн бодит байдлыг зөв тогтоох нь зүйтэй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан субъектэд олгогдсон итгэмжлэлийн хугацаа дууссан нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

7.2. Яллагдагч Э.С-ыг хохирогч Б.А-аас түүнд итгэмжлэн хариуцуулан хэрэглүүлж байсан “Форд мустанг” маркийн .... улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшлийн хэмээн Т.Ө-д итгүүлж түүнд өгөх ёстой төлбөрийн барьцаанд 2021 оны 10 дугаар сард шилжүүлэх байдлаар өөртөө ашигтай хэлбэрээр завшиж Э.А-д 174.359.747 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх боловч:

Хохирогч Б.А-аас “... 2020 оны 10 дугаар сарын 7-нд Х банкны лизингээр 175.000.000 төгрөгөөр “Форд мустанг” машиныг худалдаж авч, 157.500.000 төгрөгийн зээл авсан. Би зээлийг төлдөг. Миний машиныг Э.С унадаг байсан. Бид хамтарч компани байгуулсан учраас би итгээд машинаа унуулдаг байсан. Ө гэх хүн Э.С-ыг хайж эхэлсэн ба өөртөө их хэмжээний өртэй гэж хэлсэн. Э.С-аас асуухад “оёдлын үйлдвэрийн байр худалдаж авах гээд таньдаг ахаасаа мөнгө зээлж байгаа юм, тэр мөнгө нь ЖДҮ-с гарч байгаа болохоор заавал компанийн дансаар дамжих ёстой” гэж хэлсэн. Компанийн дансанд мөнгө хийсэн хүн болж таарсан. Уг мөнгийг Э.С өөрөө компанийн данснаас өөрөө очиж авсан гэж хэлсэн. ... Э.С-аас машинаа асуухаар танилын хашаандаа тавьсан гэдэг. Дахин асуухад Ө-д барьцаанд өгчихсөн гэж хэлсэн. Ө-ээс машинаа авъя гэхээр Э.С барьцаанд тавьж мөнгө авсан, мөнгөө өгч байж ав гэдэг. ...” гэх мэдүүлэг /3 хх 123-129/, гэрч Т.Ө-ийн “...2021 оны 9 дүгээр сард С-ын утас холбогдохгүй, хайж яваад 2021 оны 10 сард А, Д хоёртой холбогдож олсон. ... Та энэ “Форд мустанг” машиныг түр барьцаанд авчих, энэ миний өмчлөлийн машин, гэхдээ А-ын нэр дээр байдаг, таны мөнгө бид хоёрын компанид орчихсон юм чинь энэ машиныг тавьчихъя гэж хэлсэн. Би ийм машин авахгүй, энэ чинь А-ын нэр дээр байна гэхэд таны хийсэн мөнгө А-ын компанид орсон гэсэн, одоо болохоор А гэх залуу С-д машинаа алдчихсан болж жүжиглээд, тэр машиныг нь намайг залилаад авчихсан мэт төөрөгдөл үүсгэн цагдаагийн байгууллагад хандсан. 493.500.000 төгрөгийг компанид шилжүүлсэн. Уг машиныг 2 сард 157.000.000 төгрөгөөр зарсан. Машины гэрчилгээ Х банкны нэр дээр байгаа. Зээлээ А төлөөд явж байгаа. ...” гэх мэдүүлэг /3 хх 132-134/, яллагдагч Э.С-аас “... А-ын “Форд мустанг” автомашиныг завшсан гэх үйлдлийг зөвшөөрөхгүй, автомашиныг 2020 онд худалдан авахдаа А-ын нэр дээр Х банкны зээлээр “M” компаниас худалдан авч сар бүр төлөх төлбөрийг би А-ын дансанд хийж А зээлийг төлдөг байсан, тухайн автомашиныг худалдан авахад шаардагдах урьдчилгаа 15-20 сая орчим төгрөгийг би өөрөө гаргаж өгсөн. Ингээд Ө-д өөрийн хүсэлтээр барьцаалж өгсөн боловч Өлзийбаяр машиныг буцаан өгөхгүй задалж зарсан гэж надад хэлсэн тул А-тай ярилцаж байгаад автомашиныг олж авахаар Амартүвшинээр намайг автомашин завшсан гээд цагдаагийн байгууллагад өргөдөл өг гэж хэлсний дагуу шалгуулсан учир А-ын эд хөрөнгийг завшсан гэж үзэхгүй. ...” /10 хх 171-173/ гэж тус тус мэдүүлжээ. Мөн хэрэгт Х банк, Б.А нарын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ /3 хх 108-109/ авагджээ. Иймд “Форд мустанг” маркийн .... улсын дугаартай автомашин нь хэний хөрөнгө эсэх, уг хөрөнгийг авахад урьдчилгаа хэн төлсөн, зээлийг сар бүр хэн төлдөг, ямар хөрөнгийн эх үүсвэрээр зээл хэн төлж байсан, байгаа эсэхийг нэг бүрчлэн нотлох баримтаар шалгах, тогтоох ажиллагааг явуулж хөрөнгийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгчийг тогтоосны эцэст гэмт хэргийн сэдэлт, зорилго, бусад шинж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй. Нөгөө талаас иргэн Б.А нь өөр санаа, зорилгыг агуулж цагдаагийн байгууллагад хуурамч гомдол мэдээлэл гаргаж, хохирогчоор тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийж зохих ажиллагааг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.”, 7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.”, 8 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно.”, 10 дахь хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж, 11 дэх хэсэгт “Энэ зүйлд заасныг зөрчиж, хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломж, нөхцөлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно.” гэж хуульчилсан бөгөөд энэхүү хууль заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, хэргийн оролцогч нарт мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцуулах арга хэмжээг аваагүй байх бөгөөд зөрчлийг арилгаж, оролцогчийн гомдол, хүсэлт гаргах хуулиар олгогдсон бусад эрхийг хангаж ажиллахад анхаарах нь зүйтэй. ...

Өмгөөлөгч нарын хүсэлтүүдэд дурдсан бусад асуудлуудыг анхаарч, шалгавал зохих ажиллагааг явуулбал зохино.

Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, прокуророос хэргийг ирүүлэхдээ хавсаргасан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

     Хохирогч А.Т-ийн өмгөөлөгч Д.Алтантуяа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өмгөөлөгч Д.Алтантуяа миний бие Н.Б, Х.Х нарын өмгөөлөгчөөр оролцож буй эрүүгийн хурал 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр давхацсан тул Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт бичгээр гаргасан болно. Хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бичгээр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан байхад энэ хуулийг зөрчиж, бичгээр хүсэлт гаргасан хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулалгүй урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн гэж гомдож байна. Мөн тус захирамжид хор уршгийн хохирол тогтоох талаар гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-д хохирол, хор уршгийн хэмжээг шүүгдэгчээс ямар хэмжээгээр гаргуулах нь шүүгчийн үүрэг байна. Түүнчлэн яллагдагч Э.С нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байхад хэргийг прокурорт буцааж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм байдлаар хууль зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг хийж, яллагдагч Э.С-д хугацаа хожих боломж олгож, хохирогч нарыг чирэгдүүлж удаашруулсан шийдвэр гаргасан тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Т.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.С-ыг гэмт хэргийг яаж үйлдсэн, цаад утга санааг олж тогтоохын тулд хэрэгт заавал нэмэлт мөрдөн байцаалт явуулах ёстой. Энэ хэргийн улмаас хамгийн их хохирол амссан хүн нь би. Энэ хэргийг Э.С нь 2017 оноос гэр бүл, найз нөхдөөрөө хийж эхэлсэн. ... Анхан шатны шүүхийн захирамждаа дутуу дүгнэсэн гэж бодож байна. Үүнд: Э.С нь 600 сая төгрөгийг Б-д, 200 саяыг төгрөгийг Т-д, О-д 104 сая төгрөгийг, Д, Г-д 2.157.000.000 төгрөгийг шилжүүлсэн байхад тэр хүмүүс огт оролцоогүй. Хүсэлт гаргаад байхад шийдвэрлээгүйгээр дутуу хэргийг шүүхэд шилжүүлсэн. Э.С-ын гэр бүлтэй уулзахад зарим нь хохирлоо төлсөн. Найз нөхөд, гэр бүлтэйгээ нийлээд мөнгө хувааж идээд хохирогч нарын мөнгийг ашиглаад явж байна. Түүний эгч С энэ хэрэгт хамтран оролцогчоор шалгагдах ёстой байтал шалгагдаагүй. Н мөн энэ хэрэгт хамаатай. Иймд олон хүний хохирлыг барагдуулж, яллагдагчид хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү. Яллагдагч нь бидэнтэй холбоо барихгүй байх шийдвэртэй гээд уулздаггүй, хохирол төлбөрийг төлж барагдуулдаггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Б.Г, Т.Ө нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад орхигдуулсан гэмт хэрэг гарсан байдал буюу бусдаас залилсан хөрөнгө орлогыг завшиж, өөрийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн эсэх, хамтран оролцогч этгээдийн үйлдэл оролцоо, нөхцөл байдлыг бодитойгоор шалгаж шийдвэрлэх ёстой. ...” гэв.

Хохирогч “Н” ХХК-ийн өмгөөлөгч С.Ганзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Харин захирамжийн 10 дахь талд бичигдсэнээр эдийн засгийн шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байх тул өөрчлөлт оруулж өгнө үү.  ...” гэв.

Яллагдагч Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт дутуу ажиллагаа их байгаа тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтэй байна. Хохирогч Т.Ө-ийн авч явсан эд хөрөнгүүдийн үнэлгээг үнэн зөв тогтоож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.С-ын өмгөөлөгч Ш.Төгсгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Уг хэргийн бүрдэл хангагдаагүй. Хэрэг дотор хэрэг мөн эсэх нь эргэлзээтэй зүйлс бий. Т.Ө нь 3 хохирогчийг төлөөлдөг. Хэрэв эрүүгийн хэрэг бол хүү тооцох ёсгүй. Хохирогч С нь 2 сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн бөгөөд 7 хоногт 10 хувийн, сард 40 хувийн ашиг авч байсан. Хохирогч мөн үү, мөнгө арвижуулаад байна уу гэдгийг шалгах шаардлагатай. Энэ мэтчилэн хохирлын тооцоо бодитой гарч чадаагүй. ... Хэзээ, ямар дансаар авсан болохыг тогтоож буцаан гаргуулах нь зүйтэй. Т.Х, түүний эхнэр Ч.О нар 800.000.000 төгрөг буцаан авсан. Гэтэл Ч.О-г хохирогч биш гэж үзсэн. ... Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв

 Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно” гэж заасан. Урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч А.Т-ийн өмгөөлөгч Д.Алтантуяа нь шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлт ирүүлсэн байсныг шүүх хангаагүй. Хуульд “...оролцуулж болно” гэж заасан нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Харин хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжтай холбогдуулан тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүхээс яллагдагч Э.С холбогдох хэргийг “гэмт хэрэг гарсан байдал, хохирол, хор уршиг, гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтран оролцсон этгээд болон эд хөрөнгийн хохирлыг хамтран хариуцвал зохих этгээдийг шалгаж тогтоох, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, хохирогч нараас шилжүүлэн авсан хөрөнгийг юунд хэрхэн зарцуулсан эсэхийг шалгах ажиллагааг хангалттай явуулаагүй байх тул зарцуулалтыг шалгах, хохирогч Ш.Б нь цагдаагийн байгууллагад хуурамч гомдол, мэдээлэл гаргасан эсэх, бодит байдлаар залилуулсан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах, яллагдагч Э.С-ын иргэний хувьд болон хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид оногдох хөрөнгийн тухайд түүний эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг тогтоох болон үнэлгээ хийх, холбогдох бусад арга хэмжээг авах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгаж тогтоох, завших гэмт хэргийн хувьд тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах, Б.А нь өөр санаа, зорилгыг агуулж цагдаагийн байгууллагад хуурамч гомдол мэдээлэл гаргаж, хохирогчоор тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийж зохих ажиллагааг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий гарчээ.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.С-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2 дахь заалт “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 дахь заалт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 дахь заалт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” гэж тус тус асуудлуудын хүрээнд нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх болсонтой холбоотойгоор хохирогч, түүний өмгөөлөгч, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдвэл зохих ажиллагаануудыг хийлгэх хүсэлтээ тухай бүр гаргаж, нэг мөр шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч А.Т-ийн өмгөөлөгч Д.Алтантуяагаас “анхан шатны шүүх өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байтал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өмгөөлөгч Д.Алтантуяа нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ шүүхэд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1422 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1423 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч А.Т-ийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1423 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч А.Т-ийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                   Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР