| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00498/И |
| Дугаар | 155/ШШ2024/00615 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/00615
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/00615 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00498/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Д нь шүүхэд Х аймгийн А сумын М нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл туслах малчнаар, Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Монозат бүрэн бус хязгаарлагдмал компанид 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн А сумын М нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл туслах малчнаар, Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал цахилгаан гагнуурчнаар, Х аймгийн Монозат бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, гагнуурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би 1972 онд Х аймгийн А сумын сургуульд орж байсан. 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монголын хувьсгалт залуучуудын илгээлтээр Х аймгийн А сумын М нэгдлийн 3 дугаар бригадад илгээлтээр мал маллахаар гарч байсан. Өөрийн аав С ийн туслах малчнаар ажиллаж байсан. 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдсан. 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дарханы 017 дугаар ангид цэргийн алба хаагаад 1985 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварын газар гагнуурчнаар ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэр хувьчлалд шилжээд Монозат компани болсон. Энэ үед ажиллаж байсан цалин хөлсний түүвэр, ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд олдохгүй байгаа учраас ажилласан жил үнэн зөв тооцогдохгүйд хүрээд байна...гэв.
Хүсэлт гаргагч С.Д нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шаамар II ТМС-ээс 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.Д ид олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 1*** дугаар хөдөлмөрийн дэвтэр, Х аймаг хот (район)-ын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С.Д ид олгосон 507043 дугаар Цэргийн батлах зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр албан бичиг, түүний хавсралт, Х аймгийн А сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/101 дүгээр албан бичиг, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн түүвэр, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичиг, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/367 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 01 сарын 24-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Үйлдвэрлэл үйлчилгээний МоНоЗаТ ББХ компанийн Ерөнхий захирлын 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр Ажилтанг ажилд томилох тухай тушаал, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар Нөхөн тушаал гаргах тухай тушаал, түүний хавсралт, 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар Ажилтанг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.О , Ц.Э нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Монозат ББХК хэзээ байгуулагдаж, хэзээ татан буугдсан талаарх лавлагаа, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Би 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монголын хувьсгалт залуучуудын илгээлтээр Х аймгийн А сумын М нэгдлийн 3 дугаар бригадад илгээлтээр мал маллахаар гарч, аав С ийн туслах малчнаар ажиллаж байсан. 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдсан. 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Дарханы 017 дугаар ангид цэргийн алба хаагаад 1985 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварын газар гагнуурчнаар ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэр хувьчлалд шилжээд Монозат компани болсон. Энэ үед ажиллаж байсан цалин хөлсний түүвэр, ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд олдохгүй байгаа учраас ажилласан жил үнэн зөв тооцогдохгүйд хүрээд байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шаамар II ТМС-ээс 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.Д ид олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 1*** дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 01 сарын 24-ний өдөр гэсэн дардас дарагдсан Үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн: 8-р сард амрах ажилчид албан хаагчдын нэрсийн жагсаалт... 17.С.Д , цахилгаанчин... гэсэн бичвэр бүхий тушаалын хавсралт,
Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар: 1. 8-р сард амрах хүмүүсийн нэрсийг I-р хавсралтаар баталсугай...
Хавсралт:...33.С.Д , засварчин... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний Монозат ББХК компанийн ерөнхий захирлын 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр: 1.Торгон савхины жижиг үйлдвэр шинээр ашиглалтанд орж байгаа тул...ажилчнаар... С.Д ... нарыг 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай ... гэсэн бичвэр бүхий Ажилтанг ажилд томилох тухай,
1993 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар: 1.Тус үйлдвэрт С.Д нь 1987-07-25-ны өдрөөс эхлэн цахилгаан гагнуурчнаар ажилласныг сэргээн тогтоосугай... гэсэн бичвэр бүхий Нөхөн тушаал гаргах тухай,
1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар: ...2.Өөрийнх нь хүсэлтээр С.Д ийг уурын зуухны слесарь гагнуурчнаар 1 дүгээр сарын 17-ноос,...тус тус томилон ажиллуулсугай. гэсэн бичвэр бүхий Ажилтанг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалууд,
1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 91 дүгээр: 1.МоНоЗаТ компани нь 1994 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн таван аж ахуйн нэгж болон зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон тул...хавсралтад дурдсан хүмүүсийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй...
Хавсралт:...15.С.Д , гагнуурчин... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн А сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/101 дүгээр албан бичгээр ирүүлсэн: А сумын М нэгдлийн 3-р бригадад ажиллаж байсан С овогтой Д ийн ажилласан жил, цалин хөлсний тодорхойлолт. Үүнд: 1980 он 7 сар 195,03, 8 сар 561, 9 сар 634.04, 10 сар 169, 11 сар 341.75, 12 сар 301.60, 1981 он 01 сар 94.11, 02 сар 392.83, 3 сар 597.43, 4 сар 1,014.94, 7 сар 174.15 гэсэн түүвэр бүхий Х аймгийн А сумын Засаг дарга гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч ХӨНД0444 гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,
Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/554 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...С Д , ажилладаг байгууллага: Нэгдэл дундын үйлдвэр, ажилд орсон он: 1987, эрхэлдэг ажил: гагнуурчин, оршдог сум, район: М ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
...С Д ,...10.Хаана ямар ажилтай: Х аймаг А сумын 3-р бригадад хоньчин... гэсэн мэдээлэл бүхий ХАЯГИЙН ХУУДАС №7 маягт,
Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 09-ний өдөр гэсэн дардас дарагдсан: Овог нэр: С Д ,...Хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан: 1980 оноос А суманд малчин, ... гэсэн мэдээлэл бүхий Х аймгаас 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет,
Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Бүртгэлийн дугаар 310, Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Монозат ББХК гэх байгууллагуудын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
Х аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр: С овогтой Д /РЭ64052672/ нь 1972-1980 оныг хүртэл хугацаанд А сумын ерөнхий боловсролын сургуульд З.Д багштай 8а ангид суралцан, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн болохыг тодорхойлов. гэсэн бичвэр бүхий албан бичиг,
Гэрч Д.О ийн: ...С.Д нь 1980 онд илгээлтээр малчин болж гараад 1982 онд цэрэгт явсан. Тэр хүртэл Х аймгийн А сумын М нэгдэлд малчнаар ажилладаг байсан... гэх,
Гэрч Ц.Э ийн: ...С.Д нь Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт гагнуурчин хийдэг байсан, намайг ажилд ороход ажиллаж байсан. 1988 оноос өмнө ажилд орсон, үйлдвэр тартал ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан, нэхэмжлэлийн шаардлагатай тохирч байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн Х аймгийн А сумын М нэгдэл, Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт, Х аймгийн Монозат бүрэн бус хариуцлагатай компанид ажиллаж байсан байдлыг давхар нотолж, түүний дээрх байгууллагуудад ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд шүүх хүсэлт гаргагч С.Д ийн Х аймгийн А сумын М нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл туслах малчнаар, Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал цахилгаан гагнуурчнаар, Х аймгийн Монозат бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/367 дугаар: Тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны тушаал шүүж үзэхэд С.Д ийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Нэгдэл дундын үйлдвэр Монозат ББХК болсон тухай дээд газрын шийдвэр манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/573 дугаар: ...650366 регистрийн дугаартай Монозат ББХК нь 1993 оны 12 сарын 01-ний өдөр М сум 3-р баг гэсэн хаягтай үүсэн байгуулагдсан байна. Монозат ББХК хэзээ татан буугдсан хасагдсан нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.
Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэр гэх нэртэй хуулийн этгээдийн цаасан материал өнөөдрийн байдлаар байршаагүй байх тул хэзээ үүсгэн байгуулагдсан болон хэзээ татан буугдсан талаарх лавлагаа гарах боломжгүй болно. гэх албан бичгүүд,
Хугацаат цэргийн алба хаасан болох нь Х аймаг хот (район)-ын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С.Д ид олгосон 507043 дугаар Цэргийн батлах, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 06/1280 дугаар: С.Д (Д ) БХЯ-ны сайдын 1982.06.21-ний өдрийн н/235 дугаар тушаалаар Х аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 507043 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР(21А) маягтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Д ийн Х аймгийн А сумын М нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл туслах малчнаар, Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал цахилгаан гагнуурчнаар, Х аймгийн Монозат бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА