| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0072/Э |
| Дугаар | 000080 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 000080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 1825000000068 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Г-ийн Б
Шүүгдэгч Г.Б-ийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Сонорхайрхан худалдааны төвийн гадаа С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Сонорхайрхан худалдааны төвийн гадаа зогсоолд машинтайгаа зогсож байхдаа хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг журамлах зорилгоор үүрэг гүйцэтгэж байсан С.О-тай маргалдан зодож биед нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч С.О-ын мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг /хх 22-р хуудаст/, шүүгдэгч Г.Б-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт Сонорхайрхан худалдааны төвийн гадаа зогсоолд С.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан,санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь хохирогч С.О-ын .... “2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Сонорхайрхан төвийн гадаа авто машины зогсоол дээрээс хөдөлгөөнд оролцож байгаа хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг журамлах зорилгоор үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ үед ХХХХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Хабитат руу хүн тээврлэж явна гээд хашгираад байхаар нь одоо орилохоо больчих автобус тасархаар ачаарай гэж шаардлага тавьсан боловч миний шаардлагыг эсэргүүцэж маргаан үүссэн юм. Бид хоёр барицалдаж аваад мөсөн дээр халтираад унасан юм. Б түрүүлж босоод миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 148 дугаартай: ” ... С.О-ын биед тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархи доргилт нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын нурууны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь тархи доргилттой шалтгаант холбоо бүхий гэмтэл болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, гэрч Б.Г-гийн “...Тэгээд Б нь тухайн залуутай барилцаж авсан. Хамгаалагч залуу нь Б-ийн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Б хамгаалагч залуугийн хөлнөөс барьж байгаад газар унахаар нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “Бид 5 уулаа яриад зогсож байсан. Тэгээд би “Хабитат, хабитат” гэж хашгирсан чинь хохирогч “болиоч” гээд үг хэлээр доромжлоод бороохойгоор 2 цохисон. 1 нь намайг заамдаад цохисон. Би барилцаж аваад унахаар нь нүүр рүү нь 1 өшиглөсөн. Миний буруу” гэсэн мэдүүлэг нь дээрхи бусад нотлох баримтаар батлагдсан байна.
Шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 23-29-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв.
Хохирогчийн хохирол төлбөрт 100 000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ч овгийн Г-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ